Санаануудын жагсаалт
Эрүүл мэнд ба хүч чадал
Идэвхгүй амьдрал, муу хоол тэжээл нь таны бие бялдрыг доройтуулж, өвчинд илүү өртөмтгий, ажлын чадвар султай, баяр баясгалан багатай болгодгийг та нар хэзээнээс мэднэ шүү дээ. Та нарын сүнслэг байдлын хувьд ч мөн л ийм юм. Ялгаа нь гэвэл, Амилуулалтаар Бурхан та нарт төгс, алдар суут бие махбодыг өгдөг бол, биенд оршдог сүнс нь та нар үүнийг ямар болгоно, тэр байдлаар байх болно (Алма 34:34-ийг үз). Иймээс сүнсний эрүүл саруул байдал, сүнслэг хүч чадлыг хөгжүүлэх хэдэн зөвлөмжийг энд өгч байна:
Хоол тэжээл
-
Сүнсний тэжээлийн амтыг мэдэр. Судрууд, ерөнхий чуулган дээр хэлсэн үгнүүд, Сүм дээрх хичээлүүд, семинар болон сүнсний бусад тэжээлүүдийг амтархан хүрт, тэгвэл эдгээр нь та нарт амттай байх болно (Алма 32:28-ыг үз).
-
Бага багаар түргэн үмхэж идэхийн оронд найрлаж буй мэт тайван ид. Сүнсний тэжээлтэй бол та ахиухан идэж болно, ингэснээр та таргалахгүй, улам эрүүл болно.
-
Өөх тостой, давс ихтэй, чихэрлэг хүнсний зүйлүүдийг бага хэрэглэ. Хэтэрхий их зууш тэжээллэг хоол идэх дур хүслийг чинь алдагдуулж болохын адил видео тоглоом, Интернэт, телевиз гэхчилэнд хэтэрхий их цаг зарцуулах нь сүнсний тэжээлийн хувьд танд цаг үлдээхгүй буюу хэтэрхий бага цаг үлдээж болно.
-
Муудсан хоол хүнс бүү ид. Ариун Сүнсийг гомдоодог аливаа зүйл таны өөрийн тань сүнсэнд хортой. Порнографи, бүдүүлэг буюу хүндэтгэлтэй бус үзвэр цэнгүүн, түүнчлэн эрүүл биш хөгжим бол ердөө л хор гэсэн үг.
-
Ариун ёслолоос та бодол суурьтай, залбиралтайгаар, наманчлалын сүнсээр хүртэхэд талхны жижиг үйрмэг, балга ус сүнсэнд хичнээн их тэжээл болдог нь гайхалтай.
Дасгал
-
Үйлчлэл үзүүлж, нинжин сэтгэлээ харуул.Бусад хүмүүсийг өргөж дэмжих нь агуу дасгал мөн.
-
Өдөрт дор хаяж хоёр удаа өвдөг сөгдөн залбирч бай. Сүнсний эрүүл саруул байдалд тогтмол залбирал амин чухал.
-
Олон удаа гэрчлэлээ хэлж бай. Байнга ашигласнаар улам хүчтэй болдог булчинтай энэ нь адил юм.