2023
Алдагдсан хүү ба гэрт хүргэх зам
2023 оны 11-р сар


14:32

Алдагдсан хүү ба гэрт хүргэх зам

Сонголтууд тань таныг Аврагчаас мөн Түүний Сүмээс холдуулсан байж болох ч Тэргүүн Анагаагч таныг гэртээ харих зам дээр тань хүлээн авахаар зогсож байгаа.

Хоёр хүүтэй нэг хүн байжээ

Зарим хүн үүнийг хамгийн агуу богино түүх гэж ярьдаг.1 Дэлхий даяар мянга мянган хэлээр орчуулагдсан тул энэ түүхийг хэн нэгэн хаа нэгтээ ярихгүйгээр нар жаргасан тохиолдол байхгүй гэвэл буруудахгүй.

“Алдагдсаныг хайж, аврахаар”2 дэлхийд ирсэн бидний Аврагч, мөн Гэтэлгэгч Есүс Христ уг түүхийг ярьсан билээ. Тэрээр энэ зүйрлэлийг “Хоёр хүүтэй нэг хүн байжээ”3 гэх энгийн үгсээр эхэлдэг.

Төд удалгүй зүрх шимшрүүлэм зөрчил үүсэхийг бид олж мэддэг. Нэг хүү нь4 эцэгтээ гэрийнхээ амьдралаас залхаж байгаагаа хэлдэг. Тэр эрх чөлөөтэй байхыг хүссэн. Тэр эцэг эхийнхээ заншил, мөн заасан зүйлсийг орхихыг хүссэн. Тэр өв хөрөнгийн өөрт ногдох хувийг даруй авахыг хүсэв.5

Үүнийг сонссон эцэгт нь ямар мэдрэмж төрснийг та төсөөлж чадах уу? Хүүгийнх нь юу юунаас илүү хүссэн зүйл нь гэр бүлээ орхиж, хэзээ ч эргэн ирэхгүйгээр явах гэдгийг ойлгосон түүнд ямар байсан бол?

Агуу адал явдал

Хүү нь явахдаа адал явдал, хөөр баярыг мэдэрсэн нь гарцаагүй. Эцэст нь тэр ингэж нэг бие дааж, бага насандаа захирагддаг байсан зарчим, ёс заншил гэх зэргээс чөлөөлөгдөж, эцэг эхийн оролцоогүйгээр өөрөө сонголтоо хийх боломжтой боллоо. Ахиж гэмшихээргүй болов. Тэрээр өөртэй нь адил бодол санаатай хүмүүсийн дунд өөрийгөө хүлээн зөвшөөрүүлж, өөрийн хүссэнээр амьдрах боломжтой болов.

Алс холын газарт очоод удалгүй шинэ найзуудтай болж үргэлж мөрөөддөг байсан амьдралаараа амьдарч эхлэв. Тэрээр мөнгөө харамгүй цацдаг байсан тул олон хүн түүнд дуртай байсан байх. Түүний эд хөрөнгийг хамтран үрэгчид болох шинэ найзууд нь түүнийг шүүсэнгүй. Тэд түүний сонголтод баярлаж, дэмжиж, бас түгээн дэлгэрүүлж байв.6

Тэр үед олон нийтийн сүлжээ байсан бол үүнийг найзуудтайгаа хөөрч баярлаж байгаа зургуудаар дүүргэж, #ХамгийнСайханАмьдрал! #АзЖаргалаарДүүрэн! #АльЭртИнгэхБайсанЮм! гэсэн хаштаагуудыг тавих байсан биз.

Өлсгөлөн

Гэвч зугаа цэнгэл удаан үргэлжилсэнгүй—ер нь үргэлжилдэггүй. Хоёр зүйл тохиосны нэгт тэр мөнгөө үрж дуусгав, дараа нь тэр нутагт их өлсгөлөн болов.7

Нөхцөл байдал дордоход тэр самгардаж эхлэв. Нэгэн цагт баян тансаг явсан тэрээр одоо хоноглох газар байтугай ганц аяга хоол ч авч чадахгүй болсон байв. Тэр амьд үлдэхийн тулд яах хэрэгтэй вэ?

Тэрээр найзууддаа өгөөмөр байсан—одоо тэд түүнд туслах болов уу? Тэрээр хөл дээрээ бостлоо найзуудаасаа багахан тусламж гуйж үзсэн гэж би төсөөлж байна.

Гэвч судар дээр “Хэн ч түүнд юу ч өгсөнгүй” гэж бичигдсэн.8

Амьд үлдэхийн тулд тэрээр нутгийн нэг иргэний гахайг хариулдаг болжээ.9

Маш их өлсөж, орхигдож, ганцаардсан залуу маань амьдрал нь яаж ингэж буруугаар эргэж, бүр аймшигтай дордсоныг эргэцүүлж бодсон байх.

Хоосон ходоодоор түүний асуудал зогссонгүй. Түүний зүрх сэтгэл хоосорсон байлаа. Тэрээр дэлхийн хүсэл шуналаа хангах нь түүнд аз жаргалыг авчирч, ариун явдлын хуулиуд тэрхүү аз жаргалд хүрэхэд нь саад болдог гэдэгт бүрэн итгэж байсан. Одоо түүний бодол өөрчлөгдсөн. Тэр энэ мэдлэгийг ямар их үнээр олж авав даа!10

Бие махбодын болон сүнслэг өлсгөлөн нэмэгдэхийн хэрээр түүний бодол эцэг рүүгээ эргэв. Болж өнгөрсөн зүйлсийн дараа тэр хүүдээ туслах болов уу? Эцгийнх нь зарц нарын хамгийн дорд нь ч идэх хоолтой, шуурганаас хоргодох байртай байж.

Гэвч эцэгтээ эргэн очно гэж үү?

Хэзээ ч үгүй.

Өвлөсөн бүх хөрөнгөө үрэн таран хийснээ тосгоныхондоо ярина гэж үү?

Байж боломгүй.

Тэрээр гэр бүлийнхээ нэр хүндийг унагаж, эцэг эхийнхээ зүрх сэтгэлийг шархлуулах нь гэж сануулж байсан хөршүүдийнхээ нүүрийг харах гэж үү? Эрх чөлөөтэй болж байгаагаа хэлж байсан хуучин найзууд дээрээ очих уу?

Тэвчишгүй юм.

Гэвч түүнийг ухаартал өлсгөлөн, ганцаардал, гэмшил түүнээс салсангүй.11

Тэр юу хийх хэрэгтэйгээ мэдэж байв.

Эргэн ирсэн нь

Энэ үед зүрх сэтгэл нь шаналсан гэрийн эзэн болох аавынх нь талаар одоо бүгдээрээ бодоцгооё. Тэрээр хүүгийнхээ төлөө хэдэн зуу, магадгүй хэдэн мянган цагийг сэтгэл зовнин өнгөрүүлсэн бол?

Хүүгийнхээ явж одсон зам харгуйг тэр хэдэн удаа харуулдаж, орхин одсон тэр цаг мөчийг хэдэн удаа санагалзсан бол? Хүүг нь аюулгүй байлгахыг мөн үнэнийг олж, эргэн ирэхийн төлөө хэдэн шөнө Бурханаас гуйн залбирсан бол?

Тэгээд нэгэн өдөр уг эцэг гэр лүү нь хөтлөх тэрхүү ганцаардлын зам дагуу ширтэн байтал алсад өөр лүү нь ойртон ирж буй нэгэн хүний бараа харагдав.

Тэгэх боломж байгаа юу?

Тэр хүн хол зайтай байсан ч эцэг нь тэр даруй хүүгээ танив.

Тэр хүү рүүгээ гүйж очоод тэврэн авч, үнсэв.12

Хүү нь дотроо бараг мянган удаа давтсан байж болох үгээ хэлэн “Аав аа,” хэмээн дуудаад, “би тэнгэрийн эсрэг, таны өмнө нүгэл үйлджээ. Би цаашид таны хүү гэгдэх нь зохисгүй, харин намайг хөлснийхөө нэг хүн болгооч” гэв.13

Аав нь харин түүний хэлэх үгийг дуусгасангүй. Нүдэндээ баярын нулимс цийлгэнүүлэн, “Хамгийн сайхан хувцас хурдан авчирч, түүнийг хувцасла. Гарт нь бөгж зүү, хөлд нь гутал өмсгө. Тарган тугал авчирч нядал. Бүгдээрээ найрлаж цэнгэе. Хүү минь эргэн ирлээ” гэв.14

Баяр хөөр

Миний ажлын өрөөнд Германы зураач Ричард Бюрдийн нэгэн уран зураг өлгөөтэй байдаг. Харриет бид хоёр энэ зурагт их дуртай. Энэ нь Аврагчийн ярьсан сургаалт зүйрлэлийг илүү гүн гүнзгий илэрхийлэн харуулдаг.

Үрэлгэн хүү эргэж ирсэн нь, Ричард Бюрд

Хүүг эргэн ирсэнд бараг хүн бүр ихэд баярлаж байсан боловч нэг хүн дургүй байсан нь түүний ах байлаа.15

Тэрээр сэтгэлийн шархтай байв.

Дүү нь өөрт ногдох өв хөрөнгөө шаардахад тэр дэргэд нь байсан. Эцэг нь асар их уй гашууд автахыг тэр харсан.

Дүү нь явснаас хойш тэрээр эцгийнхээ ачааг хөнгөлөхийг эрмэлзсэн. Өдөр бүр аавынхаа шаналсан зүрх сэтгэлийг тайтгаруулахаар тэр хөдөлмөрлөсөн.

Харин одоо хуумгай хүү, дуулгаваргүй дүү нь эргэн ирэхэд хүмүүс түүнийг ихэд анхаарч баярлаж байна.

Тэрээр эцэгтээ хандан “Олон жилийн турш би хэзээ ч таны тушаасныг зөрчиж байгаагүй. Гэвч та ганц ч удаа болов надад зориулж баярлан цэнгэж байгаагүй” гэв.16

Аав нь хариуд нь “Миний хүү, Минийх гэсэн бүхэн чинийх шүү дээ. Энэ бол шагнал эсвэл баяр тэмдэглэхийг харьцуулах тухай биш. Энэ бол эдгээлтийн тухай юм. Бидний олон жил хүсэн хүлээсэн мөч ирлээ. Дүү чинь үхсэн байсан. Гэтэл амилжээ! Алдагдсан боловч олдлоо!”17 хэмээн хариулав.

Бидний цаг үед зориулсан сургаалт зүйрлэл

Хайрт ах эгч нар аа, хайрт нөхөд өө, Аврагчийн заасан бүх сургаалт зүйрлэлийн адил энэ бол зөвхөн эрт дээр үед амьдарч байсан хүмүүсийн тухай биш юм. Энэ бол өнөөдрийн та бидний тухай юм.

Бидний дунд өөрийн ашиг сонирхолд төвлөрснөөр илүү аз жаргалыг олно гэсэн ташаа бодлоор ариун замаас хазайж байгаагүй хүн байна уу?

Бидний дунд даруусгагдаж, зүрх сэтгэл нь эмтэрч, уучлал энэрлийг хүсэн эрэлхийлж байгаагүй хүн байна гэж үү?

Магадгүй зарим нь бүр дотроо, “Буцаж очих боломжтой болов уу? Хуучин найзууд минь намайг үргэлж элдвээр дуудаж, надаас татгалзаж, нүүр буруулах болов уу? Алдагдсан хэвээр байх нь дээр юм болов уу? Буцаж очих гэж оролдвол Бурхан яах бол?” гэж бодож байж болно.

Энэ сургаалт зүйрлэл бидэнд хариултыг өгдөг.

Бидний Тэнгэрлэг Эцэг хайр, энэрлээр дүүрэн зүрх сэтгэлээр биднийг угтан гүйх болно. Тэр биднийг тэврэн авч, биднийг хувцаслаж, хуруунд минь бөгж зүүж, хөлд маань гутал өмсүүлэн, “Бүгдээрээ найрлаж цэнгэе. Учир нь энэ хүү минь үхсэн боловч амилжээ” гэх болно.

Биднийг эргэн ирэхэд тэнгэр баярлах болно.

Үгээр хэлэхийн аргагүй, алдраар дүүрэн баяр хөөр

Одоо би та бүхний хувь хүн бүрд хандан ярьмаар байна.

Амьдралд тань юу ч болж байсан гэсэн би хайрт анд нөхөр, төлөөлөгч ахлагч Жэффри Р.Холландын дараах үгсийг давтан тунхаглаж байна: “Христийн Цагаатгалын хязгааргүй гэрэл гэрэлтүүлж чадахааргүй тийм гүнзгий ангал руу та нар орно гэж байхгүй шүү.”18

Сонголтууд тань таныг Аврагчаас мөн Түүний Сүмээс холдуулсан байж болох ч Тэргүүн Анагаагч таныг гэртээ харих зам дээр тань хүлээн авахаар зогсож байгаа. Түүнчлэн Есүс Христийн Сүмийн гишүүн бид ч бас Түүний үлгэр жишээг даган таныг ах, эгч, найзын хувиар тэврэн авахаар хүлээж байна. Бид тантай хамт баясаж, найрладаг билээ.

Та эргэн ирснээр хэний ч адислалыг хуваахгүй. Учир нь Эцэгийн хувь хишиг бол хязгааргүй бөгөөд хэн нэгэнд өгсөн зүйл нь бусад хүнд өгөгдөх өвийг ямар ч байдлаар багасгахгүй.19

Эргэн ирэх нь амар хялбар зүйл гэж би дүр эсгэхгүй. Үүнийг би гэрчилж чадна. Энэ үнэндээ таны хийх хамгийн хэцүү сонголт байж болно.

Гэвч эргэн ирэхийг шийдэж, бидний Аврагч бөгөөд Гэтэлгэгчийн замаар алхаж эхлэх мөчөөс л Түүний хүч таны амьдралд ирж, үүнийг өөрчлөх болно гэдгийг би гэрчилж байна.20

Тэнгэр дэх элч нар баясах болно.

Христийн гэр бүл бид ч мөн адил байх болно. Эцсийн эцэст бид алдагдсан байх ямар байдгийг мэднэ. Бид бүгд Христийн цагаатгагч хүчинд өдөр бүр найддаг. Бид энэ замыг мэддэг бөгөөд тантай хамт алхах болно.

Бидний зам уй гашуу, харамсал эсвэл гуниг харуусалгүй байх уу? Үгүй. Гэвч бид “аврах чадал бүхий түүний гавьяанд та нар бүрэн дүүрнээр даатган, түүнд хэлбэрэлтгүй итгэлтэйгээр Христийн үгсээр бус аваас өдий зэрэгт хүрээгүй болой.” Бид хамтдаа “найдварын төгс гэрэлтэйгээр, мөн Бурханыг болон бүх хүмүүнийг хайрлах хайрыг агуулан Христэд тууштайгаар итгэн урагш тэмүүлэх ёстой.”21 Хамтдаа бид “хэлэхийн аргагүй, алдраар дүүрэн баяр хөөрөөр ихэд баярладаг,”22 учир нь Есүс Христ бол бидний хүч чадал билээ!23

Бидний хүн нэг бүр энэхүү агуу сургаалт зүйрлэлээс биднийг гэртээ хүрэх зам дээр гарахыг дуудаж буй Эцэгийн дуу хоолойг сонсож, цаашлан наманчлах зоригтой байж, өршөөлийг хүлээн авч, хайр нигүүлслээр дүүрэн Бурхан руу эргэн аваачих замыг дагах болтугай хэмээн би залбирч байна. Үүнийг би гэрчилж, та бүхэнд адислалаа үлдээж байна, Есүс Христийн нэрээр, амен.

Эх сурвалж

  1. Лук 15 дээр байдаг энэ сургаалт зүйрлэл нь алдагдсан зүйлийн үнэ цэнийг болон энэ нь эргэн олдоход тохиодог баяр хөөрийг харуулдаг гурван сургаалт зүйрлэл (алдагдсан хонь, гээгдсэн зоос, алдагдсан хүү)-ийн нэг юм.

  2. Лук 19:10

  3. Лук 15:11

  4. Хүү нь нас залуу байсан байх. Тэр гэрлээгүй байсан нь түүний залуу байсныг илтгэж байгаа боловч өв хөрөнгөө шаардаж, авсныхаа дараа гэрээсээ явахаар насанд хүрсэн байсан.

  5. Еврейчүүдийн хууль ба ёс заншлаар хоёр хүүгийн том нь эцгээс үлдсэн өв хөрөнгийн гуравны хоёрыг өвлөх эрхтэй байжээ. Бага хүүд нь үлдсэн гуравны нэг хувь нь оноогдохоор байжээ. Дэд хууль 21:17-г үзнэ үү.

  6. Лук 15:13-ыг үзнэ үү.

  7. Лук 15:14-ийг үзнэ үү.

  8. Лук 15:16

  9. Еврейчүүдийн хувьд гахайг “бузар” (Дэд хууль 14:8-ыг үзнэ үү) хэмээн цээрлэдэг байжээ. Заншлаа дагадаг еврейчүүд гахай өсгөдөггүй байсан тул эзэн нь харь хүн байсныг илтгэнэ. Мөн энэ нь заншлаа дагадаг еврейчүүдээс холдохын тулд хүү нь хэр хол явсныг илтгэж болох юм.

  10. Ахлагч Нийл А.Максвэлл “Мэдээж ‘үгийн улмаас’ даруусах нь нөхцөл байдлаас болж даруусахаас дээр юм. Гэхдээ удаах нь ч бас байж болно! хэмээн заасан (Алма 32:13–14-ийг үзнэ үү). Бие махбодын өлсгөлөн сүнслэг өлсгөлөнг бий болгодог” (“The Tugs and Pulls of the World,” Liahona, Jan. 2001, 45).

  11. Лук 15:17

  12. Лук 15:20-ийг үзнэ үү.

  13. Лук 15:18–19, 21-ийг үзнэ үү.

  14. Лук 15:22–24-ийг үзнэ үү.

  15. Бага хүү нь өөрийн өв хөрөнгийг хэдийн авсан гэдгийг санаарай. Ахынх нь хувьд үлдсэн бүх хөрөнгө түүнийх гэсэн үг. Бага хүүд одоо өгөх бүх зүйлийг том хүүгийн хувиас авч буй хэрэг юм.

  16. Лук 15:29-ийг үзнэ үү.

  17. Лук 15:31–32-ыг үзнэ үү.

  18. Жэффри Р.Холланд, “Tалбайд хөдөлмөрлөгсөд,” 2012 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 34.

  19. Хэн нэгэнд өгсөн зүйл нь бусад хүнд өгөгдөх өвийг ямар ч байдлаар багасгахгүй. Аврагч энэ сургаалыг Матай 20:1–16 дээр гардаг ажилчдын тухай сургаалт зүйрлэлээр заасан.

  20. Алма 34:31-ийг үзнэ үү.

  21. 2 Нифай 31:19–20

  22. 1 Петр 1:8

  23. Дуулал 28:7-г үзнэ үү.