2016
Дэлхийд гэрэл нь байхад суралцах
2016 оны 7-р сар


Би хэрхэн мэдсэн бэ?

Дэлхийд гэрэл нь байхад суралцах

Энэхүү өгүүллийн зохиогч Бүгд Найрамдах Доминикан улсад амьдардаг.

missionary and candle

Би Бүгд Найрамдах Доминикан улсад төрж, Сүмд өссөн. Би зөв замыг дагахад надад туслахыг хичээдэг сайн удирдагчдын дунд өсөж том болсон юм. Би номлолд үйлчилж, хүмүүст тусална гэж мөрөөддөг байлаа.

Аав биднийг илүү сайхан амьдруулахын тулд Америкийн Нэгдсэн Улс руу явсан тул ээж намайг эгч нарын хамт ганцаараа өсгөсөн. Хааяа би ганцаарддаг ч Сүмийн удирдагчидтайгаа амьдралынхаа асуудлыг ярилцаж болдог байсан учраас үргэлж ганцаардаад байдаггүй байлаа.

Биднийг Америкийн Нэгдсэн Улс руу нүүсний дараа томоохон сорилт бэрхшээл тохиолдож эхлэв. Бид жижиг салбарт явдаг байсан бөгөөд надад туслахыг хүсдэг сайн удирдагчид байсан ч сургуулийн найзууд намайг сайн мэдээний замаас холдуулахыг хүсдэг байлаа. Харамсалтай нь би ээжтэйгээ уцаарлан ярьдаг болж, түүний зөвлөгөөг бараг сонсохоо болив.

Би ням гараг бүр сүмд явдаг байсан ч үнэндээ надад явах хүсэл төрдөггүй болж, номлолд явахыг хүсэж байгаа эсэхээ ч мэдэхээ больсон байлаа.

Нэг өглөө би Мормоны Номоо нээтэл яг миний дуртай судрын хэсэг болох 3 Нифай 12:14–16 нээгдэв.

“Үнэнээр, үнэнээр, би та нарт хэлнэ, энэ хүмүүсийн гэрэл байх үүргийг би та нарт өгнө. Толгойд дээр байрласан хот нууцлагдах аргагүй билээ.

“Болгоогтун, хүмүүс лаа асаагаад, мөн үүнийгээ тогоон дор нуудаг бил үү? Үгүй ээ, харин лааны тавиур дээр тавьж, мөн энэ нь гэрт байгаа бүгдэд гэрэл өгдөг;

“Тиймийн тул, тэд та нарын сайн ажлуудыг харж, тэгээд тэнгэр дэх Эцэгийг тань алдаршуулж болохын тулд гэрэл тань энэ хүмүүсийн өмнө тийн туяаран гийг.”

Үүнийг уншиж байхдаа би агуу их баяр баяслыг мэдэрч, энэ нь семинарт сурсан зүйлсээ болон бидний Эцэгийн төлөвлөгөө хэчнээн гайхамшигтай болохыг санахад тусалсан. Тиймээс би дэлхийн гэрэл нь байхын тулд хичээхээр шийдсэн юм.

Би хоёр үеэлээ Сүмд ирэхийг урив. Идэвх султай байсан нэг нь идэвхтэй болов. Нөгөөх нь гишүүн биш байсан ч би түүнд баптисм хүртээх боломжтой болсон юм.

Нэг жилийн дараа би АНУ-ын Калифорнид үйлчлэх дуудлагаа хүлээн авсан билээ. Би үйлчилж байхдаа энэ бол Есүс Христийн жинхэнэ сайн мэдээ гэдгийг ямар ч эргэлзээгүй мэддэг болсон. Хүмүүст туслахын хэрээр гэрчлэл маань илүү их өсөн нэмэгдэж, судраа унших бүрдээ би дэлхийн гэрэл байх тухай өгүүлсэн 3 Нифай дээрх хэсгийг үргэлж чээжээр уншдаг болсон.