Залуучуудын тухай хөрөг өгүүлэл
Францад хүчтэй хэвээр үлдэх нь
Францын армид буй Сүмийн гишүүн Пьер итгэлийнхээ үлгэр жишээ байхын тулд залбирах, судар судлахад тулгуурладаг.
Нисдэг тэрэгний нисгэгч болохоор суралцах нь олон хүнд олдоод байдаг боломж биш юм. Харин 24 настай О.Пьерт Францын армид элсэхэд нь ийм боломж олджээ. Дөрвөн жилийн сургалтынхаа хоёр дахь жилд суралцаж буй Пьер байгаа орчноосоо үл хамааран итгэгчдийн үлгэр жишээ болж амьдрахын тулд хамгийн сайнаараа хичээж байгаа юм.
Францын баруун өмнөд хэсэг дэх Бордогоос цаг гучин минутын зайд байрлаж байгаа Пьер найз нөхөд, гэр бүл, төрөлх хот Рэннэсээс алс хол байгаа аж. Хамгийн ойр байрлах цуглааны байр нэг цагийн зайд байдаг бөгөөд энэ нь тэрээр долоо хоногийн турш гишүүдтэй харилцаж чаддаггүй гэсэн үг юм. Пьер “Армид Сүмийн гишүүн байна гэдэг амаргүй зүйл. Энд уруу татагдах зүйл их байдаг. Үнэндээ хоёр тэс өөр ертөнцөд л байдаг гэсэн үг. Армид хүнийг хэн гэдгээр нь биш харин хийж байгаа зүйлээр нь шүүдэг” гэж хэлэв. Пьер эргэн тойрных нь хүмүүс түүнийг армид хэвийн үзэгдэл болсон архи уух, тамхи татах, порнограф үзэх эсвэл үдэшлэгт оролцох гэх мэт үйл ажиллагаанд өөрийн хэн болохоос шалтгаалан, Сүмийн гишүүн учраас оролцдоггүй гэдгийг олж хараасай гэж хүсдэг. Эргэн тойрныхоо хүмүүсийн хүндлэлийг олж авах нь хэцүү ч залбирч, судраас судлах нь гэрчлэлээ хүчтэй хэвээр авч үлдэхэд тусалдаг юм. “Эхлээд би аль болох судраа уншилгүй унтахгүй байхыг хичээдэг бөгөөд боломж олдох бүрд залбирахыг хичээдэг.
Сургуульд байхад судраас уншиж, залбирах нь надад сайн мэдээний бусад хэсгийг сайн ойлгохгүй байсан ч Бурхан байдаг, Тэр үнэхээр оршдог гэдгийг мэдэж авахад тусалсан. Бурхан байдаг учраас л намайг зөв зам дээрээ үлдэхэд тусалсан гэдгийг би мэддэг” гэж Пьер тайлбарлав.
Судар судлах үндэс суурь нь Пьерийг сургуульд сурч байхад нь ч, армийн сургалтад хамрагдаж буй энэ үед ч гэсэн дэмжиж байгаа билээ. Пьер армид элсэхээсээ өмнө Канадын Квебек Монреаль номлолд үйлчилсэн бөгөөд тэнд сайн мэдээний талаарх гэрчлэл, ойлголт нь бэхэжсэн аж.
“Судрууд нь Тэнгэрлэг Эцэгийн бидэнд хариулдаг хамгийн бодит арга замын нэг юм” хэмээн тэр хэлэв.
Пьер өдөр бүр залбирч, судраас судалснаар зөвхөн сүнслэг удирдамж хүлээн аваад зогсохгүй ангийнхаа цэргүүдэд үлгэр жишээ болох боломжтой болсон. Пьерт ангийнхантайгаа үндэсний бахархлаас өөр нийтлэг зүйл байхгүй байж болох ч тэрээр судар дээрх сургаалыг дагаснаар өөрийнх нь итгэл үнэмшлээс үл хамааран тэдний хүндлэлийг хүлээсэн хүн болж чадна гэдгээ мэддэг.