АВРАГЧИЙН АРГА БАРИЛААР ЗААХ
Зааж байгаа өсвөр үеийнхнээ ойлгох нь
Зааж байгаа өсвөр үеийнхнийхээ талаар мэдэж авахын тулд хичээж чармайх нь тэднийг хөрвүүлэх үүд хаалгыг нээж өгч чадна.
Олон залууд зааж, зөвлөх үйл явцыг баяр хөөртэй болгож чадах урам зориг, эрч хүч бий. Харин зарим нь өсөж торнихын хэрээр бие махбод нь өөрчлөгдөхөөс эхлэн сургууль дээрх ачаалал, сайн мэдээний дагуу амьдрахгүй байхыг ятгах соёлын дарамтад дасан зохицох гэх мэт саад бэрхшээлтэй тулгарч байж болно. Өсвөр үеийнхэнд өөрсдийг нь ойлгож, анхаарал тавин халамжилдаг багш нар хэрэгтэй. Тэдэнд суралцах мөн мэдэж авсан зүйлийнхээ дагуу үйлдэх аюулгүй орчныг бүрдүүлдэг зөвлөхүүд хэрэгтэй.
Таныг өсвөр үеийнхэнд Аврагчийн арга барилаар төлөвлөн, бэлтгэж, заах үед тэдний тухай мэдэж байхад тустай хэдэн зүйлийг доор дурдав. Үүнд:
1. Өсвөр үеийнхэн сургаалаас суралцахыг хүсдэг бөгөөд суралцах ч хэрэгтэй. Сайн мэдээний жишгээс улам бүр холдож байгаа дэлхийд өсвөр үеийнхэн мөнхийн үнэнээр өлсөж, цангаж байна. Тэд “тэдгээр зүйлүүдийг байгаагаар нь, мөн тэдгээр зүйлүүдийг үнэхээр байхаар нь” (Иаков 4:13) заалгахыг хүсдэг. Сайн мэдээний сургаалаас дараах зүйлийг олж болно. Та зааж байхдаа судруудаас олж болох сургаал, амьд бошиглогч, төлөөлөгчдийн үгс болон Сүмийн албан ёсны бусад материал дээр анхаарлаа төвлөрүүл. Өсвөр үеийнхнийг эдгээр суралцах материалыг бие дааж судлахад урамшуулан дэмж. Сургаал хүчтэй нөлөө үзүүлдэг (Алма 31:5-ыг үзнэ үү).
2. Өсвөр үеийнхэн хэн болохоо тодорхойлж байгаа хүмүүс юм. Тэд хэн гэдгээ, юу болохыг хүсэж байгаагаа ойлгохыг хичээж байгаа. Тэд ирээдүйн үүрэг хариуцлагаа үүрэхэд бэлтгэгдэж байхдаа Их Эзэн өөрсдөд нь юу төлөвлөсөн байгааг мөн тэднээс хүлээж байгаа бүх зүйлийг хийж чадах эсэхээ мэдэхийг хүсэж байж болох юм. Та эцэг эх, багшийн хувьд тэдэнд ирээдүйдээ итгэх итгэлийг өгч, бэлтгэгдэхэд нь удирдан чиглүүлж чадна. Тэднийг Бурханд илүү ойртож, амьдралаа сайн мэдээний жишгийн дагуу босгоход тусал. Тэдэнд ариун сүмийн ач холбогдол, Бурханы хаант улсыг барьж байгуулахад гүйцэтгэх үүргийг нь заа.
3. Өсвөр үеийнхэн таны анхаарал халамжийг мэддэг. Өсвөр үеийнхнийг сайн мэдээнээс суралцах үйл явцад идэвхтэй оролцуулахын тулд эхлээд та өөрсдийг нь хайрладгаа мөн хувь хүнийх нь хувьд сонирхдог гэдгээ тэдэнд мэдүүлэх хэрэгтэй. Тэднийг сонс. Тэдний эерэг талыг олж харан, үүн дээр суурилж ажилла. Тэдэнд итгэдгээ илэрхийлэхийн зэрэгцээ үнэлдэг гэдгээ мөн хэрэгтэй хүмүүс гэдгийг нь хэлж бай.
4. Өсвөр үеийнхэн олон зүйл сонирхдог. Залуу хүн бүр өөр өөрийн гэсэн онцлогтой. Тэдний хувийн сонирхол, хэрэгцээ, сорилт бэрхшээлийн талаар олж мэд. Тэдэнд хуваарьт цуглаан, хичээл, үйл ажиллагаануудаас гадна хүрч очин туслах хэрэг гарч болно. Та тэднийг таньж мэдсэнээр, Сүнсээр дамжуулан тэдэнд хэрхэн заах арга барилд тань нөлөөлж болох хэрэгцээний талаарх ойлголт, сүнслэг удирдамжийг хүлээн авах болно. Өсвөр үеийнхэн өөрсдийнх нь амьдралыг үнэхээр сонирхож байгааг олж мэдэрвэл зүрх сэтгэл нь таны заах хичээл, гэрчлэлд илүү нээлттэй болдог.
5. Өсвөр үеийнхэн асуултынхаа хариултыг өөрсдөө олж авч чадна. Бүх насны суралцагчид сайн мэдээний ойлголтыг нээн илрүүлэх дуртай байдаг ч энэ нь өсвөр үеийнхэнд үнэт зүйлс, итгэл үнэмшлээ хөгжүүлэхэд нэн чухал үүрэг гүйцэтгэдэг. Сайн мэдээний сургамжийг өөрийн биеэр мэдэж авч, сурсан зүйлийнхээ дагуу амьдрахад үр нөлөө нь урт удаан хугацаанд үлддэг билээ. Та өсвөр үеийнхэнд хариултыг нь өгөхийн оронд тэднийг хариултаа өөрсдөө олж мэдэхэд урьж, урамшуулан дэмжсэн заах арга барилыг ашиглах нь зүйтэй. Энэ нь тэднийг сайн мэдээг заах гол зорилго болох хөрвөлтөд хүргэх болно.
6. Өсвөр үеийнхэн бие биедээ зааж чадна. Өсвөр үеийнхэн зааж байгаа зүйлд хувь нэмрээ оруулах мөн мэддэг зүйлсээ хуваалцах сонирхолтой байдаг. Та үлгэр жишээ, заавраараа дамжуулан тэдэнд Аврагчийн арга барилаар заахаар суралцахад нь тусалж чадна. Тэд эхлээд таны удирдлага дор хичээлийн нэг хэсгийг зааж эсвэл богино хэмжээний хэлэлцүүлэг удирдан явуулж болно. Туршлага сууж, өөртөө итгэх итгэлээ хөгжүүлснээр тэдэнд бүтэн хичээлийг бие дааж заах боломж гарч болох юм. Өсвөр үеийнхэн бие биеэсээ суралцсанаар үнэ цэнтэй зүйлсийг нь хуваалцдаггүй хүмүүсээс ирэх дарамт шахалтын эсрэг нэг нэгнээ хүчирхэгжүүлэхэд тусална.
7. Өсвөр үеийнхэн удирдах чадварт суралцана. Ангийн болон чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийнхөнд үеийнхнээ удирдах ариун дуудлага оногдсон байдаг. Тэд удирдах туршлагатай байсан ч гэлээ, тэдэнд цуглааныг хэрхэн удирдах, бусдад хэрхэн суралцаж, үйлчлэхэд нь туслах зэрэгт таны удирдамж хэрэгтэй. Өсвөр үеийнхэн гэр орондоо утга учир бүхий үүрэг хариуцлага авсан үед тэдэнд өөр бусад удирдах боломж ч гарч ирэх боломжтой.
8. Өсвөр үеийнхэн эцэг эх, бусад насанд хүрсэн хүнээс үлгэр дуурайл авч суралцдаг. Багшийн хувьд таны гүйцэтгэдэг үүргийн нэгэн чухал хэсэг бол өсвөр үеийнхэн, тэдний удирдагчдын болон эцэг эхийн хоорондын харилцааг хүчирхэгжүүлэхэд туслах явдал юм. Та өсвөр үеийнхэнд олон асуултынхаа хариултыг олж авахад нь тусалж болох ч тэдний зарим асуултад эцэг эх эсвэл удирдагчид нь хариулбал илүү зөв зүйтэй байж болох юм. Залуучуудыг эцэг эх рүү нь хандуулж, гэр бүлийн харилцаа холбоогоо хүчирхэгжүүлэхэд урамшуулан дэмж. Та эцэг эхтэй нь тогтмол холбогдож, ангид судалж байгаа зүйлийнхээ талаар мөн тэдний охид, хөвгүүдээс олж харсан авьяас чадвар, өсөлт хөгжил, эерэг зүйлсийг хуваалцаж бай. Хүүхдүүддээ зааж сургахад хэрхэн тусалж болох талаар тэднээс асуу.
Өсвөр үеийнхнийг хөрвөгдөхөд эцэг эх, багш, удирдагч, зөвлөгч, институтийн багш нар хамтдаа хичээл зүтгэл гаргах шаардлагатай. Та нар хамтран ажилласнаар тус тусдаа гүйцэтгэж чадахаас хавьгүй хүчирхэг суралцах туршлагыг өсвөр үеийнхэнд зориулан бий болгож чадна.