2016
Эмээгийнхээ талаар мэдэж авсан
2016 оны 7-р сар


Эмээгийнхээ талаар мэдэж авсан

Риүбэн Вандсворт, АНУ, Юта

man-sitting-in-an-attic

Зураг чимэглэлийг Аллен Гарнс

Миний харамсаж явдаг нэг зүйл бол би хэзээ ч аавынхаа ээжтэй хамт суун, амьдралынх нь талаар ярилцаж, түүний дурсамжийг хойч үедээ зориулан бичиж авч байгаагүй явдал юм. Түүнийг нас барсны дараа аав, авга ах нар маань эмээ хэрхэн өөрийгөө үнэлдэггүй байсныг, бүр нэг удаа “Миний тухай хэн мэдэхийг хүсэх вэ дээ?” гэж хэлж байсныг нь надад ярьдаг байв.

Санхүүгийн хүндрэлээс болж манай гэр бүл эмээгийн хуучин байшинд нүүж очиход надад аз жаргалаар дүүрэн дурсамжаас гадна харамсах сэтгэл төрж билээ. Нүүж ирээд хэд хоносны дараа нэгэн шөнө би эмээгийнхээ зургийн хэдэн хуучин цомог, бэлэг дурсгалын хайрцгийг үзсэн юм. Тэнд авга ахын бичсэн хуучирсан захидлууд, ариун сүмийн хуучин эрхийн бичгүүд, бүр өвөөгийн оршуулгын хөтөлбөр хүртэл байв. Эдгээр дурсгалтай зүйлийг харсныхаа дараа надад өөр зүйл байгаа болов уу гэсэн бодол төрлөө.

Надад дээврийн өрөөнд орж үзэх хэрэгтэй гэсэн мэдрэмж төрж, би тэр даруй удахгүй хаягдах байх гэмээр нэгэн хуучин цэнхэр хавтастай сав руу дөхөж очлоо. Тэр хавтсан дотроос би эмээгийнхээ 30 жилийн өмнөөс бичиж эхэлсэн амьдралынх нь түүхийг олж мэдсэн юм. Дараа нь би гэрийнхнээс маань хэн нь ч үүний тухай мэддэггүй байсныг олж мэдээд ихэд гайхав. Аав, авга ах нарын хэлсэн зүйл үнэн байлаа. Эмээ минь амьдралынхаа түүхийг бичиж эхэлснээ хүртэл хэнд ч хэлж зүрхлээгүй, үнэхээр өөрийгөө үнэлдэггүй хүн байж!

Би тэр орой энэ найман хуудсан дээрх бүх үгийг нэг бүрчлэн уншиж байхдаа түүний амьдрал ахлах сургуульд байхад нь ямар байсныг, тэр өвөөтэй хэрхэн танилцсаныг мөн өвөөтэй хамт ажиллуулдаг байсан кино театрынхаа үүдийг барих түүнд хэчнээн хүнд байсан гээд эмээгийнхээ талаар ихийг мэдэж авсан юм.

Эдгээр хуудсыг уншиж байхад тэрээр миний хажууд зогсоод, өөрийнх нь амнаас түүхийг нь сонсож чадаагүйдээ дахин харамсах хэрэггүй гэж надад хэлэх шиг санагдсан. Эмээгийнхээ амьдралыг өөрийнх нь гараар бичсэн үгсээс унших нь үнэхээр үнэлж баршгүй зүйл байсан бөгөөд удаан хугацаанд мэдэрч байсан харамсах сэтгэлийг багасгасан билээ. Энэ нь Их Эзэний нигүүлсэнгүй сэтгэлийн баталгаа байсан бөгөөд гэр бүлийн түүх нь зөвхөн энэ амьдралдаа таньж мэдэх боломжгүй өвөг дээдсийнхээ тухай олж мэдэх явдал биш юм гэдгийг гэрчилсэн. Түүнээс гадна гэр бүлийн түүхээс бидний хайрлан хүндэлдэг болон энэ дэлхий дээр байхдаа үнэлэхийн аргагүй цаг мөчийг хамтдаа өнгөрүүлсэн дотны хүмүүсийнхээ тухай илүү ихийг олж мэддэг юм.

Намайг гэр бүлийнхээ бусад гишүүнтэй тэдний түүхийг бичихээр хамт суух үед тэд надаас яагаад хэн нэгэн бидний тухай мэдэхийг хүснэ гэж хэмээн асуудаг. Би тэдний түүх үнэ цэнтэй гэдгийг мөн үнэлж баршгүй түүхээ үлдээсэнд нь эмээдээ талархаж явдгийн адил тэдний хойч үе ч гэсэн талархах болно гэдгийг батлан хэлдэг.