2018
Ахлагч Улиссэс Соарэс: Заль мэхгүй нэгэн хүн
2018 оны аравдугаар сар


Ахлагч Улиссэс Соарэс: Заль мэхгүй нэгэн

Elder and Sister Soares

Есүс тохинууллынхаа эхэн үед төлөөлөгчдөө сонгож байсан бөгөөд Өөрийг нь чиглэн ирж явсан Натанаелыг олж харжээ. Есүс тэр даруй Натанаелын сайн хүн болохыг мэдээд, “заль мэхгүй, жинхэнэ Израиль хүнийг харагтун”1 гэж айлдав.

Есүс Натанаелын цэвэр ариун зүрх сэтгэлтэй, санаа зорилгодоо үнэнч шударга, хоёр нүүргүй, хуурамч зангүй гэдгийг мэддэг байв. Их Эзэн зөв шударга ийм зан чанарт дуртай бөгөөд Натанаелыг төлөөлөгчөөр дуудав.2

Улиссэс Соарэс бол эртний Натанаелын адил нэгэн бөгөөд Аврагч түүнийг бас дууджээ.

“Эцэг эхийн маань гэрэл”

Дөрвөн хүүгийн бага нь болох Улиссэс 1958 оны 10-р сарын 2-нд Бразилийн Сан Паулод төржээ. Тэрээр даруу амьдралд төрж өссөн хэдий ч эцэг эх Аппарэсидо, Мэрсэдэс Карэчо Соарэс нар нь зөв шударга, хөдөлмөрч, номлогчдыг хүндлэн сонсдог хүмүүс байжээ. Тэд 1965 онд, Улиссэсийг 6 настай байхад Сүмд нэгджээ.

“Би Аппарэсидо ахыг цуглаан тасалж байхыг хэзээ ч хараагүй бөгөөд тэрээр Улиссэсийг залуу эрэгтэй байхад гадасны ерөнхийлөгчөөр үйлчилж байсан” гэж Осирис Кабрал хэлэв. “Мэрсэдэс бас их итгэлтэй нэгэн байсан. Улиссэс эцэг эхийнхээ чин сэтгэлтэй занг өвлөн авсан юм” гэж Осирис Кабрал хэлэв.

young Elder Soares and parents wedding portrait

Улиссэс Соарэс эцэг эх Аппарэсидо, Мэрсэдэс Соарэс нарынхаа “гэрлийг дагаж, Сүмд өссөн” (Зүүн гар талд). Улиссэс ямар ч эсэргүүцэл тохиолдож байсан Их Эзэнд найддаг байсан учраас Аврагчаас, мөн Түүний сайн мэдээнээс чанга зууран барих хэрэгтэй гэдгийг хүүхэд байхаасаа ойлгожээ.

Улиссэсийн төрөлхийн сайхан сэтгэл Их Эзэний арга замуудаас суралцаж байхад нь улам бүр цэцэглэв. “Би эцэг эхийнхээ гэрлийг дагаж, Сүмд өссөн” гэж ахлагч Улиссэс хэлэв. Түүнийг тэрхүү гэрлийг дагаж явахад эсэргүүцэл байсан ч гэрчлэл нь улам ихээр өсжээ.

“Би сургуульдаа цорын ганц Сүмийн гишүүн байсан бөгөөд бусад хөвгүүд үргэлж намайг доош нь татаж, буруу зүйлсийг хийлгэхэд түлхдэг байв” гэж тэр ярив. “Ийм асуудал бэрхшээлийн дунд хэрхэн өөрийгөө хамгаалахад суралцах хэрэгтэй байсан ч би Их Эзэнд бүх зүрх сэтгэлээрээ намайг амжилттай байхад минь тусална гэж үргэлж найддаг байсан. Хэрэв би өөрийнхөө хийх ёстой зүйлийг хийх л юм бол Их Эзэн мөн Өөрийнхөө хийх ёстой зүйлийг хийх болно гэдгийг би бүр залуу эрэгтэй байхдаа ухаарсан юм. Гэвч та Түүний гараас болон Түүний сайн мэдээнээс чанга зууран атгах хэрэгтэй” гэж тэр хэлэв.

Улиссэсийг 15 настай байхад бишоп нь түүнээс өсвөр үеийнхний Ням гаргийн ангид хичээл заахыг хүсжээ. Түүний заасан нэг хичээл нь сайн мэдээний гэрчлэл олж авахад төвлөрсөн байлаа. Улиссэс Мормоны Номыг судалсан байсан бөгөөд Сүм үнэн гэдгийг мэдэрч, Аврагч Есүс Христэд итгэдэг байв.

Тэр хичээлдээ бэлтгэж байх үедээ сайн мэдээний үнэний талаар ангийнхандаа хүчтэйгээр гэрчлэхийг хүсдэг байжээ. “Би судалж, чин сэтгэлээсээ залбирдаг байсан” гэж ахлагч Соарэс дурсаж байна. “Намайг өвдөг сөгдөн суусны дараа зүрх сэтгэлд минь маш зөөлөн, намуухан дуу хоолой ирж, намайг зөв зам дээрээ байгаа гэдгийг баталсан юм. Тэр бол маш хүчтэй мэдрэмж байсан тул би мэдэхгүй гэж хэзээ ч хэлж чадахааргүй байсан.”

Улиссэс өсөж том болохдоо, хэрвээ түүнээс хүсэн хүлээж байгаа зүйлийг эсвэл гуйснаас илүүг хийвэл Их Эзэн түүнийг өгөөмрөөр адислах болно гэдгийг ойлгож авчээ. Яг ийм сургамж болсон зүйл түүнийг номлолд гарахаар бэлдэх үед тохиолджээ. Улиссэстэй хийсэн ярилцлагынхаа үеэр бишоп нь зарлигуудыг дуулгавартай дагах, зөв зохистой амьдрахын ач холбогдлыг онцлон хэлсэн байна. Тэр бас санхүүгийн хувьд бэлтгэлтэй байх нь чухал болохыг ярьжээ.

Өнөөдөр Бразилийн бүх номлогч номлолын зардалдаа хувь нэмэр оруулдаг бөгөөд олон гэр бүл зардлуудад нь хувь нэмэр оруулдаг болсон. Улиссэс номлолд гарах насанд хүрэхдээ, номлол хийхэд шаардлагатай бүх мөнгөө өөрийнхөө хөдөлмөрөөр олох болно гэж шийджээ. Хатуу чанга ёс зүй шаардагддаг аавынхаа жижиг бизнест олж авсан, хурдан бичиж шивэх чадвараар зэвсэглэсэн тэрээр нэгэн компанийн цалингийн тооцоо бэлтгэх өдрийн ажил олжээ.

Элсэлтийн хүнд хэцүү шалгалт өгснийхөө дараа тэр техникийн ахлах сургуулийн нягтлан бодохын ангид оройгоор суралцаж эхлэв. Тэр сар бүр аравны нэгийн өргөлөө өгснийхөө дараа номлолдоо зориулан мөнгө хадгалдаг байв. Нэг жилийн дараа тэрээр компанийнхаа нягтлан бодох бүртгэлийн хэлтэс рүү шилжин томилогдсон байна.

“Би ингэж л номлолынхоо мөнгийг хадгалсан юм. Би явахаасаа өмнө гурван жилийн турш сар болгон өөрт хэрэгтэй цамц, өмд, оймс, зангиа, чемодан зэрэг юмс худалдан авч байсан” гэж ахлагч Улиссэс хэлэв. Түүнчлэн тэр эцэг эх, орон нутгийн удирдагчдаасаа маш их хайр болон дэмжлэгийг хүлээн авч байжээ.

Улиссэс нь Бразил Рио дэ Жанейро номлолд дуудагдав. Тэрээр хожим Бразилээс дуудагдсан ерөнхий эрх мэдэлтэн, ерөнхийлөгч Хэлио да Роча Камаргогийн удирдлаган доор номлолынхоо эхний хэсгийг гүйцэтгэжээ. Улиссэс 1978 оны эхээр номлолоо эхэлсэн. Тэр оны сүүлээр Латин Америкт анхны ариун сүмийг ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбалл (1895–1985) онцгойлон адислав.

Elder Soares as a young missionary

1980 оны 1-р сард Улиссэс хишгээ мөн адил хүртээгүй байсан хамтрагчийнхаа хамт Рио де Жанейрод Бразилийн Сан Пауло ариун сүм рүү найман цаг явж хүрэх автобусанд суужээ. Улиссэсийн эцэг эх болон ах нар түүнийг угтан авч, Соарэсын гэр бүлийнхэн ариун сүмд энэ амьдралдаа болон үүрд мөнхөд лацдан холбуулсан юм. Улиссэс Сан Пауло ариун сүмд өнгөрөөсөн таван цагаа хэзээ ч мартдаггүй. Тэр өдөртөө тэрээр хамтрагчийнхаа хамт номлолын талбар руугаа буцжээ.

Бурханыг бүхний түрүүнд тавих

Улиссэс номлолдоо маш их дуртай байсан нь гэрчлэлийг нь хүчирхэгжүүлжээ. Тэрээр гэртээ буцаж ирснийхээ дараа ажил олж хийн, орон нутгийнхаа их сургуульд санхүү бүртгэл, эдийн засгийн чиглэлээр суралцаж эхлэв.

Гэртээ ирээд, долоон сар болсны дараа тэрээр гадас хоорондын бүжгийн үйл ажиллагааны үеэр “Моргадо эгч”-тэй санамсаргүй тааралдав. Улиссэс хэсэг хугацаанд түүний бүсийн удирдагч байсан бөгөөд тэд үдшийг сүүлийн үеийн мэдээнээс эхлүүлэн номлолын түүхээ ярилцаж өнгөрүүлжээ. Гурван долоо хоногийн дараа тэд болзож эхлэв.

Розана Фэрнандэс Моргадог эгч Маргарэт нь Сүм рүү авч явж эхлэх үед тэр найман настай байжээ. Яваандаа итгэлтэй, хоёр залуу сонирхогч эцгээсээ баптисм хүртэх зөвшөөрөл авсан ч тэд түүнийг 17 нас хүртэл хүлээх хэрэгтэй болжээ. Розана баптисм хүртэх зөвшөөрөл автлаа есөн жил Сүмд явжээ.

Улиссэс хойд Сан Паулод, харин Розана хотын өмнөд хэсэгт эцэг эхтэйгээ амьдардаг байв. Тархсан хотоор автобус, метрогоор явахад гурван цаг болдог байв. Азаар, Маргарэт нөхөр Клаудиотойгоо эцэг эхийнхээ гэрийн ойролцоо амьдардаг байжээ.

“Улиссэс Розанатай уулзахаар амралтын өдрөөр ирээд, гэр рүүгээ шөнө буцахад хэцүү байдаг байсан” гэж ирээдүйн хүргэнийхээ тухай Далын ерөнхий эрх мэдэлтэн Клаудио Р.М.Коста эргэн дурссан юм. Тиймээс, Маргарэт тэр хоёр Улиссэсийг болзооных нь дараа гэртээ хоноход урьдаг байв. “Бид түүнийг түр зуур үрчилж авсан юм” гэж ахлагч Коста нэмж хэлэв.

“Тэр манай зочны өрөөний буйдан дээр унтдаг байсан” гэж Коста эгч хэлээд, “Бид гэрлээд удаагүй байсан учраас бидэнд илүү хөнжил байдаггүй байв. Гэхдээ тэр манай нэг хуучин хөшгийг нөмрөөд унтдаг байсан. Тэр дараа өдөр нь дахин Розанатай уулздаг байсан тул аз жаргалтай байдаг байсан. Тэр манай охин дүүд сайн ханддаг байсан болохоор аав, ээж хоёрт маань тэр маш их таалагддаг байв” гэж ярилаа.

Улиссэс, Розана хоёр Бразилийн Сан Пауло ариун сүмд 1982 оны 10-р сарын 30-нд гэрлэжээ.

Elder and Sister Soares

Хэрэв та ахлагч Соарэс, Соарэс эгч хоёртой хэдэн минут хамт байвал тэдний бие биенээ гэсэн хайр, бишрэл, хүндэтгэл илт харагдах болно. Ахлагч Соарэсын хувьд Розана эгч “сайн сайхан, хайр, миний болон гэр бүлийнхээ төлөө Их Эзэнд бүхнээ зориулах чин сэтгэлийн жишээ болдог.”3 Соарэс эгчийн хувьд Улиссэс “тэнгэрээс ирсэн бэлэг” нь ажээ.

Соарэс эгч “Тэрээр үргэлж туйлын хариуцлагатай, зөв шударга байдаг бөгөөд гэр бүлээ маш сайн анхаарч халамжилдаг, надтай байнга маш сайхан ханддаг нэгэн. Тэрээр Сүмийн бүх дуудлагадаа хамгийн сайнаараа үйлчилж ирсэн. Тэр явж шууд л хийдэг. Тэр үргэлж Бурханыг амьдралынхаа бүх зүйлээс тэргүүнд тавьдаг. Тэр Бурханыг бүх зүйлийнхээ тэргүүнд тавьдаг бол намайг ч гэсэн бас бүх зүйлийн өмнө тавина гэдгийг мэддэг учраас би түүнд ахин дахин дурладаг” гэж тэр нэмж хэлсэн юм.

Ахлагч Соарэс эхнэрийнхээ тухай “Тэр манай гэрийн жинхэнэ баатар, урам дэм нь юм. Тэр хүмүүсийг хайрладаг, сайхан сэтгэлтэй, хүн болгонд тэвчээртэй ханддаг. Тэр манай гэр бүлийг нэгтгэн, хүн болгоны сайн талыг олж хардаг. Тэр миний амьдралд тохиолдсон бүх зүйлд агуу их нөлөө үзүүлсэн хүн. Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгад дуудагдсан дуудлагынхаа талаар би түүнд хошигнон “амьдралд минь сайн мэдээний хүч ийм их нөлөөлсний төлөө би чамайг буруутгамаар байна” гэж билээ.

Сайхан сэтгэл

Соарэсын ууган хүү Густаво эцэг эхийнхээ үгэнд оролгүй, зөвшөөрөл ч авалгүй Сан Пауло хотод жил бүр болдог Фэста Жунина хэмээн нэрлэгддэг тэмдэглэлт үйл явдалд оролцохоор явжээ.

“Намайг цугласан олны дунд сайхан зугаацаж байтал нэрийг минь хөтлөгч дуудан, олны өмнө гарч ирэхийг зарлав. Тэгэхэд би аавыгаа олж харсан” гэж тэр уг шөнийн талаар дурсан ярив.

Эцэг эхийнх нь санаа маш их зовсон байсан ч Улиссэс Густавог загнахын оронд чанга тэврэн авчээ.

“Бид миний алга болсон талаар их нухацтай ярилцсан боловч эцэг эх маань надад хүндэтгэлтэй хандсан. Намайг хамгаалдаг гэдгийг би мэдэрсэн бөгөөд тэд надад үнэхээр их хайртай юм байна гэдгийг мэдсэн” гэж Густаво ярив.

Улиссэс гэр бүлдээ бүхнээ зориулдаг. Олон жилийн туршид завгүй ажилтай, ийш тийш аялдаг байсан ч тэр хүүхдүүдтэйгээ харилцах харилцаагаа бэхжүүлэхэд үргэлж цаг зав гаргадаг байсан.

Soares family photo

Ахлагч Улиссэсийг 2018 оны 3-р сарын 31-нд Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгад дэмжин батлагдахад хамгийн их цочирдон гайхсан хүмүүс нь Густаво болон түүний хоёр эмэгтэй дүү Лэтисиа Каравэлло, Наталиа Соарэс нар байв. Хэрэв хайр, шаргуу хөдөлмөр, энэрэнгүй сэтгэл, даруу зан бүхий хүн төлөөлөгчид тохирдог гэдгийг тэд мэддэг байсан бол Их Эзэн яагаад аавыг нь дуудсан болохыг ойлгох байсан.

“Есүс төлөөлөгчдөө дуудахдаа хамгийн их мэдлэгтэй фарисайчуудыг биш, загасчдыг дуудсан байдаг” гэж Лэтисиа ярив. “Манай аав, ээж хоёр үүнтэй адил. Тэд Их Эзэнд бүрэн итгэдэг бөгөөд Тэрээр тэднийг амиа боддоггүй, шаргуу хөдөлмөрлөх хүсэлтэй, ямар ч засаж залруулах зүйлийг хүлээн зөвшөөрдөг даруухан хүмүүс гэдгийг мэддэг учраас Өөрийн ажлыг гүйцэлдүүлэхийн тулд тэднийг ашигладаг.

Аавынх нь “сайхан сэтгэл” Аврагчийн онцгой гэрчүүдийн нэг болох хүний хувьд урагш тэмүүлэхэд нь туслах болно” гэж Наталиа хэлсэн юм. “Тэрээр үүнийг хийх зүрх сэтгэлтэй хүн. Тэр тэнгэрээс ирэх нөлөөг мэдэрдэг бөгөөд хүн болгоныг хайрлан, зөв гэсэн юуг ч болов хийхийг хүсдэг” гэж тэр нэмж хэлэв.

“Гарцгүй зүйл гэж байхгүй”

Ахлагч Соарэс 2000–2003 оны үед Португаль Порто номлолын ерөнхийлөгчөөр үйлчилж байхдаа “Tudo vai dar certo” буюу гарцгүй зүйл гэж байхгүй гэсэн португаль хэлц үгийг ашигладгаараа алдаршжээ.

“Тэрээр үүнийг бидэнд заасан юм” хэмээн номлогчдынх нь нэг Ту Бэннэтт дурсан ярив. “Тэр итгэлээр мөн Их Эзэний биднээр хийлгэхийг хүсдэг зүйлийг хийвэл гарцгүй зүйл гэж байхгүй гэсэн өөдрөг үзлээр амьдардаг.”

Тэр мөн номлогчдодоо хүнд хэцүү эсвэл боломжгүй гэсэн үг ашиглахгүй байхыг заадаг байсан гэж өөр нэгэн номлогч Ричард Шийлдс хэлээд, “Бид юмсыг ‘саад бэрхшээл’ гэж хардаг байсан. Тэрхүү зөвлөгөө надад, юмсыг ‘хүнд хэцүү’ эсвэл ‘боломжгүй’ гэж харахаасаа илүү даван туулж болох саад бэрхшээл гэж хардаг болж, амьдралаа босгоход тусалсан юм” гэв.

Ийм их итгэл, өөдрөг үзэл амар хялбар амьдралаас урган гараагүй. Ахлагч Соарэс, Соарэс эгч хоёр юу ч үгүй байхаас авхуулаад урам хугарах, олон цагаар ажиллаж, суралцсанаас ядарч туйлдах, өвчин шаналлыг тэсэж тэсвэрлэх, хүүхэд нь зулбах, эцэг эх, ах эгч дүүсээ алдах зэрэгт зүрх сэтгэл нь шаналах ямар байдгийг сайн мэддэг.

Гэхдээ амьдралынхаа аяны туршид тэд ахлагч Соарэсын дуртай “Чи даруу бай; тэгвэл чиний Бурхан Их Эзэн чамайг гараас чинь хөтөлж мөн залбирлуудад чинь чамд хариу өгөх болно”4 гэсэн судрын эшлэлд итгэлээ тавьжээ.

Ахлагч Соарэс “саад бэрхшээл бол бидний өсөж хөгжихийн нэг хэсэг юм. Гэхдээ зовлон шаналалд тэвчээртэй байж, амьдралын саад бэрхшээлийг даван туулахад суралцах, итгэлтэй хэвээр үлдэх үед маань Их Эзэн дээд зэргээр анхаардаг бөгөөд амласан адислалаараа биднийг адисалдаг” гэж хэлсэн юм.

“Биднийг төмөр бариулаас чанга зууран барих үед Их Эзэн биднийг ганцаардуулахгүй” гэж тэр нэмж хэлэв.

Зарлиг, сайн мэдээ, судар, Их Эзэн Есүс Христээс байнга чанга зууран барих нь бидэнд амьдралынхаа саад бэрхшээлийг даван туулахад тусалдаг. “Биднийг өвдөг сөгдөн залбирах үед Тэрээр бидэнтэй хамт байж, биднийг удирдан хөтөлдөг. Тэр бидний явах зүг чиг, хийх зүйлсэд маань сүнслэг нөлөө үзүүлдэг. Биднийг өөрсдөө дуулгавартай, даруу байхад Их Эзэн залбирлуудад маань хариулдаг” гэж ахлагч Соарэс гэрчлэв.

Зүрх сэтгэлээ зориулсан шавь

Улиссэс Соарэс ур чадвартай, бэлтгэгдсэн хүн. Түүний боловсрол, тэр дундаа бизнесийн удирдлагын магистрийн зэрэг нь түүнийг Бразил дахь олон үндэстний корпорацид нягтлан бодогч, аудитороор ажиллахад бэлтгэсэн юм. Тэрхүү туршлага нь түүнийг Сүмийн санхүүгийн албанд ажиллахад бэлтгэсэн бөгөөд энэ нь түүнийг 31 настайдаа Сүмийн ажлын албаны хамгийн залуу захирлуудын нэг болоход бэлтгэжээ. Ингэж бэлтгэгдсэн нь түүнд номлолын ерөнхийлөгчөөр мөн 2005 оны 10-р сарын 2-нд Далын ерөнхий эрх мэдэлтнээр үйлчлэхэд сайнаар нөлөөлсөн.

Ахлагч Соарэс 2013 оны 1-р сарын 6-нд Далын ерөнхийлөгчөөр дуудагдахаасаа өмнө Бразилийн бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлд болон Африкийн зүүн өмнөд бүсэд зөвлөхөөр тус тус үйлчилжээ. Тэндээ тэрээр ахлагч Дэйл Г.Рэнландын зөвлөхөөр, дараа нь Далын ерөнхий эрх мэдэлтнээр үйлчилсэн. Одоо Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүн, ахлагч Дэйл Г.Рэнланд түүнтэй хамт байсан тэр үеийг сайхнаар дурсдаг.

“Ахлагч Соарэс бол сэргэлэн цовоо, амласандаа хүрдэг, Есүс Христийн үнэнч шавь мөн” гэж ахлагч Рэнланд хэлээд, “Их Эзэний даалгаврыг биелүүлэхдээ түүн шиг асар их хичээл зүтгэл гаргадаг өөр хүнийг би мэдэхгүй. Хэрэв түүгээр ямар нэгэн юм хийлгэхийг хүсвэл тэр бүх л зүрх сэтгэлээрээ хийдэг” гэв.

Elder Soares with Saints around the world

Перугийн гэгээнтнүүдийн хамт (зүүн талд), Гана (доор), бусад улс оронд хаана ч үйлчилж, тохинуулсан ахлагч Соарэс “хүмүүст амархан хайртай болдог” гэж ахлагч Клаудио Р.М.Коста хэлсэн байдаг.

Ахлагч Соарэс Африкийн гэгээнтнүүдэд дорхноо “дурласан” гэж тэр хэлсэн юм. Тус бүсэд түүнд хүлээлгэсэн үүргүүдийн нэг нь Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын Канангад нэгэн гадасны чуулганыг тэргүүлэх явдал байлаа. “Тэрээр буцаж ирээд, уулзсан хүмүүсийнхээ сайн сайхан, зүрх сэтгэлээ зориулдаг чанарынх нь талаар зогсолтгүй ярьдаг байсан” гэж ахлагч Рэнланд ярив.

Ахлагч Соарэстай Далын ерөнхийлөгчийн зөвлөлд таван жил хагас үйлчилсэн ахлагч Л.Витнэй Клэйтон түүнийг зөвшилцөл байгуулагч хэмээн нэрлэдэг ажээ. “Тэрээр сайн сонсож, эргэцүүлэн дүгнэдэг. Тэрээр хурал цуглаануудыг удирдахдаа бидний дуу хоолой өрсөлдөгч гоцлол дуучных шиг биш, харин найрал дууг бүрдүүлнэ гэдэгт тун хянамгай хандаж ирсэн.

Ахлагч Соарэс португаль, англи, испани, франц хэлээр харилцах чадварынхаа тухайд тун даруу байдаг. Гэхдээ тэрхүү байнгын анхаарал татдаг авьяас чадвар нь Сүмд адислал болдог” хэмээн ахлагч Клэйтон хэлэв. Ахлагч Соарэс Сүмийн гишүүдийн ихэнхтэй өөрсдийнх нь хэлээр ярьж чадна.

“Улиссэс хүүхэд байхаасаа л удирдагч байсан” гэдгийг түүний хүргэн ах, ахлагч Клаудио Коста ажигласан байна. “Тэр маш ухаантай, чадварлаг, хамгийн сайн сайхнаа зориулах тал дээр маш хариуцлагатай ханддаг. Тэр эргэн тойрныхоо хүмүүсийг шууд л хайрладаг. Түүнд Аврагчийн жинхэнэ шавийн зүрх сэтгэл, Есүс бол Христ гэдэг баттай гэрчлэл бий. Би түүнд хайртай бөгөөд түүнийг Их Эзэний төлөөлөгчөөр дэмжин баталж байгаадаа талархалтай байна” гэж тэр хэлэв.

Мөн Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид А.Бэднарын хэлснээр: “Ахлагч Соарэс бол цэвэр ариун, заль мэхгүй нэгэн бөгөөд Аврагчийн гэм зэмгүй шавь юм. Түүний гэрэл, дулаахан инээмсэглэл, өгөөмөр зангаар дамжуулан маш олон хувь хүн, гэр бүлд Аврагчийг дагах, Түүний сайн мэдээний дэг жаягаар амьдрах агуу хүсэлтэй болоход нөлөөлж байсан, нөлөөлж ч байна, нөлөөлөх ч болно.”

Elder Soares with grandchildren and wife

Эхнэр Розанагийн хамт Солт Лэйк ариун сүмийн урд, гэрэл зургийг Кристин Мөрфи, Deseret News

Энэ эрин үед Их Эзэн Эдвард Партрижид “түүний зүрх сэтгэл миний өмнө цэвэр ариун байгаагийнх билээ, учир нь дотроо заль мэхгүй эртний Натанаелтай тэрээр адил болой”5 гэж хэлсэн байдаг. Их Эзэн Хайрум Смитийн талаар “учир нь зүрх сэтгэлийнх нь үнэнч шударгын учир мөн миний өмнө зөв болох зүйлийг тэрээр хайрладгийн учир Их Эзэн бибээр түүнийг хайрладаг билээ”6 хэмээн хэлсэн.

Улиссэс Соарэсын тухайд ч гэсэн Их Эзэн ингэж л хэлэх байсан.