Зөвхөн дижитал
Миний хамгийн хүнд салалт хамгийн агуу адислалуудын маань нэг байв
Заримдаа бид сүнсний өдөөлтийн шалтгааныг олж харж, заримдаа олж хардаггүй. Юу ч болсон бай бид итгэлээр үйлдэх ёстой.
Зуны нэгэн налгар орой би хамгийн анх үерхэж байсан залуугаасаа салсан юм.
Өмнөх өдөр нь Картэр (нэрийг нь өөрчлөв) бид хоёр ам мурийсан байлаа. Энэ нь гурван жилийн турш, нэг салж, нэг нийлэн үерхсэн хүмүүсийн хувьд тийм ч сонин зүйл биш байв. Бид идэх юмнаас авахуулаад ирээдүйн төлөвлөгөө гээд бараг бүх зүйлийн талаар маргалддаг байсан юм. Эхлээд би өөр зан чанаруудаа “эсрэг тэсрэг талууд татагддаг” гэсэн хуучны хэллэгийг даган тоолгүй өнгөрөөдөг байлаа. Харин бидний дунд хааяа өрнөдөг байсан тоглоом шоглоом сүүлдээ эцэс төгсгөлгүй маргаан болж хувирав.
Зуны тэр шөнө бид гариг ертөнцийг харахаар элсэн цөл рүү дуран авч явсан юм. Харин харанхуй тэнгэр дэх сарны тод гэрэл бидний харах өнцгийг халхалж байв. Бид сэтгэл санаагаар унаж, дахиад л хэрэлдэж эхлэв.
Эцэст нь би өөрийгөө тайвшруулахаар хол очиж зогсов. “Энэ бол би биш” гэсэн бодол надад орж ирлээ. Ах дүүс маань намайг энхийг сахиулагч гэдэг байсан бөгөөд би бусад найзтайгаа эелдэг зөөлөн ярьдаг байв. Тэгтэл би яагаад хайртай гэсэн залуу руугаа орилж хашгирдаг байна аа?
Би харанхуй тэнгэр өөд ширтээд, Картэр бид хоёрын харилцааг хэрхэн сайжруулж болохыг мэдэхээр залбирав. Гэнэт миний уур уцаар амар амгалангаар солигдон, бид хоёрын хоёулангийн маань төлөө хийж болох хамгийн сайн зүйл бол харилцаагаа таслах явдал юм гэсэн мэдрэмж төрлөө.
Сэтгэлийн маань шарх эдгэрэхэд удаан хугацаа шаардагдав. Би дотно харилцаа холбоогоо санаж байсан тул Картэраас сал хэмээн хүлээн авсан мэдрэмжээ дарах гэж хэд хэдэн удаа оролдож үзсэн. Заримдаа надад Бурхан нэг хаалгыг савж хаахдаа нөгөө хаалгыг нь нээхээ мартсан байна хэмээн уурлах ч үе байв. Тийм байсан ч би Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холландын: “Ийм зүйл тохиолдон, асуудал үүсэж, яаж шийдвэрлэгдэх нь тодорхой бус байх үед олж авсан итгэлээсээ зууран, илүү их мэдлэг олж автал тэвчээртэй байцгаа” гэсэн зөвлөгөөг дагасан юм (“Эзэн минь, би итгэж байна,” Ensign эсвэл 2013 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 109).
Би тэрхүү “илүү их мэдлэгийг” олон сарын турш хүлээн аваагүй ба авах эсэхтээ эргэлзэх болов. Нэг удаа салалтынхаа талаар чин сэтгэлээсээ залбирсны дараа Сүнс миний сэтгэл зүрхэнд мэдрэгдэж, Тэнгэрлэг Эцэгийн сүнслэг нөлөө хүүхдүүдийнх нь сайн сайхны төлөө байдгийг хэлсэн юм. Түүний учир шалтгаан Түүнд итгэх итгэлээс маань чухал биш байлаа.
Тэнгэрлэг Эцэгт надад зориулсан төлөвлөгөө байгаа гэдгийг мэдэх нь надад ирээдүйдээ итгэх итгэл найдварыг өгч, дахин болзож эхлэхэд тусалсан. Нэг өглөө би Сургаал ба Гэрээ 88:40-ийг уншсан бөгөөд тэнд Их Эзэн “гэрэл гэрэлтэй нэгдэн нийлдэг” хэмээн заасан байв. Гэнэт би энэ зарчим болзоонд хамаатай болохыг ухаарсан. Үнэт зүйлс, гэрэл гэгээг маань хуваалцах хүнтэй илүү аз жаргалтай байна гэдгээ би мэдэж байлаа.
Сүүлд би Остинтой танилцав. Бид хоёр такод дуртай, нэг мужид үйлчилсэн гээд шууд холбогдсон юм. Түүний эелдэг зөөлөн сэтгэл минийхтэй адилхан байсныг би мэдэрсэн бөгөөд эцэст нь түүнтэй гэрлэсэн билээ. Бидний харилцаа алдартай хайр дурлалын кинон дээр гардаг шиг гал халуун байсангүй. Харин сайхан, тогтуун бөгөөд мөнхөд хэвээр үлдэх тийм харилцаа байв.
Бидний ихэнх нь хэцүү сүнслэг өдөөлт хүлээн авахдаа тайлбар авахыг хүсдэг. Өөрт тохиолдсон туршлагаасаа би Их Эзэнд итгэх итгэл бидэнд яагаад гэдгийг мэдэхгүйгээр дуулгавартай хэвээр үлдэхэд тусалдаг болохыг сурсан. Бүхнийг мэдэгч Бурханд итгэх юм бол Түүний итгэлтэй хүмүүст амласан “илүү их мэдлэгийг” автлаа бид хүлээн авсан сүнслэг өдөөлтийнхөө дагуу үйлдэх шийдвэртээ сэтгэл хангалуун байж чадна.