Энэтхэгийн анхдагч миний туулсан аян зам
Зохиогч нь Энэтхэгийн Тэланганад амьдардаг.
Би Энэтхэгийн хөдөөний “ширэнгэн ойн хүү” байсан үеэс эхлээд өнөөдрийг хүртэлх аян замаа эргэн хараад, амьдрал, итгэл маань үнэн хэрэгтээ гайхамшиг байсныг олж хардаг.
Би Энэтхэгийн Зүүн Гатын уул нуруудаар хүрээлүүлсэн жижигхэн ширэнгэн ойн тосгонд төрсөн. Намайг 18 сартай байхад гэрийнхэн маань Колаб голын эрэг дээр байрладаг Данграпалли тосгон руу нүүсэн билээ. Эцэг эх минь намайг сагсанд хийж үүрээд, явган явсан гэдэг. Тэр тосгон цахилгаангүй, жижиг урцанд амьдардаг 20–25 гэр бүлээс бүрддэг байсан юм. Сургууль, эмнэлэг, автобусны буудал ч байдаггүй байв. Бид голын голдрилыг ухаж, ундныхаа усыг гаргаж авдаг байлаа. Би хүүхэд насаа ширэнгэн ойд болон талбайд тоглон, намган дээгүүр модон хөлөөр явж, голд сэлэн өнгөрүүлсэн.
Өвөг дээдэс минь Жагдалпурын Бастарын Мажахарагийн (Хааны) удирдлага дор ажилладаг байсан Хиндү сүмийн прист байсан юм. Улс төрийн тогтворгүй байдал улам хурцдах үед өвөө гэр бүлийнхээ хамт Котпад руу дүрвэсэн байлаа. Германы Лютеран номлол тэдэнд толгой хоргодох байр гаргаж өгөхөд өвөө тэнд асрагчаар ажиллахын зэрэгцээ Аюурвэда (ургамлын гаралтай эм) эмчилгээний аргачлалыг хэрэглэдэг байв. Өвөө тэнд байхдаа Христийн шашинтан болох сонголт хийсэн юм.
Аав евангелийн санваартан болон гүрү (багш) болох сонголт хийснээрээ Христийн шашин шүтлэгийг үргэлжлүүлэн авч үлдсэн билээ. Намайг төрөхөд тэр надад Христийн шашны уламжлалаа өвлүүлэн, Мангал Дан Дипти (“сайн сайхан,” “бэлэг” болон “гэрэл” гэсэн утгатай) гэсэн нэр өгсөн юм.
Би хүүхэд байхдаа Германы Лютеран сүмд байнга явдаг байв. Бид хамтдаа залбирахаар уул руу үргэлж явдаг байлаа. Нэгэн бороотой өдөр залбирч байсан бүх хүнийг шалба нороход номлогчдын нэг нь бороог зогсоож өгөхийг Их Эзэнээс гуйж, чин сэтгэлээсээ залбирч билээ. Гайхалтай нь бороо тэр даруй зогсов. Энэ явдал миний Бурханд болон залбиралд итгэх итгэлийн эхлэлийг тавьсан юм.
Мормоны шашныхан Христэд итгэгчид мөн үү?
Би наймдугаар ангиа төгссөнийхөө дараа Котпадад гурван жилийн шашны семинарт хамрагдахын тулд сургуулиа орхиж, аавынхаа нэгэн адил евангелистэд томилогдов. Котпад орчимд хэдэн жил цуглаан удирдан зохион байгуулсныхаа дараа хойд Энэтхэг рүү нүүж, тэндээ Евангелист Христийн шашны уран зохиолын нийгэмлэгийн номуудыг зарж эхэлсэн юм. Тэгэхэд Мормоны шашныхан Христэд итгэгчид мөн үү? гэсэн нэртэй нэгэн номыг олж харав. Энэ ном миний сонирхлыг татаж, би уншиж үзэхээр шийдлээ.
Уг номон дээр мормончуудын тухай мөн тэдний итгэл үнэмшлийн талаар олон шүүмжлэл бичсэн байв. Гэсэн хэдий ч номон доторх олон хэсэг, ялангуяа Бурхан Тэргүүтэний талаарх тэдний ойлголт, зан үйл болон олон эхнэртэй байх ёсын талаар өгүүлсэн түүх миний сонирхлыг ихэд татаж байлаа. Гэхдээ миний сонирхлыг хамгийн их татсан зүйл нь тэдний Сүм Есүс Христийн нэрээр нэрлэгдсэн явдал байв. Надад илүү ихийг мэдэж авах сонирхол төрсөн юм.
Нэгэн өдөр би залбирч байхдаа Мормоны Сүмийг судлах хэрэгтэй гэж сүнслэгээр мэдэрсэн билээ. Би тус Сүмийн удирдах газар Ютагийн Солт Лэйк хотод байдгийг олж мэдэн, захидал бичихээр шийдэж, захидлаа “АНУ-ын Юта мужийн Солт Лэйк хот дахь Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийг хариуцсан удирдагчид” хэмээн хаяглав.
Төлөөлөгчөөс суралцсан нь
1959 онд захидлын хариу болгон, Сүмийн Номлогчийн Албаны Ламар Уиллиамс ах над руу Иосеф Смитийн гэрчлэл, Итгэлийн тунхаг, Мормоны Ном зэргийг илгээсэн юм. Би бүгдийг нь судалсан бөгөөд үнэн гэдэгт бүрэн итгэсэн. Харин тухайн үед Энэтхэгт надад заах номлогч болон гишүүд байсангүй.
Хожим нь 1961 оны 1-р сард Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Спэнсэр В.Кимбалл (1895–1985) Делид айлчлан ирэв. Би гурав хоногийн турш түүнтэй хамт Агра дахь Таж Махал болон Дарамсала руу аялсан юм. Би түүний заасан сайн мэдээний бүх хичээлийг ус шингээдэг цаас шиг л хүлээн авав. Түүний айлчлалын сүүлийн өдөр би баптисм хүртэхэд бэлэн болсон байлаа. 1961 оны 1-р сарын 7-нд хэдийгээр тэнд олон хүн гайхан харж байсан ч ахлагч Кимбалл надад Ямуна голд баптисм хүртээж, Кимбалл эгч албан ёсны гэрч болов. Би тэр орой Сүмийн гишүүнээр батлагдсан юм.
Их Эзэний төлөөлөгч надад тасралтгүй зааж сургасан тэр гурван өдөр амьдралын минь хамгийн сайхан өдрүүд байж билээ. Тэр миний онцгой мормон найз болсон учраас түүнтэй салах ёс гүйцэтгэхэд гунигтай байлаа.
Гэгээнтнүүдтэй хамт байхыг хүссэн нь
Ахлагч Кимбаллыг явсны дараа найз нөхөдтэйгөө хэрхэн хөрвөгдсөнөө хуваалцахад тэд намайг шоолдог байлаа. Харин би сайн мэдээ үнэн гэдгийг мэдэж байсан бөгөөд үүнийг үгүйсгэж чадахгүй учраас өөр ажилд анхаарлаа төвлөрүүлэхээр шийдсэн юм. Би аавынхаа эрхэлдэг байсан хувцасны бизнесийг эхлүүлэв. Яваандаа би илүү сайн боловсрол эзэмшихгүй бол цаашид өсөж хөгжиж чадахгүй гэдгээ ухаарч билээ. Хорь гарсан хойноо сургуульд эргэж сурах нь амаргүй байсан ч би амьдралынхаа дараагийн есөн жилийг боловсролтой болоход зарцуулсан. Өглөөгүүр бизнесээ эрхлэн, оройгоор суралцаж, олсон бүх мөнгөө боловсролдоо зарцуулдаг байлаа. Би эрс шийдэмгий байж, тэнгэрлэг тусламжийг хүлээн авахын тулд залбирдаг байв. Аграгийн Их Сургуульд сэтгэл зүй, нийгэм, урлаг судлалаар бакалаврын зэрэг хамгаалсан. Эцэст нь би хуулийн мэргэжлээр суралцахаар Мийрутын Их Сургуульд элсэн орсон билээ.
Энэхүү есөн жилийн эхэн үед Делид хожмын үеийн гэгээнтэн ганцхан гэр бүл байдаг байсан бөгөөд тэд АНУ-ын элчин сайдын яаманд ажилладаг Шортлэфтсийнхэн байв. Би тэднийд очиж, ариун ёслол хүртэхээр Дели рүү явдаг байлаа. 1962 онд Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Ричард Л.Эванс (1906–1971), харин 1964 онд Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Гордон Б.Хинкли (1910–2008) бидэн дээр айлчлан ирсэн юм. Би ахлагч Хинклигийн хүзүүнд цэцгэн хэлхээ зүүж өгөн, олон жилийн турш хуримтлуулж, хадгалсан аравны нэгийнхээ өргөлийг гардуулан өгч байснаа санаж байна.
Харамсалтай нь, найзалж нөхөрлөсөн энэхүү мөч надад тус болдог байсан ч байнгын биш байсан учраас би Энэтхэгт байх хугацаандаа бусад гэгээнтэнтэй нөхөрлөх боломжгүй хол байдаг байв. Энэ байдал миний сэтгэлийг ихэд зовоодог байлаа. Он жилүүд урсан өнгөрөхийн хэрээр би ганцаардсаар байсан бөгөөд Энэтхэгт ирээдүйгээ огтхон ч олж харахгүй байсан юм. Би санваар хүлээн авч, гэгээнтнүүдийн дунд амьдрахыг хүсэж байлаа.
Анхдагч болсон нь
Би гэгээнтнүүдтэй илүү ойртох цаг болсон гэж үзээд, хуулийн сургуулиа орхин, Канад руу цагаачлав. Би Албертагийн Эдмонтонд буусныхаа дараа хамгийн ойр байрлах тойрогт очив. Бишоп Харри Смиттэй уулзаад, тэр тойрогт байх ёстой гэдгээ тэр даруй мэдэрсэн юм. Хувийн хишгээ хүртэх арай болоогүй байсан ч би Кардстон Албертагийн ариун сүмд очиж билээ.
Мөн Солт Лэйк хотод очиж, сайн найз болох ахлагч Кимбалл, Ламар Уиллиамс ах нарт гэнэтийн бэлэг барихыг хүсэж байв. Эцэст нь би 1969 оны хавар буюу баптисм хүртсэнээсээ хойш найман жилийн дараа Солт Лэйк хотод очиж, ахлагч Кимбаллтай уулзсан юм. Тэр намайг баярлан угтаж, өдрийн үлдсэн цагийг надтай хамт өнгөрүүлж билээ.
Би Солт Лэйк хотод байхдаа үсчинд оров. Тэнд би гэрчлэлээ Сүмд хөрвөгдсөн нэг үсчинтэй хуваалцсан юм. Ээлжээ хүлээж байсан нэгэн эрхэм миний яриаг санаандгүй сонсож, Энэтхэг рүү аялсан тухайгаа ярив. Тэр миний үсээ засуулсан төлбөрийг төлөн, намайг оройн хоолонд урьж, машинаараа Бригам Янгийн Их Сургууль руу авч явсан юм. Оюутны хотхоныг хараад миний сэтгэл ихэд хөдлөв. Би энд үргэлжлүүлэн сурахыг хүсэж байгаа ч төлбөрөө төлж чадахгүй гэдгээ хэлэхэд, тэр миний сургалтын төлбөрт 1000 доллар төлөхийг санал болгосон. Би гайхахын зэрэгцээ үнэхээр их талархаж билээ.
Би БЯИС-ийн олон нийтийн ажлын хөтөлбөрт хамрагдаж, 1972 онд БЯИС-ийг төгссөнийхөө дараа Ютагийн Их Сургуульд магистрын зэрэг хамгаалахаар Солт Лэйк хот руу шилжин суурьшив. Дараа нь, би АНУ-ын Калифорни муж руу нүүж, тэндээ сэтгэл зүйн эмгэг судлалаар докторын зэрэг хамгаалан, гэр бүлийн хүчирхийллийг хэрхэн зогсоох талаар хичээл зааж, нэг ном бичиж хэвлүүлсэн. Одоо би тэтгэвэрт гарч, АНУ-ын Невада мужид эхнэр Вэндитэйгээ хамт амьдарч байна.
Надад хувийн зөрчил, сорилт бэрхшээл, зовлон зүдгүүрийг туулж байсан үе байсан. Сайн мэдээ, ариун сүмийн адислалуудад анхаарлаа төвлөрүүлсэн нь надад амьдралын олон сорилт бэрхшээлийг даван гарахад тусалж байсан юм.
Түүний төлөвлөгөө гайхалтай
Би Энэтхэгийн хөдөөний “ширэнгэн ойн хүү” байсан үеэс эхлээд өнөөдрийг хүртэлх өөрийн туулсан аян замыг байнга дурсан санадаг бөгөөд амьдрал, итгэл маань үнэн хэрэгтээ гайхамшиг байсан гэдгийг олж хардаг. Амьдралд минь зориулан хатгасан Их Эзэний хатгамал миний төсөөлж байснаас ч илүү үзэсгэлэнтэй сайхан байсан билээ. Их Эзэний тослогдсон бошиглогч Спэнсэр В.Кимбаллаар заалган, амьдралынхаа аян замын чухал цаг мөчүүдэд түүнтэй хамт байх боломжтой байсан маань хэчнээн гайхамшигтай байсан гээч.
Би ерөнхийлөгч Кимбаллтай хамт өнгөрүүлсэн цаг хормоо үргэлж дурсан санадаг. Тэр гэр бүлийн аялал, зугаалга, Талархлын болон Христийн мэндэлсний баярын оройн зоогондоо намайг урьдаг байсан. Тэр үед ч гэсэн түүнийг үнэхээр Их Эзэн Есүс Христийн төлөөлөгч, бошиглогч байсан гэдгийг би мэддэг байсан.
Ерөнхийлөгч Кимбаллын биеийг маш муу байх үед түүнтэй сүүлчийн удаа уулзахад ч гэсэн тэр над руу инээмсэглэн, намайг тэвэрсэн билээ. Тэр миний холбоо барьсан хамгийн анхны ХҮГ байсан бөгөөд хэзээ ч намайг орхихгүй гэдгийг нь би мэддэг байсан юм.
Би бошиглогчдыг өгсөнд мөн сэргээгдсэн сайн мэдээг өгсөнд Бурхандаа талархаж явдаг. Манай Сүм өнөө үед дэлхийд хэрэгтэй байгаа тэрхүү тэнгэрлэг загвар мөн. Сүмийн ачаар би боловсролтой болж, хувь хүнийхээ хувьд өсөж хөгжсөн. Би тэр өдөр залбирал бодитой гэдгийг мэдэж авсандаа мөн намуухан, зөөлөн дуу хоолойг сонсож, Сүмийг судлах хүсэлтэй байсандаа талархаж явдаг. Их Эзэнд өөрийн амьдралыг төлөвлөх боломж олгосондоо би талархдаг. Хэрэв бид Түүний хаант улсыг эрэлхийлбэл бүх зүйл бидэнд нэмэгдэн өгөгдөнө гэдгийг би мэднэ (Матай 6:33-ыг үзнэ үү).