Судрууд
Сургаал ба Гэрээнүүд 109


Хэсэг 109

1836 оны гуравдугаар сарын 27-нд Охайогийн Көртландад ариун сүмийг онцгойлон адислахад хийсэн залбирал оршвой. Бошиглогчийн бичиглэн өгүүлснээр, энэ залбирал түүнд илчлэлээр өгөгджээ.

1–5, Көртландын Ариун Сүм Хүний Хүүгийн айлчлах газар болон баригдсан болой; 6–21, Энэ нь залбирлын, мацгийн, итгэлийн, суралцах, сүр жавхлангийн мөн дэг журмын өргөө, мөн Бурханы өргөө байх ёстой; 22–33, Их Эзэний хүмүүсийг эсэргүүцдэг үл наманчлагчид мадлагдах болтугай; 34–42, Гэгээнтнүүд зөв шударгыг үйлдэгчдийг Сионд цуглуулахаар хүчинд урагш одох болтугай; 43–53, Эцсийн өдрүүдэд ёс бусыг үйлдэгчид дээр юүлэгдэх аймшигт зүйлсээс гэгээнтнүүд чөлөөлөгдөх болтугай; 54–58, Үндэстнүүд ба ард түмнүүд мөн сүмүүд сайн мэдээний тухайд бэлтгэгдэх болтугай; 59–67, Иудейчүүд, леменчүүд, мөн бүх Израил гэтэлгэгдэх болтугай; 68–80, Гэгээнтнүүд сүр жавхлан болон хүндэтгэлээр титэмлэгдэж мөн мөнхийн авралыг олох болтугай.

1 Таны өмнө бүх зүрх сэтгэлээрээ, зөв шударгаар алхдаг өөрийн үйлчлэгчидтэй гэрээг сахиж мөн тэдэнд нигүүлслийг үзүүлдэг, ай Израилын Их Эзэн, Бурхан таны нэрэнд талархая—

2 Энэ [Көртланд] газарт өөрийн нэрэнд өргөө барихыг үйлчлэгчиддээ зарлигласан таны нэрэнд буюу.

3 Мөн эдүгээ, ай Их Эзэн та, үйлчлэгчид тань таны зарлигийн дагуу хийснийг болгоож буй билээ.

4 Мөн ай Их Эзэн минь, таны үйлчлэгчид болох бидний гарын бүтээлийг, барихыг нь та бидэнд зарлигласан энэхүү өргөөг соёрхон хүлээж авахыг Ариун Эцэг танаас, аврал дангаараа түүний нэрээр хүмүүсийн үрсэд өгөгдөж болох, таны хайрт Хүү, Есүс Христийн нэрээр бид эдүгээ гуйж байна.

5 Учир нь бид агуу их зовлон бэрхшээл үзэж байж энэ ажлыг хийснийг та мэдэх билээ; Хүний Хүү өөрийн хүмүүст өөрийгөө үзүүлж болох газартай байж болохын тулд бид ядуу зүдүү байдалдаа өөрсдийн эд хөрөнгийг таны нэрэнд өргөө барихад өргөсөн билээ.

6 Мөн та бидэнд өгсөн нэгэн илчлэлд биднийг найзаа хэмээн дуудаж, ийн хэлсэн бөлгөө—Та нарт миний зарлигласанчлан, өөрсдийн онцгой ариун хуралдайг хуралдуулагтун;

7 Мөн бүгд итгэлтэй байгаа бус учраас, та нар хичээнгүйлэн эрэлхийлж мөн мэргэн ухааны үгсийг бие биедээ заагтун; тийм ээ, мэргэн ухааны үгсийг шилдэг номуудаас эрэлхийлэгтүн та нар; бүр судлахаар мөн тэрчлэн итгэлээр суралцахыг эрэлхийлэгтүн;

8 Өөрсдийгөө зохион байгуул; хэрэгтэй зүйл болгоныг бэлтгэ, мөн өргөө, бүр залбирлын өргөө, мацгийн өргөө, итгэлийн өргөө, суралцах өргөө, сүр жавхлангийн өргөө, дэг журмын өргөө, Бурханы өргөөг байгуулагтун;

9 Та нар орохдоо Их Эзэний нэрэнд орж болохын тулд, та нар гарахдаа Их Эзэний нэрэнд гарч болохын тулд, та нарын бүхий л мэндчилгээнүүд Бүхнээс Дээдийн зүг гараа өргөн, Их Эзэний нэрэнд байж болохын тулд буюу—

10 Мөн эдүгээ, Ариун Эцэг минь, танд нэр хүндийг авчирч мөн таны бурханлаг хүлээн зөвшөөрлийг авахын төлөө үйлдэгдэж болохын тулд, өөрийнхөө хүмүүс бидэнд онцгой ариун хуралдайг хуралдахад ач ивээлээрээ туслахыг бид танаас гуйж байна;

11 Мөн таны хүмүүс бидэнд өгөгдсөн илчлэлүүдэд таны өгсөн амлалтуудын биелэлтийг олж авахдаа бид таны мэлмийд зохистой байж болох байдалд үйлдэж болохын тулд буюу;

12 Таны сүр жавхлан доош таны хүмүүс дээр, мөн эдүгээ бид танд онцгойлон адисалж буй таны энэ өргөөнд оршиж болохын тулд, энэ нь ариун байхын тулд ариусгагдаж мөн ариулан адислагдахын тулд, мөн таны ариун оршихуй энэ өргөөнд цаг ямагт байж болохын тулд буюу;

13 Мөн Их Эзэний өргөөний босгоор орж ирэх бүх хүн таны сүр хүчийг мэдэрч болохын тулд, мөн та үүнийг ариусгасныг мөн энэ нь таны өргөө, таны цэвэр ариун байдлын газар гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүйд хүрч болохын тулд буюу.

14 Мөн Ариун Эцэг минь, энэ өргөөнд шүтэн бишрэх тэд бүгд шилдэг номуудаас мэргэн ухааны үгсээр заагдаж болохыг, мөн таны хэлсэнчлэн тэд бүр сурахыг мөн тэрчлэн итгэлээр суралцахыг эрэлхийлж болохыг та соёрхооч;

15 Мөн тэд танд өсөхийн тулд, мөн Ариун Сүнсний бүрэн байдлыг хүлээн авч, мөн таны хуулиудын дагуу зохион байгуулагдаж, мөн хэрэгцээтэй бүхнийг олж авахад бэлтгэгдэж болохыг буюу;

16 Мөн энэ өргөө залбирлын өргөө, мацгийн өргөө, итгэлийн өргөө, сүр жавхлангийн болон Бурханы өргөө, бүр таны өргөө байж болохыг буюу;

17 Энэ өргөөнд таны хүмүүс бүгд орохдоо Их Эзэний нэрэнд байж болохыг буюу;

18 Энэ өргөөнөөс гарах тэд бүгд гарахдаа Их Эзэний нэрэнд байж болохыг буюу;

19 Мөн тэдний бүх мэндчилгээ Их Эзэний нэрэнд, Бүхнээс Дээдийн зүг өргөсөн ариун гартайгаар байж болохыг буюу;

20 Мөн таны өргөөнд цэвэр ариун биш ямар ч зүйл үүнийг бохирлохоор орох нь зөвшөөрөгдөхгүй байхыг буюу;

21 Мөн таны хүмүүсийн хэн нь ч зөрчил гаргахад, тэд нэн түргэнээр наманчилж мөн танд эргэн ирж мөн таны мэлмийд тааллыг олж, мөн таны өргөөнд таныг хүндэтгэн бишрэх тэдэн дээр юүлэгдэхээр таны томилсон адислалуудад сэргээгдэж болохыг буюу.

22 Мөн Ариун Эцэг минь, таны үйлчлэгчид энэ өргөөнөөс таны хүч чадлаар зэвсэглэн урагш одож болохыг, мөн таны нэр тэдэн дээр байж болохыг мөн таны сүр жавхлан тэдний эргэн тойронд байж болохыг, мөн таны тэнгэр элч нар тэднийг хариуцаж байхыг бид танаас гуйж байна;

23 Мөн тэд энэ газраас үлэмж агуу ба гайхамшигт мэдээг үнэнээр дэлхийн хязгааруудад хүргэж болохыг буюу, энэ бол таны ажил гэдгийг, мөн эцсийн өдрүүдийн талаар бошиглогчдын амаар өөрийнхөө ярьсныг гүйцэлдүүлэхийн тулд та мутраа хөдөлгөсөн гэдгийг тэд мэдэж болохын тулд буюу.

24 Ариун Эцэг минь, таны энэхүү өргөөнд бүх үеийнхэнд мөн үүрд мөнхөд нэр алдрыг хүндэтгэлтэйгээр хадгалж мөн зогсдог, мөн бишрэн шүтдэг хүмүүсийг бэхжүүлэхийг бид танаас гуйж байна;

25 Тэдний эсрэг бий болсон зэр зэвсэг амжилтад хүрэхгүй байхыг; тэдэнд зориулж нүх ухдаг тэрээр үүндээ өөрөө унахыг буюу;

26 Ёс бусын нэгдэл өндийн босож мөн энэ өргөөнд таны нэр дээр нь тавигдах хүмүүсийн тань дээр дийлэх хүчгүй байхыг буюу;

27 Мөн хэрэв ямар ч хүмүүс энэ хүмүүсийн эсрэг босох аваас, таны уур тэдний эсрэг дүрэлзэхийг буюу;

28 Мөн хэрэв тэд энэ хүмүүсийг цохих аваас, та тэднийг цохих болно; тэд бүх дайсныхаа гараас чөлөөлөгдөж болохын тулд тулалдааны өдөрт та байлдсан шигээ, та өөрийнхөө хүмүүсийн төлөө тулалдахыг буюу.

29 Ариун Эцэг минь, таны үйлчлэгч юм уу үйлчлэгчдийн эсрэг худал үгсийг алс хол дэлхий даяар тараасан тэд бүгдийг, хэрэв тэд үүрдийн сайн мэдээг чихэнд нь тунхаглахад эс наманчлах аваас, мадлуулж мөн гайхахад хүргэн, мөн ичгүүрт ба эргэлзэм байдалд хүргэхийг бид танаас гуйж байна;

30 Мөн тэдний бүх ажил ямар ч үр дүнгүй байж, мөн мөндрөөр, мөн уурандаа тэдэн дээр таны илгээх шүүлтүүдээр арчигдаж болохыг, таны хүмүүсийн эсрэг худал үгс бөгөөд гүтгэлэгт төгсгөл байж болохыг буюу.

31 Учир нь, ай Их Эзэн минь, таны үйлчлэгчид нэрийг тань гэрчлэхдээ таны өмнө гэм буруугүй гэдгийг, үүний төлөө тэд эдгээр бүх зүйлийг туулсан гэдгийг та мэдэх билээ.

32 Тиймийн тул, энэ буулган дороос бүрэн бас төгсөөр чөлөөлөхийг бид таны өмнө гуйж байна;

33 Ай Их Эзэн минь, үүнийг салгаж өгөөч; бид энэ үеийнхний дунд босож, мөн таны ажлыг хийж болохын тулд үүнийг үйлчлэгчдийнхээ хүзүүнээс өөрийн хүчээр салгаж өгөөч.

34 Ай Иехова, энэ хүмүүсийн дээр нигүүлсэлтэй байгаач, мөн бүх хүмүүн нүглийг үйлддэг учир, өөрийн хүмүүсийн зөрчлийг өршөөгөөч, мөн тэдгээрийг үүрд арилгагдахаар болгооч.

35 Тохинуулагчдын тань тослон томилолт тэнгэрийн хүчээр тэдэн дээр лацдагдаг.

36 Энэ нь Пентекостын өдөр тэдэнд байсны адилаар тэдэн дээр гүйцэлдэг; таны хүмүүс дээр бүр галынх мэт салаалсан хэлний, мөн үүний хөрвүүлгийн хэлний бэлэг юүлэгдэг.

37 Мөн таны өргөө хуйлрах хүчит салхи адил таны сүр жавхлангаар дүүргэгдэг.

38 Таны үйлчлэгчид гадагш одож мөн таны үгсийг тунхаглахдаа хуулийг лацдаж болохын тулд, мөн зөрчлийнх нь улмаас дэлхийн оршин суугчид дээр таны хилэгнэлдээ илгээх гэж буй тэдгээр бүх шүүлтийн төлөө, гай зовлонгийн өдөрт таны хүмүүс унахгүйн төлөө өөрийн гэгээнтнүүдийн зүрх сэтгэлийг бэлтгэж болохын тулд, үйлчлэгчид дээрээ гэрээний гэрчлэлийг тавина уу.

39 Мөн таны үйлчлэгчид ямар ч хотод орлоо гэсэн, тэр хотын хүмүүс тэдний гэрчлэлийг хүлээн авахад таны амар амгалан бас таны аврал тэр хот дээр байг; тэд тэр хотоос зөв шударгыг үйлдэгчдийг цуглуулж болохын тулд, тэд таны томилсон газар болох Сион руу, эсвээс үүний гадаснууд руу үүрдийн баяслын дуунуудтайгаар ирж болохын тулд буюу;

40 Мөн энэ нь биелэгдэх хүртэл таны шүүлтүүд тэр хот дээр бүү бууг.

41 Мөн таны үйлчлэгчид ямар ч хотод орлоо гэсэн, мөн тэр хотын хүмүүс таны үйлчлэгчдийн гэрчлэлийг хүлээн авахгүй бол, мөн таны үйлчлэгчид энэ зөрүүд үеийнхнээс өөрсдийгөө аврахыг тэдэнд сэрэмжлүүлсэн байвал, бошиглогчдынхоо амаар таны ярьсны дагуу энэ нь тэр хот дээр байг.

42 Харин, ай Иехова, та өөрийн үйлчлэгчдийг тэдний гараас чөлөөлж, мөн тэдний цуснаас тэднийг цэвэрлээч хэмээн бид гуйж байна.

43 Ай Их Эзэн минь, нөхдийг маань устгаж байгаад бид баярлах нь үгүй; тэдний бодгалиуд таны өмнө үнэ цэнэтэй бөлгөө;

44 Гэвч таны үг гүйцэлдэх ёстой. Биднийх бус, харин ай Их Эзэн таны таалал гүйцэлдэх болно хэмээн хэлэхэд нь тэдэнд ач ивээлээрээ дэм үзүүлэн өөрийн үйлчлэгчдэд туслаач.

45 Эцсийн өдрүүд дэх ёс бусыг үйлдэгчдийн талаар аймшигт зүйлсийг та бошиглогчдынхоо амаар ярьсныг—та шүүлтүүдээ хэмжээлшгүйгээр юүлэх болно гэдгийг бид мэднэ;

46 Тиймийн тул, ай Их Эзэн минь, өөрийн хүмүүсийг ёс бусыг үйлдэгчдийн өгөх гай түйтгэрээс чөлөөлөөч; тэд шатаалтын өдөрт бэлтгэгдэхийн тулд хуулийг лацдаж мөн гэрчлэлийг битүүмжлэх боломжийг өөрийн үйлчлэгчдэд олгооч.

47 Ариун Эцэг минь, Миссурийн Жаксон гүнлэгийн оршин суугчдаар өвийнхөө газруудаас хөөгдсөн тэднийг санаач, ай Их Эзэн минь, мөн тэдэн дээр тавигдсан зовлон зүдгүүрийн буулгыг салгаж өгөөч.

48 Ай Их Эзэн минь; тэд ёс бус хүмүүсээр туйлын ихээр дарамтлуулж мөн зовлон зүдгүүрт унасныг та мэдэх билээ, тэдний хүнд хэцүү ачааны улмаас бидний зүрх сэтгэл уй гашууд автнам.

49 Энэ хүмүүс энэ зовлон зүдгүүрийг үүрэхийг, мөн гэм зэмгүй тэдний хашхираанууд дээшээ таны сонорт хүрэхийг, мөн тэдний цус таны өмнө гэрч болон очихыг та хэчнээн удаан зөвшөөрч, мөн тэдний төлөөх өөрийн гэрчийг харуулахгүй байх юм бэ, ай Их Эзэн минь?

50 Тэд эвдэн сүйтгэхээ зогсоож болохын тулд, хэрэв наманчлал байх аваас, тэд нүглүүдээсээ наманчилж болохын тулд таны хүмүүсийг хөөсөн ёс бус танхайрагчдын бүлэгт нигүүлсэлтэй байгаач, ай Их Эзэн минь;

51 Харин хэрэв тэд наманчлахгүй аваас, та өөрийн мутрыг харуулж, өөрийн хүмүүст Сионыг томилсон тэрнийг сэргээгээч, ай Их Эзэн минь.

52 Мөн хэрэв энэ нь өөрөөр байж үл болох аваас, таны хүмүүсийн байр суурь таны өмнө бүтэлгүйтэхгүй байхын тулд, таны уур дүрэлзэж мөн таны хилэн тэдэн дээр бууг, үндэс ба мөчир аль алинаар нь тэд тэнгэрийн дороос устгагдаж болохын тулд буюу;

53 Харин тэд наманчлахын хэрээр, нигүүлсэнгүй мөн нинжин сэтгэлтэй та Тослогдсон Түүнийхээ нүүрийг хараад хилэгнэлээ зайлуулах болой.

54 Дэлхийн бүх үндэстэнд нигүүлсэнгүй байгаач, ай Их Эзэн минь; манай нутгийн захирагчдад нигүүлсэнгүй байгаач; хүндэтгэлтэйгээр бас зоримгоор бидний өвөг дээдсээр хамгаалагдаж ирсэн тэдгээр зарчим, ялангуяа манай нутгийн Үндсэн хууль үүрд үндэслэн байгуулагдах болтугай.

55 Хаад, хунтайж нар, язгууртнууд, мөн дэлхийн агуу ихэс дээдэс, мөн бүх хүн мөн сүмүүд, бүх ядуус, гачигдагсад, мөн дэлхийн зовж зүдрэгсдийг санаач;

56 Таны үйлчлэгчид таны нэрийг гэрчлэхээр өргөөнөөс тань гарч явахад, тэдний зүрх сэтгэл зөөлрөх болтугай, ай Иехова; тэдний сэжиг таавар үнэний өмнө зам тавьж өгөхийн тулд, мөн таны хүмүүс бүхний мэлмийд таашаалыг олж болохын тулд буюу;

57 Таны үйлчлэгчид болох бид таны дуу хоолойг сонссон, мөн та биднийг илгээсэн гэдгийг дэлхийн бүх хязгаар мэдэж болохын тулд буюу;

58 Иаковын хүүхдүүд, таны үйлчлэгчид, тэдэнд таны зарлигласанчлан, таны нэрэнд ариун хотыг барихаар эдгээр бүгдийн дундаас зөв шударгыг үйлдэгчдийг цуглуулж болохын тулд буюу.

59 Таны хүмүүсийн цугларалт агуу хүч ба сүр жавхланд явагдахын тулд, таны ажил зөв шударга ёсонд түргэссэн байхын тулд, таны томилсон энэ нэгээс гадна бусад гадсыг Сионд томилж өгөхийг бид танаас гуйж байна.

60 Харийнхан гэгдэх бидэнд таны өгсөн илчлэлүүд бөгөөд зарлигуудын талаар бид таны өмнө эдгээр үгийг ярилаа, ай Их Эзэн минь.

61 Гэвч үүлэрхэг мөн харанхуй өдөр урт удаан хугацаагаар уулсаар тараагдсан Иаковын хүүхдүүдийг агуу ихээр хайрладгаа та мэдэх билээ.

62 Тиймийн тул, Иерусалим энэ цагаас гэтэлгэгдэж эхэлж болохын тулд, Иаковын хүүхдүүд дээр нигүүлсэнгүй байгаач хэмээн бид танаас гуйж байна;

63 Мөн боолчлолын буулга Давидын удмаас салгагдаж эхэлж болохыг буюу;

64 Мөн Иудагийн хүүхдүүд, өөрсдийнх нь эцэг Абрахамд таны өгсөн нутгуудад эргэж ирж эхэлж болохыг буюу.

65 Мөн өөрсдийн зөрчлийн улмаас зүхэгдэж мөн цохигдсон Иаковын үлдсэн хүмүүс зэрлэг бас соёл иргэншилгүй байдлаасаа үүрдийн сайн мэдээний бүрэн байдалд хөрвүүлэгдэхэд хүргээч;

66 Тэд цус урсгах зэвсгүүдээ доош тавьж, мөн эсэргүүцлээ зогсоож болохын тулд буюу.

67 Мөн дэлхийн хязгаарууд руу хөөгдөн, тараагдсан бүх Израилын үлдсэн хүмүүс үнэний мэдлэгт ирж, Мессиад итгэн, мөн дарлалаас гэтэлгэгдэж, мөн таны өмнө баясах болтугай.

68 Өөрийн үйлчлэгч Бага Иосеф Смитийг, мөн түүний бүхий л зовлон зүдгүүрүүд болон хавчлагуудыг—тэрээр Иеховатай хэрхэн гэрээнд орж, мөн танд, ай Иаковын Хүчирхэг Бурханд тангарагласныг—мөн өөрийн түүнд өгсөн зарлигуудыг, мөн тэрээр таны тааллыг хэрэгжүүлэхийн тулд чин сэтгэлээсээ хичээж байгааг санаач, ай Их Эзэн минь.

69 Түүний эхнэр мөн хүүхдүүд таны оршихуйд өргөмжлөгдөж мөн таны халамжит мутраар хамгаалагдаж болохын тулд, тэдэнд нигүүлсэнгүй байгаач, ай Их Эзэн минь.

70 Тэдний бүх ойрын садан төрлийнхний сэжиг таавар арилж мөн үерээр мэт арчигдаж болохын тулд; тэд Израилтай хамт хөрвүүлэгдэн мөн гэтэлгэгдэн мөн та бол Бурхан гэдгийг мэдэж болохын тулд тэдэнд нигүүлсэнгүй байгаач.

71 Ай Их Эзэн минь, ерөнхийлөгчдийг, бүр өөрийн сүмийн бүх ерөнхийлөгчийг санаач, баруун мутар тань тэднийг, тэдний бүх гэр бүлийн мөн ойрын садан төрлүүдийнх нь хамт өргөмжилж болохын тулд мөн тэдний нэрс үүрд хадгалагдан мөн үеэс үед үүрд санагдаж байхын тулд буюу.

72 Гарын оролцоогүйгээр таны бий болгосон хаант улс агуу уул болж мөн бүхэл дэлхийг дүүргэж болохын тулд өөрийн бүх сүмийг, тэдний бүх гэр бүл, мөн ойрын садан төрлүүдтэй нь, тэдний бүх өвчтэй мөн зовж зүдрэгсэд, мөн дэлхийн бүх ядуус ба номхон даруу тэднийг санаач, ай Их Эзэн минь;

73 Таны сүм харанхуйн аглаг буйдаас сар мэт гэрэлтэн, нар мэт тунгалаг мөн туг хиур бүхий их цэрэг мэт сүрдмээр өндийн гарч ирж болохын тулд буюу;

74 Мөн та тэнгэрийг нээх тэр өдөр хуримын бэр адил гоёж, мөн уулс таны оршихуйд нуран урсаж мөн хөндийнүүд өргөгдөж, бартаат газрууд тэгш болгогдон, таны сүр жавхлан дэлхийг дүүргэхээр болгооч;

75 Нас барагсдын тул бүрээ дуугарахад, бид Их Эзэнтэй үүрд хамт байж болохын тулд бид таныг угтахаар үүлэн дунд дээш аваачигдахын тулд буюу;

76 Бидний өмсгөл цэвэр байж болохын тулд, бид зөв шударга ёсны орхимжуудаар, гартаа далдуу модны мөчрөөр, мөн тэргүүн дээрээ сүр жавхлангийн титмээр хувцаслагдаж болохын тулд, мөн өөрсдийн бүхий л зовлон зүдгүүрийн хариуд мөнхийн баяр баяслыг хураахын тулд буюу.

77 Ай Бүхнийг Чадагч Бурхан Их Эзэн минь, гуйлтуудыг маань сонсооч, мөн тэнгэрээс, өөрийн амьдардаг ариун газраас, сүр жавхлан, хүндэтгэл, хүч, сүр хүч, хүч чадал, ноёрхол, үнэн, шударга ёс, шүүлт, нигүүлсэл, бүрэн байдлын хязгааргүй чанарт хаан сэнтийдээ үүрдээс үүрдэд залран суудаг тэндээс, бидэнд хариулаач.

78 Ай сонсооч, ай сонсооч, ай биднийг сонсооч, ай Их Эзэн минь! Эдгээр гуйлтад хариулаач, мөн таны нэрэнд бидний барьсан, бидний гарын бүтээл болох энэ өргөөг танд онцгойлон адисалж байгааг соёрхон хүлээж аваач;

79 Мөн тэрчлэн энэ сүм дээр нэрээ хайрлан соёрхоно уу. Мөн Бурханд болон Хурганд магтаалын мэндчилгээ хүргэн Хосаннаг дуулагч, таны хаан сэнтийний эргэн тойрон дахь тэдгээр гэрэлтэгч гялалзсан серафуудтай бид дуу хоолойгоо нийлүүлж болохын тулд Сүнснийхээ хүчээр бидэнд туслаач!

80 Мөн таны эдгээр тослогдсон хүмүүс авралаар хувцаслагдаг, мөн таны гэгээнтнүүд баяслын улмаас чангаар хашхираг. Амен, мөн Амен.

Хэвлэх