Өндөг, гал хамгаалагч, итгэл
Алваро Алкайно
Чили, Антофагаста
Гэр бүлийн маань зорилгуудын нэг бол өөрсдийн гэсэн гэр оронтой болохын тулд урьдчилгаа төлбөрийг хийх хангалттай мөнгө хуримтлуулах явдал байлаа. Тэр зорилго байгаагүйсэн бол би амралтын өдрүүдийг зурагт үзэн өнгөрүүлж, санхүүгийн боломж өөрөө хүрч ирэхийг хүлээн суух байсан.
Чилийн хойд хэсэгт байрладаг уул уурхайн компанийн жолоочийн хувьд би гэрээсээ хол дөрвөн өдрийг уурхайд өнгөрүүлээд, үлдсэн гурван өдрийг буюу бямбаас даваа гаргийг гэртээ өнгөрүүлдэг. Байр худалдаж авахаар орлого болон хадгаламжаа нэмэгдүүлэхийн тулд би өндөг зарж эхлэхээр шийдэв. Бид найз нөхөд, хөрш, Сүмийн гишүүдээс захиалга авч, долоо хоног тутам 1000 орчим өндөг бөөний үнээр худалдан авч, бямба, даваа гаргуудад өндгийг хүргэж өгөхөөр төлөвлөж байв.
Би эхнэр Лаура болон хоёр хүүхэдтэйгээ хамт хүргэлт хийж, цагийг хамтдаа сайхан өнгөрүүлэхээр шийдлээ. Биднийг анхныхаа багц өндгийг авахаар явах замд том асуудал гарав. Нэг хүүхэд маань харандааны жижигхэн төмөр үзүүрлэгчээр тоглож байгаад, үзүүрлэгчээ шидэхэд тэр нь машины тамхины асаагуур дээр унах нь тэр. Оч үсчин, фургон машины маань бүх цахилгаан хүч алдагдаж, хурдны зам дээр гэнэт зогсов. Бид гал хамгаалагчаа шатаасан байлаа.
Замын хөдөлгөөнд саад болж, юу хийхээ мэдэхгүй сууж байхдаа бид сэтгэлээр унаж, уйлмаар санагдаж байв. Тэр үед би, хэрэв бид Бурханд итгэх юм бол Тэрээр биднийг өргөн дэмжиж, тусална гэсэн амлалтыг саналаа. Сэтгэл минь тайвширч, тэнд гомдоллон зүгээр суух хэрэггүй юм байна гэдгээ би ухаарсан юм. Бидэнд асуудал гарсан бөгөөд Бурханы тусламжтайгаар шийдвэрлэх хэрэгтэй байлаа.
Лаура бид хоёр бие бие рүүгээ хараад, “Итгэлээ харуулах хэрэгтэй” хэмээн хэлэв. Бид ч залбираад, нулимсаа арчлаа. Дараа нь Лаура машиныг асааж, би араас нь түлхэхээр гарлаа. Хэдэн хүн машинаасаа гарч ирээд надад туслав.
Бид ч машиныг ойролцоогоор 200 метр газар түлхэн, хурдны замын зогсоол дээр аюулгүй газар оллоо. Машин зогсоол дээр хүрч ирэхэд машины стерео хөгжмийн дэлгүүрийн өмнө ирснээ олж харлаа.
Би ч шатсан гал хамгаалагчаа олоод, дэлгүүрт орж, “Танайд энэ байна уу?” гэж асуув.
Худалдагч “Байлгүй яахав” гэж хариуллаа.
Би гал хамгаалагч худалдан авч, үүнийгээ сольж хийхэд машин дорхноо асаж, бид цааш явсан юм. Биднийг ирэхэд өндөгний бөөний төв яг хааж байлаа. Бид өндгөө худалдан аваад, хүргэж өгч чадсан юм.
Бидэнд саад бэрхшээл тулгарах үед Тэнгэрлэг Эцэгээс тусламж хүсэхээ бүү март. Биднийг урагшилж, Түүнд итгэлээ харуулах юм бол Тэрээр бидэнд хариулна гэдгийг би мэднэ.