2023
Бурхан таныг мэддэг бас хайрладаг
2023 оны 11-р сар


12:36

Бурхан таныг мэддэг бас хайрладаг

Бурханы аз жаргалын төлөвлөгөө нь танд зориулагдсан. Та бол Түүний агуу үнэ цэнтэй эрхэм хүүхэд.

Зургаан жилийн өмнө, нэгэн орой манайх гэр бүлээрээ Оксфорд хотын гаднахан аялж байв. Бага насны хүүхэдтэй аялахад тохиолддогчлон бид зогсох хэрэгтэй болж, янз бүрийн дэлгүүр, зоогийн газар бүхий үйлчилгээний төв олсон юм. Бүр тодорхой хэлбэл бид түлшээ дүүргээд, үйлчилгээний төвөөр орж, буцаж машиндаа суугаад, аяллаа цааш үргэлжлүүлсэн.

Арван таван минутын дараа манай том хүү: “Жаспэр хаана байна?” гэсэн чухал асуултыг асуув. Жаспэр машины арын суудалд ганцаараа суудаг байлаа. Бид түүнийг унтаж эсвэл нуугдаж байгаа, эсвэл бидэнтэй тоглож байна гэж бодож байлаа.

Ах нь арын суудлыг сайн шалгахад таван настай Жаспэр маань алга байгааг мэдэв. Бидний зүрх зогсох шахав. Бид үйлчилгээний төв рүү буцаж явах үедээ Жаспэрыг аюулгүй байлгаж өгөөч хэмээн Тэнгэрлэг Эцэгээс гуйн залбирлаа. Бид цагдаа руу залгаж, нөхцөл байдлын талаар мэдэгдлээ.

Бидний санаа зовсоор, 40 гаран минутын дараа эргэн ирэхэд дохиогоо асаасан хоёр цагдаагийн машин зогсоол дээр байв. Жаспэр нэгэнд нь машины товчлуураар тоглоод сууж байв. Би хүүтэйгээ дахин уулзсан тэр баярт мөчийг хэзээ ч мартахгүй.

Аврагчийн сургаалт зүйрлэлээр заасан сургаалын олон нь цугларах, сэргээх эсвэл тараагдсан, алдагдсаныг олохыг хичээж буй үйл явдал дээр төвлөрдөг. Эдгээрт алдагдсан хонь, гээгдсэн зоос, үрэлгэн хүүгийн сургаалт зүйрлэл багтдаг.1

Жаспэрт тохиолдсон энэхүү үйл явдал надад олон жилийн турш бодогдож яваа бөгөөд би Бурханы хүүхдүүдийн бурханлаг шинж, ач холбогдлын талаар төдийгүй Есүс Христийн гэтэлгэгч хүч, та биднийг мэддэг Тэнгэрлэг Эцэгийн төгс хайрын тухай тунгаан бодож билээ. Би өнөөдөр эдгээр үнэний талаар гэрчилнэ гэж найдаж байна.

I. Бурханы хүүхдүүд

Амьдрал сорилтоор дүүрэн. Олон хүн цөхөрсөн, ганцаардсан, тусгаарлагдсан эсвэл ядарч туйлдсан мэдрэмжтэй явдаг. Аливаа юмс бэрх болох үед бидэнд төөрөлдөж эсвэл ард хоцорсон мэт санагдах нь бий. Бид бүгдээрээ Бурханы хүүхдүүд, Түүний мөнхийн гэр бүлийн гишүүд гэдгээ мэдэх нь харьяалалтай байх мэдрэмжийг болон зорилгыг маань сэргээх болно.2

Ерөнхийлөгч М.Рассэлл Баллард: “Одоо болон үүрд хувиршгүй нэгэн чухал шинж чанар бидэнд буй. … Энэ бол та нар Бурханы охид, хөвгүүд бөгөөд мөн байсаар ирсэн явдал юм. … Энэ үнэнийг үнэхээр ойлгож, хүлээн авах нь амьдралыг өөрчилдөг”3 хэмээн хуваалцсан байдаг.

Та Тэнгэр дэх Эцэгтээ хэр чухал болохоо бүү ташаа ойлгож, дутуу үнэлээрэй. Та бол байгалийн санамсаргүй тохиолдлын бүтээл, сансар огторгуйн өнчин нэгэн эсвэл бодис, боломж, цаг хугацааны үр дүнд бий болсон зүйл биш. Төлөвлөгөө байгаа цагт төлөвлөгч байгаа гэсэн үг.

Таны амьдрал утга учир, зорилготой. Есүс Христийн сайн мэдээний үргэлжилж буй сэргээлт нь таны бурханлаг мөн чанарын талаарх гэрэл, мөн ойлголтыг авчирдаг. Та бол Тэнгэрлэг Эцэгийн хайртай хүүхэд төдийгүй эдгээр сургаалт зүйрлэл, сургаалын гол эзэн нь юм. Бурхан танд бүрэн төгс хайртай учраас таныг эдгээж, аварч, гэтэлгэхээр Өөрийн Хүүг илгээсэн.4

Есүс Христ хүн бүрийн бурханлаг мөн чанар, мөнхийн үнэ цэнийг олж хардаг.5 Тэрээр Бурханаа хайрла, хөршөө хайрла6 гэсэн хоёр агуу зарлиг нь хэрхэн Бурханы бүх зарлигийн үндэс суурь болохыг тайлбарласан. Бидний бурханлаг үүрэг хариуцлагын нэг нь тусламж хэрэгтэй байгаа хүмүүсийг халамжлах юм.7 Иймд Есүс Христийн шавь нарын хувьд бид “нэг нэгнийхээ ачааг үүрэлцэ[ж], … гашуудах тэдний хамт гашууда[ж] … , тайтгарал хэрэгтэй тэднийг тайтгаруул[даг].”8

Шашин шүтлэг нь зөвхөн Бурхантай харилцах бидний харилцааны тухай биш бөгөөд энэ нь түүнчлэн бидний бие биетэйгээ харилцах харилцааны тухай юм. Ахлагч Жэффри Р.Холланд шашин хэмээх англи үг нь рэлигар хэмээх, утгачилбал “уяж холбох”, илүү шууд утгаараа “дахин уяж холбох” хэмээх латин үгээс гаралтай. Иймд “үнэн шашин шүтлэг [нь] Бурхантай, мөн нэг нэгэнтэйгээ харилцах бидний холбоог уях холбоос юм”9 хэмээн тайлбарласан.

Бидний бие биедээ хэрхэн хандаж байгаа байдал нэн чухал. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон: “Аврагчийн захиас тодорхой. Түүний жинхэнэ шавь бусдыг хөгжүүлж, өргөж, урамшуулан дэмжиж, ятгаж, сүнслэгээр өдөөдөг”10 хэмээн заасан. Хамтран аялагчдад маань төөрөлдөж, ганцаардаж, мартагдаж эсвэл алслагдсан мэт санагдах үед энэ ойлголт бүр илүү чухал юм.

Бид зовж зүдэрч буй хүмүүсийг олох гэж алсаас хайх шаардлагагүй. Бид гэр бүл, цуглаан эсвэл амьдарч буй газрынхаа хүмүүст тусалснаар эхэлж болно. Бид мөн нэн ядуу нөхцөлд амьдарч байгаа 700 сая хүний11 эсвэл хавчлага, мөргөлдөөн, бүлэглэн ялгаварласан хүчирхийллийн улмаас дүрвэсэн 100 сая хүний12 зовлонг хөнгөлөхийг эрэлхийлж болно. Есүс Христ бол өлссөн, өвдсөн, ядуу, хоригдсон, гадны хүн зэрэг тусламж хэрэгтэй байгаа хүмүүсийг халамжлахын төгс үлгэр жишээ юм. Түүний ажил бол бидний ажил.

Ахлагч Гэррит В.Гонг “Бурхан руу хүрч очих аян замдаа бид ихэвчлэн хамтдаа гардаг”13 гэдгийг заасан. Тиймээс тойргууд маань Бурханы бүх хүүхдийн хоргодох газар болох нь зүйтэй. Бид сүмд урсгалаараа явж байна уу эсвэл Бурханыг шүтэн биширч, Аврагчийг санаж, нэг нэгэндээ тохинуулах зорилготой орчин тойрныг идэвхтэйгээр бүтээж байна уу?14 Бид ерөнхийлөгч Нэлсоны бага шүүж, илүү их хайрлан, үг, үйлдлээрээ Есүс Христийн цэвэр хайрыг бусдад түгээ гэсэн зөвлөгөөг анхаарч чадна.15

II. Есүс Христийн гэтэлгэгч хүч

Есүс Христийн Цагаатгал бол Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдээ хайрлах хайрын дээд илэрхийлэл билээ.16 Цагаатгал гэдэг үг холдсон, тусгаарлагдсан хүмүүсийг “нэг болгох” гэсэн утгатай.

Бидний Аврагчийн үүрэг бол Тэнгэрлэг Эцэг рүү буцаж очих замыг заах, аяллын турш тайтгарлыг өгөх явдал байсан. Аврагч Өөрийн туршлагаар дамжуулан биднийг энэ амьдралын сорилтуудад хэрхэн дэмжихээ мэддэг.17 Христ бол бидний гэтэлгэгч бөгөөд сүнсний маань эдгээгч гэдэгт бүү эргэлз.

Бид итгэлээ ашиглах үед Тэрээр биднийг зовлон бэрхшээл дунд урагш ахихад тусалдаг. Тэрбээр:

“Зүдэж зүтгэгсэд хийгээд хүнд ачаа үүрсэн бүгд ээ, Над дээр ир. Би та нарыг амраая.

Буулгыг минь өөрсөд дээрээ ав. Надаас сур. … Та нар сэтгэлдээ амралтыг олох болно”18 хэмээх хайраар дүүрэн, нигүүлсэнгүй урилгаа өгсөөр байна.

Буулгын тухай зүйрлэл нь хүчирхэг зүйрлэл юм. Ерөнхийлөгч Ховард В.Хантэр: “Буулга бол … хоёр дахь амьтны ‘хүчийг’ ганцаар зүтгэх амьтны хүчтэй холбон нийлүүлснээр [өмнө тулгарсан] хүнд хөдөлмөрийг нь хувааж, хөнгөлдөг багаж хэрэгсэл юм. Тэд ганцаар үүрэхэд хүндэдсэн эсвэл магадгүй даагдашгүй ачааг хоёул хамт нэг буулган доор холбогдсоноор эн тэнцүүхэн, эвтэйхэн үүрэх боломжтой”19 хэмээн тайлбарласан.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон ийн заасан. “Та амьдралын хүнд ачааг ганцаараа чирэхгүйн тулд Христэд ирж, Түүнтэй болон Түүний хүчтэй хамт буулгад ордог. Та Аврагч, дэлхийн Гэтэлгэгчтэй хамт нэг буулгад орж, амьдралын хүнд ачааг үүрдэг.”20

Бид хэрхэн өөрсдийгөө Аврагчийн буулгад оруулж эсвэл түүнтэй холбодог вэ? Ахлагч Дэвид А.Бэднар ийн тайлбарласан.

“Ариун гэрээнүүдийг байгуулж, сахих нь биднийг Их Эзэн Есүс Христтэй нэг болгон нэгтгэдэг. Чухамдаа Тэр биднийг Түүнд найдлага тавихад болон Түүнтэй хамт хөдөлмөрлөхөд урьдаг. …

Бид ганцаархнаа биш бас хэзээ ч ганцаардахгүй.”21

Ачаа үүрсэн, алдагдсан, төөрсөн тэдэнд хэлэхэд, та нар үүнийг ганцаар туулах шаардлагагүй.22 Та бүхэн Христийн Цагаатгалаар болон Түүний ёслолуудаар дамжуулан Түүний буулгад орж эсвэл Түүнтэй холбогдож чадна. Тэрээр өмнө тань байгаа аялалд шаардлагатай хүчийг болон эдгээлтийг хайраар өгөх болно. Тэр бидний шуурганаас хамгаалах хоргодох газар хэвээр байгаа.23

III.Тэнгэрлэг Эцэгийн хайр

Нэмж хэлэхэд, Жаспэр бол сэргэлэн, эелдэг, ухаантай, хөдөлгөөнтэй хүү. Гэхдээ тэр миний хүү гэдэг нь энэ түүхийн гол утга учир нь юм. Тэр бол миний хүү, би хүүдээ түүний төсөөлж чадахаас ч илүү их хайртай. Хэрэв төгс биш, дэлхийн эцэг би хүүхдийнхээ талаар ийн боддог бол төгс, алдар суут, хайраар дүүрэн Тэнгэрлэг Эцэг таны талаар юу гэж боддог бол?

Өсвөр үеийн хайрт найзууд минь, Зи үеийнхэн, Альфа үеийнхэн минь, итгэл нь хөдөлмөрийн үр дүнд ирдэг гэдгийг санаарай.24 Бидний амьдарч буй цаг үед “харж байж л итгэнэ” гэдэг хүмүүс олон бий. Итгэл нь сорилт бэрхшээлийг дагуулж болох ба сонголт хийхийг шаарддаг. Гэхдээ залбиралд маань хариу ирдэг.25 Мөн хариултаа бид мэдэрч чадна.26 Амьдрал дахь хамгийн бодит зүйлсийн заримыг нь харах боломжгүй байдаг. Тэдгээрийг зөвхөн мэдэрч, мэдэж, туулж гарах ёстой байдаг. Гэвч тэдгээр нь ч бас бодит.

Есүс Христ таныг Өөрийн Тэнгэр дэх Эцэгийг мэдэж, Түүнтэй харилцаа тогтоогоосой хэмээн хүсдэг.27 Тэрээр: “Та нарын дундаас хэн нь хүү тань босон, Аав аа, үүдээ нээгээч, би Тантай хамт хооллоё гэхэд нь, Хүү минь ороод, ир, миний юмс чинийх, чиний зүйлс минийх билээ гэж хэлэх билээ?28 хэмээн заасан. Та Бурхан Мөнхийн Эцэгийн талаар илүү хувийн, хайраар дүүрэн дүр төрхийг төсөөлж чадах уу?

Та бол Түүний хүүхэд. Хэрэв танд төөрөлдсөн мэт санагдаж байвал, асуулт байгаа бол эсвэл мэргэн ухаанаар дутсан бол, бэрхшээлтэй нөхцөл байдалд байгаа бол эсвэл сүнслэг зөрчилдөөнд орсон бол Түүнд ханд. Тайтгарал, хайр, хариулт, чиглүүлэг хүсэн Түүнд хандан залбир. Таны хэрэгцээ юу ч байлаа гэсэн, та хаана ч байсан Тэнгэрлэг Эцэгтээ зүрхнийхээ бодлыг уудал. Зарим хүн ерөнхийлөгч Нэлсоны “Тэрээр чамайг мэддэг эсэхийг мөн Тэрээр үнэхээр байдаг эсэхийг өөрт чинь хэлэхийг Түүнээс гуй. Чиний тухай юу мэдэрдгийг нь Түүнээс асуу. Тэгээд сонс”29 хэмээх урилгыг даган, асуухыг хүсэж болох юм.

Хүндэт ах, эгч нар аа:

  • Тэнгэр дэх Эцэгээ таньж мэд. Тэр төгс бөгөөд хайраар дүүрэн.

  • Есүс Христ гэж хэн болохыг таньж мэд.30 Тэр бол бидний Аврагч, мөн Гэтэлгэгч. Өөрийгөө болон хайртай хүмүүсээ Түүнтэй холбо.

  • Мөн өөрийгөө хэн гэдгийг таньж мэд. Өөрийн жинхэнэ бурханлаг мөн чанарыг таньж мэд. Бурханы аз жаргалын төлөвлөгөө нь танд зориулагдсан. Та бол Түүний үнэт, агуу үнэ цэнтэй хүүхэд. Тэрээр таныг мэддэг бас хайрладаг.

Би эдгээр энгийн боловч суурь үнэнийг Есүс Христийн нэрээр гэрчиллээ, амен.

Эх сурвалж

  1. Лук 15:4–32-ыг үзнэ үү.

  2. Миний сайн сайн мэдээ Есүс Христ: Номлогчийн үйлчлэлд зориулсан удирдамж (2023), 1-ийг үзнэ үү.

  3. (M. Russell Ballard, “Children of Heavenly Father” (Brigham Young University devotional, Mar. 3, 2020), speeches.byu.edu.

  4. Иохан 3:16; Мозая 15:1; 3 Нифай 17:6–10-ыг үзнэ үү.

  5. Миний сайн мэдээг номло, 3-р бүлгийг үзнэ үү.

  6. Матай 22:36–40-ийг үзнэ үү.

  7. Gospel Library, Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь, 1.2-ыг үзнэ үү.

  8. Moзая 18:8, 9

  9. Jeffrey R. Holland, “Religion: Bound by Loving Ties” (Brigham Young University devotional, Aug. 16, 2016), speeches.byu.edu.

  10. Рассэлл М.Нэлсон, “Амар тайвныг тогтоогчид хэрэгтэй,” 2023 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 99.

  11. “Нэн ядуу байдалд байгаа хүмүүсийн тоо 70 саяар нэмэгдэж, 700 сая хүний тоонд хүрсэн” (“Poverty,” Nov. 30, 2022, World Bank, worldbank.org).

  12. “100 сая гаруй хүн албадуулан дүрвэсэн” (“Refugee Data Finder,” May 23, 2022, United Nations High Commissioner for Refugees, unhcr.org).

  13. Гэррит В.Гонг, “Дэн буудлын өрөө,” 2021 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 23.

  14. Gospel Library, Ерөнхий гарын авлага, 1.3.7-г үзнэ үү.

  15. Рассэлл М.Нэлсон, “Амар тайвныг тогтоогчид хэрэгтэй,” 98–101.

  16. Иохан 3:16-г үзнэ үү.

  17. Алма 7:11–12; Сургаал ба Гэрээ 122:8-ыг үзнэ үү.

  18. Матай 11:28–29

  19. Howard W. Hunter“Come unto Me,” Ensign, Nov. 1990, 18.

  20. The Mission and Ministry of the Savior: A Discussion with Elder Russell M. Nelson,” Ensign, June 2005, 18.

  21. Дэвид А.Бэднар, “Тэд ачаагаа амархан дааж чадахын тулд,” 2014 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 106.

  22. Ерөнхийлөгч Камилл Жонсон: “Ах, эгч нар аа, би ганцаараа явж чадахгүй, тэгэх ч шаардлагагүй бөгөөд тэгэх ч үгүй. Бурхантай хийсэн гэрээнүүдээрээ дамжуулан Аврагч Есүс Христтэй ойр байхыг сонгосноор ‘Намайг хүчирхэгжүүлэгч Түүгээр би бүгдийг хийж чадна’[Филиппой 4:13]”” (“Есүс Христ бол тайтгарал,” Лиахона,2023 оны 5-р сар, 81).

  23. Дуулал 62:6–8-ыг үзнэ үү.

  24. Иаков 2:17-г үзнэ үү.

  25. Матай 7:7–8; Иаков 1:5-ыг үзнэ үү.

  26. “[Ариун Сүнс] бол Тайтгаруулагч (Иохан 14:26). Халамжит эцэг, эхийн тайтгаруулах дуу хоолой уйлж буй хүүхдийн уйлахыг болиулж чаддагийн адилаар Сүнсний шивнээ таныг айдастай байхад тань тайтгаруулж, амьдралын тань байнгын зовнилыг багасгаж, гуньж шаналах үед тань тайвшруулна. Ариун Сүнс биднийг “найдвар ба төгс хайраар” дүүргэж, “хаант улсын амар амгалангийн зүйлсийг [бидэнд] зааж” (Моронай 8:26; Сургаал ба Гэрээ 36:2) чадна (Topics and Questions, “Holy Ghost,” Gospel Library).

    [Ариун Сүнс] ‘Эцэг мөн Хүүг гэрчилдэг’ (2 Нифай 31:18). Зөвхөн Ариун Сүнсний хүчээр дамжуулан бид Бурхан Эцэг, Түүний Хүү Есүс Христийн талаарх баттай гэрчлэлийг хүлээн авч чадна.

    Ариун Сүнс үнэний талаар гэрчилдэг ба Түүний хүчээр дамжуулан бид ‘бүх зүйлийн үнэнийг мэдэж бол[но]’ (Moронай 10:5)” (“The Holy Ghost Testifies of Truth,” Liahona, Mar. 2010, 14, 15).

    “Эцэгээс гарах үнэний Сүнс болох Туслагчийг Би та нарт Эцэгээс илгээхэд тэр Сүнс Намайг гэрчилнэ” (Иохан 15:26).

  27. Иохан 14:6–7; 17:3-ыг үзнэ үү.

  28. Иосеф Смитийн Орчуулга, Матай 7:17 (Библийн хавсралтад байгаа).

  29. Рассэлл M.Нэлсон, “Ирээд, Намайг дага,” 2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 109.

  30. Марк 8:27–29-ийг үзнэ үү.