2016
Дэлхийн нөгөө хязгаарт байрлах ариун сүм
2016 оны 7-р сар


Дэлхийн нөгөө хязгаарт байрлах ариун сүм

Робэн Эстабрүкс, АНУ, Виржиниа

Би насанд хүрснийхээ дараахан гэр бүлийнхэн маань эсэргүүцэж байсан ч Сүмд нэгдэн орсон билээ. Би аавыгаа өөд болсны дараа, хориод настай байхдаа гэр бүлийн түүх дээрээ ажиллаж эхэлсэн. Удалгүй би бага насны хүүхдүүдээ өсгөн хүмүүжүүлж, завгүй эхнэр, ээж болсон бөгөөд гэр бүлийн түүхийн ажил ч зогссон юм.

Манай гэр бүлд Сүмийн гишүүн байгаагүй учраас надад гэр бүлийн түүхээ судлах маш их хүсэл эрмэлзэл байдаг байв. Би энэ ажилд дуртай байсан бөгөөд үүн дээр ажиллахад илүү их цаг зав гаргахыг үргэлж хүсдэг байлаа.

Намайг 33 настайд биеийн эрүүл мэнд минь муудаж эхлэх үед амьдрал орвонгоороо эргэв. Гэрийнхэнтэйгээ явган аялдаг байсан надад байшин тойрч алхах хүртэл хэцүү болж билээ. Бямба гарагт хоёр цагийн дотор гэр орноо цэвэрлэдэг байсан нь боломжгүй болж, тоосоо соруулж л чадвал баярлах болов. Өмнө нь найзын хүрээлэл ихтэй байсан бол одоо өмнөх шигээ тэдэнтэй хамт байж чадахгүй болсон учир найз нөхдийн хүрээ хүртэл багасав.

Яг энэ үед би гэр бүлийн түүхийн ажлаа дахин хийж эхэлсэн юм. Охин минь аавынхаа талын судалгааг хийж эхэлсэн бөгөөд надад хийхэд олон жил шаардсан ажлыг ганцхан орой дуусгав. Би өөрийн талын хэд хэдэн үеийг хийж дуусган, нэрсийг ёслолын ажил хийлгэхээр ариун сүм рүү илгээв. Би гэр бүлийн гишүүдтэйгээ хамт ариун сүм рүү явахыг үргэлж хүсдэг байсан ч эрүүл мэндээс болон ариун сүм хол байдгаас боломжгүй байлаа.

Би нэрсийг илгээснийхээ дараа гэр бүлийн гишүүдтэйгээ ёслол хийлгэх онцгой өдөр нь хамт байж чадаагүйдээ тэднийхээ итгэлийг хөсөрдүүлсэн мэт санагдан, уйлж эхлэв. Долоо хоногийн дараа би ариун сүмийн ажлын явцаа шалгахаар FamilySearch.org вэбсайт руу орохдоо нэгэн гайхалтай зүйлийг олж харсан юм. Ажил хийгдээд зогсохгүй, Ганын Аккра ариун сүмийн гишүүд энэ ажлыг хийж байв! Дэлхийн нөгөө өнцөгт байгаа гишүүд миний жижигхэн гэр бүлийн ариун сүмийн ажлыг хийж байгааг хараад би их гайхаж билээ. Ганын хүмүүсийн миний гэр бүлийн төлөө ариун сүмд очин гаргасан золиослолын тухай бодоод би дахин нулимс унагав. Ариун сүмд орж, гэр бүлд минь ариун сүмийн ёслолын адислалыг хүлээн авах боломжийг олгон, миний хийж чадаагүй зүйлийг хийсэн Ганын Аккра ариун сүмийн дүүргийн тэдгээр гишүүнд би талархаж байгаа билээ.