Их Эзэний арга замаар суралцах нь
2014 оны 6-р сарын 25-нд болсон номлолын шинэ ерөнхийлөгчдөд зориулсан сургалт дээр хэлсэн үгээс авав.
Ариун Сүнсийг багш болгон урих нь Их Эзэний бүх суралцах загварын гол зорилго юм.
Их Эзэн Өөрийн ажлыг яаравчлуулж байгаа тул биднээс үргэлж суралцаж, өөрчлөгдөж, Аврагчид итгэх итгэлээр урагш тэмүүлэхийг шаарддаг.
Бүх зүйлд загвар өгнө
1831 оны 6-р сард Их Эзэний бошиглогч Иосеф Смитээр дамжуулан өгсөн илчлэлтэд: “Мөн дахин, та нар мэхлэгдэхгүй байж болохын тулд бибээр та нарт бүх зүйлд загвар өгнө; учир нь Сатан уг нутагт тархсан байна, мөн тэрээр үндэстнүүдийг мэхлэхээр урагш одох ажгуу” (С ба Г 52:14) хэмээн тунхагласан.
Сонирхолтой нь, Их Эзэн бидэнд бүх зүйлд зориулан “нэг” биш “олон” загвар өгчээ. Их Эзэн “бүх зүйлд загвар” хэмээн хэлснээр нөхцөл байдал бүрд хэрэглэж болох ганцхан загварыг санал болгосон гэдэгт би итгэдэггүй. Харин өөр өөр сүнслэг зорилгод хүрэхийн тулд ашиглаж болох олон янзын загвар Их Эзэний арга замд ордог гэдэгт итгэдэг.
Аль ч суралцаж, заах туршлагын эцсийн зорилго бол бидний хэрэгцээ шаардлагад хамгийн сайн нийцсэн, хүссэн суралцах үр дүнд маань хүрэхэд туслах загваруудын загварыг олж тодорхойлон, ашиглах явдал байх ёстой.
Ариун Сүнс бол багш мөн
Ариун Сүнс нь Бурхан Тэргүүтэний гурав дахь гишүүн, Илчлэгч, Багш, Тайтгаруулагч, Ариусгагч бөгөөд бүгдийг сануулах болно (Иохан 14:16–17, 26; 3 Нифай 27:20-ийг үзнэ үү). Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэймс Э.Талмэйж (1862–1933) “Ариун Сүнсний хүмүүний дунд гүйцэтгэх үүргийн талаар сударт дурдсан байдаг. Тэр бол Эцэгийн илгээсэн багш бөгөөд төлөөсийг нь төлсөн хүмүүстээ Тэрээр бодгалийн хөгжил дэвшилд шаардлагатай бүгдийг илчлэх болно.”1 Ариун Сүнсийг тийнхүү багш байхаар урих явдал нь Их Эзэний бүх суралцаж, заах загварын гол зорилго юм.
Ёс суртахууны сонгох эрх чөлөөгөө ашиглаж, зөв зарчмуудын дагуу үйлддэг суралцагч нь өөрийн зүрх сэтгэлийг Ариун Сүнсэнд нээснээр Түүний заагч, гэрчлэгч хүч, батлагч гэрчийг урьдаг. Итгэлтэй байж, итгэлээр суралцах нь идэвхгүй хүлээн авах биш, харин сүнслэг байдал, оюун ухаан, бие бялдрын хувьд хүчин чармайлт гаргахыг шаарддаг. Бид итгэлээр өдөөгдсөн чин сэтгэлийн тууштай үйлдлээрээ суралцахыг мөн Ариун Сүнсний удирдамжийг хүлээн авахыг хүсэж байгаагаа Тэнгэрлэг Эцэг, Түүний Хүү Есүс Христэд харуулдаг.
Номлогчид итгэлээр суралцахад нь сонирхогчдод хэрхэн тусалдаг талаар авч үзнэ үү. Мормоны Номын талаар залбирч судлах, зарлигуудыг сахих, Сүмийн цуглаануудад оролцох зэрэг сүнслэг амлалт өгч, сахих нь сонирхогчийн зүгээс итгэлээ ашиглан, үйлдэхийг шаарддаг. Мөн энэ зарчим бүх гишүүнд, тухайлбал эцэг эх, багш, удирдагчдад хамаатай.
Заах, сэнхрүүлэх, тайлбарлах нь чухал ч гэлээ сонирхогч, хүүхэд, оюутан эсвэл гишүүнд сэргээгдсэн сайн мэдээний бүрэн байдлын талаарх гэрчлэлийг хэзээ ч өгөхгүй. Зөвхөн тэдний итгэл үйлдэл хийхэд хөтөлж, зүрх сэтгэл рүү нь орох замыг нээсэн үед Ариун Сүнс батлагч гэрчийг хүргэх боломжтой. Номлогч, эцэг эх, багш, удирдагчид Сүнсний хүчээр зааж сурах хэрэгтэй гэдэг нь ойлгомжтой. Гэхдээ өөр нэгэн чухал зүйл бол тэд бусдад сайн мэдээний талаар өөрөө итгэлээр суралцахад нь туслах үүрэгтэй.
Миний тайлбарлаж байгаа суралцах арга зам нь зөвхөн танин мэдэхүйн түвшинд ойлгож, мэдээллийг хадгалж, эргэн санахаас илүү гүн гүнзгий түвшинд хүрдэг. Миний хэлж байгаа суралцах арга зам нь биднийг Бурханы хувьд сэргээж (Алма 5:7-г үзнэ үү), эгэл хүнээ орхиж (Мозая 3:19-ийг үзнэ үү), зүрх сэтгэлийг маань өөрчилж (Мозая 5:2-ыг үзнэ үү), Их Эзэнд хөрвөгдөн, хэзээ ч итгэл алдрахгүй (Алма 23:6) байхад хүргэдэг. Итгэлээр суралцахад зүрх сэтгэл хийгээд эрмэлзэгч оюуны (С ба Г 64:34) aль аль нь шаардагддаг ба үүний үр дүнд Ариун Сүнс Бурханы үгийн хүчийг зүрх сэтгэлд авчирдаг. Итгэлээр суралцахыг багшаас суралцагчид, номлогчоос сонирхогчид лекц уншин, үзүүлж эсвэл туршилтын дадлага хийх замаар дамжуулах боломжгүй, харин суралцагч өөртөө мэдлэг олж авахын тулд итгэлээ хөгжүүлэн, үйлдэх ёстой.
Суралцаж, заах загвар
1. Суралцахад бэлд. Ням гаргийн ангид сууж, багшийн сэдэв танилцуулахыг сонсох нь сайн хэрэг. Гэхдээ та багшийн хичээлийн өмнө уншиж, тунгаан бодож, залбирахад урьсан зүйл дээрээ ажиллаж, бэлдэх юм бол Сүнсийг хүчтэй мэдрэх бөгөөд Ариун Сүнс таны багш болох болно. Бэлтгэл нь илчлэлтийг урьдаг.
2. Сэнхрэхийн тулд хамтдаа ярилц. Би та нарын анхаарлыг дараах шүлэгт хандуулахыг хүсэж байна. “Өөрсдийнхөө дунд багшийг томил, мөн бүгдээрээ нэг зэрэг яригчид бүү байг; бүгдээрээ ярихад бүгдээрээ бүхнээс сэнхэрсэн байж болохын тулд, мөн хүн болгон тэгш боломжтой байж болохын тулд харин нэг нь хэсэг хугацаанд ярьж, мөн бүгдээрээ түүний хэлэхийг сонсог” (С ба Г 88:122).
Энэ бол Их Эзэний суралцаж, заах хүчтэй загваруудын нэг юм. Би “Өөрсдийнхөө дунд багшийг томил” гэсэн шүлгийг арай өөр өнцгөөр харахыг санал болгох гэсэн юм. Багш гэдэг нь хэн бэ? Ариун Сүнс. Хэрэв та Ариун Сүнсийг багшаа болгохыг хүсэж байгаа юм бол “нэг зэрэг яригчид бүү байг; бүгдээрээ ярихад бүгдээрээ бүхнээс сэнхэрсэн байж болохын тулд, нэг нь хэсэг хугацаанд ярьж, мөн бүгдээрээ түүний хэлэхийг сонсо[х]” ёстой бус уу? Тэрхүү сэнхрэлийг зөвхөн Ариун Сүнс өгдөг.
Харин сэнхрүүлэхээр харилцах нь илчлэлтийг урьдаг. Саяхнаас бид Сүм дээр сүнслэг байдлын хувьд аль болох илүү мэдрэмтгий, хатуу, шаардлага өндөртэй суралцах, заах загвараас суралцаж мөн тэдгээрийг хэрэгжүүлж байгаа. Бид үргэлж хийдэг байсан зүйлээ үргэлжлүүлэн хийж, бахь байдгаараа үлдэх үү эсвэл наманчлан, Их Эзэний арга замаар илүү түлхүү суралцаж, өөрчлөгдөх үү?
3. Үйлдэхэд урих. Ганцхан энгийн асуулт энэ зорилгод хүрэхэд тусалдаг. Та сурч мэдсэн зүйлээ ашиглан юу хийх вэ? Илчлэлтийнхээ дагуу үйлдэх нь өөр олон илчлэлтийг урьдаг.
Бид Их Эзэний яаравчлуулж буй ажилтай хөл нийлүүлж, улиг болсон аргаараа хийхгүй байгаасай хэмээн би залбирч байна.
Их Эзэн Есүс бодит бөгөөд амьд гэх гэрчлэлээ тунхаглая. Тэр амьд гэдгийг би гэрчилж байна. Тэр амилсан. Тэрээр энэ Сүмийг тэргүүлж, ажил хэргийг нь хөтлөн явуулдаг. Бидний хүн нэг бүрийг яаравчлуулж буй ажилтай нь мөр зэрэгцэн алхалж, өсөлт хөгжил, сурч мэдэхэд зориулсан загварыг нь дагаасай хэмээн Тэр хүсдэг.