2023
Та нарын үр удмын төлөө
2023 оны 11-р сар


10:15

Та нарын үр удмын төлөө

Өөрийн эхлүүлсэн, хүлээн авсан өв болох итгэлийн энэхүү сайхан гинжин хэлхээний сул хэсэг нь бүү бай. Хүчтэй нэг нь бай.

Хэдэн жилийн өмнө Өмнөд Америкийн Баруун хойд бүсэд үйлчилж, Перуд амьдарч байхад маань надад тохиолдсон нэгэн сайхан үйл явдлыг би та бүхэнтэй хуваалцъя.

Амралтын өдрүүдэд завгүй үүрэгт ажлаа хийж дуусаад, гэртээ харих замд энэ үйл явдал болсон юм. Онгоцны буудлын шалганаас гарч ирэхэд таксины зогсоол дээр намайг манайхтай хамтран ажилладаг таксины компанийн найрсаг жолооч хүлээж байв. Тэр намайг машин руугаа авч ирэхэд би ч ар талын суудалд нь тухлан сууж, гэр лүүгээ явахад бэлэн байв. Хөдлөөд хэдэн гудамж өнгөрсний дараа жолоочийн дарга утасдаад, намайг буруу таксинд суусан байна гэж хэллээ. Намайг өөр такси авах байсныг хэлээд мөн машинаа солихыг хүсвэл онгоцны буудал руу эргүүлэн аваачихыг жолоочоос хүсэв. Буцаж явах хэрэггүй, ингээд л цааш явчихъя гэж би түүнд хэллээ. Хэдэн минут чимээгүй байсны дараа тэр намайг голын толиндоо хараад, “Та Мормон юм байна, тийм үү?” гэж асуув.

Түүнийг асуултынхаа хариултыг хүлээн суухад нь хариулахгүй бол болохгүй гэдгийг би мэдэрлээ. Тэр яагаад ингэж асуусныг олж мэдэхийг би тэсэн ядан хүлээж байв.

Түүнийг Омар, эхнэрийг нь Мария Тэрэза гэдэг бөгөөд тэд 14 настай охин Каролина, 10 настай хүү Родриго гэдэг хоёр хүүхэдтэй болохыг би олж мэдсэн. Омар хүүхэд байхаасаа Сүмийн гишүүн байв. Гэр бүлийнхэн нь идэвхтэй байсан ч эцэг эх нь хэсэг хугацааны дараа сүмд явахаа больжээ. Омар 15 насандаа сүмд бүрмөсөн явахаа больсон байв. Биднийг уулзах үед тэр 40 орчим настай байлаа.

Тэр мөчид би буруу таксинд суугаагүй гэдгээ мэдсэн юм. Энэ нь санамсаргүй тохиолдол байсангүй! Би түүнд өөрийнхөө хэн болохыг мөн Их Эзэн түүнийг сүмдээ эргэн ирэхийг хүсэж байгаа учраас намайг таксинд нь суулгасан гэдгийг хэлж билээ.

Дараа нь бид түүний гэр бүлийнхэнтэйгээ Сүмийн идэвхтэй гишүүд байсан үеийнх нь талаар ярилцсан юм. Тэр гэр бүлийн үдшийн талаар сайхан дурсамжтай байсан бөгөөд Хүүхдийн хэсгийн зарим дууг санаж байв. Тэр дараа нь аяархан “Би Бурханы хүүхэд” дууны хэдэн үгийг дуулав.1

Түүний хаяг, утасны дугаарыг аваад, бишоптой нь хуваалцаж болох эсэхийг асуусныхаа дараа би түүнд сүмдээ ирэх анхны өдөр нь ямар ч байсан очно гэдгээ хэлсэн юм. Онгоцны буудлаас гэр лүү минь авчрах зам болон түүний өнгөрсөн амьдралыг дурсах бяцхан аялал маань дуусан, бид өөр өөрийн замаар салан явж билээ.

Хэдэн долоо хоногийн дараа түүний бишоп над руу утасдаад, Омар яг аль ням гарагт сүмд ирэх гэж байгааг уламжлав. Би ч тэнд очно гэдгээ хэлсэн юм. Тэр ням гараг Омар хүүтэйгээ сүмд ирж билээ. Эхнэр охин хоёр нь хараахан сүмийг сонирхохгүй байв. Хэдэн сарын дараа бишоп нь дахин надтай утсаар ярьж, энэ удаад Омар эхнэр, хоёр хүүхдэдээ баптисм хүртээх гэж байгааг хэлээд намайг ирээрэй гэж урьсан юм. Тэднийг Сүмийн гишүүнээр батлуулсан тэр ням гарагт авхуулсан зургийг та нар харж байна.

Ахлагч Годой Омарын гэр бүлийнхнийг гишүүнээр батлуулсан ням гарагт тэдэнтэй хамт байгаа нь

Яг тэр ням гарагт би Омарт болон түүний гэр бүлд хэрвээ тэд жилийн дотор бэлдэж чадах юм бол Перугийн Лима ариун сүмд тэдний лацдан холбох ёслолыг үйлдэнэ мөн энэ нь миний хувьд нэр төрийн хэрэг байх болно гэдгийг хэлсэн юм. Жилийн дараа авхуулсан, бидний хувьд мартагдашгүй тэр мөчийг харуулсан зураг энэ байна.

Ахлагч Годой ариун сүмд Омарын гэр бүлтэй хамт

Би яагаад эдгээр үйл явдлыг та бүхэнтэй хуваалцах болсон бэ? Би хоёр шалтгаанаар үүнийг хуваалцаж байна.

Нэгдүгээрт, Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээнээс ямар нэг шалтгаанаар хөндийрсөн сайн гишүүдэд хандан ярьж байна. Хоёрдугаарт, өнөөдөр сүмийн үйл ажиллагаанд оролцож байгаа ч гэрээнүүддээ зохих ёсоор үнэнч байж чадахгүй байгаа гишүүдэд мөн хандан ярьж байна. Энэ хоёр тохиолдлын аль алинд, өмнөх үеийнхэнд нь сайн мэдээ хүрсэн ч үр удамд нь зориулагдсан адислал, амлалтууд эрсдэлд орсон байна.

Эхний жишээнээс эхэлье. Миний перу найз Омарт тохиолдсон шиг гэрээний замаа орхисон сайн гишүүдийн талаар ярья. Би түүнээс яагаад эргэж ирэх болсныг нь асуухад, эхнэр бид хоёр хүүхдүүд маань Есүс Христийн сайн мэдээний дагуу амьдарвал илүү аз жаргалтай байна гэдгийг мэдэрсэн учраас гэж хэлсэн юм. Хүүхдүүдийнхээ төлөө сүмдээ эргэж очих цаг нь болсон гэдгээ тэр мэдэрсэн байлаа.

Эцэг эх эсвэл өвөө эмээ нь Сүмд явахаа болих шийдвэрээс болж гэр бүлд нь байсан сайн мэдээг алдсан Сүмийн идэвхгүй гишүүд эсвэл гишүүн бус хүмүүстэй таарахад миний сэтгэл үнэхээр шимширдэг. Тэр шийдвэр үр удамд нь үүрд нөлөөлөх боломжтой!

Тэдний хүүхэд, ач зээ нар нь Есүс Христийн сайн мэдээний хамгаалалт болон адислалыг амьдралдаа хүлээн авч чадахгүй байх байсан. Үүнээс ч илүү сэтгэл эмзэглэм зүйл бол тэд өөрсдөд нь байсан мөнхийн гэр бүлийн амлалтуудаа алдсан байв. Нэг хүний шийдвэр хойч үеийнх нь гинжин хэлхээнд нөлөөлж, итгэлийн өв нь тасарсан байлаа.

Гэхдээ гэмтэж, эвдэрсэн ямар ч зүйлийг Есүс Христээр дамжуулан эдгээх боломжтой гэдгийг бид мэддэг. Тиймээс ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны дараах урилгыг бодож үзнэ үү: “Хэрэв та нар одоо замаасаа гарсан байгаа бол би та бүхнийг чин сэтгэлээсээ эргэн ирэхэд урьж байна. Та нарын асуудал, саад бэрхшээл ямар ч бай, та нарт зориулсан газар зөвхөн энд Их Эзэний Сүмд бий. Гэрээний зам дээр эргэн орохоор яг одоо та нарын хийх үйлдэл таныг мөн хараахан төрөөгүй байгаа үр удмыг тань ч адислах болно..”2

Харин одоо хоёр дахь жишээг, өнөөдөр сүмийн үйл ажиллагаанд оролцож байгаа ч гэрээнүүддээ зохих ёсоор үнэнч байж чадахгүй байгаа гишүүдийг авч үзье. Өчигдрийн шийдвэр өнөөдрийн бодит амьдралд нөлөөлдөг шиг өнөөдрийн шийдвэрүүд бидний болон гэр бүлийн гишүүдийн маань ирээдүйд нөлөөлнө.

Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс:

Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээ биднийг ирээдүйнхээ талаар бодоход урамшуулдаг. Энэ нь өнөөдөр бидний үйлдлийг чиглүүлэх ирээдүйн талаарх агуу санаануудыг заадаг.

Үүний эсрэгээр, зөвхөн өнөөдөртөө санаа тавьдаг, өнөөдөр мөнгөө үрж, өнөөдрийг зугаатай өнгөрүүлж, ирээдүйнхээ талаар боддоггүй хүмүүсийг бид бүгдээрээ мэддэг.

Бид шийдвэр гаргаж байхдаа ‘Энэ нь юунд хүргэх юм бол?’ гэж үргэлж асуудаг байх хэрэгтэй” хэмээн бидэнд заасан.3 Одоо гаргах шийдвэрүүд маань биднийг одоо болон үүрд мөнхөд баяр баясгалан руу хөтлөх үү аль эсвэл уй гашуу, нулимс руу хөтлөх үү?

Зарим нь “Бид ням гараг бүр сүмд явах шаардлагагүй,” “Нөхцөл байдал сайжрах үед бид аравны нэгээ төлнө” эсвэл “Би Сүмийн удирдагчдыг үүн дээр дэмжихгүй” гэж бодож байж болно.

“Гэхдээ бид сүм үнэн гэдгийг мэднэ, мөн бид Есүс Христийн сайн мэдээг хэзээ ч орхихгүй” гэж хэлдэг.

Ийм бодолтой хүмүүс, гишүүнчлэлдээ ийн “хайнга” хандах хандлага нь тэдний болон үр удмынх нь амьдралд ямар сөрөг нөлөө үзүүлэхийг ухааран ойлгодоггүй. Эцэг эх нь идэвхтэй хэвээр байж болох ч үр хүүхэд нь энэ амьдралд идэвхгүй болж, мөнх амьдралаа алдах магадлал өндөр.

Гэр бүлийнхээ хамт селестиел алдар сууг өвлөн авахгүй хүмүүсийн талаар Их Эзэн ийн хэлсэн: “Эдгээр нь Есүсийн тухай гэрчлэлд нэн хүчтэй биш тэд бөлгөө; иймийн тул, бидний Бурханы хаант улс дээрх титмийг тэд олж авах нь үгүй.”4 Бид үүнийг өөрсдөдөө болон үр хүүхдэдээ хүсэж байна уу? Бид өөрсдийнхөө болон хойч үеийнхээ төлөө илүү нэн хүчтэй байж, хайнга байхаа болих нь зөв биш гэж үү?

Ерөнхийлөгч М.Рассэлл Баллард мөн үүний төстэй сэрэмжлүүлгийг өгсөн.

“Зарим хүний хувьд итгэхэд мөн итгэлтэй үлдэх Христийн урилгыг хүлээн авахад хэцүү байсаар байдаг. Зарим дагалдагчид Сүмийн тодорхой нэг бодлого, сургаалыг ойлгоход адармаатай санагддаг. Заримд нь бидний түүх эсвэл зарим нэг гишүүн, удирдагчийн өнгөрсөн болон одоогийн төгс бус байдал асуудал болдог.

Их Эзэний сонгосон удирдагчидтай хамт “цаашид явахгүй” байх шийдвэрийн үр дагавар нь Сүмийн гишүүдэд яг одоо харагдахгүй байгаа ч алсдаа үр нөлөөтэй байдаг.”5

Юу болсон гэж ийм гунигт өвийг залгамжлуулан үлдээж байна вэ? Юу ч байсан гэлээ, хойч үеийнхэндээ сүнслэг байдлын хувьд үзүүлэх сөрөг нөлөөг үл тоомсорлон орхиж болохуйц чухал байх нь үгүй.

Хайрт ах эгч нар аа, хэрэв та нар миний энд дурдсан энэ хоёр нөхцөл байдлын аль нэгэнд байгаа бол хийж буй үйлдлээ эргэцүүлэн бодоорой. Энэ амьдралд бидэнд зориулсан төлөвлөгөө байдгийг та мэднэ. Гэр бүл мөнхөд хамт байж чадна гэдгийг та мэднэ. Яалаа гэж өөрсдийн гэр бүлийг эрсдэлд оруулах гэж? Өөрийн эхлүүлсэн, хүлээн авсан өв болох итгэлийн энэхүү сайхан гинжин хэлхээний сул хэсэг нь бүү бай. Хүчтэй нэг нь бай. Хүчтэй байх таны ээлж ирсэн бөгөөд Их Эзэн танд туслах болно.

Би та нарыг энэ талаар бодон, урагш харж, “Энэ нь юунд хүргэх вэ?” хэмээн асуун, дүгнэлт гаргаж, шаардлагатай бол үр удмынхаа төлөө замаа өөрчлөх зоригтой байхад зүрх сэтгэлийнхээ угаас урьж байна. Есүс Христийн нэрээр, амен.