Кларэнс ба Аварга
Кларэнсийг машины цонхоор ширтэн сууж байтал далайн боомт харагдаж эхлэв. Өнгө өнгийн байшин, дэлгүүрүүдийн өмнө усан онгоцнууд хөвж харагдана. Данийн Копенгаген орд, харш, цэцэрлэгт хүрээлэнгээр дүүрсэн үзэсгэлэнт хот байв. Энэ нь АНУ-ын Юта мужид байдаг Кларэнсийн төрсөн хоттой бүх талаараа адилгүй байв. Кларэнс хөвгүүн байхдаа гүйдэг байсан тоостой гудамжуудаа төсөөлөн бодлоо. Тэр одоо Америкийн Нэгдсэн Улсын гүйлтийн багийн гишүүн болсон бөгөөд маргааш Данийн нэртэй гүйгчтэй чухал уралдаанд уралдах гэж байв.
Машин Сүмийн цуглаан аль хэдийн эхэлсэн жижигхэн сүмийн гадна зогслоо.
Кларэнсийг цуглааны арын эгнээнд чимээгүйхэн орж суухад индэр дээр сууж байсан номлогчдын нэг нь маргаашийн уралдааны тухай гарсан сонины нийтлэлээс харсан тул түүнийг танив. Салбарын ерөнхийлөгч Кларэнсийг гарч ирж, үг хэлэхийг хүслээ.
Кларэнсийг яагаад ирснээ хэлсний дараа нэг хүү босож зогсоод, гараа өргөн, “Чи Данийн аваргыг түрүүлнэ гэж бодож байна уу?” гэж асуув.
Кларэнс юу гэж хэлэхээ сайн мэдэхгүй байлаа. Данийн гүйгчийн тэр улирлын холын зайд гүйсэн хугацаа илүү сайн байв.
Номлогчдын нэг нь Кларэнсийг хариулахаас өмнө, “Мэдээж тэр чадна. “Яагаад гэвэл тэр мэргэн ухааны үгийг дагадаг” гэлээ. Тэр судраа нээгээд, Сургаал ба Гэрээ 89:20-ийг гаргаж, мэргэн ухааны үгийг дагадаг хүмүүс “гүйхэд мөн ядрах нь үгүй, мөн алхахад мөн цуцах нь үгүй байх болно” (20-р шүлэг) гэсэн амлалтыг уншлаа.
Кларэнс юу гэж хэлэх байсан бэ? Тэр мэргэн ухааны үг үнэн гэдгийг мэддэг байв. Тэр хүүхэд байхдаа л үүнийг үргэлж дагана гэдгээ амласан байсан. Гэхдээ энэ нь түүнийг уралдаанд түрүүлнэ гэсэн үг биш байв. Үүнээс гадна ялахад бэлтгэл, ур чадвар шаардагдах байлаа. Кларэнс цуглаанаас гарахдаа “сүмээс хэн ч маргаашийн уралдаан дээр ирэхгүй юм чинь” гэж бодов.
Маргааш орой нь Кларэнс уралдаандаа бэлтгэн биеэ халааж байхдаа нөгөө хоёр номлогчийг 17 орчим насны хөвгүүдтэй хамт зогсож байгааг харжээ. Тэд ирчихсэн байв.
Тэднийг дөхөж ирэхэд номлогчдын нэг нь Кларэнст “Хэрэв чи амьдралдаа гүйж байсан л бол өнөө орой хамаг хүчээ гарган гүйх хэрэгтэй шүү” гэж шивнэлээ. Хөвгүүдийн ихэнх нь Сүмийн гишүүн биш байсан ч мэргэн ухааны үг үнэхээр үнэн эсэхийг мэдэхээр найзуудтайгаа цуг ирсэн байлаа.
Кларэнсийн сэтгэл үймрэв. Энэ уралдаанд түүний хамгийн сайн зүйл нь хангалттай сайн байхгүй байж болох байлаа. Гэхдээ тэр Есүс Христийн сайн мэдээний зарчмын төлөө гүйх гэж байлаа. Тэр түрүүлэх ёстой байв. Тэр өмнө нь хэзээ ч түрүүлэхийн төлөө гуйн залбирч байгаагүй ч залбирах хоосон өрөө олов.
Тэр “Тэнгэр дэх Эцэг минь, би мэргэн ухааны үг үнэн гэдгийг мэддэг бөгөөд хэзээ ч үүнийг зөрчиж байгаагүй. Энэ уралдаанд түрүүлэхэд намайг адислаач” гэж залбирлаа. Тэр гарааны шугам руу алхаж явахдаа Тэнгэрлэг Эцэг түүний залбирлыг сонссон гэдгийг мэдрэв. Тэр Тэнгэрлэг Эцэгийн хүсэлд итгэж байлаа.
Тэр орой бороотой, шавартай байв. Кларэнсийг уралдаж эхлэхэд, өмнө нь гүйж байсан холын зайн бусад уралдаантай адилхан санагдаж байв. Уралдааны хэмнэл их хурдтай явагдаж байсан ба Данийн аварга түрүүлж байв. Харин Кларэнс гуравдугаар тойргоо дуусгах үеэр гэнэт ядрахаа больсон байна. Тэр илүү хурдан гүйж эхлэхэд саадгүй байлаа. Хурдаа жаахан нэмсэн ч яах ч үгүй зүгээр байв. Тэр Данийн аваргыг гүйцэж түрүүлсэн ч хурд нэмэгдсээр байлаа.
Кларэнсийг эргэж ирэх үед дасгалжуулагч нь “Хурдаа хас! Чи барианы шугаманд хүрч чадахгүй!” гэж хашгирав. Гэхдээ Кларэнс гүйж чадна гэдгээ мэдэж байлаа. Тэр уралдаанаа дуусахад Данийн гүйгчээс 46 метрийн урд байв. Тэнгэрлэг Эцэг түүний залбиралд хариулсныг мөн мэргэн ухааны үг үнэн учраас түрүүлсэн гэдгээ тэр мэдэж байлаа.