2016
Гэртээ хугацаанаасаа өмнө эргэж ирсэн асуудлаа шийдэх нь
2016 оны 7-р сар


Гэртээ хугацаанаасаа өмнө эргэж ирсэн асуудлаа шийдэх нь

Зохиогч нь АНУ-ын Ютад амьдардаг.

Эрүүл мэндийн шалтгаанаар номлолын хугацаагаа дуусгалгүй буух нь сэтгэл гонсойлгосон явдал байж болох юм. Миний хувьд тийм л байсан. Гэхдээ та үүнийг ухрах биш, харин урагшлах алхам болгон хувиргаж чадна.

sister-missionary-returning-home

Гэрэл зургийг Колин Лигэрвүүд

Аав томилолтоор явсан байсан тул намайг онгоцноос доголсоор бууж ирэхэд ээжээс өөр хэн ч тосоогүй юм. Ээж намайг тэврэн, бид хамтдаа уйлав.

Би эрүүл мэндийн олон шинжилгээ хийлгэсэн боловч эмч нар ямар ч асуудал олж илрүүлээгүй. Номлогчийн нэрийн тэмдгээ хугацаанаасаа есөн сарын өмнө авсан нь миний амьдралдаа хийж байсан хамгийн хэцүү зүйл байлаа. Би номлолоо дуусгаж чадаагүй учраас өөрийгөө бүтэлгүй хүн гэж бодох болов.

Номлогч байх утга учир

Би номлогч болохыг үргэлж төлөвлөдөг байсан. Ахыгаа номлолд гарахад нь би гараараа хийсэн номлогчийн нэрийн тэмдгээ зүүж, түүнийг гаргаж өгч байлаа. 2012 онд номлогчийн нас өөрчлөгдсөнийг зарлах үед би дөнгөж 19 нас хүрсэн байсан бөгөөд тэр зарлал миний залбирлын хариулт байсан гэдгийг мэдэж байв. Би өрөөндөө бүжиглэн, тэр өдөртөө номлолынхоо маягтыг бөглөж, эрүүл мэндийн үзлэгт орох цаг авч, долоо хоногийн дотор номлолын бичиг баримтаа явуулсан билээ. Хоёр долоо хоногийн дараа би Калифорнийн Анахайм Номлолд үйлчлэх дуудлагаа хүлээн авч, хоёр сарын дараа номлогчийг бэлтгэх төвд очсон.

Би номлолын талбарт ирэхдээ “шинэ номлогчийн” эрч хүчээр дүүрэн байсан бөгөөд хэзээ ч хурдаа сааруулахгүй гэж төлөвлөж байлаа. Сургагч бид хоёр заахдаа маш их баярладаг байсан учраас заримдаа хичээл рүүгээ гүйдэг байсан юм. Миний хувьд бүрэн цагийн номлогч байх нь усанд сэлж байгаа загас адил энгийн зүйл байв. Заримдаа хүнд хэцүү байсан ч миний хувьд номлогч байхаас илүү гайхалтай зүйл гэж байсангүй.

Номлолдоо ирээд найман сар орчим болж байтал автомашин хүрэлцэхгүй болсон тул хамтрагч бид хоёрт дугуй өгөв. Би дугуй унаагүй их удсан бөгөөд яаж юбкатай дугуй унахаа сайн мэдэхгүй байсан ч баяртай байлаа. Хэдэн долоо хоногийн дараа миний хажуу талд үе үе өвддөг болж эхлэв. Би тоолгүй, ажилласаар байсан.

Өвчин даамжирсаар улам бүр ойр ойрхон хүчтэй өвддөг болж, нэгэн орой хамтрагч минь намайг яаралтай тусламжийн өрөөнд хүргэв. Би эрүүл мэндийн олон шинжилгээ өгсөн ч эмч нар миний өвчний шалтгааныг тогтоож чадсангүй.

Дараагийн долоо хоногуудад би өвчнөөс салгаж өгөхийг Тэнгэрлэг Эцэгээс залбиран гуйж, хэд хэдэн удаа санваарын адислал хүлээн авсан ч өвчин улам хүндэрсээр, яаж ч эвтэйхэн хөдөлсөн өвдсөөр л байлаа. Гэвч би үүнд дасан зохицохыг хичээн, үргэлжлүүлэн ажилласаар байв.

Нэг өдөр би замын хажуу тал руу муужран унаж, хөдөлж ч чадахгүй болов. Намайг эмнэлэгт хүргэж, шинжилгээ хийсэн ч дахин ямар ч өвчин илэрсэнгүй. Би хөдөлгөөнөө багасгаж, хамтрагчтайгаа автобусны буудлын сандал дээр сууж, хүмүүст автобусаа хүлээж байх хооронд нь заахыг хичээж байлаа. Хичээл заах үед өвдвөл амаа жимийн суудаг байв. Эцэст нь өөрийгөө дэндүү их хүчилснээс дахиад л эмнэлэгт хүргэгдсэн юм. Номлолдоо үлдвэл би өөрийгөө бүрмөсөн үгүй хийх юм байна гэдгээ ухаарав. Ихэд залбирсны эцэст би эрүүл мэндийн асуудлаа шийдвэрлэхийн тулд гэртээ харих нь зүйтэй гэсэн хариулт хүлээн авлаа.

Урагшлах алхам

young-adult-studying-scriptures-with-family

Гэртээ бүрмөсөн ирсэн гэдгээ ухаарах нь миний хувьд сэтгэл зүйн хүнд цохилт болсон юм. Гэсэн хэдий ч би итгэлээ тордож, судар судлахын тулд хамгийн сайнаараа хичээж байлаа. Манай гэрийнхэн энэ бүхнийг хүндээр тусгаж аваагүй ч эргэн тойрны хүмүүс миний нөхцөл байдалд хэрхэн хандахыг сайн мэдэхгүй байв. Тэд надаас юу болсныг асууж шалгаасаар байсан бөгөөд заримдаа надад сэтгэлийн хөдөлгөөнөө барихад хэцүү байлаа. Гэтэл нэг хүн над руу санаандгүй утасдаж, түүний хүү олон жилийн өмнө номлолоосоо хугацаанаасаа өмнө бууж, гэртээ ирсэн гэж хэлэв. Тэрээр энэ сорилт миний итгэл, аз жаргалыг үгүй хийж болзошгүй бөгөөд хугацаанаасаа өмнө эргэж ирсэн олон номлогчид ийм зүйл тохиолдсон гэдгийг надад хэлж билээ. Тэр надад, “Чи зөв шударга амьдрахыг хичээж л байвал юу ч болж байсан үргэлж нэг алхам урагшилна гэдгээ санаж байгаарай” гэж хэлсэн юм.

Энэ үг миний уриа болсон бөгөөд дараа жил нь үүн дээр ихэд төвлөрөн ажилласан билээ. Найман сарын турш би бараг алхаж чадахгүй байсан ч гэртээ хугацаанаасаа өмнө эргэж ирснийг хүмүүс олж мэдээд, намайг шүүсэн хэвээр л байлаа. Тэд эрүүл мэндээрээ надаас муу байсан ч гэсэн номлолоо хийж дуусгасан олон хүн байдаг гэж хэлж байв. Тэд намайг эрүүл мэндийн асуудалтай байсан ч яагаад номлолоо дуусгаж чадаагүй гэдгийг ойлгохгүй байлаа. Би номлолдоо их хайртай байсан тул ийм зүйл сонсох нь хэцүү байсан ч Тэнгэрлэг Эцэг ямар нэгэн зорилгоор ийнхүү зовоож байгаа, энэ нь намайг нэг шат урагшлуулна гэдэгт итгэж байсан юм.

Би сургуульдаа дахин явж, бас болзож эхлэв. Би өөрийнхөө өсөж хөгжиж байгааг харж байсан ч номлол маань гашуун дурсамжтай л байх нь дээ гэж үргэлж бодогддог байлаа. Тэр үед найз маань надад Аврагчийн Цагаатгал бүх өвчин, хорслыг анагааж чадна гэдгийг сануулсан билээ. Түүний туслалцаатайгаар би номлолынхоо талаар баяр хөөртэй дурсах боломжтой байв.

Би өвдөг сөгдөн, Тэнгэрлэг Эцэгтээ залбирсан. Би өөрийн өвчин зовлон, эдгэрч тайтгарахын тулд гаргаж байгаа хичээл зүтгэлээ хэлж, миний мэдэрч буй хорсол гашуудлыг авч хаяхыг гуйсан юм. Залбирсны дараа Их Эзэн нүдийг минь нээж, надад номлолыг маань Өөрийнхөө нүдээр харуулсан билээ. Миний үйлчлэл, хугацаанаасаа өмнө эргэж ирсэн зэрэг нь Их Эзэний хүсэж буй хүн болоход туслах Түүний төлөвлөгөөний нэг хэсэг байсан. Намайг гэртээ ирснээс хойш Түүний өгсөн гайхамшгуудыг би олж харж чадсан. Энэ нь хэцүү зам байсан ч Бурхан надад хамгийн сайн сайхныг хүсдэг гэдгийг мэдэх учраас би гэртээ хугацаанаасаа өмнө эргэж ирснээ сэтгэл амар дурсаж чаддаг болсон юм.