Гэрлээ гэрэлтүүл
Чех улсад тод гэрэлтсээр
Сүмийн сэтгүүлүүд, Шэрон Гүүдрич эмхэтгэв
Бид Чех улс дахь Хүүхдийн хэсгийн хүүхдүүд. Бид ингэж улс орондоо тод гэрэлтдэг.
Нэгэн удаа би хайртай бээлийгээ гээж, үүндээ маш их харамсав. Би ээжтэйгээ хамт залбирсан ч олсонгүй. Харин би итгэлтэй байх гэж хичээсэн. Харин долоо хоногийн дараа дүү маань миний бээлийг гудамжнаас олсон! Бурхан бидний залбиралд хариулдаг. Би Түүнд хайртай бөгөөд амьд гэдгийг нь мэднэ.
Андрэ В., 9 настай
Надад Сүмийн гишүүн биш ч гэсэн жишгийг маань хүндэлдэг сургуулийн найзууд байдаг. Нэг удаа би залбирахыг санал болгоход тэд зөвшөөрсөн! Би үүнд нь маш их баярласан.
Ивана А., 11 настай
Би найзуудтайгаа хамт шатаар доош бууж байлаа. Лифтэн дээр ирэхэд надад эвгүйцэх мэдрэмж төрж, би найзуудаасаа суухгүй байхыг гуйв. Мэдээж тэд суухаар шийдсэн. Харин би шатаар явлаа. Намайг доош буухад найзууд маань тэнд байсангүй. Тэд лифтэнд гацсан байлаа! Тэд гарах гэж нэлээд удав. Би ноцтой зүйл болоогүйд мөн Ариун Сүнсийг дагасандаа баярласан.
Амалий Н., 10 настай
Далайн эрэгт тэнгэр харанхуйлж эхлэв. Шуурга шуурч, хүчтэй давалгаалах нь тэр! Тэнгэр дуугарч, цахилгаан цахиж, мөндөр орлоо. Бүгд нөмөр газар руу гүйцгээв. Бид шуурганд осолдож, гэмтээгүй. Гэртээ харих зам зуураа бид гурван солонго татсан байхыг харсан. Бурхан бидэнд тусалж, хамгаалсан гэдгийг бид мэднэ.
Якуб Б., 10 настай
Сургууль дээр өөртэй нь хэн ч найзлахыг хүсдэггүй нэгэн найз надад бий. Бусад хүүхэд түүнд эелдэг бус зүйл хэлэх болсон тул тэр өөрийгөө царай муутай гэж бодох болсон байлаа. Би энэ тухай багшдаа хэлээд, түүнийг надтай тоглохыг урьсан. Тэр ямар их баярласан гээч!
Людмила В., 8 настай
Би усанд орж, орондоо орохыг хүсэхгүй байсан тул ээждээ уурлаж байлаа. Маргааш нь би буруу сонголт хийсэндээ сэтгэлээр унав. Ээж надад Тэнгэрлэг Эцэгт хандан залбирч, уучлалт гуйж болно гэж хэлсэн. Бид өвдөг сөгдөн залбирснаар сэтгэл санаа илүү дээрдэв. Бид наманчилж, Есүс Христийн ачаар өршөөгдөх боломжтой гэдгээ олж мэдсэн.
Самуэл Х., 5 настай
Би Сүм дээр гэрчлэлээ хуваалцсан. Ямар их зориг гаргасан гээч! Тэр үеэс хойш би Сүнсийг мэдрэх болсон.
Элишка К., 11 настай
Усан гахайгаа өвдөхөд би залбирсан. Тэнгэрлэг Эцэг бидэнд тусалсанд би талархдаг.
Анэта П., 10 настай