2018
Ээжийн маань гараар бичигдсэн адислал
2018 оны аравдугаар сар


Ээжийн маань гараар бичигдсэн адислал

Даглас Хэжэр

АНУ, Невада

Preach My Gospel and mothers photo

Зураг чимэглэлийг Диллин Марш

Нэг орой би удахгүй болох тойргийн чуулган дээр ямар захиас өгөхөө бодож суулаа. Би судраа долоо хоногийн туршид судалж, олон удирдамж, ойлголтыг хүлээн авсан ч Их Эзэн гадасны ерөнхийлөгчийн хувиар намайг тойргийнхоо гишүүдтэй юу хуваалцахыг хүсэж байгаа талаар тодорхой удирдамж хүлээн аваагүй л байлаа.

Би бодол санааг маань удирдан залах Сүнсний удирдамжийн төлөө чин сэтгэлээсээ залбирсан юм. Дараа нь би судраа нээгээд дахин уншиж эхэллээ. Миний бодол санаанд бишоптой саяхан ярилцсан тойргийн зорилтууд шууд орж ирэв. Эдгээр зорилгын нэг нь сайн мэдээг найз нөхөд, хөршүүдтэйгээ хуваалцахдаа Миний сайн мэдээг номло товхимлыг ашиглах явдал байлаа.

Надад тэр орой судраас судлах үед Миний сайн мэдээг номло товхимлыг оруулах хэрэгтэй гэсэн мэдрэмж төрөв. Би нэг хувийг гаргаж ирээд, тодорхой хуудас гэлгүй нээлээ. Уг хуудсан дээрээс би 1 Нифай 8:8–11 болон 1 Нифай 11:21–22-ыг гараар бичсэн хоёр гар бичмэл олсон юм. Ойртуулан харвал, тэдгээр эшлэлийг ээж минь гараараа бичсэн болохыг анзаарав. Сайхан ээж минь хэдэн жилийн өмнө, 80 насны сүүдэр зооглосноосоо хоёрхон сарын дараа насан эцэслэсэн билээ. Тэр эр зориг гарган, амин хувиа үл хичээн үйлчлэх, бусдын зөвхөн сайн талыг харахын үлгэр дуурайл байсан юм. Тэр бас судруудад хайртай байсан.

Эдгээр эшлэлийг бичиж тэмдэглэхэд түүнд юу нөлөөлснийг олж мэдэхээр би судруудаа нээв. Би эдгээрийг уншиж байхдаа оюун санаандаа ямар захиас өгөх ёстойгоо шууд ойлгосон юм. Энэ нь сайн мэдээний амтат үр жимснээс хүртсэн Сүмийн гишүүд заримдаа яг тэр жимсийг нь өөр хүмүүс эрэлхийлж байгаа гэдгийг мартдаг тухай энгийн захиас байв. Бид тэдэнд хүрч, үүнийг хаанаас олж болохыг хэлэх хэрэгтэй.

Би Миний сайн мэдээг номло товхимлын үлдсэн хэсэгтэй танилцаж байхдаа хайрт ээжийгээ бодсон. Уг номон дээр түүнийх гэдгийг нь тодорхойлох ямар ч нэр, тэмдэглэл болон өөр ямар нэг зүйл байсангүй. Намайг энэ мөчийг хүртэл хөтөлсөн сүнслэг өдөөлтүүдийн талаар би бодон, гайхаж суулаа. Сүнс миний бодол санаа залбирч байсны минь дагуу чиглүүлэгдсэнийг надад баталсан юм. Олон жилийн өмнө ээж минь эдгээр эшлэлийг бичиж байхдаа Их Эзэн эдгээрийг хүүгийнх нь даруухан залбиралд хариулахдаа ашиглана гэдгийг мэдээгүй.