Чи хэн ч бай
Зохиогч нь АНУ-ын Ютад амьдардаг.
“Өө, үгүй ээ. Би гэр бүлтэйгээ лацдан холбогдоогүй болохоор яах болж байна вэ?” гэж Энди бодов.
“Би Бурханы хүүхэд тул энэ эх дэлхийд намайг заяав, Тэр” (Сүмийн дуулал болон хүүхдийн дуу, 58).
Энди толинд зэрвэсхэн хараад, “Яг болсон байна” гэж бодов. Тэр хамгийн дуртай улаан даашинзаа өмссөн байлаа. Тэр ням гарагт үргэлж хамгийн сайхнаараа харагдахыг хичээдэг байв. Тэр өглөөний ундаа уухаар доошоо гүйлээ.
Түүнийг хамгийн сүүлийн шарсан талхаа идэж дуусах үед Рийдэрийнхний машин зам дээр сигнаалдах нь сонсогдов. “Баяртай, ээж ээ! Баяртай, аав аа!” гэж Энди хэлэн тэднийг үнсээд, хаалгаар гүйн гарлаа.
Эцэг эх нь Сүмийн гишүүд байгаагүй хэдий ч Эндийг долоо хоног бүр сүмд явахад нь дэмждэг байв. Рийдэрийн гэр бүлийнхэн түүнийг баптисм хүртэж, гишүүнээр батлагдсанаас хойш бараг ням гараг бүр ирж авдаг байлаа. Тэд түүнд үргэлж найрсаг хандаж, хайрладаг нь Эндийд таалагддаг байв.
Ариун ёслолын дараа Хүүхдийн хэсэгтээ орох цаг боллоо. Энди Лонг ах, эгчийн Баатруудын ангид орох дуртай байв. Тэд сайхан сэтгэлтэй бөгөөд үргэлж хамгийн сонирхолтой хичээлийг заадаг байлаа.
“Өнөөдөр бид ариун сүмийн тухай ярилцах болно” гэж Лонг эгч хэлэв. “Бид ариун сүмийн тухай ямар зүйл мэддэг билээ?”
Энди “Би ариун сүмд баптисм хийж болно” гэсэн нэг хариултыг мэдэж байв. Жил бүр тойргийнх нь залуу эмэгтэйчүүд баптисмын ёслол хийхээр ариун сүмийн аялалд явдаг байсан тул тэр үүнийг хэлсэндээ баяртай байлаа. Энди ч бас удахгүй явах болно!
“Сайн байна, Энди. Бид өөр юу мэддэг вэ?”
“Бид ариун сүмд гэрлэж болно” гэж Эндигийн найз Аллисон хэлэв.
“Маш сайн” гэж Лонг эгч хэллээ. “Өөр хэлэх зүйл байна уу?”
“Гэр бүлүүд ариун сүмд лацдан холбогдвол мөнхөд хамтдаа байж чадна” гэж Аллисон нэмж хэллээ.
“Гэхдээ миний гэр бүл чадахгүй. Аав ээж хоёр ариун сүмд лацдан холбогдоогүй шүү дээ!” гэж Энди бодов. Гэнэт түүний нүүр халуу оргиж, нүд нь нулимсаар дүүрэв.
“Чи зүгээр үү, Энди?” гэж Лонг эгч асуулаа.
Энди уйлахгүй байхыг хичээсэн ч “Тийм ээ” гэж хамраа шуухитнуулан хариулав. Гэвч хичээл дуустал зүрх нь хүчтэй цохилж байгааг тэр мэдэрч байлаа.
Хичээл дуусахад Лонг эгч Эндигийн хажууд сууж, түүнийг тэврэн, “Юу болсон бэ?” гэж асуув.
“Би аав, ээжтэйгээ мөнхөд хамт байхгүй. “Тэд ариун сүмд гэрлээгүй шүү дээ. Би нас барвал хэн дээр очих вэ? Эцэг эх минь гишүүн биш ч гэсэн Тэнгэрлэг Эцэг намайг үргэлжлүүлэн хайрлах уу?” гэж Энди хэлэв.
Лонг эгч Эндигийн нүд рүү эгцэлж хараад, “Чи хэн ч байсан, эцэг эх чинь ариун сүмд орсон ч бай, үгүй ч бай чи Тэнгэрлэг Эцэгийн гэр бүлийн нэг хэсэг хэвээр байх болно. Чи Түүнтэй ойр байж, бусдад үлгэр жишээ болж чадна шүү дээ. Тэр чамайг юу ч болсон үргэлж хайрлаж, удирдаж, хамгаалах болно. Тэр чамайг болон гэр бүлийг чинь адислахыг хүсэж байгаа. Энди, чи бол Бурханы хүүхэд шүү дээ” гэлээ.
Яг тэр үед Эндигийн зүрх хурдан цохилохоо болив. Харин оронд нь зүрх сэтгэлдээ халуун дулааныг мэдэрч байлаа. Тэр багшийнх нь хэлсэн үг үнэн гэдгийг мэдэж байв.