АВРАГЧИЙН АРГА БАРИЛААР ЗААХ
“Бяцхан үрсээ болгоогтун”: Хүүхдүүдэд заахад суралцах нь
“[Есүс] тэдний бяцхан хүүхдүүдийг нэг нэгээр нь авч, мөн тэднийг адислав, мөн тэдний төлөө Эцэгт хандан залбирав. … Мөн тэр олон түмэнд хандан ярьж, мөн тэдэнд: Бяцхан үрсээ болгоогтун хэмээн хэлэв” (3 Нифай 17:21, 23).
Хэрэв та эцэг эх бол эсвэл хүүхдүүдэд заахаар дуудагдсан бол танд агуу бэлэг өгөгдсөн гэсэн үг. Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч М.Рассэлл Баллард “Бурхан өнөөгийн хүүхдүүдийг хайраар болон итгэлийн гал дөлөөр, тэд хэн бэ гэдгээ мэдэх ойлголтоор хүрээлүүлэхээр [та] биднийг томилсон юм” хэмээн заасан.1
Хүүхдүүд танд баяр баясгаланг авчран, сайн үлгэр жишээ байх хүслийг төрүүлдэг. Та хүүхдүүдийн итгэлтэй байдал, хайр, итгэл, найдварыг ойлгож эхэлснээр Их Эзэнд илүү ойртож, “бяцхан хүүхдүүдтэй адил бол” (Матай 18:3) гэсэн Түүний зарлигийг илүү сайн ойлгох болно.
Хүүхдүүдийг Аврагчийн адил хайрлаж, Түүний арга барилаар заахыг хичээх үедээ тэдний тухай санавал зохих найман зүйлийг доор оруулав. Үүнд:
1. Хүүхдүүд итгэмтгий байдаг. Тэд үнэнийг хүлээн авахад бэлэн байдаг. Тэдэнд зөв сургаалыг ойлгомжтой үг хэллэг, үлгэр жишээгээр энгийн бөгөөд тодорхой заа.
2. Хүүхдүүд Сүнсний нөлөөг таньж мэддэг. Тэдэнд Есүс Христийн болон Түүний сайн мэдээний тухай ярьж, дуулах үед мэдрэгддэг амар амгалан, хайр энэрэл, баяр баясгалангийн мэдрэмж Ариун Сүнснээс ирдэг гэдгийг заа. Тэдэнд эдгээр мэдрэмж нь гэрчлэлийн нэг хэсэг гэдгийг ойлгоход тусал.
3. Хүүхдүүд санааг шууд утгаар нь ойлгодог. Ойлгоход хэцүү сургаалт зүйрлэл тэднийг төөрөгдүүлж болзошгүй. Та зааж байхдаа гэр орон, гэр бүл, хүрээлэн буй орчин гэх мэт тэдний мэддэг үйл явдал, үйл ажиллагааг эш тат.
4. Хүүхдүүд сурах илүү их хүсэлтэй байдаг. Тэд олон янзын туршлага, төрөл бүрийн мэдрэхүйгээ ашиглан суралцах дуртай. Ялангуяа тэд хичээлд үзүүлэн таниулах материал, оролцон тоглох үйл ажиллагааг ашиглахад гойд сайн хүлээн авдаг. Тэдэнд хөдлөх, судлах, шинэ зүйлсийг оролдож үзэх боломж олго.
5. Хүүхдүүд хуваалцаж, туслах хүсэлтэй байдаг. Тэдэнд бие биедээ болон танд зааж чадах зүйлс бий. Тэднийг мэдэж авсан зүйлээ хуваалцахад урь. Тэдэнд судар унших, зураг барих, асуултад хариулах, самбар дээр бичих боломж олго.
6. Хүүхдүүд хайраар дүүрэн байдаг бөгөөд бусдаар хайрлуулахыг хүсдэг. Тэдний төрөлхийн сайхан сэтгэл, хайраар дүүрэн зан чанарыг бэхжүүлэх боломжийг эрэлхийл. Тэдэнд хайр, талархлаа илэрхийлэн, хэлж байгаа зүйлийг нь анхааралтай сонссоноор өөрөө өөртөө итгэх итгэлийг нь хөгжүүл.
7. Хүүхдүүд таны үлгэр жишээг дагадаг. Та нар өөрсдөө мэдээгүй үедээ ч гэсэн тэдэнд үргэлж зааж байдаг. Хүүхдүүд таныг зааж буй зарчмынхаа дагуу хэрхэн амьдарч байгааг ажиглаж байх болно. Таны зөв шударга үлгэр жишээ тэдний бүрэлдэж буй гэрчлэлд хүчтэй нөлөөлнө.
8. Бага насны хүүхдүүд богино хугацаанд нэг зүйл дээр анхаарлаа хандуулах чадвартай байдаг. Анхаарлаа хандуулахгүй байгаа нь тэд ядарч, өлссөн, таны хэлсэн ямар нэг зүйлийг ойлгохгүй, хөдөлгөөн хэрэгтэй эсвэл уйтгартай байгааг илэрхийлж байж болох юм. Тэд давталт, өргөн сонголт, энгийн түүх, дуу, үйл ажиллагаагаар дамжуулан сурах дуртай байдаг. Тэднийг хичээлд оролцоход урамшуулан дэмжиж бай.