2018
Ариун Сүнсээр заалгах
2018 оны аравдугаар сар


Ариун Сүнсээр ЗААЛГАСАН НЬ

Эдгээр өсвөр үеийнхэн Ерөнхий чуулганы өмнө Сүнсээр заалгахад бэлтгэгдсэн. Тэд өмнөх Ерөнхий чуулганаас дараах зүйлсийг сурч, өөрөөр хийдэг болсон.

Сүнсээр өдөөгдсөн удирдамж

Madelyn

Getty Images-ийн хөрөг бус зураг

Ерөнхий чуулган намайг сүнслэгээр өдөөсөн. Бусдад үйлчлэн, Христэд найдаж, төмөр бариулаас чанга зууран барих талаар удирдагчдынхаа өгсөн зааврыг сонсож байхад Ариун Сүнс энэ сайн мэдээ үнэн ба бид зарлигуудыг сахиж, Бурханы үгийг дагаснаар мөнх амьдралыг авах боломжтой гэдгийг надад гэрчлэхийг би мэдэрсэн юм. Би орон нутагтаа илүү ихээр үйлчилж, өөрийн гэрчлэлийг өдөр бүр залбиран, судраас судлах замаар хүчирхэгжүүлэх зорилго тавьсан. Би Тэнгэрлэг Эцэгийн охин гэдгээ мэднэ. Тэр амьд бөгөөд намайг мөнхөд, үргэлж хайрладаг.

Мэйдлин Б., 16 настай, АНУ, Делавэр

Асуултуудын хариу

Isaak

Надад Ерөнхий чуулган болохоос өмнө (1) Би хэрхэн эерэг хандлагатай байж, найзуудаа буруу шийдвэр гаргахаас өмнө тусалж болох вэ? (2) Би тэднээр шоглуулахгүйгээр хэрхэн Сүмийн талаар гэрчилж болох вэ? гэсэн хоёр асуулт байсан. Чуулганы үеэр Сүнс надад ганцаараа биш гэдгийг гэрчилсэн юм. Одоо би чин сэтгэлээсээ судраас суралцах юм бол найзуудтайгаа холбоотой асуултуудынхаа хариултыг олж авна гэдгээ мэднэ. Тэнгэрлэг Эцэг минь залбирлыг маань сонсдог гэдгийг би мэдэх бөгөөд өдөр бүр илүү сайн болохыг хичээх болно.

Исаак Р., 13 настай, Эквадор, Пичинча

Суралцахад бэлэн байх

Ben

Би Ерөнхий чуулганаар Сүнсийг маш хүчтэй мэдэрдэг. Би чуулганд асуултуудаа болон сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлдэж байсан тул энэ нь миний амьдралын утга учрыг өөрчилж, үг бүрээс илүү ихийг суралцах болсон юм. Би бошиглогч, төлөөлөгчдөд талархдаг бөгөөд Тэнгэрлэг Эцэг бидний амьдралыг удирдан залахаар тэднийг илгээсэн гэдгийг мэднэ.

Бэн Х., 17 настай, АНУ, Кентаки

Өсөж хөгжих урилга

Vincente

Ерөнхий чуулган Есүс Христийн сайн мэдээний дагуу амьдрах хүслийг маань хүчирхэгжүүлсэн. Энэ нь энэ Сүм гэрэл болон аз жаргалыг авчирдаг үнэн Сүм болохыг мэдэж, ойлгоход надад тусалсан. Сүнс намайг өдөр бүр өсөж хөгжин, сайн мэдээний талаарх хүчтэй гэрчлэлтэй болохын тул Мормоны Номоос уншихад урихыг би мэдэрсэн. Тэнгэрлэг Эцэг намайг тэдгээр сүнслэг захиасыг сонсоосой хэмээн хүссэн гэдэгт би итгэдэг.

Висэнт А., 16 настай, Чили, хотын бүс

Гэрэл эрэлхийлэх

Olivia

Уржнан жил надад хамгийн хүнд жил байв. Аав маань хорт хавдартай тэмцэж байсан ба манай хот террорист халдлагад өртсөн байлаа. Би сэтгэлийн түгшүүрт автах болсон бөгөөд сүнслэг болон бие махбодынхоо аюулгүй байдалд санаа зовж байж хэрхэн амар тайванг мэдрэх билээ гэж боддог байв. Ерөнхий чуулганаас бид ариун журамтай амьдрах юм бол амар амгаланг олж, зүрх сэтгэлээ итгэлээр дүүргэж, аливаа зүйлийг мөнхийн талаас нь авч үзэх чадвартай байх болно гэдгийг би мэдэж авсан. Энэ нь хүнд хэцүү үед өөрийн ойлголтод тулгуурлахын оронд Христэд хандахад намайг сүнслэгээр өдөөсөн. Христийн гэрлийн тод туяаг эрэлхийлснээр харанхуйн нөлөөнөөс гарч чадна гэдгээ би мэднэ.

Оливиа Х., 17 настай, Бельги