2023
Гэрээний харилцаанд Христтэй хамт алхах нь
2023 оны 11-р сар


10:24

Гэрээний харилцаанд Христтэй хамт алхах нь

Бидний төлөө шархдаж, гэмтсэн цор ганц Нэгэн мөнх бус амьдралын сорилт бэрхшээл бидэнд тохиолдохыг зөвшөөрдөг хэдий ч биднээс тэдгээртэй ганцаараа нүүр тулахыг хүсдэггүй.

Миний сайн найз Илан надад Израилд байдаг явган хүний нэгэн замыг үзүүлсэн юм. “Назараас Капернаум руу хөтөлдөг тэрхүү замыг Есүсийн алхсан зам гэдэгт олон хүн итгэдэг тул” “Есүсийн зам гэж нэрлэсэн” гэж тэр хэллээ. Тэрхэн агшинд би уг замаар алхахыг хүссэн учир Израил руу аялахаар төлөвлөж эхэлсэн юм.

Гэтэл аяллаас зургаан долоо хоногийн өмнө би шагайгаа мулталчихав. Нөхөр маань миний гэмтэлд санаа зовж байхад би нэг сарын дараа “Есүсийн замаар” яаж алхах вэ гэдэгт илүү санаа зовж байлаа. Би төрөлхийн зөрүүд зангаараа онгоцны тасалбараа цуцалсангүй.

Зургаадугаар сарын тэрхүү үзэсгэлэнт өглөө би израил хөтөчтэйгөө уулзаж байсан үеийг санадаг. Би машинаас буугаад, хоёр суга таяг болон өвдөгний скүүтрээ авлаа. Хөтөч Маяа маань миний гипсэн боолтыг анзаарснаа “Өө, би таныг замаар ийм байдалтай алхаж чадахгүй гэж бодож байна” гэв.

Би түүнд “Магадгүй ээ. Гэхдээ оролдоод үзэхэд буруудахгүй шүү дээ” гэж хариулав. Тэрээр үл ялиг толгой дохиод, бид аяллаа эхэлсэн юм. Гэмтсэн байсан намайг чадна гэдэгт түүний итгэсэн нь надад таалагддаг.

Хэсэг хугацаанд би эгц зам, хад чулууг өөрөө туулав. Тууштай хичээж зүтгэж байгаад маань урамшсан Маяа нарийн олс авч, миний скүүтрийн залуураас уяад, татаж эхэллээ. Тэр намайг толгод өөд, Галилын тэнгисийн эрэг дагуу, нимбэгийн цэцэрлэг дундуур татаж явав. Аяллын төгсөлд ганцаараа хэзээ ч хийж чадахгүй байсан зүйлийг хийхэд маань тусалсан эелдэг хөтчидөө би талархлаа илэрхийлсэн.

Их Эзэн Енохыг газар нутгаар аялж, Өөрийг нь гэрчил хэмээн дуудахад Енох эргэлзсэн.1 Тэр нас залуу мөн ярихдаа удаан байв. Тэр ийм байтлаа уг замаар яаж алхаж чадах билээ? Сул тал нь түүнийг харалган болгосон байлаа. Түүнийг урагшлахад саад болж байсан зүйлийн тухайд Их Эзэн: “Надтай хамт алхагтун”2 хэмээн энгийнээр шууд хариулсан юм. Бидний төлөө шархдаж, гэмтсэн цор ганц Нэгэн3 мөнх бус амьдралын сорилт бэрхшээл, таагүй зүйлс бидэнд тохиолдохыг зөвшөөрдөг хэдий ч биднээс тэдгээр сорилт бэрхшээлтэй ганцаараа нүүр тулахыг хүсдэггүй гэдгийг бид Енохын адил санах учиртай.4 Бидний амьдралын хүнд хэцүү үйл явдал эсвэл одоо туулж буй замыг үл харгалзан Тэр биднийг Өөртэйгөө хамт5 алхахад урих болно.

Зовж шаналсан үедээ аглаг буйдад Их Эзэнтэй уулзаж буй залуу эрийн тухай бодоод үз дээ. Иаков гэрээсээ маш хол аялж явсан. Харанхуй шөнө тэрээр зөвхөн шат зүүдлээд зогсохгүй маш чухал гэрээний амлалтуудыг агуулсан зүүдийг зүүдэлсэн. Би үүнийг таван хурууны амлалт6 гэж нэрлэх дуртай. Тэрхүү шөнө Их Эзэн Иаковын дэргэд зогсож, Өөрийгөө түүний эцгийн Бурхан хэмээн танилцуулаад, ийн амлажээ.

  • Би чамтай хамт байна.

  • Би чамайг хамгаална.

  • Би чамайг гэртээ буцааж авчирна.

  • Би чамайг орхихгүй.

  • Би чамд амласнаа биелүүлэх болно.7

Иаков сонгох хэрэгтэй болсон. Тэр эцгийнхээ Бурханыг мэддэг төдий амьдрах эсвэл Бурхантай байгуулах гэрээнийхээ харилцаанд тууштай амьдрахын аль нэгийг сонгож болох байв. Олон жилийн дараа Иаков: “Бурхан … миний шаналант өдөр надад хариу өгч, хаана ч явсан надтай хамт байсан8 хэмээн тэдгээр гэрээний амлалтын дагуух амьдралаа гэрчилсэн юм. Хэрэв бид амьдралаа Их Эзэнтэй холбохыг сонговол Тэрээр Иаковт өгсөн амлалтаа биелүүлсний адилаар шаналант өдрүүдэд маань бидний хүн нэг бүрд хариулах болно. Тэр энэ замаар бидэнтэй хамт алхана хэмээн амласан.

Бид үүнийг гэрээний замаар алхах гэж нэрлэдэг ба энэ нь баптисмын гэрээнээс эхлээд ариун сүмд байгуулдаг гүн гүнзгий утгатай гэрээнүүд хүртэл удирддаг тэрхүү зам юм. Та эдгээр үгийг сонсоод, юу хийх ёстой талаараа бодож байж магадгүй. Магадгүй та энэ замыг шаардлагуудын зам гэж харж болох юм. Аливаа зүйлийг сайтар ажигласнаар илүү сонирхол татам ямар нэг зүйлийг олж харах боломжтой болдог. Гэрээ чухал хэдий ч энэ нь зөвхөн гэрээний тухай асуудал биш. Энэ нь харилцааны тухай юм. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон: “Гэрээний зам гэдэг нь бидний Бурхантай харилцах харилцаа” гэж заасан.9

Гэрлэлтийн гэрээг бодоод үзээрэй. Хуримын өдөр чухал хэдий ч үүний дараах хамтдаа өнгөрүүлсэн амьдралаас үүссэн харилцаа нь мөн адил чухал байдаг. Бурхантай гэрээний харилцаанд орох нь үүнтэй адил. Гэрээний нөхцөлүүд тодорхой бөгөөд бидний зүгээс хүлээх үүргүүд гэж бий. Тэр бидний хүн нэг бүрийг өөрийнхөө чадлаар, зүрх сэтгэлдээ бүрэн шийдэмгий байдлаар ирэхэд мөн амлагдсан адислалууд нь ирнэ гэдэгт итгэн, байгаа газраасаа Түүнтэй хамт “урагшлахад”10 урьдаг. Судрууд бидэнд тэдгээр адислал ихэнхдээ Түүний цаг хугацаанд, Түүний арга замаар ирдэг гэдгийг сануулдаг бөгөөд энэ хугацаа нь 38 жил,11 12 жил12 эсвэл одоо ч байж болно.13 Тэрхүү зам дээр хэрэгтэй үед чинь Тэр та нарыг тайвшруулан туслах болно.14

Түүний номлол хүлцэнгүй доош буух тухай юм. Есүс Христ одоогийн энэ нөхцөлд байдалд бидэнтэй уулзах болно. Энэ л шалтгааны улмаас Гетсеманийн цэцэрлэг, загалмай, булш байх ёстой байсан. Ялан дийлэхэд маань бидэнд туслахын тулд Аврагчийг илгээсэн.15 Гэвч байгаа газартаа үлдэх нь бидний эрэлхийлж буй авралыг авчрахгүй. Их Эзэн Иаковыг газар шороон дээр орхиогүй шигээ биднийг хаа байгаа газарт маань орхихыг хүсдэггүй.

Түүний номлол түүнчлэн дээшлэх тухай юм. Тэрээр бидэнд Өөрийнх нь байгаа газарт зогсох, алсдаа Өөртэй нь адилхан болох боломжийг олгохын тулд бидний дотор орших болно.16 Есүс Христ биднийг өргөн дэмжихээр ирсэн.17 Тэр бидэнд Түүнтэй адилхан болоход туслахыг хүсдэг. Тиймээс ариун сүм оршдог.

Зөвхөн уг замнал нь биднийг өргөмжлөхгүй. Бидний хамтрагч, Аврагч маань биднийг өргөмжилнө гэдгийг бид санах ёстой. Мөн энэ нь гэрээний харилцаа байгаагийн учир шалтгаан юм.

Би Израилд байхдаа Баруун ханаар зочилсон. Иудейчүүдийн хувьд энэ бол Израил дахь хамгийн ариун нандин газар. Энэ нь тэдний ариун сүмээс үлдсэн бүх зүйл аж. Ихэнх хүн энэ ариун газарт очихдоо хамгийн сайхан хувцсаа өмсдөг ба тэдний сонгосон өмсгөл нь Бурхантай харилцах харилцаандаа үнэнч байх бэлгэ тэмдэг нь болдог. Тэд судар унших, шүтэн бишрэх, залбирлуудаа уудлахаар уг ханан дээр очдог. Ариун сүмийнхээ төлөө тэд өөрсдийн өдрийг төдийгүй залбирал бүрээ зориулдаг бөгөөд энэ нь гэрээний өргөөтэй байх хүслийг нь төрүүлдэг. Би тэдний үнэнч байдлыг биширч байна.

Би Израилаас гэртээ эргэж ирээд, гэрээний талаарх эргэн тойрныхоо яриаг илүү их чих тавин сонсох болсон. Хүмүүс ингэж асуудаг болохыг би анзаарсан: Би яагаад гэрээний замаар алхах хэрэгтэй юм бэ? Би яагаад гэрээ байгуулахын тулд ариун сүмд орох хэрэгтэй юм бэ? Би ариун өмсгөлийг яагаад өмсдөг юм бол? Би Их Эзэнтэй гэрээний харилцаанд хувь нэмрээ оруулах ёстой юу? Эдгээр зөв бөгөөд чухал асуултуудын хариулт нь таны хувьд Есүс Христтэй ямар түвшний харилцааг тогтоохыг хүсэж байгаагаас шалтгаална.18 Бидний хүн нэг бүр эдгээр гүнзгий, хувийн асуултад өөрсдөөсөө хариулт хайж олох хэрэгтэй болдог.

Миний хувьд, энэ замаар бурханлаг байдлаараа танигдсан,20 гүнээ итгэл хүлээсэн,21 “тэнгэрлэг эцэг эхийн хайрт охины хувиар”19 алхдаг. Гэрээний хүүхдийн хувьд би амлагдсан22 адислалуудыг хүлээн авах эрхтэй. Би Их Эзэнтэй хамт алхахыг сонгосон.23 Би Христийн гэрч болон зогсохоор дуудагдсан.24 Зам хэцүү санагдах үед Би боломж олгогч ач ивээлээр хүчирхэгждэг.25 Би Түүний өргөөний босгыг давах бүрдээ Түүнтэй илүү гүн гүнзгий гэрээний харилцаанд ордог. Би Түүний Сүнсээр ариусгагдаж,26 Түүний хүчийг хүртэж,27 Түүний хаант улсыг байгуулахаар онцгойлон адислагддаг.28 Өдөр тутмын наманчлах үйл явцаар дамжуулан мөн ариун ёслолоос долоо хоног бүр хүртсэнээр би тууштай29 байхад мөн сайныг30 үйлдэхэд суралцаж байна. Би Есүс Христтэй энэ замаар алхдаг ба Түүний дахин ирэх амлагдсан өдрийг хүлээж байна. Ингэснээр би Түүнийх хэмээн лацдагдан,31 Бурханы ариун нандин32 охин хэмээн өргөгдөх болно.

Энэ бол миний гэрээний замаар алхдаг шалтгаан.

Энэ бол миний гэрээний амлалтуудаас зууран барьдаг шалтгаан.

Энэ бол миний Түүний гэрээний өргөөнд ордог шалтгаан.

Энэ бол миний байнгын сануулагч болох ариун өмсгөлийг өмсдөг шалтгаан.

Учир нь би Түүнтэй байгуулсан гэрээнийхээ харилцаанд тууштай амьдрахыг хүсдэг.

Магадгүй та ч мөн ийм байж болно. Байгаа газраасаа эхэл.33 Нөхцөл байдал тань танд саад учруулахыг бүү зөвшөөр. Бид замдаа ямар түвшинд, хэр хурдан урагшилж байгаа нь өсөлт хөгжлийн адил чухал биш гэдгийг санаарай.34 Гэрээний зам дээр буй, өөрийн итгэдэг хэн нэгнээс Аврагчийн талаар мэддэг зүйлийнхээ тухай ярьж өгөхийг хүс. Аврагчаас илүү их суралц. Аврагчтай гэрээнд нэгдсэнээр Түүнтэй харилцах харилцаагаа хөгжүүл. Таны нас, нөхцөл байдал огт хамаагүй. Та Түүнтэй хамт алхаж чадна.

Биднийг Есүсийн замаар алхаж дууссаны дараа Маяа олсоо буцааж авсангүй. Тэр олсыг скүүтэрт маань уяатай хэвээр нь үлдээв. Дараагийн хэдэн өдөр нь ах дүүгийн маань өсвөр насны хүүхдүүд найзуудтайгаа намайг Иерусалимын гудамжинд уг олсоор татан авч явсан юм.35 Тэд намайг Есүсийн тухай түүхэн газруудаар алгасуулахгүй авч явах тал дээр маш их анхаарсан юм. Энэ нь надад өсөж буй үеийнхний хүч чадлыг сануулав. Бид та бүхнээс суралцах боломжтой. Тэрхүү хөтөч болох Есүс Христийг мэдэх чин хүсэл та нарт байгаа. Та нар биднийг Түүнтэй холбодог олсны хүчинд итгэдэг. Та нарт бусдыг Түүнд цуглуулах бэлэг бий.36

37 Христтэй холбоотой хувийн туршлагаа хуваалцахын хэрээр хувийн үнэнч байдал маань хүчирхэгждэг. Энэ тухай гэрчлэлээ би Есүс Христийн нэрээр үлдээж байна, амен.

Эх сурвалж

  1. Енохын хүмүүс замаасаа гажиж, Христийг үгүйсгэсэн ба харанхуйд тэд өөрсдийн зөвлөгөөг эрэлхийлсэн (Мосе 6:27–28-ыг үзнэ үү). Хүмүүнд итгэх итгэлээ алдсан үедээ Енох удирдамж заавар авахаар Их Эзэнд хандсан. Енохыг дуудсан дуудлага нь Их Эзэний бид бүгдэд өгсөн дуудлагатай адил юм (Мосе 6:34; Матай 11:28-ыг үзнэ үү). Гэхдээ та өөрийн байгаа нөхцөл байдалд энэ замаар Енохтой адил алхаж чадах эсэхдээ эргэлзэж магадгүй. Магадгүй танд ямар нэгэн саад бэрхшээл тулгарсан мэт санагдаж ч болох юм. Магадгүй гэрээний замаар алхах хэрэгтэй цор ганц шалтгаан нь бидний нөхцөл байдал болон ямар нэгэн саад бэрхшээл бөгөөд Түүний тусламж хэрэгтэй байгаа учраас байж болох юм.

  2. Moсе 6:23–62-ыг үзнэ үү.

  3. “Назарын Есүс, Аврагч Хаан,” Дуулал, д. 92-ыг үзнэ үү.

  4. Ифер 12:27-г үзнэ үү.

  5. Матай 11:28–30-ийг үзнэ үү.

  6. Охид маань хүүхдүүддээ Тэнгэр дэх Эцэг Өөрийн хүүхэд бүрийг төгс мэддэг гэдгийг сануулахаар энэхүү таван хурууны амлалтыг тэдэнд өглөө бүр хэлэхийг хүсдэг.

  7. Эхлэл 28:10–22-ыг үзнэ үү. Түүнчлэн уг шөнийн онцлох чухал ач холбогдол нь Абрахамын гэрээ байсан юм. Абрахамын гэрээний бүрдэл хэсгүүд Есүс Христийн сайн мэдээнд болон бидний амьдралд гол үүрэг гүйцэтгэдэг ба тэдгээр нь: 1. Мөнхийн өвийн амлалт (13-р шүлэг); 2. мөнхийн үр удам (14-р шүлэг); 3. Дэлхий дээрх бүх үндэстнийг адислах үүрэг хариуцлага ба адислал (15-р шүлэг) юм.

  8. Эхлэл 35:3; тодотгол нэмэгдсэн. Иаковыг алахаар заналхийлж буй Есаваас түүнийг холдуулахын тулд эцэг эх нь түүнд гэрээ орхиж явахыг зааварласан ба гэрээнд гэрлэх хэн нэгэнтэй уулзах боломжийг түүнд олгосон юм (Эхлэл 27:41–45; 28:1–2, 5-ыг үзнэ үү).

  9. Рассэлл М.Нэлсон, “Үүрдийн гэрээ”, Лиахона, 2022 оны 10-р сар.

  10. 2 Нифай 31:20

  11. Бетзада цөөрмийн түүхийг Иохан 5:5-аас үзнэ үү.

  12. Христийн хувцасны хормойд хүрсэн эмэгтэйн түүхийг Марк 5:25-аас үзнэ үү.

  13. Усан дээгүүр алхсан Петрийн түүхийг Матай 14:31-ээс үзнэ үү.

  14. “Бат бөх суурь,” Дуулал, д. 41-ийг үзнэ үү.

  15. 1 Нифай 11:16–33-ыг үзнэ үү.

  16. Филиппой 1:6; 2:13; Мормоны үгс 1:7-г үзнэ үү.

  17. Иохан 12:32-ыг үзнэ үү.

  18. Замыг ихэвчлэн замын тэмдэглэгээ эсвэл очих зайн мэдээлэл гэх зэрэг үндсэн шинж чанаруудаар тодорхойлсон байдаг. Энэ нь таныг зөв зам дээрээ, зөв зүгт ахиц дэвшил гаргахад туслах нэг арга зам юм. Харилцаа холбоо нь мөн адил үндсэн шинж чанаруудаар тодорхойлогдсон байдаг. Эдгээрээс зарим нь найдлага(Иеремиа 29:11; Сургаал ба Гэрээ 132:7-г үзнэ үү); хүлцэнгүй байдал (Мозая 3:19; Алма 7:23; 13:28-ыг үзнэ үү); даруу байдал, дуулгавартай байдал, тэвчээр, захирагдах байдал, итгэл (Сургаалт үгс 3:5-ыг үзнэ үү); мөн хайр (Ром 8:31–39-ийг үзнэ үү) юм.

  19. Залуу эмэгтэйчүүдийн уриа,” Gospel Library, тодотгол нэмэгдсэн; Бонни Х.Кордон, “Хайрт охид,” 2019 оны 10-р сарын ерөнхий чуулган.

  20. Худгийн дэргэдэх эмэгтэйн түүхийг Иохан 4:1–29-өөс үзнэ үү.

  21. Алма 38:1–3-ыг үзнэ үү.

  22. Тооллого 6:23–27-г үзнэ үү.

  23. Иошуа 24:22-ыг үзнэ үү.

  24. Эмма Смитийн түүхийг Сургаал ба Гэрээ 25:3-аас үзнэ үү.

  25. 1 Коринт 15:9–10-ыг үзнэ үү.

  26. Шастирын дэд 20:1–17-г, онцгойлон 14-р шүлгийг үзнэ үү.

  27. Сургаал ба Гэрээ 109:1–46-г үзнэ үү.

  28. 1 Самуел 16:11–13-ыг үзнэ үү.

  29. Естерийн түүхийг Естер 4:16-аас үзнэ ү.

  30. Үйлс 10:38-ыг үзнэ үү.

  31. Исаиа 43:1–5-ыг үзнэ үү.

  32. Дэд хууль 28:1–9-ийг үзнэ үү.

  33. Нэгэн сайн найз маань надад зөвлөгөөг үйлдэл болгох нь ямар ч харилцаанд чухал байдаг гэдгийг сануулсан.

  34. Conversation with Kristen Olsen, Sept. 2023.

  35. To Mack Oswald, Camden Oswald, Ashton Matheny, and Jack Butler, thanks for pulling me along.

  36. Та бүхэн намайг Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн өсвөр үеийнхнийг өнөөдөр энэ дэлхийн хамгийн агуу хөдөлгөөн болох Израилыг цуглуулах үйлсэд оролцуулахын тулд Их Эзэний батальонд элсэхэд урьсныг санаж байгаа.1 Би энэ урилгыг өсвөр үеийнхэндээ өгсөн. Учир нь тэд бол бусдад хүрч, итгэдэг зүйлээ хуваалцахдаа итгүүлэх загварын дагуу ажиллах ер бусын чадавхтай” (Russell M. Nelson, “Гэрч, Аароны санваарын чуулга, Залуу эмэгтэйчүүдийн анги,” 2019 оны 10-р сарын ерөнхий чуулган).

  37. “The kingdom of God … is like a besieged city surrounded on all sides by death. Each man has his place on the wall to defend and no one can stand where another stands, but ‘nothing prevents us from calling encouragement to one another’” (Martin Luther, in Lewis William Spitz, The Renaissance and Reformation Movements [1987], 335).