Биднийг дахин уулзах хүртэл
Бидний тууштай дэмжлэг
2005 оны 10-р сарын Ерөнхий чуулган дээр хэлсэн үгнээс.
Сүнсний удирдамж нь … бошиглогч, үзмэрч, илчлэгчидтэй хэрхэн нийцэж байгаагаас ихээхэн шалтгаалдаг.
Би “дуудагдсан мөн сонгогдсон” (С ба Г 55:1) санваарын удирдагчдын тухай, өнөө үед Сүмийг удирдан хөтлөх ариун үүрэгт ажлын талаар ярихыг хүсэж байна. …
… [Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын] Ах нар маань бүгд сайн, ариун шударга, итгэл даасан хүмүүс юм. Би тэдний зүрх сэтгэлийг мэднэ. Тэд бол Их Эзэний үйлчлэгчид. Тэдний цорын ганц хүсэл бол өөрсдийн агуу дуудлагууддаа хөдөлмөрлөж, дэлхий дээрх Бурханы хаант улсыг байгуулах явдал юм. Энэ цаг үед үйлчилж байгаа Ах нар маань өөрсдийгөө хэн болохыг баталж, сорилт бэрхшээлийг давсан, итгэлтэй хүмүүс. … Тэдний зүрх сэтгэл цагаахан, хуримтлуулсан туршлага нь арвин, оюун билиг нь хурц, сүнслэг мэргэн ухаан нь гүнзгий тул дэргэд нь байхад л амар амгалан мэдрэгддэг.
… [Намайг дуудагдахад зөвлөсөн] хамгийн чухал зүйл бол Ах нартай үргэлж нийцтэй байхыг хичээх хэрэгтэй гэсэн явдал юм. … Энэ нь зүрх сэтгэлийнхээ угаас хийхийг хүссэн тэр зүйл минь байсан.
… Миний дүгнэснээр сүнслэг удирдамжийн ихээхэн хэсэг нь бүгд … бошиглогч, үзмэрч мөн илчлэгч байхаар дэмжигдсэн Сүмийн ерөнхийлөгч, Тэргүүн Зөвлөл, Арван хоёрын чуулгатай хэрхэн нийцтэй байхаас ихээхэн шалтгаална. Хэрэв бид Сүмийн ерөнхийлөгч болон бусад бошиглогч, үзмэрч, илчлэгчтэй нийцтэй бус байвал хэрхэн Их Эзэний Сүнстэй бүрэн нийцнэ гэж бодож зүрхлэх билээ? …
Би Сүмийн ерөнхийлөгч, Тэргүүн Зөвлөл, Арван хоёрын чуулга болон бусад ерөнхий эрх мэдэлтэнг бүх зүрх сэтгэлээрээ дэмждэг байхыг Сүмийн гишүүдэд зөвлөж байна. Хэрэв бид ийнхүү дэмжвэл хамгаалагдах болно. …
Мөн бид орон нутгийнхаа удирдагчдыг дэмжих хэрэгтэй. Учир нь тэд ч гэсэн “дуудагдсан мөн сонгогдсон” билээ. Энэ Сүмийн гишүүн бүр бишоп эсвэл салбар, гадас, номлолын болон Сүмийн ерөнхийлөгчөөсөө, түүнчлэн түүний хамтрагчдаас зөвлөгөө авах боломжтой. Эдгээр ахын хэн нь ч дуудлагаа өгөөч гэж хүсээгүй. Тэдний хэн нь ч төгс биш. Хэдий тийм ч тэд Бурханы үйлчлэгчид бөгөөд Тэрээр тэднийг илчлэлт хүлээн авах эрхтэй хүмүүсээр дамжуулан дуудсан. Дуудагдан, дэмжигдэж, онцгойлон адислагдсан тэд бидний дэмжлэгийг авах эрхтэй.