2016
Гэрээнд хүндэтгэлтэй хандсанаар Бурханыг дээдлэх нь
July 2016


Гэрээндээ хүндэтгэлтэй хандсанаар Бурханыг дээдлэх нь

Бурханд итгэх итгэлээс ирдэг хамгийн агуу адислал гэрээгээ сахих замаар Түүнийг дээдлэн хүндлэх үед ирдэг.

Зураг
woman-taking-the-sacrament

1985 онд Ситати эгч бид хоёр Кенийн Найробид Рожэр Ховард гэдэг хүнтэй танилцсан юм. Тэр эхнэр Эйлийнтэйгээ ахмад хос номлогчоор үйлчилж байлаа. Тэд биднийг гэрт нь хийгддэг байсан жижигхэн цуглаандаа оролцохыг урьсан юм. Бид анх удаа Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн цуглаанд оролцож байсан нь энэ байлаа. Бид анхныхаа цуглаан дээр Сүнсийг мэдэрч, түүнээс хойш сүмд ням гараг бүр явдаг болсон.

Хэдхэн сарын дараа Рожэр бидэнд есөн настай хүүтэй минь хамт баптисм хүртээсэн билээ. Удалгүй Рожэр, Эйлийн хоёр ч номлолоо дуусгаж, гэртээ харьсан юм. Бид тэдэнтэй дараагийн хэдэн жил холбоотой байлаа.

2010 оны эхээр Ситати эгч бид хоёрыг Рожэртой дахин уулзах үед тэр бараг 90 нас хүрч байв. Тэр өндөр насыг зооглон, эрүүл мэнд нь муудсан тул тэргэн дээр тулан явж байгаа харагдав. Олон жилийн дараа бид анх удаа бие биеэ харж зогсохдоо үгээр дүрслэн хэлэхийн аргагүй баяр баясгаланг мэдэрч билээ. Биднийг бие биенээ зөөлхөн тэврэх үед нулимс минь урсаж байв. Бид нэг нэгнийгээ байгаад мөн сайн мэдээний гайхамшигтай бэлэгт гүнээ талархаж байлаа. Бид Бурханы хаант улсын иргэдийн хувьд итгэлээрээ нэгдмэл байв.

Энэ сайхан мөчийг таашаан эдэлж байх үед оюун бодолд минь: “Бодгалийн үнэ цэнэ Бурханы мэлмийд агуу гэдгийг санагтун; …

Мөн, хэрэв та нар энэ хүмүүст наманчлалыг тунхаглахад өөрсдийн бүхий л өдрүүдэд хөдөлмөрлөж мөн зөвхөн нэг бодгалийг надад авчрах аваас, миний Эцэгийн хаант улсад түүнтэй хамт та нарын баяр хөөр хичнээн агуу байх билээ!” (С ба Г 18:10, 15) гэсэн судар орж ирсэн юм.

Бурханы агуу адислалын зарим нь бодгалийг Түүний хаант улсад авчрах хүмүүст амлагдсан байдаг. Аврагч “Та нар Намайг сонгоогүй, харин Би та нарыг сонгосон. Та нарыг явж, үр жимс ургуулж та нарын үр жимс үүрд байгаасай гэсэндээ би та нарыг томилсон. Ингэснээр Миний нэрээр та нар Эцэгээс юуг ч гуйсан Тэр та нарт өгөх юм” (Иохан 15:16) хэмээн шууд хэлсэн байдаг.

Рожэр дараа жил нь өөд болсон. Би түүнийг Бурхантай эвтэй нэгэн байсан гэсэн тод томруун мэдрэмж хүлээн авсан билээ. Тэр сайн мэдээг хуваалцсанаар бидний амьдралд гүн гүнзгий нөлөөлсөн юм. Түүний бусдад бүхнээ зориулсан үйлчлэлийн үлгэр жишээ Сүмд үйлчилж байгаа залуу болон ахмад номлогчдын агуу армитай хамт бидний Бурханаа дээдэлдэг нэг арга замыг харуулдаг болно.

Бурхантай хийсэн бидний гэрээт харилцаа

Бид Есүс Христийн сэргээгдсэн Сүмийн гишүүнийхээ ачаар гэрээгээр дамжуулан Тэнгэрлэг Эцэгтэйгээ хувийн харилцаа холбоотой болдог. Гэрээ бүр ёслолоор баталгааждаг ба үүгээр бид гэрээг өөрийн хүслээр хүлээн авч, сахина хэмээн амладаг. Есүс Христ Цагаатгалаараа дамжуулан Түүнд итгэх итгэлээ хөгжүүлэхийн хэрээр гэрээ бүрд хүлээсэн үүргээ биелүүлэх боломжийг бидэнд олгодог.

Бид авралын бүх гэрээ, ёслолыг хийж, сахих замаар Түүнтэй харилцах харилцаагаа улам бүр гүнзгийрүүлэхийн хэрээр Тэнгэрлэг Эцэгээ дээдэлж байдаг билээ. Тэрээр гэрээгээ сахидаг хүмүүсийг Өөрийн Сүнсээр удирдаж мөн хүчирхэгжүүлэн адисалдаг. Дараах зүйлс нь Тэнгэрлэг Эцэгтэй үүсгэж болох хамгийн чухал гэрээт харилцаа болно.

Баптисмын гэрээ

Баптисм нь биднийг Бурхантай хийх хамгийн анхны гэрээт харилцаанд оруулдаг. Бид Бурханы өмнө “[өөрсдийгөө] даруусгах, … харууссан зүрх мөн гэмшсэн сэтгэлтэйгээр … мөн үнэхээр бүх нүглүүдээс наманчилснаа сүмийн өмнө гэрчлэгсэд, … мөн нүглүүдээсээ ангижрахын тулд Христийн Сүнсийг хүлээн авснаа өөрсдийн ажлуудаар үнэнхүү тунхагладаг …” (C ба Г 20:37) үед уг ёслолыг хүлээн эрхтэй болдог билээ.

Бид үйлдлээрээ “эцсээ хүртэл түүнд үйлчлэх шийдвэр төгс, Есүс Христийн нэрийг өөрсөд дээрээ авахад бэлэн” (C ба Г 20:37) гэдгээ харуулан, “нэг нэгнийхээ ачааг хөнгөн байж болохын тулд, мөн гашуудах тэдний хамт гашуудахад, тайтгарал хэрэгтэй тэднийг тайтгаруулахад, мөн ямар ч цагт мөн бүх зүйлд мөн өөрийн байж болох хаана ч гэсэн Бурханы гэрчлэгч болж, үхэлд хүртлээ зогсоход бэлэн” (Moзая 18:8–9) гэдгээ харуулснаар гэрээгээ сахидаг.

Үүний хариуд Бурхан бидэнд Ариун Сүнсний бэлгийг өгдөг бөгөөд үүгээр дамжуулан бид бүх үйлийг удирдан чиглүүлэн, мөнх амьдрал руу хөтлөгч Ариун Сүнсний байнгын нөхөрлөлийг хүлээн авдаг (Moзая 18:9–10-ыг үзнэ үү).

Би баптисм хүртсэнийхээ дараа баяр баясгалан, Сүнсээр дүүрсэн гэдгээ мэдэрсэн бөгөөд үүнийг ялангуяа Бурхантай ойртох бүр дахин дахин мэдэрдэг билээ.

Санваарын тангараг, гэрээ

Баптисмын гэрээгээ сахидаг ах нар санваарын тангараг ба гэрээнд орох эрхтэй болдог. Бид үүнийг толгой дээр гар тавих ёслолоор дамжуулан хүлээн авдаг. Санваарын гэрээ нь Бурханы хүүхдүүдийн авралын төлөө үйлчилнэ гэсэн гэрээ юм. Бид дуудлагаа эрхэмлэн биелүүлж (С ба Г 84:33-ыг үзнэ үү), “бүхий л зүрх сэтгэл, хүчин чадал, оюун хийгээд чадлаараа” (С ба Г 4:2) мөн “итгэл, найдвар, энэрлээр” (С ба Г 4:5) үйлчилснээр Бурханыг дээдэлдэг.

Итгэлтэй санваартнуудад ирдэг Их Эзэний адислалд “биеэ шинэчлэхийн тулд Сүнсээр” (С ба Г 84:33) ариусгагдах нь ордог. Тэд Мосегийн хийгээд Абрахамын адислалын өв залгамжлагч болдог (С ба Г 84:34-ийг үзнэ үү). Хожмын үеийн бошиглогч, төлөөлөгчид бол санваараа эрхэмлэн дээдэлдэг хүмүүсийн сайн үлгэр жишээ мөн. Тэдний амьдрал Их Эзэн тэднийг дээдлэн хүндэлдэг гэдгийг гэрчилдэг.

Ариун сүмийн ёслол, гэрээ

Дээд санваарыг атгадаг зохистой ах болон зохистой эгч нар ариун сүмд ариун нандин ёслолыг хүлээн авч, ариун гэрээнүүд хийх боломжтой. Бид ариун сүмийн ёслол, гэрээгээр дамжуулан энэ амьдралын зорилгыг ойлгож, мөнх амьдралд хэрхэн бэлтгэгдэж болохыг сурдаг. Бид ёслолыг хүлээн авч, мөнхийн гэрлэлтийн болон гэр бүлтэйгээ лацдан холбогдох гэрээнд ордог. Бид Бурханд болон Түүний бүх хүүхдийн төлөө авралын ажилд өөрсдийгөө зориулах болно хэмээн амладаг. Эдгээр гэрээг итгэлтэй сахих нь бидэнд мөнх бус амьдралын зовлон зүдгүүрийг даван туулах сүнслэг удирдамж, хүч чадлыг хүлээн авч, Бурханы хүүхдүүддээ өгч чадах хамгийн агуу адислал болох өргөмжлөлөөс хүртэх эрхийг олгодог (С ба Г 14:7-г үзнэ үү). Өргөмжлөл эсвээс мөнх амьдрал гэдэг нь Тэнгэрлэг Эцэгийнхээ амьдарч буй амьдралаар гэр бүлээрээ амьдрахыг хэлнэ.

Ариун ёслол

Зураг
Jesus-in-Gethsemane

Бүхнээс хамгийн агуу нь, Дэл Парсон

Сүмийн гишүүдийн хувьд Хүндэтгэлийн өдөр болгон ариун ёслолоос зохистой хүртэх нь нэн чухал зүйл юм. Бид энэ ёслолоор дамжуулан Есүс Христийн нэрийг өөрсөд дээрээ авч, хийсэн бүх гэрээгээ сахина гэсэн амлалтаа шинэчлэх хүсэлтэй байгаагаа батлан харуулдаг. Бид үүгээр дамжуулан зөв шударгаар, эцсээ хүртэл тэвчихэд туслах Есүс Христийн Цагаатгалын хүчийг дуудан авчирдаг. Бид үүнчлэн үйлдсэнээр хийсэн бүх гэрээнийхээ бүхий л адислалаас хүртэх эрхтэй болдог.

Зөв хүсэл тэмүүлэл

Гэрээгээ зөрчих нь Бурханыг гомдоож, амлагдсан адислалыг хүчингүй болгодог (C ба Г 82:10-ыг үзнэ үү).

Бид 1 Самуел 2:12–17, 22–34-өөс Елигийн тахилч хөвгүүдийн хийсэн хилэнцэт зүйлсийг мэдэж авдаг. Тэд эцгийнхээ байр суурийг ашиглан санваарынхаа гэрээг зөрчдөг. Тэд эмэгтэй шүтэн бишрэгчидтэйгээ ёс бус явдалд орооцолдон, Израилийн хүмүүсийн тахилын махнаас өөрсдөдөө ёс бусаар авснаар шунал хүслээ гүйцэлдүүлэхийг эрэлхийлдэг байв. Их Эзэн Елигийн хөвгүүдэд мөн хөвгүүдээ хориглоогүйн учир Елид хатуу шийтгэл оноосон юм.

Ийм махан бодийн хүслийг Египетийн Иосефын завхай үл итгэгчтэй нуур тулах үедээ харуулсны адил (Эхлэл 39:9, 12-ыг үзнэ үү) Бурхантай хийсэн гэрээгээ сахих зориг шийдэмгий байдлаар даван туулах боломжтой. Бурхан Иосефыг хүндэлж, түүний эсрэг хийгдсэн бүх хорон муу төлөвлөгөөг даван туулахад тусалсан юм. Тэрээр Египетийн хоёр дахь хамгийн хүчтэй хүн, мөн Израилийн гэр бүлийг авч үлдэхэд зориулагдсан Бурханы мутар дахь зэмсэг болж чадсан (Эхлэл 45:7–8-ыг үзнэ үү).

Хэрэв бид уруу татагдвал Тэнгэрлэг Эцэгтэйгээ харилцаагаа сэргээх гэсэн хүсэл маань биднийг чин сэтгэлийн наманчлал руу хөтөлнө. Харин Аврагч Есүс Христийн Цагаатгал биднийг дахин зохистой болоход тусална.

Бошиглогчдыг дагах нь

Христ Сүмээ байгуулахдаа төлөөлөгч, бошиглогч, евангелист, пастор болон багш нарыг

“Бид бүгд итгэл хийгээд Бурханы Хүүг мэдэх мэдлэгийн нэгдэл хүртэл, төлөвшсөн хүн болтол, Христийн дүүрэн байдлын чанарын хэмжээнд хүртэл” “Христийн биеийг байгуулахын тулд” (Eфес 4:12–13 сонгосон юм.

Амьд бошиглогч, төлөөлөгчид “Их Эзэн Есүс Христийн сургаал дээр үндэслэсэн гэр бүл аз жаргалд хүрнэ гэдэгт итгэж болно. Аз жаргалтай гэрлэлт болон гэр бүлүүд нь итгэл, залбирал, наманчлал, өршөөл, хүндэтгэл, хайр, өрөвч сэтгэл, ажил хөдөлмөр ба гэр бүлээрээ үр бүтээлтэй үйл ажиллагаа зохиох зарчмуудыг баримтлан амьдарна” (“Гэр Бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг” 2010 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 129) хэмээн заадаг.

Бидний гэр орон, гэр бүл гэрээнд суурилсан Бурхантай харилцах хүчирхэг харилцааг бий болгох үндэс суурийг тавьж өгдөг. Амьд бошиглогчдын сүнслэгээр өдөөгдсөн сургаалыг дагах нь бидэнд хүчтэй гэр бүлтэй болж, гэрээгээ сахих хүч чадлыг өгч, итгэлийн хамгийн агуу адислалыг баталгаажуулахад тусална.

Хэвлэх