2016
Өөр үнэт зүйлсийг эрхэмлэдэг хүмүүсийг хайрлах
2016 оны 7-р сар


Бид Христийн тухай ярьдаг

Өөр үнэт зүйлсийг эрхэмлэдэг хүмүүсийг хайрлах

Би хүүхдүүдээ ёс суртахууны өндөр ухамсартай хүмүүс болгон өсгөн хүмүүжүүлэх гэж хичээдэг байлаа. Гэтэл тэдний үлгэр дуурайл болсон хүмүүсийн нэг нь буруу сонголт хийх үед миний хичээнгүйлэн заасан бүхэн замхран алга болох вий гэж би эмээж байв.

mother-with-daughters

Миний хадам эгч Жэний (нэрийг нь өөрчилсөн) сайн мэдээнд өссөн, Сүмийн үнэнч гишүүн байсан. Түүний аз жаргалтай ариун сүмийн гэрлэлт төгсгөл болсны дараа, амьдардаг жижиг тосгоных нь хүмүүс цуурхал тарааж, түүнийг шүүмжилж эхлэв. Тэр олон найз нөхдөөсөө, эцэст нь Сүмээсээ холдсон юм.

Тэр Энди гэдэг залуутай болзож эхлэн, удалгүй хамт амьдрах болов. Би хүүхдүүддээ юу гэж хэлнэ дээ гэж санаа зовж байлаа. Гурван бяцхан охин минь авга эгч Жэнийдээ хайртай байв. Манай гэр бүлүүд ойр дотно байгаад зогсохгүй тэр охидын маань бүжгийн багш байсан учраас тэд долоо хоногт хэд хэдэн удаа уулздаг байсан юм.

Олон сарын турш тэд Эндиг дэндүү олон удаа айлчилж ирээд байна гэж боддог байв. Эцэст нь би Жэний, Энди хоёр хамт амьдарч байгаа гэдгийг тэдэнд хэлэхээс өөр аргагүй болов. Би тэдний хийсэн сонголт ноцтой нүгэл гэдгийг тэдэнд тайлбарлаж өгсөн юм. Охид ойлгож байх шиг санагдсан бөгөөд бидэнд сайн мэдээний зарчмуудын дагуу амьдрахын ач холбогдлын тухай ярилцах гайхалтай боломж олдсон билээ.

Дараа нь байдал муугаар эргэв. Жэний, Энди хоёр хүүхэдтэй болох гэж байгаагаа гэр бүлийнхэндээ баяр хөөртэй зарлалаа. Би энэ мэдээ хүүхдүүдэд хэрхэн нөлөөлөх бол гэдэгт дахиад л санаа зовох болов. Тэнгэрлэг Эцэг хүүхдүүдээ дэлхий дээр авчрахыг хүсдэг арга зам энэ биш гэдгийг тэд ойлгож байгаа болов уу? Хэрэв тэд ийм орчинд байвал энэ нь хүлээн зөвшөөрч болох, энгийн зүйл гэж үздэг болох болов уу?

Би энэ шинэхэн мэдээг хүүхдүүддээ хэлэхийг хүсээгүй учраас хэдэн долоо хоног дотроо шаналсаар явав. Сарын дараа Жэний, Энди хоёр гэрлэх шийдвэр гаргав. Тэд хүсэн хүлээж байсан жирэмслэлтийнхээ тухай яагаад гэрлэснийхээ дараа хэлж болоогүй юм бол?

Дургүйцсэндээ дотор минь буцлах шиг л болж байлаа. Би Жэнийн хийсэн зүйлийг нь биш, харин түүнийг хэрхэн хайрлаж болох вэ? Авга эгчийнхээ хийсэн сонголтыг нь биш, харин түүнийг өөрийг нь үргэлжлүүлэн хайрлахыг хүүхдүүддээ би хэрхэн заах вэ?

Нэгэн өдөр эгч маань тойргийнхоо жирэмсэн болсон залуу эмэгтэйн тухай надад ярив. Тэр залуу эмэгтэй сүмдээ үргэлжлүүлэн явж байгаа бөгөөд удахгүй амьдралд нь тохиох гэж буй үйл явдалд аз жаргалтай, баяр хөөртэй байгаа мэт харагддаг байж. Харин залуу эмэгтэйчүүд түүний нөхцөл байдалд хэт хөнгөн хуумгай хандаж байгаа нь түвэгтэй байлаа.

Харин залуу эмэгтэйн ээжийнх нь айлчлагч багш байсан эгч тэрээр ийм хүнд байдалд хүргэсэн сонголт хийсэндээ хэчнээн олон шөнө шаналж, уйлдаг байсныг мэдэж авчээ. Уг залуу эмэгтэй олон долоо хоногийг зовж тарчлан өнгөрүүлсний дараа, хийсэн үйлдэлдээ гашуудсаар байх уу эсвэл урагш явж, аз жаргалтай байх уу гэдгээ шийдсэн байна. Тэр Христийн цагаатгагч золиослолын ачаар гаргасан шийдвэрийнхээ үр дагаврыг хүлээн зөвшөөрч, наманчлалаар дамжуулан дахин цэвэр болж чадсан юм.

Жэний үүнтэй адил зүйлийг туулсан байх даа гэж би бодов. Тэр хийсэн сонголтондоо харамсаж байгаа ч үр дагаврыг нь өөрчилж чадахгүй тул нөхцөл байдлаа хүлээн зөвшөөрч, урагш явахаар шийдсэн юм болов уу?

Би хатуурхаж шүүсэндээ мөн Есүс Христийн биднээс хүсдэг арга замаар хайрлаж чадаагүйдээ ичиж билээ. Би Аврагчийн амьдралыг эргэцүүлэн бодоход, Тэр үргэлж нүгэлтнүүдэд хүрч очин, Өөрийн үгээр болон үлгэр жишээгээр зааж, тэднийг хайрладаг байсныг санав. Энэ бол зүрх сэтгэлийг зөөллөж, хүмүүсийг өөрчилдөг хайр юм.

Би ихэнхдээ хүмүүсийг зөвхөн зөв гэж үзсэн арга замын маань дагуу үйлдэж байгаа үед л хайрладаг байснаа мөн тэднийг алдаа гаргангуут зүрх сэтгэлдээ буруутгадаг байснаа ойлгосон. Би ямар хоёр нүүртэй байсан юм бэ? Би наманчлах хэрэгтэй гэдгээ ойлгож билээ. Би нүглийг хүлээн зөвшөөрөөгүй ч нүгэлтнийг хайрлаж сурах хэрэгтэй гэдгээ ухаарсан. Эцэст нь би Жэнийд уурлахаа больж, түүнийг дахин чин сэтгэлээсээ хайрлах болов.

Надад хүүхдүүдтэйгээ дахин нэг удаа сайхан ярилцах боломж гарч ирсэн. Би хүүхэдтэй болохоосоо өмнө гэрлэх нь чухал талаар онцлон ярьж билээ. Бид гэр бүлд маань шинэ хүүхэд төрөхийг тэсэн ядан хүлээж байв. Бид Жэнийг дэмжиж, түүний амьдралын энэ онцгой цаг мөчийг хамтдаа хуваалцахыг хүсэж байлаа. Хүүхдүүд минь авга эгч Жэний нь буруу зүйл хийснийг ойлгосон ч түүнийг болон авга ах Эндийгээ хайрласан хэвээр байсан бөгөөд тэдний гайхалтай гэр бүл хэзээ нэгэн өдөр бидний Аврагч, Есүс Христийн дэлгэсэн мутарт эргэн ирэх шийдвэр гаргана гэдэгт итгэдэг.