Аврагчийг дурсан санах нь
Бид ариун ёслолоос хүртэх замаар Есүс Христийг дурсан санах үед агуу адислал ирдэг.
Бид долоо хоног бүр сүмд очихдоо ариун ёслолоос хүртэх боломжоор адислагддаг. Үнэндээ, энэ бол бидний ням гарагт сүмд очдог гол шалтгааны нэг юм. Харин та яагаад ариун ёслол ийм чухал болохыг мэдэх үү? Бид нэг зүйлийг хийхээр амладаг бөгөөд энэ нь Сүмийн хамгийн чухал, ариун нандин ёслолуудын нэг болох Есүс Христийг дурсан санах явдал юм.
Аврагчийг дурсан санах нь ариун ёслолын залбирлын гол хэсэг мөн талаар бодож үз. Эдгээр залбирлаар бид “түүнийг үргэлж санах болно” (С ба Г 20:77, 79) гэж зөвхөн ням гарагт бус харин үргэлж амладаг. Бид Аврагчийг үргэлж санаж байвал бидний амьдрал Түүний жишиг, сургаалыг харуулахын зэрэгцээ амьдралдаа хүчирхэг бөгөөд цааш үргэлжлэх нөлөөг олж авах болно.
Дурсан санах нь нэгэн залууд хэрхэн тусалсан бэ?
Жишээ нь, Бурханы тэнгэр элч залуу Алмаг наманчлалд дуудах үед тэрээр газарт унаж, хэдэн өдрийн турш ярьж бас хөдөлж ч чадаагүй. Энэ үед тэрээр гэм нүглээ санан тарчилж байсан ч дараа нь “дэлхийн нүглүүдийг цагаатгахаар, Бурханы Хүү, Есүс Христ гэгч нэгний ирэлтийн талаар хүмүүст эцгийнхээ бошиглохыг дуулснаа санав.” Мөн тэр цааш нь: “Эдүгээ, миний оюун энэ бодол дээр тогтож тунгаах зуур, би зүрх сэтгэлдээ хашгирч: Ай Есүс, Бурханы Хүү та, шаналлын гүнд буй, мөн үүрдийн үхлийн гинжээр ороогдсон намайг нигүүлсээч гэв. Мөн эдүгээ, болгоогтун, би үүнийг бодмогц, би өвчнөө цаашид санаж чадсангүй” (Алма 36:17–19).
Зөвхөн Христийн тухай бодол нь Алмаг нигүүлслийн төлөө залбирахад хүргэж, энэ нь түүний гэмшлийн мэдрэмжийг арилган, өвчин шаналлыг хөнгөвчилж, наманчлахад тусалсан билээ. Бид Алмагийн адил Христэд амьдралаа хандуулж, сайн мэдээний дагуу амьдарснаар ирдэг баяр баясгаланг мэдэрч чадна. Энэ бүхэн Есүс Христийг болон Түүний Цагаатгалын хүчийг санах бидний сонголтоор эхэлдэг.
Аврагчийг үргэлж санах амлалтаа сахиснаар ирдэг өөр таван адислалыг доор дурдав.
-
Түүний Сүнс бидэнтэй хамт байх болно
Та нар ням гарагт ариун ёслолоос хүртэх үедээ Христийг санаж, зарлигуудыг дагаж мөн өөрсөд дээрээ Түүний нэрийг авбал Түүний Сүнсийг өөрсөдтэйгөө үргэлж хамт байлгах амлалтыг танд сануулдаг. Сорилт бэрхшээлээр дүүрэн дэлхий дээр буруу замд хөтлөгдөхөд амархан. Хэрэв та нар Ариун Сүнсийг өөрсөдтэйгөө хамт байлгавал “Ариун Сүнсний хүчээр та нар бүх зүйлийн үнэнийг мэдэж болно” (Moронай 10:5). Их Эзэний Сүнс та нарын хөтөч байж, та нарыг удирдамж, заавар, хамгаалалтаар адислах болно.
-
Тэр бидэнд уруу таталтыг эсэргүүцэх хүч чадлыг өгнө
Уруу татагдахын эсрэг хамгийн шилдэг, найдвартай хамгаалалт бол бидний Есүс Христэд итгэх итгэл юм (Алма 37:33-ыг үзнэ үү). Бид оюун ухаанаа Христ дээр төвлөрүүлснээр Сатаны худал хуурмагийг ялган таньж, биднийг хуурч мэхлэх гэсэн оролдлогуудыг олж мэдэж чадна. Есүс уруу татагдсан ч хэзээ ч автаагүй учир, бид уруу татагдах үедээ Түүнд найдаж болно. Нифай “[Бурханы үгээс] зууран барих хэн боловч эрсдэх нь үгүй; бас хортны уруу таталтууд хийгээд галт сумнууд, тэднийг устгал уруу удирдахаар тэднийг харалган болгож давамгайлах нь ч үгүй” (1 Нифай 15:24) хэмээн заасан. Бид Аврагчийг мөн Түүний сургаалыг санах үед Тэр биднийг өргөж, уруу таталтын эсрэг хүчирхэгжүүлнэ.
-
Түүний үлгэр жишээ биднийг удирдан чиглүүлнэ
Есүс бидэнд зөвхөн мөнх амьдралд очихын тулд хаашаа явахыг хэлээд зогсохгүй, замыг удирддаг. Тэр “Би бол зам, үнэн, амь мөн” (Иохан 14:6) гэж хэлсэн. Христ бидний төгс жишээ юм. Тэрээр мөнх бус амьдрал дахь тохинууллынхаа үеэр хайр, номхон дөлгөөн байдал, даруу зан, нигүүлслийг зааж, үлгэр жишээ үзүүлсэн. Тэр цагаа бусдад зааж, үйлчилж, хайрлаж өнгөрүүлсэн.
Тэр хийсэн бүх зүйлдээ Эцэгийнхээ хүсэлд дуулгавартай байсан билээ (Иохан 5:30-ыг үзнэ үү). Аврагч бүх зүйлд бидний дагаж амьдрах загварыг үзүүлсэн бөгөөд биднийг Өөрийнх нь үлгэр жишээг дагахад урьдаг.
Хэрэв танд хаашаа явахаа эсвэл юу хийхээ мэдэхгүй үе гарвал Аврагчийг сана. Тэр “Би бол ертөнцийн гэрэл мөн. Намайг дагадаг хүн харанхуй дотор явахгүй, харин амийн гэрэлтэй болно” (Иохан 8:12) хэмээн хэлсэн.
-
Тэр бидэнд бусдад үйлчлэхэд тусална
Есүс үргэлж бусдыг хэрэгцээг Өөрийнхөөсөө дээгүүр тавьдаг байсан. Тэр “сайныг үйлдэж явсан” (Үйлс 10:38). Тэр өвчтэй хүмүүсийг эдгээж, эргэн тойрныхоо хүмүүст тусалдаг байсан. Бид Есүсийг дурсан санахдаа Түүний амьдралыг тодорхойлдог амь бие үл хайрлан хийсэн үйлчлэлийг нь санадаг. Түүнчлэн Тэр бусдад үйлчилж Өөрт нь үйлчлэхийг биднээс хүссэн гэдгийг бид дурсан санадаг. “Та нар бусдадаа үйлчилж байгаа нь та нар зөвхөн Бурхандаа үйлчилж байгаа” (Moзая 2:17) билээ.
Их Эзэн тусламж хэрэгтэй байгаа хүмүүсийг олж харахад танд тусалж, нүдийг тань нээх болно. Тэр бас танд хэрхэн хамгийн сайнаараа үйлчилж болох арга замыг зааж өгөх болно. Нинжин сэтгэлийн үйлчлэлийн жижиг, энгийн үйлдлүүдийг хийснээр таны амьдрал илүү аз жаргалтай, үр өгөөжтэй байх болно. Бусдад үйлчлэх нь таны амьдралд амар амгалан, баяр баясгаланг авчирна.
-
Бид наманчилж чадна
Бид чин сэтгэлээсээ хичээсэн ч зарлигуудыг төгс дагаж чаддаггүй боловч Есүс Христийн амьдрал, зорилгын ачаар буцах зам байгаа.
Есүс Христийг санах нь бидэнд Түүний Цагаатгалаар дамжуулан боломжтой болсон наманчлалын бэлгийг сануулдаг. Есүс биднийг наманчлахад урьдаг бөгөөд бид гэм нүглээсээ салж, Түүнд хандсанаар баяр баясгаланг мэдэрдэг. Хэрэв бид өөрчлөгдөж, зарлигуудыг дагах чин сэтгэлийн хүсэлтэй байх юм бол Их Эзэн “нүглүүдээ наманчилсан тэрээр, мөнхүү тэр нь өршөөгддөг ажгуу, мөн Их Эзэн, бибээр тэдгээрийг цаашид санах нь үгүй” [С ба Г 58:42] хэмээн амласан байдаг.
Та нар ариун ёслолоос хүртсэнээр Аврагчийг үргэлж санана гэж амладаг. Та нар оюун бодолдоо Христийг байлгах тусам Тэрээр таны амьдралын төвд байж, бүрэн чадавхдаа хүрэхэд таныг улам бүр удирдан чиглүүлнэ. Аврагчийг үргэлж санах нь амьдралыг тань байнга адислах болно.