2018
Иосеф Смит Мормоны Номыг урагш авчирсан түүхээс авах 4 сургамж
2018 оны аравдугаар сар


Зөвхөн дижитал

Иосеф Смит Мормоны Номыг урагш авчирсан түүхээс авах 4 сургамж

24-хөн настай Иосеф Смит Бурханы зарлигуудыг биелүүлэхээр ажиллаж байхдаа олон саад бэрхшээлтэй тулгарч байв. Гэхдээ тэр Бурханы тусламжтайгаар давж гарсан тул бид ч гэсэн даван гарч чадна.

young adult woman holding an old Book of Mormon

Залуу хүмүүсийн хувьд биднээс Бурханы тусламжгүй хийхэд боломжгүй мэт санагдах зүйлийг хийхийг хүсэж магад. Үүний нэгэн адил Иосеф Смит дөнгөж 24 настай байхдаа Мормоны Номны орчуулгыг хэвлэх чухал зарлигийг биелүүлэхээр ажиллаж байхдаа саад бэрхшээлтэй тулгарч, өөрийгөө хангалтгүй гэж бодож байсан. Гэхдээ тэр өөрөөс нь хүссэн бүхнийг Бурханы тусламжтай хийж чадсан төдийгүй, түүний үлгэр жишээ бидэнд боломжгүй зүйлсийг Бурхантай хамт байснаар боломжтой болгож чадах хэд хэдэн арга замыг үзүүлдэг. Тухайлбал:

  1. Бурханыг биднээр дамжуулан гайхамшгийг үйлдэхэд бид агуу нэгэн байх шаардлагагүй. Иосеф Мормоны Номыг хэвлүүлэхээр бэлдэж байхдаа хөрөнгө мөнгөгүй, албан ёсны боловсролгүй, тэр бүү хэл энэхүү чухал цэдгийг хэрхэн орчуулж, хэвлүүлэх талаар ямар ч мэдлэггүй нэгэн байсан. Гэсэн хэдий ч тэр итгэлээр, Бурханы бэлэг болон хүчээр өөрөөс нь хүссэн ажлыг хийж гүйцэтгэхээр урагшлан явсан. Хэрэв бид Тэнгэрлэг Эцэгт итгэх юм бол Тэрээр бидэнд Өөрийнх нь ажлыг хийх боломжийг олгоно.

  2. Бурхан бидэнд ажил хариуцуулан өгөхдөө амжилтад хүрэх арга замыг бэлдэж өгдөг. Иосефын хувьд 590 хуудастай 5000 ширхэг номыг хэвлүүлэх боломжгүй мэт санагдаж байсан байх. Гэсэн ч, гар бичмэлийг хэвлэх цаг болоход Их Эзэн Мартин Харрисыг амжилттай яваа фермээ барьцаалан, 3000 ам.долларыг (одоогийн ханшаар 76 мянган ам.доллар) Иосефт өгч, үйл хэргээ бүтээхэд нь туслахад сүнслэгээр өдөөсөн байдаг. Нифайн зааснаар “Их Эзэн өөрийн зарлигийг гүйцэлдүүлэх замыг тэдэнд зэхэлгүйгээр хүмүүний үрст зарлиг эс буулгана” (1 Нифай 3:7). Тэнгэрлэг Эцэг Иосефт уг төслийг биелүүлэхэд шаардагдах эх үүсвэрийг хангаж өгсөн байв. Тэр бидний төлөө ч үүнийг хийх болно.

  3. Бурхан хоёр дахь боломжийг олгодог. Иосеф Смит Мормоны Номын гар бичмэлийн 116 хуудсыг алдахад хүргэсэн алдаануудыг гаргасан. Иосеф 116 хуудсыг алдсанаасаа болоод хэсэг хугацаанд орчуулах чадвараа алдсан байв. Гэхдээ тэр наманчлахыг сонгосноор эцэст нь өршөөгдөж, үйл хэргээ биелүүлэх хоёр дахь боломжийг олж авсан юм. Их Эзэн “Гэвч санагтун, Бурхан нигүүлсэнгүй юм; тиймийн тул, миний чамд өгсөн зарлигийн эсрэг хийсэн зүйлээ наманчлагтун, мөн чи сонгогдсон хэвээр байгаа, мөн тэр ажилд дахин дуудагдсан бөлгөө” (С ба Г 3:10) хэмээн хэлсэн. Бид амьдралдаа олон алдаа гаргадаг ч наманчилж, зүрх сэтгэлээ зөв зүйлд хандуулах юм бол Их Эзэн бидэнд үргэлж өөр боломжийг олгох болно.

  4. Амлагдсан баяр баясгаланг хүлээн авна гэдэгтээ итгэх нь бидэнд зовлон бэрхшээлийг даван гарахад тусалдаг. Иосеф олон саад бэрхшээлтэй тулгарсан ч олон адислал хүлээн авсан ба Мормоны Номыг урагш авчрах ажлаараа дамжуулан жинхэнэ баяр баясгаланг амссан билээ. Мормоны Ном хэвлэгдэн гарсны дараа Сүм зохион байгуулагдаж, Иосефын эцэг эх баптисм хүртсэн. Тэр өдөр Иосеф ой руу ганцаараа ороод, баярласандаа уйлж гарав. Сорилт бэрхшээл тохиолдсон үед бид толгойгоо өндийлгөн, Бурханд бүрэн итгэж найдсанаар баяр баясгалан, амар амгаланг олох боломжтой.