2016
Ариун сүмд шүтэн бишрэх нь Бурханыг таньж мэдэх түлхүүр
July 2016


Сайн мэдээний сонгодог бүтээл

Ариун сүмд шүтэн бишрэх нь Бурханыг таньж мэдэх түлхүүр

1993 оны 2-р сард Бригам Янгийн Их Сургууль дээр хэлсэн үгсээс авав. Бүрэн эх нь Доналд В.Парригийн (1994) бичсэн “Temples of the Ancient World,” номд хэвлэгдсэн.

Ариун сүмд бид Христийн дэлхий дээр амьдарч байсны адил мөн одоо Түүнтэй болон Эцэгтэй адил амьдрахын тулд хэрхэн бэлтгэгдэхэд суралцаж чадна.

Зураг
tijuana-mexico-temple

Photograph of Tijuana Mexico Temple

Би Солт Лэйкийн ариун сүмийн ерөнхийлөгчөөр үйлчилж эхэлснийхээ дараахан, ариун сүмд ирсэн нэгэн хүнтэй анхны сэтгэл түгшим, нухацтай ярилцлага хийснээ одоо ч гэсэн тод санадаг. Аливаа зүйлийг сайтар тунгаан боддог нэгэн залуу эмэгтэй ариун сүмийн суралцахын өргөөний болон зааврын өргөөний хувьд гүйцэтгэдэг үүргийн талаар зохих шүлгээс олж уншсан байв. Тэрээр “Цорын ганц үнэн Бурхан Таныг болон Таны илгээсэн Есүс Христийг мэдэх” нь “мөнхийн амь мөн” (Иохан 17:3) гэдгийг олж харсан хангалттай ажигч гярхай нэгэн байсан юм. Түүнээс гадна бид зөвхөн Христээр дамжуулан өөрсдийн Эцэгийн талаар суралцан, эцэст нь Түүнд эргэн очно гэдгийг мэдэж байв.

Би ариун сүм доторх бүх зүйл эцсийн эцэст Христ рүү болон бидний Эцэг рүү чиглүүлдэг гэсэн гэрчлэлээ түүнтэй хуваалцсан. Ёслол, гэрээнүүдийн үр нөлөө нь Түүний гэтэлгэгч хайранд болон “Бурханы Хүүгийн жаягийн нэрээр Ариун санваар хэмээн нэрлэгддэг” (С ба Г 107:3) итгэмжлэн хүлээлгэсэн эрх мэдэлд байдаг. Гэхдээ тэр эмэгтэй ариун сүм хэрхэн Их Эзэнийг таньж мэдэхэд туслах чухал түлхүүр болж чадах талаар тодорхой холбоосыг оюун ухаан, зүрх сэтгэлдээ хараахан бий болгож чадаагүй байв. …

Христ, судар, ариун сүм, гэр орон

Ариун сүм нь бидэнд өөрийн биеийг цэвэршүүлж, ариусгах орчинг үүсгэхэд нэн чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд Христийн тухай суралцахын хэрээр энэ нь биднийг амьдралын хамгаас үнэ цэнтэй бэлгүүд рүү хөтөлж, Түүний талаар хувийн мэдлэг, гэрчлэлтэй болоход чиглүүлдэг юм.

Ариун сүмд суралцах, шүтэн бишрэх үйл явц нь Есүс Христээр дамжуулан суралцах мөнх амьдралын их сургууль болж чадна. Көртландын ариун сүмийг онцгойлон адислах залбирлын үеэр Их Эзэнд: “Мөн Ариун Эцэг минь, энэ өргөөнд шүтэн бишрэх тэд бүгд мэргэн ухааны үгсээр заагдаж болохын тулд … ;

“Мөн тэд танд өсөхийн тулд, мөн Ариун Сүнсний бүрэн байдлыг хүлээн авч болохын тулд буюу” хэмээх хүсэлтийг өргөн барьсан байна (С ба Г 109:14–15).

Үүнийг ёслол, зан үйлээр гүйцэлдүүлдэг үү? Хэрэв бид зорилго, бэлгэдлийг Адам, Ева хоёр мөнх бус амьдралынхаа эхэн үед ойлгосны адил ойлгож чадвал энэ нь зарим талаараа тийм байж болох юм. Гэхдээ бид мөнх амьдралын захиасын агуулга, мөнхийн өсөлт хөгжлийн зарчмаар дамжуулан суралцдаг. Энэ нь бидний Их Эзэнтэй гэрээнд орсон цөөхөн энгийн зарчмын хүрээнд хийгддэг. Бид Христийн үхлээр Бурхантай эвлэрүүлэгдэж, “Түүний амиар” (Ром 5:10) аврагддаг хэмээн Паулын ромчуудад хандан хэлсэн мэдэгдлийг санагтун. Миний хувьд Түүний ариун амьдралын зарчмууд биднийг өргөмжлөл хэмээн нэрлэгддэг авралын бүрэн дүүрэн байдал руу буюу хайртай хүмүүстэйгээ болон Эцэг, Хүүтэй хамт Бурханы түвшинд хайрлан, суралцаж, үйлчилж, өсөж хөгжин, бүтээлч амьдрал руу хөтөлдөг болохыг илэрхийлдэг юм. Ариун сүмд бид Христийн дэлхий дээр амьдарч байсны адил мөн Түүний болон Эцэгийн адил хэрхэн амьдарч болоход суралцаж чадна.

Христийн амьдралын үндсэн зарчмууд

Түүний амьдралд чухал байр суурь эзэлдэг бөгөөд ариун сүмд заагддаг, бидний Их Эзэнтэй хийдэг гэрээнүүдтэй холбоотой ямар ямар зарчим байдаг вэ? …

Тэрээр магадгүй зөвхөн Эцэг Тэр хоёрын л ойлгож чадах арга замаар хайрласан юм. Гэхдээ бид үүнийг мэдэж авахын тулд, хангалттай өгч, хайрлаж сурахын тулд энд байгаа билээ. Би дайны талбараас болон эмнэлгийн өрөөнөөс мөн эцэг эхийн үр хүүхдийнхээ төлөөх амь биеэ үл хайрлам баатарлаг үйлдлээс Аврагчийн арга замаар хайрлаж, золиосолж сурсан хүмүүсийг харж байсан.

Зураг
Christ-with-the-woman-at-the-well

Босоод, алх, Харри Андэрсэн

Бид бусдад өгч, анхаарал халамж тавьж, нигүүлсэнгүй, сайхан сэтгэлээр хандах замыг сонгож, дагахын хэрээр энэ бүхнийг хийх нь сайн мэдээний хувьд сонголт биш, харин ч амин чухал хэсэг нь гэдгийг ойлгож эхэлдэг. Биднээс ёс журамтай, үнэнч, аминч бус үзэлтэй, боловсон харьцаатай, сайн мэдрэмжтэй байхыг хүсдэг. Эцсийн эцэст бидний ямар хүн байх, юугаа өгөхөд бэлэн байх нь хамгийн чухал. … Энэ нь бидний Их Эзэний удирдамжийг судлан, хүлээн авахдаа өдөр бүр, цаг тутам гаргаж байдаг шийдвэр юм.

Аврагчийг цовдлуулан, амилж, тэнгэр өөд аваачигдсаны дараа Түүний итгэлийг хөсөрдүүлж байсан Петрээр удирдуулан үлдсэн шавь нарт нь нэгэн зүйл тохиолдсон билээ. Пентекостын буюу Сүнс ирсэн өдөр итгэлдээ эргэлзэж байсан хүмүүс хүчирхэг гэрчлэлтэй болж, гэрчлэн зогсож байсан. Үйлс номын 1–5-р бүлэгт энэ түүхийг өгүүлдэг. 5-р бүлгийн сүүлийн шүлгүүд хүчтэй нөлөө үзүүлдэг юм. Гамалиел шавь нарт дахин нэг боломж олгож, хугацаа өгөхийг зөвлөлийнхнөөсөө хүссэн байв. Тиймээс тэдэнд Христийн тухай зааж, номлохоо зогсоохыг тушааж, дахин нэг удаа ташуурдаад, сулласан гэнэ. Тэд Христийн нэрийн төлөө доромжлогдон зовох нь зохистой гэж үзэгдэх болсондоо баярлалдан зөвлөлөөс гарч явав. Дараа нь, “өдөр бүр сүм дотор, бас айлаас айлд, Есүс бол Христ гэдгийг сургаж тунхагласаар байв” (Үйлс 5:42) хэмээн цэдэглэсэн байдаг.

Үүний адил 3 Нифай 17:3-т “Тиймийн тул, та нар гэр гэртээ харьцгаа, мөн миний хэлсэн зүйлсийг эргэцүүлж, мөн, та нар ойлгож, мөн би та нарт дахин ирэх маргаашийн төлөө оюун санаагаа бэлтгэж болохын тулд миний нэрээр Эцэгээс асуу” гэж цэдэглэсэн шиг бид сүнсээрээ ариун сүмээс гарч явах үед ямар нэгэн зүйл тохиолдох ёстой.

Ариун сүм дэх шүтлэг бишрэлийн цэвэршүүлэгч хүч

Цэвэршүүлэгч сүнс нь биднийг Их Эзэний алхалж, гэрэлтүүлсэн замыг онцгой байдлаар таньж мэдэн, Түүнийг хайрлаж мөн хайр, ах дүүгийн барилдлагыг үзүүлдэг, Их Эзэний хүслийн дагуу бусдад үйлчилж, хуваалцаж, хайрлаж, зөв жишгүүдэд үнэнч байж, Бурханы хаант улсыг бүхнээс өмнө эрэлхийлдэг шинэ хүн болоход нөлөөлдөг билээ.

Бид гэр бүлийнхээ амьдралыг цэвэршүүлэн, гэр орноо өдөр бүр Есүс Христийн тухай “зааж мөн номлодог,” Түүнийг үргэлж дагадаг газар болгох хэрэгтэй. Бид суралцаж, амин хувиа хичээлгүйгээр үйлчлэлийг гэр орон, гэр бүл, хувийн амьдралынхаа төв болгох хэрэгтэй. Рүфүс Жонсын хэлснээр “Гэгээнтнүүдийг зөвхөн тэнгэр элчийн гэрэлт цагариг өгөхийн тулд мөн дотоод сэтгэл хөдлөлийг мэдрэхийн тулд бий болгодоггүй. Тэднийг гэрэл, хүч төвлөрүүлсэн оргил болгохын тулд бий болгодог. Жинхэнэ гэгээнтэн бол сайн эх, сайн хөрш, нийгэм дэх бүтээлч хүч, таатай уур амьсгал, адислал байдаг юм. Жинхэнэ гэгээнтэн бол тэнгэрт бүрэн хэрэгжих амьдралыг зарим байдлаар тодорхой харуулдаг, эрч хүчтэй Христэд итгэгчийг хэлнэ.”1

Миний хувьд юу ариун сүмийн болон ариун сүмд шүтэн бишрэхийн тодорхой бөгөөд чухал түлхүүр болохыг бодож үзэцгээе. 1836 онд Их Эзэн бошиглогч Иосеф Смитэд Көртландын ариун сүмийг онцгойлон адислах залбирлаар илчлэлт өгсөн билээ. Энэ залбирал дараа нь Сургаал ба Гэрээний 109-р хэсэг болсон. Ариун сүмийн үндсэн ач холбогдлыг ойлгохыг чин сэтгэлээсээ хүссэн хүн үүнийг, ялангуяа эхний сэтгэл хөдлөм 24 шүлгийг дахин дахин сайтар унших хэрэгтэй. 5-р шүлэг бол гүн гүнзгий судлах шаардлагатай гайхалтай мэдэгдэл юм. “Учир нь агуу их гай зовлон үзэж байж энэ ажлыг хийснийг та мэдэх билээ, Хүний Хүү өөрийнхөө хүмүүст өөрийгөө үзүүлж болох газартай байж болохын тулд бид ядуу зүдүү байдлаасаа өөрсдийн эд хөрөнгийг таны нэрэнд өргөө барихад өргөсөн билээ” (С ба Г 109:5; тодотгол нэмэгдсэн).

Тэр ариун сүмд байх хүмүүстээ Өөрийгөө хэрхэн үзүүлэх вэ?

Голдуу энэ нь ариун сүмийн зарчим, ёслол, гэрээнүүдийн сэтгэл татам, маргашгүй үнэн байдал, ариун сүмийн шүтлэг бишрэл, оюун бодол, зүрх сэтгэлээ нийцүүлсэн байдал, суралцаж Христийнхтэй адил үзэл баримтлал руу амьдралаа хөтлөх тэвчээр, хүсэл эрмэлзэлтэй хүмүүс хүртэх боломжтой илчлэлт, Сүнсний бусад адислал зэргээр дамжуулан боломжтой гэдэгт би итгэдэг (3 Нифай 27:21, 27-г үзнэ үү).

Миний хэлэх нэг жишээ Их Эзэний ариун сүмд тууштай үйлчилдэг хүмүүст ирдэг сүнслэг хүч чадлыг хангалттай харуулах юм. Би нэгэн өглөө гэрээсээ гарч, ариун сүмд очих замдаа зузаан гэгч орсон цасан дундуур зам гарган явах боломжтой байсандаа талархсаар 4:30-ын үед ариун сүмд ирэв. Нэгэн тусгаар өрөөнд таягаа налан, бодлогошронгуй суух, гүнээ хүндэлдэг, нэгэн настай найзтайгаа санаандгүй тааралдав. Тэр миний өмссөнтэй адил цагаан өнгийн, ариун сүмийн ажилтнуудын хувцсыг өмссөн байлаа. Би түүнтэй баярлан мэндэлж, өглөө үүрээр юу хийж байгааг нь асуув.

Тэр “Ерөнхийлөгч Хэнкс, та намайг энд юу хийж байгааг мэдэж байгаа шүү дээ. Би энд үүргээ биелүүлэхээр ирсэн ариун сүмийн ажилтан” гэв.

“Би мэдэж байна л даа. Гэхдээ таныг энэ цасан шуурганаар энд яаж ирсэн гэдэгт л гайхаж байна. Би сая радиогоор Парлигийн хавцлыг хааж, бүх хөдөлгөөнийг зогсоосон гэж сонссон” гэж хэллээ.

Тэр “Надад мод руу ч мацаж чадах дөрвөн дугуйт байгаа шүү” гэв.

“Надад ч бас байгаа, байгаагүй бол би энд ирж чадахгүй байх байсан. Гэхдээ би эндээс хэдхэн километрийн зайд амьдардаг” гэж би хэлэв.

Тэгээд би түүнээс мэдээгээр хаагдсан гэж зарласан энэ хавцлаар хэрхэн гарч ирснийг асуув. Түүний хариулт анх удаа гадасны чуулганы хурлын өмнө нэгэн оройг хамт өнгөрүүлэх боломж олдох үед мориндоо мордож байхыг нь харж буй мэт эрүүл чийрэг, хүчтэй фермийн эзэн, гадасны ерөнхийлөгчийн амнаас гарах ердийн хариулт биш байлаа. Өндөр нас, үе мөчний өвчин нь түүнийг бөгтийлгөн жижгэрүүлж, амийг нь авч одоход тун ойртсон байв. Түүний хувьд хөдлөх нь маш зовиуртай байлаа. Тэрээр “Ерөнхийлөгч Хэнкс ээ, би тэр замын цагдаа нарын ихэнхийг төрсөн цагаас нь эхлэн мэднэ. Тэд намайг гарч явах ёстойг, шаардлагатай бол дээгүүр нь дайраад ч хамаагүй гарна гэдгийг мэдэж байгаа. Тэд миний машиныг мөн намайг ямар туршлагатайг мэдэж байгаа болохоор явуулах шаардлагатай гэж үзээд, хаалтаа зүгээр л холдуулсан даа” гэж хариулав.

Тэр өглөө эрт, яг цагтаа өөрийн ариун үүрэгт ажлыг эхлүүлэхээр итгэл төгс, үнэнч зогсож байсан. Яг ийм итгэлтэй, шүтлэг бишрэлтэй хүмүүсийг бий болгон хөгжүүлэхэд ариун сүм тусалдаг юм.

Эшлэл

  1. Rufus Jones Speaks to Our Time (1961), 199.

Хэвлэх