Танилцуулга
Энэ бүлэг намайг сургуульд ороход туслах уу?
Боловсролтой болох нь амар хялбар зүйл биш боловч бие даах чадвар хөгжүүлэх энэхүү бүлэг нь танд илүү сайн ажлын төлөө сурч боловсроход тань туслах хамгийн сайн арга замыг зааж өгнө. Та бүлгийн цугларалтаар тодорхой үйлдлүүд хийхээр амлаж, бүлгийнхэн тантай санал бодлоо хуваалцан, дэмжлэг туслалцаа үзүүлнэ. Түүнчлэн энэ бүлгийн зорилго бол зөвхөн сурч боловсроход бэлтгэж, амжилтад хүрэхэд тань туслахаас гадна Их Эзэнд илүү дуулгавартай байж, итгэлээр үйлдэн, Түүний бидэнд амласан, бие даах чадвараа хөгжүүлснээр ирэх сүнслэг ба материаллаг адислалуудыг хүлээн авахад оршино.
Бие даах чадвар ХӨГЖҮҮЛЭХ бүлэг гэж юу вэ?
Бие даах чадвар хөгжүүлэх бүлэг нь Сүмийн ихэнх анги, хичээл, сургалтаас өөр юм. Бүлэгт багш, удирдагч, дадлагажуулагч багш гэж байхгүй. Бүлгийн гишүүд хамтдаа суралцаж, нэг нэгнээ урамшуулан дэмждэг. Бид нэг нэгнийхээ өмнө өгсөн амлалтаа хэр биелүүлсэнд хариуцлага тооцож, асуудал гарвал хамтдаа авч хэлэлцэнэ.
Бүлгийн гишүүд юу хийдэг вэ?
Цугларалтад бүлгийн гишүүд үйлдэл хийх амлалт өгнө. Бид зөвхөн суралцаад зогсохгүй, биднийг бие даахад туслах зүйлсийг хийж гүйцэтгэх болно. Бид амлалт өгч, нэг нэгэндээ уг амлалтаа биелүүлэхэд нь тусалж, хийж гүйцэтгэсэн ажлаа тайлагнана. Бүлгийн үйл ажиллагаа зөвлөл маягаар явагддаг учраас цугларалтдаа тогтмол, хоцролгүй оролцож байх нь чухал юм. Энэ дасгалын ном болон “Миний суурь: зарчим, ур чадвар, дадал хэвшил,” “Миний бие даах чадвартай болох арга зам” товхимлуудыг авч ирсэн байх ёстой. Бүлгийн цугларалт бүр ойролцоогоор хоёр цаг үргэлжилнэ. Өгсөн амлалтынхаа дагуу үйлдэхэд өдөрт нэгээс хоёр цаг шаардагдана.
Зохицуулагч юу хийдэг вэ?
Зохицуулагч нь боловсрол олгоход, эсвэл зааж сургахад мэргэшсэн хүн биш юм. Тэд бүлгийг удирддаггүй буюу бүлэгт заадаггүй. Тэд зөвхөн материалыг яг бичигдсэний дагуу дагаж мөрдөхөд бүлгийнхэнд тусална. Ихэвчлэн бие даах чадварыг хөгжүүлэх мэргэжилтэн бүлгийн цугларалтыг зохицуулдаг ч, хэдэн долоо хоног өнгөрсний дараа, шаардлага гарвал, бүлгийн гишүүдээс хэн нэгнийг зохицуулагчаар томилж болно. Нэмэлт мэдээллийг Удирдагчдын удирдамж болон srs.lds.org вэбсайт дээр байршуулсан дагалдах видео бичлэгүүдээс үзнэ үү.
Төгсөлтийн гэрчилгээ
Цугларалтдаа ирж, амлалт үүргээ биелүүлсэн бүлгийн гишүүд ХҮГ Бизнесийн Коллежоос бие даах чадварыг хөгжүүлэх ангийг дүүргэж, төгссөн гэрчилгээ авах шаардлагыг хангана. Тавигдах шаардлагыг “Миний суурь: зарчим, ур чадвар, дадал хэвшил” товхимлын 29-р хуудаснаас үзнэ үү.