Ирээдүйд тань таныг бэлддэг зам
Аль коллежид явах, ямар ажилд орох эсвэл ямар ажил мэргэжил эзэмшихийг эрэлхийлж байгаа зэргээсээ үл хамааран та Бурханы хаант улсыг барьж байгуулахад туслах нэн чухал шинж чанаруудыг хөгжүүлж байгаа билээ.
14 настай ямар ч охин өөрийгөө тоос тортогтой амбаарт зэвэрсэн хүрз эргүүлэн, морины өмхий үнэртэй саравчийг цэвэрлэнэ гэж мөрөөдөхгүй байх. Харин би том болж, өөр ажил хийж чаддаг болтлоо хичээлийнхээ дараа өдөр бүр үүнийг хийдэг байв.
Энэ нь ахлах ангид байхдаа хийхийг хүсдэг байсан ажил маань байгаагүй ч би тухайн үед дуртай ажлаа буюу малын хашаа цэвэрлэхтэй холбоогүй ажил хийхийг хүсэж л байгаа юм бол коллежид явах хэрэгтэй гэж мэдэж байсан юм. Тийшээ явахын тулд надад мөнгө хэрэгтэй байлаа. Миний хувьд боловсролтой болох нь сэтгэл ханамж авах (аз завшаан тохиолдвол) ажил мэргэжил эзэмшихийн тулд хийх зөв алхам байв.
Хамгийн сайхан нь миний сонгосон зам бол ажиллаж, өөрийн хэрэгцээг хангах боломжийг олоход туслах олон арга замын зөвхөн нэг нь юм. Үүнийг материаллаг болон сүнслэг байдлын хувьд бие даах гэж нэрлэдэг. Та байгаа боломж бололцоогоо эргэцүүлэн бодохдоо өөрийг тань хамгийн сайн бэлдэх арга замыг сонгохыг хичээ.
Доорх түүх нь хэдхэн жилийн өмнө таны адил бага залуу байсан хүмүүсийн түүх юм. Та энэ залуучуудын жишээг дагаснаар амжилттай бие даахад туслах өөрийн замыг олж болно.
Эргэн тойронд тань ямар хэрэгцээ шаардлага байгааг сайтар бодож үз
Аудом Писэт, Камбож улс
Зорилгодоо хүрэхийн тулд шаргуу хөдөлмөрлөх нь маш чухал ч амжилтад хүрэх өөр нэгэн арга зам бол ухаалгаар ажиллах явдал гэдгийг би үргэлж өөртөө сануулдаг. Англид номлолд үйлчилснийхээ дараа би Камбожид эргэн ирж, ажлын зах зээлийг судлав. Би ажил бүрийг хийж сурахад хэр хугацаа зарцуулах хэрэгтэйг мөн сургалтын төлбөр хэд болохыг судалж эхлэв.
Хувцасны бараа судлаач болоход сургалтын хөтөлбөрийн хугацаа богинохон атлаа хэцүү төдийгүй тийм ч олон хүн энэ ажлыг хийхгүй байгааг би олж мэдэв. Энэ нь сайхан боломж болохыг би олж хараад, уг боломжоос зууран барихаар шийдсэн юм. Одоо би хөтөлбөртөө хамрагдаж дуусаад, хувцасны компанид бараа судлаачаар ажиллаж байна.
Зөв ажил мэргэжлээ олох амаргүй ч надад тусалж, өргөн дэмждэг Аврагч бий.
Боловсролыг ашиглан үүд хаалгыг нээ
Иоланда Тэйксэйра, Африк, Кейп Верд
Ээж маань үргэлж намайг “Боловсрол бол амжилтад хүрэх түлхүүр” хэмээн урамшуулдаг байсан. Би өөртөө, ялангуяа гэр бүлдээ илүү сайхан ирээдүйг хүссэн бөгөөд үүндээ хүрэхийн тулд сургуульдаа үргэлжлүүлэн сурах ёстой байлаа. Тухайн үед би коллежид явах мөнгөгүй байсан тул техник мэргэжлийн сургуульд компьютерийн системийн засварын мэргэжлээр суралцахаар тэтгэлэгт хамрагдах хүсэлт гаргав.
Сурч байх үед надад олон хүндрэл бэрхшээл тулгарч байсан ч тэдгээр нь сайн сайхан өдөр ирнэ хэмээн урагшлахад минь саад болж чадаагүй юм. Залбирал надад их тусалсан бөгөөд би Их Эзэнтэй үргэлж зөвлөлддөг байсан. Би үргэлж сайн сурахыг хичээдэг байсан ба одоо ч гэсэн ажилдаа бие сэтгэлээ зориулан, компьютерийн техникч болон маркетингийн туслахаар шаргуу ажилладаг.
Хүсэж буй ирээдүйгээ бүтээхийн тулд одооноос эхлэн ажилла
Анн-Софий болон Лоорэнс Кавин, НВУ, Шотланд
Анн-Софий: Би их сургуульд суралцахыг үргэлж хүсдэг байсан ч өсвөр насанд байхдаа ямар чиглэлээр суралцах талаарх төлөвлөгөө маань эрс өөрчлөгдсөн юм. Би ахлах сургуулиа төгссөнийхөө дараа эмнэлэгт сайн дурын ажилтнаар 6 сар ажилласан. Тэр үеэс эхлэн сувилагч болохыг хүсэх болсон ч яг хийж чадна гэдэгтээ итгэлгүй байв.
Манай тойргийн бие даах чадвар хөгжүүлэх ангид шаардлагыг нь хангахгүй байж болох ч хүссэн ажил мэргэжлээ сонгохыг биднээс хүссэн юм. Би юу хийх вэ гэж залбирахад сувилагч бол гэсэн бодол санаанаас маань огт гарахгүй байлаа. Би Их Эзэний удирдамжийг дагахаар шийдсэн.
Энэ зам тийм ч амар хялбар байсангүй. Эхлээд би сувилагчийн сургалтын хөтөлбөрийг болон тухайн мэргэжлээр суралцахад миний зүгээс юу шаардагдахыг судалсан. Би энэ мэргэжлээр сурсан хүмүүстэй уулзаж ярилцсан. Эхлээд би сувилагчийн хөтөлбөрт хамрагдах хүсэлтээ өгч, хүлээх жагсаалтад оров. Би бууж өгөлгүй дахин хүсэлтээ өгснөөр эцэст нь орж чадсан юм. Их Эзэнд танд зориулсан төлөвлөгөө байдаг тул заримдаа тэвчээртэй байж, Түүнд итгэж найдах хэрэгтэй.
Лоорэнс: Би бага байхдаа ямар ч мэргэжлээр сурч, ямар ч ажил хийсэн бай хамгийн сайнаараа хичээнэ гэсэн зорилго тавьсан юм. Би үргэлж суралцаж, сайжирч, амжилтад хүрэх хамгийн сайн боломжийг өөртөө олгохыг хичээдэг байв.
Одоо би хувцасны компанид менежерээр ажилладаг ч цагдаа болохыг хүсдэг. Шотландад цагдаа болох хүсэлт гаргахын тулд тухайн улсад гурван жил тасралтгүй амьдарсан байх ёстой. Номлолд хоёр жил үйлчилж байх хугацаандаа гадаадад байсан тул би тэнд ажиллахын тулд хэдэн сар хүлээх хэрэгтэй болсон.
Хэдийгээр энэ нь том саад ч гэлээ би бууж өгөөгүй. Надад гэр бүлээ тэжээх сайн ажил байгаа бөгөөд би дараагийн ажилдаа сайн тодорхойлолт авахын тулд шаргуу хөдөлмөрлөдөг.
Энэ залуучуудын адил та ч гэсэн өөрийгөө болон ирээдүйн гэр бүлээ явч явахад бэлдэх олон арга замыг олох болно. Та зорилгоо мартахгүй л бол амжилтаа төлөвлөх боломжтой. Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дийтр Ф.Угдорф: “Чадах бүхнээ хийж, хийдэг юм бүхэндээ гарамгай гэдгээ харуулцгаая. Шинэ өдөр бүрийн авчрах ажил хөдөлмөрийн агуу боломжинд оюун ухаан, бие бялдраа бэлдэцгээе” гэж заасан (“Ямар ч эдийн засгийн үед хамаарах хоёр зарчим,” 2009 оны 10-р сарын Ерөнхий чуулган). Та одооноос эхлэн сурч, ажиллахад анхаарлаа төвлөрүүлснээр ирээдүйдээ итгэлтэй байхад туслах дадал хэвшлийг өөрөө өөртөө төлөвшүүлнэ.
Өөрийн замыг олж нээх
-
Өөрөө өөрийгөө таньж мэд
Та ямар зүйлийг сайн хийдэг вэ? Та юу хийх дуртай вэ? Эдгээр асуултад хариулах нь таны ур чадвар, сонирхол, авьяастай нийцэх боломжит ажил мэргэжлээ олж тодорхойлоход тусална.
Санаа: Эцэг эх, багш, найз нөхдөөсөө ямар авьяас чадварыг өөрөөс тань олж харж байгааг асууж болно. Тэдний хэлсэн зүйл таныг гайхшируулж болох юм.
-
Орчноо сайн мэд
Амьдарч байгаа газарт тань ямар ажил мэргэжил эрэлт хэрэгцээтэй байна вэ? Аль компани ажилчид авч байна вэ? Хөгжиж байгаа мөн ирээдүйд илүү их боломж бололцоо нээгдэх магадлал өндөртэй салбарт ажил мэргэжлийн замаа сонгох нь ухаалаг шийдвэр юм.
Санаа: Коллеж, их сургууль эсвэл техник мэргэжлийн сургуулиуд ямар ур чадвар эрэлт хэрэгцээтэй мөн аль салбар өсөж өргөжиж байгааг ихэвчлэн мэддэг.
-
Дараа нь юу хийхээ мэддэг бай
Хүссэн ажилд тань ямар шаардлага тавигддаг вэ? Та хэрэгтэй сургалт, боловсролоо хаанаас авах вэ? Та төлбөрөө хэрхэн хийх вэ? Та ажил мэргэжлийн урт хугацааны зорилгодоо хүрэхийн тулд эхлээд уг зорилгодоо хэрхэн хүрэх вэ гэдгээ мэддэг байх хэрэгтэй.
Санаа: Хүссэн мэргэжлээр тань ажиллаж байгаа хүнтэй ярилцаж болно. Тэднээс асууж лавла. Ихэнх хүн зөвлөгөө, санаа өгөх дуртай байдаг.