Ахлагч Дэйл Г.Рэнланд: Дуулгавартай үйлчлэгч
Тухайн үед Дэйл Рэнланд, Рут Рэнланд хоёроос илүү завгүй амьдралтай хүн байгаагүй байх. Тэд гучин нас хүрээгүй байхдаа АНУ-ын Мэриланд мужийн Балтиморт амьдарч байв. Дэйл Ютагийн Их Сургуулийн Анагаахын сургуулийг төгссөн байлаа. Тэрээр шаардлага өндөртэй, нэр хүндтэй Жон Хопкинсийн Анагаахын сургуульд дадлагажихаар Руттай хамт улсын нэг захаас нөгөө зах руу нүүжээ. Тэд Ашлий гэдэг хөөрхөн бяцхан охинтой байв. Хайрт эхнэр Рут нь хорт хавдрын эмчилгээ хийлгэж байсан ч Дэйл бишопоор үйлчлэх дуудлагыг дуулгавартай хүлээн авсан байна.
Дэйл тойргийнхоо гишүүдийн гэрт айлчлахдаа заримдаа Ашлийгаа дагуулан явдаг байв. Нэгэн өдөр тэд идэвх султай гишүүний гэрт айлчлан очжээ. “Надтай хамт яваа энэ хөөрхөн охиныг хэн ч үүднээсээ буцаахгүй гэдгийг би мэддэг байлаа” хэмээн ахлагч Рэнланд дурссан байдаг. Өмнө нь бишоп Рэнландийн зөвлөхийг үүднээсээ ууртай хөөн явуулсан хүний хаалгыг тэрээр тогшжээ.
Хаалгаа бүхэлд нь тэгнэн, том биетэй эр үүдээ нээж, бишоп Рэнландийг цоо ширтэв. Гэтэл дөрвөн настай Ашлий “Биднийг оруулах юм уу, үгүй юм уу?” гэж пал хийтэл хэлэх нь тэр.
Гайхалтай нь өнөөх эр “Тэгэхээс дээ. Дотогшоо орцгоо” гэв.
Тэднийг гэрт орж суусны дараа уг эр бишоп Рэнландад Сүм үнэн гэдэгт итгэдэггүй бас Есүс Христэд итгэдэггүй гэдгээ хэлжээ. Тэрээр Ашлийг тоглоом тоглож байх хооронд бухимдангуй ярьсаар байв. Эцэст нь Ашлий сандлаасаа босоод, гараа аавынхаа чихэн дээр тавин, “Аав аа, түүнд үнэнийг хэлж өг” гэж дуулдахуйц шивнэлээ.
Бишоп Рэнланд ч охиныхоо хэлснээр хийж, уг эртэй гэрчлэлээ хуваалцсан байна. Тэр “Түүний хандлага зөөлөрч, Сүнс түүний гэрт орж ирсэн” хэмээн дурссан байдаг.
Одоо Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүний хувьд ахлагч Рэнланд бүх дэлхийд үнэнийг хэлэх боломжтой болж байна (С ба Г 107:23-ыг үзнэ үү). Ахлагч Рэнланд “Хамгийн агуу баяр баясал нь хаа газрын хүмүүсийн амьдралд Христийн Цагаатгалыг авчрахад туслах үед ирдэг. Надад энэ дуудлага энэхүү ажлыг бүхий л дэлхийд, илүү өргөн хүрээнд, илүү олон газарт хүрч хийх боломжийг Христийн гэрчийн хувьд олгож байна гэж бодож байна” гэж хэлсэн.
Скандинав хүмүүжил
Дэйл Гуннар Рэнланд нь 1952 оны 11-р сарын 3-нд АНУ-ын Юта мужийн Солт Лэйк хотод төржээ. Тэр ах, эгч, дүү нартайгаа швед хэлээр ярьж өссөн байна. Тэдний ээж Мариана Андэрссон нь Шведээс, харин аав Матс Акэ Рэнланд нь Финляндын баруун зүгт байх швед хэлтэй хотоос ирсэн байв. Тэд 1950 онд Шведээс Юта руу цагаачлан ирсэн байжээ.
Дэйлийн эцэг эх Стокгольмын сүмд танилцсан аж. Тэд гэрлэхээр шийдсэнийхээ дараа зөвхөн ариун сүмд гэрлэх болзол тавьсан байлаа. Тухайн үед Европт ариун сүм байгаагүй тул (Швейцарийн Берний ариун сүм 1955 онд онцгойлон адислагдсан) хосууд Солт Лэйкийн ариун сүмд лацдан холбогдохын тулд Ютад ирсэн байна.
Ахлагч Рэнландийн дүү Линда С.Маурэр, түүнээс долоон насаар дүү бөгөөд аав ээжийнхээ талаар дурсахдаа дөрвөн хүүхэд нь өсөж том болохын хэрээр “эцэг эх нь сайн мэдээнээс болон ариун сүмийн гэрлэлтээс ирэх адислалаас хүртэхийн тулд ямар ч англи хэлний мэдлэггүй, бараг ямар ч дэмжлэг туслалцаагүйгээр өөр улсыг зорьсон нь тэдний ямар их гайхалтай, итгэлтэй байсныг ойлгуулсан” хэмээн хэлсэн байдаг.
Дэйлийг 11 настай байхад чадварлаг мужаан, барилгачин аав нь Шведэд барилгын номлогчоор гурван жил ажиллах болсон байна. Тэд гэр бүлээрээ Финляндын Хельсинкэд мөн Шведийн Готенбургт амьдарч байжээ. Тэд Сүмийн жижигхэн салбарт явж, хүүхдүүд нь Шведийн энгийн сургуульд сурдаг байлаа. Дэйлээс нэг насаар дүү Анита М.Рэнланд “Хэдийгээр бид гэртээ шведээр ярьдаг байсан ч хэл зүйн ба зөв бичгийн дүрэм мэддэггүй байсан болохоор энэ нь эхлээд бидэнд хүчтэй цохилт болсон юм” хэмээн шилжин суурьшихад ямар хэцүү байсан тухайгаа дурсжээ.
Бага насандаа Дэйл Мормоны Номыг уншсаныхаа дараа, гэрчлэлийг нь хүчирхэгжүүлсэн туршлагыг олж авсан ажээ. Швед дэх номлолын ерөнхийлөгч Аароны санваартан хөвгүүдийг Мормоны Номыг уншихад урьсан бөгөөд тухайн үед 12 настай байсан Дэйлийн ах Гари урилгыг хүлээн авсан байна. Арваннэгэн настай байсан Дэйл ч гэсэн урилгыг хүлээн авсан байлаа. Тэр Мормоны Номыг уншсаныхаа дараа, уг ном үнэн эсэхийг мэдэхээр залбиран асуужээ. Ахлагч Рэнланд энэхүү үйл явдлын талаар хэлэхдээ: “‘Би чамд үнэн гэдгийг энэ бүх хугацаанд хэлээд л байсан шүү дээ’ гэсэн маш тодорхой мэдрэмж надад төрсөн. Энэ нь миний хувьд гайхамшигтай үйл явдал байсан” хэмээн өгүүлжээ.
Гэр бүлээрээ Америкийн Нэгдсэн Улсад дахин очиж, нүүж ирснийхээ дараа ч гэсэн Дэйл болон түүний ах Гари, дүү Анита, Линда нар хоорондоо шведээр ярьж, залбирдаг байсан гэдгээ дурдсан байдаг. Түүнээс гадна тэдний эцэг эх судрын мэдлэгийг ихэд чухалчлан авч үздэг байсныг онцлон хэлжээ. Тэд “Аав ээжтэйгээ үзэл бодлоо илэрхийлэхдээ судар ашиглах нь хамгийн оновчтой арга зам байсан” хэмээн хэлсэн юм. Анита “Судрын мэдлэгтэй байх нь бидний хувьд сонголт байгаагүй бөгөөд гэр бүл дотроо амьд гарах цорын ганц арга зам байв” хэмээн хошигнон хэлжээ.
Хамгийн гайхалтай нь Гари, Дэйл хоёр хоёулаа Шведэд, хамтдаа үйлчлэхээр дуудагдсан байв. Тэд хамтрагчид байгаагүй ч хоёр жил гаруй хугацаанд швед хэлнийхээ чадварыг Их Эзэнд үйлчлэхэд ашиглах боломжтой байсан билээ. Номлолд хийх ажил их байсан ч гайхалтай туршлага болсон тухай ахлагч Рэнланд: “Энэ нь Христийн шавь байхын тулд чадах бүхнээ хийх үүрэг амлалт авч, шийдвэр гаргах тухайд миний амьдралыг орвонгоор нь өөрчилсөн зүйл байсан юм” хэмээн хэлсэн байна.
Хамгийн гайхамшигт адислал
Дэйл 1974 онд номлолоосоо буусныхаа дараа Ютагийн Их Сургуульд суралцжээ. Тэр сайн оюутан байсан бөгөөд химийн чиглэлээр бакалаврын зэрэгтэй төгсөв. Ах дүү нар болон найзууд нь түүнийг ямар ч зүйлд бүхий л чадавхаа дайчлан, анхаарлаа төвлөрүүлж, хичээнгүйлэн хөдөлмөрлөж, эцсийг нь хүртэл явдаг гээд одоо ч гэсэн үзүүлдэг зан чанарыг нь дурдсан байдаг. Гари “Тэр миний мэдэх хамгийн хөдөлмөрч хүн” хэмээн дуу алдан хэлсэн юм.
Тойрогтоо Дэйл Рут нэртэй бүсгүйтэй танилцсан байна. Тэр бүсгүй гадасны ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн, дараа нь Далын чуулгад үйлчилсэн Мэрлин Р.Либбэртийн охин байлаа. Дэйл зориг гарган, Рутыг болзоонд урихад, бүсгүй үгүй гэсэн хариу өгсөн ч хэдэн сарын дараа дахин урихад зөвшөөрсөн гэдэг. Харин Рутын санаж байгаагаар, үйл явдал арай өөрөөр өрнөжээ. Ариун ёслолын цуглаан дээр Дэйл номлолынхоо талаар ярьсан нь түүнд гүн сэтгэгдэл төрүүлсэн байв. Тэд дотносон танилцаж, улмаар тэр болзоонд урихад нь баярласан боловч үдэшлэг удирдан зохион байгуулах хэрэгтэй байсан тул зөвшөөрөөгүй байна. Харин дахин болзоонд урихад нь бүсгүй баяртайгаар зөвшөөрчээ.
1977 онд Дэйлийг Ютагийн Их Сургуулийн Анагаахын сургуульд сурч, Рут Солт Лэйк хотын Өмнөд дунд сургуульд багшилж байхад тэд Солт Лэйкийн ариун сүмд гэрлэсэн юм. “Сүмд идэвхтэй байх шийдвэрээс гадна Руттэй гэрлэсэн нь миний амьдралын хамгийн гайхалтай үйл явдал байсан” хэмээн ахлагч Рэнланд ямар ч эргэлзээгүй хэлсэн билээ. Тэдний охин Ашлий 1980 онд буюу ахлагч Рэнландийг Анагаахын сургуулиа төгссөнөөс нэг долоо хоногийн дараа төржээ.
Ахлагч Рэнланд хамгийн эхний сонголт болох Жон Хопкинсийн эмнэлэгт дадлага хийх ажилд тэнцэн, анагаахын боловсролоо үргэлжлүүлэх боломжтой болсондоо баяртай байв. Тэд гэр бүлээрээ Мэриландын Балтимор руу нүүсэн бөгөөд тэрээр тэндээ эмнэлэгт ажиллах болсон юм.
Сорилтууд дунд өсөж хөгжсөн нь
1981 онд Рэнланд эгч өндгөвчний хорт хавдартай гэж оношлогджээ. Тэр хоёр ч удаа мэс засал хийлгэж мөн есөн сарын турш химийн эмчилгээнд орсон байлаа. Рутыг төдийгүй охиноо халамжлан асрах гэж зүдэрч байсан үеийнхээ тухай ахлагч Рэнланд “Миний сэтгэл өвдөн шаналж байсан бөгөөд залбирал маань тэнгэрт хүрэхгүй байгаа мэт санагдаж байлаа” хэмээн дурссан юм.
Тэрээр Рутыг эмнэлгээс гэртээ авчрахад бие нь маш сул байсан ч тэд хамтдаа залбирахыг хүссэн байна. Тэр Рэнланд эгчээс залбирахыг хүсэв. “Түүний хэлсэн хамгийн эхний зүйл бол ‘Тэнгэрлэг Эцэг минь амьдралд юу ч тохиолдсон гэсэн мөнхөд хамтдаа байх боломжийг олгодог санваарын хүчинд баярлалаа’ хэмээх талархлын үг байлаа.’”
Тэр мөчид тэрээр эхнэртээ мөн Бурханд улам нягт ойртсон гэдгээ мэдэрсэн байна. “Би мөнхийн гэр бүлийн талаар ойлгосон зүйлээ одоо зүрх сэтгэлээрээ ойлгодог болсон” хэмээн ахлагч Рэнланд хэлсэн юм. “Рутын өвчин амьдралын маань зүг чигийг өөрчилсөн билээ.”
Өвчнөө бодохгүйн тулд Рэнланд эгч хуулийн сургуульд сурахаар шийджээ. “‘Бид энэ бүхний үр дүнд ямар нэгэн сайн зүйл гаргахгүй бол зүгээр л нэг муу туршлага болно шүү дээ’ гэсэн бодол надад төрж байлаа. Намайг залуудаа хорт хавдар тусаж, ганцхан хүүхэдтэй болно гэж бид төлөвлөөгүй. Мөн миний амьд үлдэх эсэх нь ч эргэлзээтэй байв. Хэдий тийм ч бидэнд хуулийн сургуульд явах нь зөв гэсэн мэдрэмж төрсөн юм” хэмээн Рэнланд эгч хэлсэн юм.
Тэрээр эмчилгээ хийлгэж мөн нөхөр нь дадлагын ажлаа үргэлжлүүлэн хийж байсан ч суралцахаар болжээ.
Балтимор хотын төв хэсгийн бишоп
Ахлагч Рэнландийг гурван жил эмнэлгийн ажилтан байж байгаад зүрх судасны туслах эмч болох үед тэрээр Балтимор тойргийн бишопоор дуудагдах ярилцлагад орсон байна. Тухайн үед Мэриландийн Балтимор гадасны нэгдүгээр зөвлөх байсан Брэнт Пэтти уг ярилцлагыг дурсан санадаг. Түүнийг гадасны ерөнхийлөгч Стэфэн П.Шидлийтэй ярилцах үед хоёуланд нь “Ариун Сүнсний маш хүчтэй мэдрэмж” мэдрэгдсэн байна.
Пэтти ах “тэрээр ажил мэргэжлийн хувьд мөн гэр бүлийн хувьд асуудалтай байсан ч өөрийгөө гайхалтай сайн бишоп болохоо харуулсан” хэмээн дурсжээ. Ахлагч Рэнландийг өнгөрсөн жил Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгад дуудагдахад Балтимор тойргийн гишүүд болон ахлагч Рэнландтай эмнэлэгт хамт ажиллаж байсан хүмүүсийн ихэнх нь хожмын үеийн гэгээнтэн биш байсан ч үнэхээр их баярласан гэдгийг Пэтти ах онцлон тэмдэглэсэн билээ. Тэд түүнийг хайрладаг гэдгээ мөн түүний үйлчлэл, ёс суртахуунт онцгой зан чанарыг хэрхэн бахдан биширдэг болохоо илэрхийлж байлаа.
Ажил мэргэжлийн амжилт ололт
1986 онд Рэнланд эгч Мэриландийн Их Сургуулийн хуулийн сургуулийг төгсөж, харин ахлагч Рэнланд гурван жилийн дотрын эмчийн дадлага, гурван жилийн зүрх судасны туслах эмчийн хөтөлбөрөө дуусган, Ютад эргэн иржээ. Рэнланд эгч Юта мужийн ерөнхий прокурорын газар хуульчаар, харин ахлагч Рэнланд Ютагийн Их Сургуулийн анагаахын багшаар ажилласан байна. Тэрээр 18 жилийн турш Юта мужийн эрхтэн шилжүүлэн суулгах эрх бүхий эмнэлгүүдийн зүрх шилжүүлэн суулгах хөтөлбөрийн удирдагчаар ажилласан билээ.
2000 онд тэр Солт Лэйк хотын Интэрмоунтан эрүүл мэндийн төвийн Зүрх судасны эмгэг ба эмчилгээний хөтөлбөрийн удирдагч болсон. Уг хөтөлбөрт шилжүүлэн суулгах боломжтой зүрхний шахуурга ба бүтэн хиймэл зүрх багтдаг байв. Олон улсад танигдсан зүрхний мэс засалч, анагаах ухааны доктор Доналд Б.Доти бол Рэнланд эмчийн найз бөгөөд ХҮГ эмнэлэгт хамт ажилладаг байжээ. Доти эмч “Тэрээр гайхалтай боловсролтой төдийгүй түүний гүн гүнзгий төвлөрч, удирдан зохион байгуулж, бусдыг өрөвдөн хайрлах чадвар хосгүй билээ” гэж хэлсэн.
Олон жилийн турш Рэнланд эмчтэй хамт ажилласан итгэлтэй католик шашинтан А.Г.Кфоури эмч түүнийг бүс нутгийнхаа урдаа барих зүрх шилжүүлэн суулгах мэргэжилтэн бөгөөд “түүний хүн чанар, чин шударга, даруу төлөв зан, өрөвдөх сэтгэлтэй эн тэнцэх хүн байхгүй” хэмээн тодорхойлжээ. Тэрээр “Рэнланд эмч бол бусдын хамгийн сайхан зан чанарыг гаргаж ирдэг бөгөөд энэ бүхнийг бусдын анхаарлыг таталгүй хийдэг байсан. Тэр бусдыг сайн сонсож, тэдэнд санаа тавьдаг байсан бөгөөд хамтран ажиллагсдаа амжилтад хүргэхийн төлөө ихэд анхаарал тавин сонирхдог байсан” хэмээн хэлсэн билээ. Рэнланд эмч өөрийн үлгэр жишээгээр бусдыг чимээгүйхэн удирддаг байсан бөгөөд хамт ажилладаг хүмүүсийнхээ гэр бүлд үргэлж анхаарал халамж тавьдаг байв.
Рэнланд эмч өвчтөнүүдээ хэрхэн өрөвдөн хайрладаг байсныг Кфоури эмч онцлон тэмдэглэсэн байдаг. Жишээлбэл, өвчтөнд унаа байхгүй бол Рэнланд эмч хол зайг туулан өвчтөний гэрт очиж, түүнийг машиндаа өргөн суулгаж, эмнэлэг рүү авчирдаг байсан байна. Энэ нь хүн бүрийн хийгээд байдаг зүйл биш хэмээн Кфоури эмч хэлжээ.
Далын чуулгад үйлчилсэн нь
Ахлагч Рэнланд Солт Лэйкийн Их Сургуулийн нэгдүгээр гадасны ерөнхийлөгчөөр таван жил үйлчилснийхээ дараа 2000 онд Юта бүс нутгийн Бүсийн далд үйлчлэхээр дуудагдсан билээ. Дараа нь 2009 оны 4-р сард тэр Далын ерөнхий эрх мэдэлтнээр дуудагдсан юм. Түүний анхны дуудлагат ажил нь Сүмийн нэгж бүхий 25 өөр улс оронд Африкийн зүүн өмнөд бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлд үйлчлэх ажил байв.
Рэнланд эгч энэ дуудлагад хэрхэн хариулсан тухайгаа: “Мэдээж гайхсан л даа. Хүмүүс ч гэсэн ‘Та нар ажил мэргэжлийнхээ хамгийн оргил үед нь орхиод явж байна шүү дээ’ гэж хэлж л байсан. Энэ нь хэдийгээр үнэн байсан ч Их Эзэн биднээс ажлаа орхихыг хүсэж байгаа бол яг тэр үед бидний үйлчлэл хэрэгтэй байгаа л бол явах цаг нь болсон гэсэн үг” хэмээн хуваалцжээ.
Ахлагч Рэнланд эхнэрээ баатар хэмээн ярихдаа “Тэр минь агуу их золислол гаргасан” гэж хэлжээ. Рэнланд эгч түүнтэй хамт үйлчлэхийн тулд хуулийн компанийн захирлын ажлаас гадна хэд хэдэн нэр хүндтэй хуулийн зөвлөлд хашиж байсан албаа орхисон. Ахлагч Рэнланд “Бид Африкт ирээд, гэгээнтнүүдээс юу чухал болохыг мэдэж авсан” гэж хэлсэн юм.
Нэгэн ням гарагт тэрээр Конго улсын төв хэсэгт орших гишүүдээс ямар саад бэрхшээл тулгарч байгаа талаар асуухад тэд ямар ч саад бэрхшээлийг бодоод бодоод олоогүй аж. Тэр дахин асуусан байна. Эцэст нь өрөөний арын суудалд сууж байсан нэгэн хижээл насны эр босоод, “Ахлагч Рэнланд аа, бидэнд ямар саад бэрхшээл байж болох вэ дээ? Бидэнд Есүс Христийн сайн мэдээ байгаа шүү дээ” гэж хэлжээ. Ахлагч Рэнланд энэ үйл явдлын тухай эргэцүүлэн бодохдоо “Би өдөр бүр идэх хоолны төлөө залбирдаг, өдөр бүр идэх хоолтой, гэр бүлтэй байгаадаа талархдаг Конго улсын гэгээнтнүүдийн адил болохыг хүсэж байна. Тэдэнд юу ч байхгүй ч гэсэн, тэдэнд бүх зүйл байсан юм” хэмээн тайлбарласан байдаг.
Ахлагч Рэнланд Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлд таван жил ажиллахдаа Африкийн зүүн өмнөд хэсгийн өргөн уудам нутгаар хэдэн мянган удаа аялсан билээ. Уг бүс нутгийн хэд хэдэн улс орон францаар ярьдаг тул тэр франц хэл сурсан байна.
Тухайн үед Африкийн Зүүн өмнөд бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлтэй ажиллах үүрэгт ажил хүлээн авч байсан Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүн ахлагч Жэффри Р.Холланд “Уг бус нутагт болон хүмүүст мөн тэдний хэрэгцээг хангахын тулд ахлагч Рэнландаас илүү өөрийгөө зориулсан хүн байхгүй” гэж хэлжээ. Тэрээр хүмүүсийг таньж мэдэн, ёс заншлыг нь хайрлан хүндэлж, гэгээнтнүүдийг гэтэлгэгч гэрэл рүү очиход нь туслахын тулд асар их хөдөлмөрлөсөн билээ.
Онцгой гэрч болохоор дуудагдсан нь
2015 оны 9-р сарын 29-нд тэр Тэргүүн Зөвлөлийн албанаас гэнэтийн дуудлага хүлээн авчээ. Сүмийн удирдах албаны байранд “Намайг ерөнхийлөгч Томас С.Монсон болон түүний хоёр зөвлөх халуун дулаанаар хүлээн авсан. Биднийг суусны дараа ерөнхийлөгч Монсон над руу хараад, ‘Рэнланд ах аа, бид танд Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүнээр үйлчлэх дуудлагыг өгч байна’ хэмээн хэлэв.”
Ахлагч Рэнланд гайхсан байна. Тэрээр дуудлагыг даруухнаар хүлээн авсан ба “Ерөнхийлөгч Монсон миний сандарч байгааг мэдэрсэн бололтой над руу хараад, ‘Бурхан таныг дуудсан бөгөөд Их Эзэн надад үүнийг мэдүүлсэн’” хэмээн хэлсэн юм.
Ахлагч Рэнланд ажлынхаа өрөөнд эргэн ирж, хаалгаа хаагаад, өвдөг сөгдөн залбирчээ. Сайтар бодсоны эцэст тэрээр эхнэр рүүгээ утасджээ. “Тэр гайхсан хэдий ч Их Эзэнд, Түүний Сүмд болон надад үнэнч болохоо харуулсан юм” хэмээн тэр хэлэв.
Охин Ашлий нь “Аав маань тэнгэрийн адислалыг хүртсэн учраас амжилтад хүрч, бүхэл насаараа дуудлагад үйлчилснээр үүнд бэлтгэгдсэн билээ. Тэр сайхан сэтгэлтэй, хайраар дүүрэн хүн” хэмээн нотлон хэлсэн байна.
Үүнтэй адил ахлагч Рэнландийн ах Гари түүний талаар “тэрээр өөрт тохиолдсон саад бэрхшээлээр болон үйлчлэлээр дамжуулан эртнээс бэлтгэгдсэн юм. Энэ нь үүнээс ч том төлөвлөгөөний нэгээхэн хэсэг бөгөөд түүнийг дэмжин батлах шиг амархан зүйл надад байхгүй” гэж хэлжээ.
Ахлагч Рэнланд хүлээн авсан дуудлага нь ямар нүсэр том болохыг тунгаан бодож хэлэхдээ: “Би өөрийгөө Есүс Христ дэлхийн Аврагч гэдгийг мэдэхээс өөр бусад шалгуурт нийцэхгүй гэж бодож байна. Би Түүнийг амьд гэдгийг, Тэр миний болон та нарын Аврагч гэдгийг гэрчилж чадна. Мөн энэ бүхэн үнэн гэдгийг би мэднэ” гэсэн юм.