Надад сайн мэдээг танилцуулсанд баярлалаа
Скотт Эдгар, АНУ, Юта
Манай гэр бүл 1980-аад оны эхээр Баруун Германд амьдардаг байсан бөгөөд бид Германы Кайзерслаутерны цэргийн албан хаагчдын гадасны гишүүн байв. Тухайн үед манай орон нутгийн удирдагчид номлолын ажилд онцгой анхаарал хандуулж байлаа. Их Эзэн Есүс Христийн сайн мэдээг эрэлхийлж буй сонгогдсон сүнсэн хүүхдүүдийн зарим нь бидний найзуудын дунд байгаа гэж бидэнд хэлдэг байв.
Миний эхнэр Жэнни бид хоёр үүнийг үнэн гэдэгт итгэж байсан. Удирдагчид маань хүн бүрийг сайн мэдээг сонирхон сонсож магадгүй гэж бодож байгаа гишүүн бус найз нөхдөө тодорхойлоход урамшуулан дэмжсэн юм. Бид арваад хүний нэрийн жагсаалт гаргаад, жагсаалт дахь найзуудынхаа талаар мацаг барьж, залбирч, хэнтэй нь эхлээд ажиллах ёстойгоо шийдэх ёстой байв. Бид надтай хамт ажилладаг байсан хоёр эрэгтэйтэй холбоо барихаар шийдсэн. Эхлээд би Крис гэдэг ганц бие залуутай ярилцаж үзсэн ч тухайн үед тэр нэг их сонирхсонгүй. Дараа нь бид сайн бас сайхан сэтгэлтэй Брүс Хамбигийн залуухан гэр бүлтэй уулзахаар шийдэв.
Хэдэн өдөр өнгөрсөн ч би түүнтэй сайн мэдээний тухай ярина гэхээс тэвдэж байлаа. Эцэст нь, нэг өдөр Жэнни миний ажлын өрөө рүү залгаад, “Чи Брүстэй ярилцсан уу” гэж надаас асуув. Би “Үгүй ээ, гэхдээ удахгүй ярина аа” гэж хариулав. Түүнийг дараа нь Брүс ажлын өрөөндөө байгаа эсэхийг асуухад би түүнийг байна гэж хэлэв. Яг тэр үед эхнэр минь “Скотт, утсаа тавьчих. Би чамайг түүнтэй ярилцтал хүлээж байя!” гэж хэлэв.
Би ч утсаа тавиад, Брүс рүү сандарсхийн дөхөж очоод, “Брүс, та намайг Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүн гэдгийг мэдэх үү” гэж асуув. Түүнийг тийм ээ гэж хариулахад нь би “Та Сүмийн талаар илүү ихийг мэдмээр байна уу?” гэж асуув. Тэрээр “Тийм ээ, би мэдмээр байна” гэж хариуллаа.
Дараагийн хэдэн долоо хоногийн турш Брүс эхнэр Элла, охин Таня хоёрынхоо хамт манай гэрт оройн хоолонд уригдан ирж, номлогчидтой уулзав. Тэд хичээл заалгаж, сүмийн цуглаануудад бидэнтэй хамт оролцон, сайн мэдээг хүлээн авч, баптисм хүртсэн билээ. Тэр өдөр ер бусын сайхан, аз жаргалтай өдөр байсан. Брүс гэр бүлд нь сайн мэдээг танилцуулсанд бидэнд талархаж байлаа. Хамт ажилладаг Крис хүртэл баптисмд нь оролцож, сэтгэл нь хөдөлсөн байв. Дараа нь Брүс, Элла хоёр Крист сайн мэдээг танилцуулахыг хүссэн билээ. Тэдний тусламжтайгаар Крис номлогчдоос хичээл авч, Сүмд нэгдсэн.