2018
Сайшаасан инээмсэглэл
2018 оны аравдугаар сар


Сайшаасан инээмсэглэл

Франклин Ромэро

Эквадор, Манаби

Нэг орой манай тойргийнхон олон цаг бэлдсэн үйл ажиллагаагаа зохион байгуулсан юм. Үйл ажиллагааны дараа нэг залуухан сонирхогч надтай салах ёс хийснийхээ дараа эргэж ирээд, “Би хэзээ эргэж ирж болох вэ?” гэж асуулаа. Намайг түүнд ням гарагт гэж хэлэхэд, тэр хүү “Үгүй ээ, өөр үйл ажиллагаа байхгүй юм уу?” гэж асуув. Тэрээр тойргийн өсвөр үеийнхэнтэй цагийг маш сайхан өнгөрүүлсэн тул дахин ирэхийг хүссэн байлаа.

Би бас үйл ажиллагаан дээр гаднаас ирсэн нэгэн хостой яриа өрнүүлж, бодол санааг нь асуув. Нөхөр нь “Бид энд ирснээс хойш тайвшрал, амар амгаланг мэдэрч байна” гэхэд эхнэр нь толгойгоо дохин батлав. Энэ бол гайхалтай зүйл байв. Яагаад гэвэл, тэд анх ирснээсээ хойш хүмүүсийн яриа хөөрөө, бөөн шуугиан дунд байсан. Гэтэл тэр над руу хараад, цааш үргэлжлүүлэн, “Энэ Ариун Сүнс, тийм үү?” гэж асуув. Гайхсандаа би “тийм” гэж хариуллаа.

Энэ үйл ажиллагаанд бэлдэхийн тулд маш олон зүйл хийсэн тул би тэр оройн бүх зүйлээ хийж дуусгаад, хурдхан шиг гэртээ харьж, орондоо орохыг хүсэж байв. Их ядарсан байсан болохоор сонирхогчидтой өрнүүлсэн ярианыхаа талаар тийм ч сайн бодсонгүй. Би гэртээ ирээд, залбирч, орондоо орсон ч унтаж чадсангүй. Их Эзэний инээмсэглэж байгаа дүр төрх санаанаас гарахгүй байв. Энэ бол хүлээн зөвшөөрч байгааг илтгэсэн инээмсэглэл байлаа. Яг тэр мөчид би үйл ажиллагааны үеэр болж өнгөрсөн сайхан үйл явдлуудыг эргэн санав.

Тойргийн гишүүдийн хичээл зүтгэл, хайр энэрэл тэр гурван сонирхогчийн зүрх сэтгэлийг хөндсөн байв. Энэ нь бидний хийсэн зүйлийг сайшаасан инээмсэглэл болохыг би ойлгосон. Би нулимс дуслуулахгүй байж чадаагүй бөгөөд Их Эзэний бидэнд өгсөн бэлэгт ихэд талархсан билээ. Тэр биднийг сайшаан инээмсэглэж байв. Их Эзэний үгс үнэн бөгөөд зөвхөн нэг бодгалийг Түүнд авчрах аваас, Эцэгийн хаант улсад бидний баяр хөөр хэчнээн агуу байх болно гэдгийг би гэрчилж байна (С ба Г 18:15).