Залуучуудад зориулав
Наманчлалд хөтлөх анхны алхам
Зохиогч нь Гайти Кюест амьдардаг.
Миний амьдрал харанхуйд автаж байгааг би мэдрэв. Дараа нь би бишоптойгоо ярих хэрэгтэй юм байна гэдгээ ухаарлаа.
Би номлогчидтой баптисм хүртэх өдрөө товлосноо санаж байна. Тэд надаас Тэнгэрлэг Эцэгтэйгээ энэ гэрээг байгуулахад бэлэн байна уу гэж асууж билээ. Би энэ талаар юу ч бодолгүйгээр шууд л “Бэлэн” гэж баяртай нь аргагүй хариулсан юм. Би хайраар дүүрэн Эцэгийнхээ надад өгсөн онцгой бэлгийг хүлээн авахыг хүссэн ба Аврагчгүйгээр миний амьдрал тийм ч аз жаргалтай байхгүй гэдгийг мэдэж байв. Гэхдээ ирээдүйд надад ямар байхыг би үнэндээ мэдэхгүй байлаа.
Эцэст нь тэмдэглэлт өдөр ирлээ. Тэр өдөр мартагдашгүй сайхан байсан ба би маш их аз жаргалтай байв.
Харанхуй өдрүүд
Баптисм хүртэж, гишүүнээр батлуулсны дараа надад гэнэт өдөр хоног харанхуй болсон мэт санагдах болов. Гэр бүлд маань асуудал гарч, Бурханы бүх хуулийг дагаж чадахгүй байлаа. Би юу хийхээ мэдэхгүй байсан ба бүх зүйлд бууж өгөхийг хүсэж байв. Хэн ч намайг ойлгохгүй байгаа мэт санагдаж байлаа.
Би үргэлж Мормоны Номыг унших дуртай байсан ч тэр үед уншихаа больсон байв. Нэг өдөр гэртээ ганцаараа байхдаа Мормоны Номыг унш гэсэн Сүнсний нөлөөг мэдэрсэн юм. Би өмнөхөн нь зовлон шаналлаас салган, амар амгаланг авчрах хариултыг олохыг хүсэн залбирсан байлаа. Би Алмагийн 5-р бүлгийг шууд гаргав. 27-р шүлэгт “Та нар Бурханы өмнө өөрсдийгөө өө сэвгүй байлган, алхалсан уу? Хэрэв та нар энэ цагт үхэхээр дуудагдвал, та нар хангалттай даруухан байсан хэмээн өөрсдөдөө хэлж чадах сан болов уу? Өөрийн хүмүүсийг нүглүүдээс нь гэтэлгэхээр ирэх Христийн цусаар өмсгөлүүд тань цэвэршигдэж, цагаан болгогдсон гэх үү?” гэсэн байлаа.
Эцэст нь энэ үгс миний сэтгэлийг хөндөв. Би наманчлах хэрэгтэй гэдгээ мэдэж байсан ба бишоптойгоо уулзахаар цаг авлаа. Би үнэхээр их айж байсан ч өөрийгөө хүчлэн очиж, түүнтэй уулзсан юм.
Бурханы амлалтыг ойлгох нь
Бишопын өрөөнд орж ирэхэд надад гэм буруутай гэсэн мэдрэмж төрж, эргээд явчихмаар санагдаж билээ. Гэхдээ би хэлэх хэрэгтэй бүхнээ хэлэх зүрх зориг өгөхийг хүсэн залбирсан юм. Бишоп намайг өрөөндөө орохыг уриад, дараа нь Бурханы тусламжийг хүлээн авахыг хүсэж залбирав. Тэр надтай хүүтэйгээ ярьж байгаа мэт харьцаж, намайг хайрлаж байгаа нь хэлсэн үгээс нь мэдрэгдэж байлаа. Тэр надад зөвлөгөө өгч, Бурханы өршөөлийг хүлээн авахын тулд тодорхой зүйлс хийхийг, дараа нь өөртэй нь дахин уулзахыг хүсэв.
Надад ийм боломж олдсонд би маш их баярласан. Би түүний зөвлөгөөг дагаж, эцэст нь Их Эзэний: “Миний эсрэг зөрчил үйлдэх хэнийг боловч, мөн хэрэв тэр чиний өмнө мөн миний өмнө нүглүүдээ тоочиж, мөн чин зүрхнийхээ угаас наманчлах аваас, түүнийг та нар уучлах болно; мөн түүнчлэн би түүнийг өршөөх болно” (Мозая 26:29) хэмээн Алмад өгсөн өршөөлийн амлалтыг ойлгосон юм. Чин сэтгэлээсээ наманчилсны дараа Бурхан намайг уучилсан гэдгийг би мэдэж байсан. Эцэст нь би Тэнгэрлэг Эцэгийн хайрыг зүрх сэтгэлдээ мэдэрч, харанхуй замхран алга болсон билээ. Би аз жаргалаар дүүрч, өөрөө өөрөөрөө бахархаж байсан юм.
Бишоп танд туслахад бэлэн байдаг
Бишоп бол тойрогт Их Эзэнийг төлөөлж байдаг хүн юм. Тэр Бурханы танд зориулан бэлдсэн жинхэнэ аз жаргалыг олоход тань туслахад бэлэн байдаг. Түүнд итгэж найд. Хэрэв танд асуудал байгаа эсвэл наманчлах хэрэгтэй бол явж түүнийг ол. Тэрээр чамд туслах болно.
Заримдаа түүнтэй очиж уулзахад хэцүү байдаг. Гэхдээ ерөнхийлөгч Лорензо Снөүгийн (1814–1901) Тэнгэрлэг Эцэгийн мөнхийн төлөвлөгөөг тайлбарласнаар: “Сүнсний дэлхийд [мөнх бус амьдралын өмнөх дэлхийд] бидэнд … одоо олж авч байгаа туршлагыг авахаар ирэхийг санал болгоход бүх зүйл таатай байсан, таалагдсан гэж бодохгүй байна. … Гэсэн хэдий ч бид тэнд байхдаа өргөмжлөгдөн, алдар сууд хүрэхийн тулд энэ бүх туршлагыг хуримтлуулах шаардлагатай байсан гэдгээ тод томруун харж, ойлгож байсан гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна. Тэр цааш нь: “Бид Бурханы хүслийг дагахыг хүсэж байсан тул энд байгаа билээ” гэж хэлсэн билээ (Teachings of Presidents of the Church: Joseph Smith [2012], 110).
Наманчлал нь Бурханы хүслийг дагаж буйн нэгэн хэсэг юм. Тиймээс бишопоосоо айж эмээхийн оронд түүнийг найзаа болго. Бурхан түүнийг сонгосон бөгөөд тэр танд наманчлахад төдийгүй Есүс Христэд ирэхэд туслах замаар бодгалийг тань илааршуулна. Их Эзэн бидэнд туслахыг хүсдэг ч бид эхлээд наманчлах эхний алхмаа хийсэн байх хэрэгтэй. Ийнхүү бид Исаиа 1:18 дээрх “Та нарын нүглүүд час улаан мэт боловч цас шиг цагаан болно” гэсэн амлалт биелэхийг харах боломжтой. Мөн энэ зорилгоор бишоп танд туслахад бэлэн байдаг.
Бурхан амьд бөгөөд Есүс Христ бидний Аврагч гэдгийг би гэрчилж байна. Тэр хоёр хоёулаа бидэнд маш их хайртай!