2018
Голланд дахь итгэл найдвар
2018 оны аравдугаар сар


Итгэл, найдвар, ач ивээл—3-р хэсэг

Голланд дахь итгэл найдвар

Зохиогч нь АНУ-ын Нью-Жерсид амьдардаг.

15 настай Грэйс охин Дэлхийн II дайны үед Голландад амьдарч байв. Дайн олон жил үргэлжилж байлаа. Голландчууд өлсөж, дайн хурдан дуусаасай хэмээн хүсэж байв.

Hope in Holland

Дэлхийн II дайны төгсгөл үед Голландын хувьд хамгийн хүнд хэцүү цаг үе байв. Нацистууд бараг бүх зүйлийг нь цөлмөсөн байлаа. Грэйс сургуульд ч явж чадахгүй байв. Гэр орноо халаах нүүрс ч байсангүй. Грэйс болон түүний гэр бүлийнхэн өлсөхгүйн тулд алтанзул цэцгийн булцуу иддэг байжээ. Хэцүүхэн л амттай байж! Хамгийн хэцүү нь аав нь дайны олзлогдогч хэвээр байлаа.

Гэхдээ итгэл найдвар алдарсангүй. Хүмүүс нацистууд дайнд ялагдаж байна хэмээн ярьцгаах болов. Харин 1945 оны 5-р сард нацистууд бууж өгсөн юм. Голланд эцэст нь дахин эрх чөлөөтэй боллоо! Хүмүүс энэ баярт үйл явдлыг гудамжиндаа гаран тэмдэглэцгээв. Одоо Грэйс сургуульдаа дахин явах боломжтой болжээ. Цэргүүд байна гэж айх хэрэггүй болсон байлаа.

Нэг өдөр Грэйс ах дүү нартайгаа сургуулиа тараад харих замдаа Голландын далбаа гэрийнх нь гадна намирч байхыг харсан нь хамгийн сайхан үйл явдал байв. Энэ нь нэг л зүйлийг хэлж байгааг тэд мэдэж байлаа!

“Аав гэртээ ирсэн байна” гэж Хибэр хашхирав.

Грэйс ах дүү нартайгаа хамт гэр рүүгээ гүйсээр орлоо. Тэр аавыгаа тэврэхэд аав нь түүнийг энгэртээ чанга гэгч нь тэврэв. Аав гэртээ байгаа нь сайхан байлаа.

Удалгүй хоол хүнс, хувцас хунар, эм тан агуулсан илгээмж Голландад бууж эхлэв. Солт Лэйк Сити дэх Сүмийн удирдагчид дайны дараа хүмүүст туслахаар хүнс, барааг ханган нийлүүлж байлаа. Грэйс бүр шинэ даашинзтай болсон гээч! Тэр нэг даашинзаа 5 жил өмссөн тул шинэ даашинзтай болж байгаадаа баяртай байв.

Мөн олон жилийн дараа Грэйс цадталаа идэж байлаа. Голланд дахь номлолын ерөнхийлөгчийн зөвлөл болон засгийн газраас хоол хүнсийг нэмэгдүүлэх зорилгоор төмсний төсөл хэрэгжүүлж эхлэв. Сүмийн гишүүд ойролцоох талбайд ихээхэн төмс тарив. Намар гэхэд тэд хэдэн мянган төмстэй болох байлаа.

Грэйс “Хар даа!” хэмээн соёолсон төмсийг заагаад, “Бид дахин хэзээ ч өлсөхгүй” гэж аавдаа хэлэв.

Аав нь толгой дохисон ч инээмсэглэсэнгүй. Тэр “Би ерөнхийлөгч Заппийтэй ярьсан. Тэр надад Германы хожмын үеийн гэгээнтнүүд бидний өлсөж байсантай адил өлсөж байгаа гэсэн. Тэд бидний авсан шиг тусламжийг засгийн газраасаа авахгүй байгаа” гэж хэлэв. Аав нь Грэйсийн мөрөн дээр гараа тавиад, “Ерөнхийлөгч Заппий биднээс төмсөө Германы гэгээнтнүүдэд өгөх эсэх талаар асуусан” гэв.

“Төмсөө өгнө гэж үү!” гэж Грэйс уйллаа. Гэхдээ нацистууд чинь Германых биз дээ! “Аав аа, тэд хожмын үеийн гэгээнтнүүд ч гэлээ германчууд шүү дээ” гэхэд

“Хэцүү байгааг чинь ойлгож байна. Гэхдээ тэд ч гэсэн Бурханы хүүхдүүд шүү дээ. Тэр тэднийг ч гэсэн хайрладаг. Намайг хоригдол болгосныг нь би уучилсан. Бурхан бидэнд бусдыг уучлахад тусална” гэж аав нь хэллээ.

Грэйс аав руугаа харав. Аав нь түүний мэдэх хамгийн зоригтой хүн байв. Харин түүнд аавынхаа адил бусдыг уучлах зүрх зориг байгаа эсэхэд тэр эргэлзэж байлаа. Харин дараа нь тэр дайны үед сургуульд байсан нэг багшаа санав. Багш нь бүх герман хүн нацистууд биш, мөн бүх нацист цэрэг муу хүн биш гэж хэлсэн байлаа. Харин одоо Герман дахь охид, хөвгүүд яг Грэйсийн өлсөж байсны адил өлсөж байв.

Грэйс гүнзгий амьсгаа аван, “Би ойлгож байна. Төмсөө тэдэнд өгье дөө” гэлээ.

Аав нь түүнийг чанга гэгч тэврээд, инээмсэглэн, “Чи зоригтой охин байна. Ингэх нь амар биш л дээ. Гэхдээ бид ч мөн Герман дахь ах, эгч нар маань ч гэсэн Есүс Христийн шавь нар шүү дээ” гэв.

Грэйс инээмсэглэв. Дотор нь хурсан байсан уур уцаар замхран алга болж, түүнд амар тайван, халуун дулаан мэдрэмж төрлөө. Тэр германчуудыг уучилж чадна. Есүс ч гэсэн түүнд уучлахад нь тусална.