“Хүмүүс хэрэлдэж, маргаж байхад би гэр орондоо Сүнсийг хэрхэн урьж чадах вэ?”
Уучлал гуй
Би хэрүүл маргаанд орох үедээ уучлалт гуйдаг. Өөрийнхөө зөв байсан гэж бодож, мэдэж байсан ч буруугаа хүлээх нь өрөөнд амар тайван орчинг эргүүлэн авчирдаг. Дараа нь холдон явж, дуугаа хураа мөн сэдвийг өөрчил эсвэл санал нийлэх зүйлийг ол. Сүнс удалгүй эргэн ирнэ.
Дилан М., 15 настай, АНУ, Калифорни
Зүгээр л хайрла
Цэвэр хайрыг гэр бүлийнхэндээ үзүүлэх нь Сүнсийг гэр оронд маань урин авчирдгийг би мэдэж авсан. Бошиглогч хайр бол өөрчлөлтөд хүргэдэг хурдасгуур, бодгалийг эдгээгч гавар хэмээн хэлсэн. Хайрын сүнс гэр оронд аюулгүй байдал, амар амгаланг авчирдаг.
Жозэф К., 18 настай, АНУ, Аризона
Гэр бүлийнхэнтэйгээ ярилц
Гэр бүлийнхэн тань Сүмийн гишүүд биш бол тэднийг хэрэлдэхэд ямар муухай санагддагаа хэлээд, тэднээс өөрчлөгдөхийг хүс. Энэ нь нөлөөлөхгүй бол залбираад, дахин оролд. Хэрэв тэд Сүмийн гишүүд бол тэдэнд Бурханы хүүхдүүд гэдгийг нь мөн хэрүүл маргаанаас зайлсхийх хэрэгтэй гэдгийг нь сануул.
Каролина С., 19 настай, Бразил, Гояас
Сүнсний төлөө залбир
Эргэн тойрон дахь гэр бүлийнхэн тань хэрэлдэн маргалдахад Сүнсний оршихуйг мэдрэхэд хэцүү байдаг ч хэрэв та зохистой бол Сүнсийг мэдэрч чадахгүй гэсэн үг биш юм. Их Эзэний Сүнсийг илүү хүчтэй мэдрэхийн тулд дотроо залбирч, сүнслэг удирдамжинд онцгой анхаарал хандуул. Тэнгэрлэг Эцэг танд амар амгаланг мэдэрч, тэрхүү амар амгаланг хэрхэн гэр орондоо авчрах хамгийн сайн арга замыг олж мэдэхэд тусална.
Кэйти Ж., 17 настай, АНУ, Юта
Харилцан буулт хийхийг хичээ
Бүгдийн санаанд таарч тохирох арга замаар асуудлыг шийдвэрлэх талаар гэр бүлийнхэнтэйгээ ярилц эсвэл судраас хуваалцаж, дуулал дуул. Мөн та Тэнгэрлэг Эцэгээс асуудлыг шийдвэрлэх талаар тусламж гуйн, залбирч болно. Ингэснээр бүгд тайвшрах ба орилж хашгиран, хүчирхийлэлд хүргэхгүйгээр асуудлыг шийдвэрлэх боломжтой. Ариун Сүнс та нарыг амар амгалангаар дүүргэж, дахин хэрүүл маргаан хийхгүй байх хүслийг бүгдэд өгөх нь гарцаагүй.
Луис Ф., 14 настай, Мексик, Кармен