2008
Бошиглогч Иосеф Смит, Ер бусын багш
2008 оны нэгдүгээр сар


Бошиглогч Иосеф Смит, Ер бусын багш

Картейжийн шоронд авсан дөрвөн сумны шархнаасаа эдгэрч байх үедээ мөн алагдсан хайрт Бошиглогчийнхоо талаар айдсаар дүүрэн байсан нь эргэлзээгүй Ерөнхийлөгч Жон Тейлор (1808–87) дараах сүнслэгээр нөлөөлөгдсөн үгсийг бичжээ: “ Их Эзэний Бошиглогч хийгээд Үзмэрч, Иосеф Смит, энэ дэлхийд хүмүүний авралын төлөө, зөвхөн Есүсийг эс тооцвол, дэлхий дээр урьд өмнө амьдарч байсан бусад аль ч хүмүүсээс илүү ихийг хийсэн юм” (С ба Г 135:3).

“Иосефын амьдралын түүх бол гайхамшгийн түүх мөн. Тэрээр ядуу зүдүү байдалд төрсөн юм. Тэрээр зовлон бэрхшээл дунд өсч хүмүүжсэн юм. Тэрээр нэг газраас нөгөөд хөөгдөж туугдан, хилсээр гүтгэгдэж, хууль бусаар шоронд хоригдож байлаа. Тэрбээр 38 насандаа егүүтгэгдсэн юм. Наснаас халихынхаа өмнөх ердөө 20-хон жилийн дотор, өөр хэн ч бүх амьдралынхаа туршид хийж чадахгүй зүйлийг тэрээр хийсэн юм”1 хэмээн Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли саяхан гэрчилжээ.

Иосеф Смитийн олон бүтээлийн дотор манай хожмын үеийн сургаалыг ойлгох үндэс суурь тавигдсан юм. “Энэ үеийнхэн миний үгийг чамаар дамжуулан хүлээн авах болно” (С ба Г 5:10) хэмээн Их Эзэн Бошиглогч Иосефт хэлсэн билээ.

Иосеф албан ёсны боловсрол багатай байсан, гэвч Чадварлаг Барималчин түүнийг мэргэн ухаант, билиг цэцэн бошиглогч, сүнсээр нөлөөлөгдсөн хэрсүү ойлголттой, ер бусын багш болгон хэвэнд цутгасан юм. Түүний сургаалуудаас олныг нь эдүгээ Teachings of Presidents of the Church: Joseph Smith (Сүмийн Ерөнхийлөгчдийн Сургаалууд: Иосеф Смит)-эд нийтэлж байна. Ер бусын энэ шинэ ном Сэргээлтийн Бошиглогчийн тухай, түүний сургаалуудын тухай мэдэх хосгүй боломжийг дэлхий даяарх гишүүдэд олгож байна.

Teachings of Presidents of the Church: Joseph Smith (Сүмийн Ерөнхийлөгчдийн Сургаалууд: Иосеф Смит)

Иосеф Смит Бошиглогч бөгөөд Сүмийн Ерөнхийлөгч байхдаа сүнслэгээр нөлөөлөгдсөн хэдэн зуун номлолыг заасан юм. Харамсалтай нь, зөвхөн 50 орчмыг нь тэмдэглэжээ. Өнгөрсөн хэдэн жилийн туршид олон хүмүүс, түүний дотор мэргэжлийнхэн болоод сайн дурынхан Бошиглогчид холбогдолтой баримт бичгүүдийг эмхэтгэн, хянан тохиолдуулалт хийхийн тулд түүхийн цэдгүүдийг хичээнгүйлэн судалж байна. Түүний сургаалуудыг анхааралтай судалж, жинхэнэ эхүүдийг тогтоож, эмхэтгэжээ. Эмхтгэлийг улмаар Тэргүүн Зөвлөл, Арванхоёр Төлөөлөгчийн Чуулга баталсан байна.

Teachings of Presidents of the Church: Joseph Smith—ийн өгүүлбэр бүрийг бүх талаас нь нягтлан судалжээ. Жинхэнэ эх сурвалжуудыг шалгахад өргөн цар хүрээтэй, нягт нямбай хүч чармайлт гаргасан байна. Бошиглогчийн үед номлолуудыг тэмдэглэдэг арга хэлбэр нь Сүмийн хожуу үеийн Ерөнхийлөгчдийн номлолуудыг тэмдэглэдэг арга хэлбэрээс ихээхэн ялгаатай байсан учраас ийм хүч чармайлт зайлшгүй шаардлагатай байжээ. “Иосеф Смитийн амьдарч байсан үед, … түргэн бичгийг өргөн хүрээтэй хэрэглэдэггүй байжээ. Тиймээс, түүний хийсэн номлолуудыг ерөнхийдөө бичээчид, Сүмийн удирдагчид болон Сүмийн бусад гишүүд ердийн бичгээр, тодорхой биш тэмдэглэдэг байж. Иосеф Смитийн хэлсэн бараг бүх үгийг урьдчилан бичгээр бэлтгэлгүйгээр, хэлсэн үед нь л тэмдэглэдэг байжээ, иймээс түүнийг үг хэлж байхад сонссон хүмүүсийн хийсэн тэмдэглэлүүд нь зөвхөн лекцийн тэмдэглэл байдаг”2 хэмээн шинэ номонд тайлбарласан байна.

Энэ шинэ ном сайн мэдээний 125-аас илүү сэдвээр Иосеф Смитийн хэлсэн сүнслэгээр нөлөөлөгдсөн үгсийг агуулдаг. Эдгээр сэдвүүдээр Бошиглогчдын хэлсэн үгсийг амархан олоход номны индекс бидэнд туслах болно. Бүлэг бүрийн төгсгөлд байгаа тэмдэглэл нь Бошиглогчийн хэлсэн үгсийн эх сурвалжуудын талаарх нарийн тодорхой мэдээллээр хангадаг. Түүнээс гадна, хавсралт нь Бошиглогчийн сургаалуудын гол эх сурвалж, History of the Church (Сүмийн Түүх)-д онцгой анхаарал хандуулан, эх сурвалжуудын тайлбараар хангадаг.

Энэ ном дараагийн хоёр жилд Мелкизедек санваартны чуулгууд, Нийгмийн Халамжийн Бүлгийн сар бүрийн хоёр дахь, гурав дахь ням гарагийн хичээлүүдийн сэдэв байх болно. Энэ ном хувь хүмүүс болон гэр бүлүүдийн хувьд дуртайяа үзэх сайн эх сурвалж болно гэдэгт миний бие Сургалтын Газрын Гүйцэтгэх Захирлын хувьд найдаж байна.18 болон түүнээс дээш настай Сүмийн гишүүн бүр нэг ном хүлээн авах болно. Энэ нь Teachings of Presidents of the Church цувралын бусад номнуудын хамт сайн мэдээг хувиараа болон гэр бүлээр судлах номын сангийн салшгүй чухал хэсэг болно.

Энэ ном найруулал, хэмжээний хувьд Teachings of Presidents of the Church цувралын бусад номнуудтай адил юм. Энэ нь цувралын бусад номнуудын адил суралцах болон заах ашигтай товчхон санаанууд, түүхийн хураангуй, Бошиглогчийн амьдрал, тохинууллын тухай эссей бүхий оршлыг агуулдаг, мөн бүлэг бүрийн төгсгөлд судлах, заах зөвлөмжүүдээр хангадаг. Эдгээр онцлог нь Иосеф Смит болон түүний бошиглолын үгсийг судлах, заах бидний чадварыг өсгөн нэмэгдүүлж чадна.

Бүлэг бүр дэх зургууд, оршил материал оюутан, багш нарт мөн ашиг тустай байх болно. Номонд 140 гэрэл зураг, уран зураг, зураг чимэглэлүүд, түүний дотор өмнө нь огт хэвлэгдэж байгаагүй урлагийн бүтээл орсон болно. Урлагийн шинэ бүтээл нь Бошиглогчийн аавын баптисм (бүлэг 7); Көртландын Ариун Сүмд Елиа хүрч ирсэн тухай (бүлэг 26); уурлаж хилэгнэсэн орон нутгийн цэргүүдийн дунд Бошиглогч хувь хүний нөхөрсөг чанараараа амар амгаланг бий болгосон тухай (бүлэг 29); Иосеф итгэлтэй хэдэн ах нарынхаа хамт Миссурийн Ричмонд шоронд гинжлэгдээд байхдаа, бүдүүлэг заваан хэл яриатай шоронгийн харгалзагчдыг буруушаан зэмлэхээр хөл дээрээ босч ирсэн сэтгэл хөдөлгөм мөчийн тухай (бүлэг 30); Иллинойн Коммерст Элайжа Фордхамыг гайхамшигтайгаар эдгээсэн тухай (бүлэг 33) сүнслэгээр нөлөөлөгдсөн агшнуудыг дүрсэлдэг. Эдгээр үзүүлэн таниулахуудад дүрслэгдсэн үйл явдлуудын талаар бясалган бодох цаг гаргаснар бидний амьдрал баяжигдаж, бидний гэрчлэл бэхжиж чадна.

“Иосеф Смитийн амьдралаас” гэсэн нэртэй бүлэг бүрийн оршил хэсэг нь Бошиглогчийн амьдрал хийгээд Сэргээлтийн гол үйл явдлуудыг дүрслэн харуулдаг. Түүний нөхөр болон эцгийн үүргийн тухай, найз нартайгаа хэрхэн харилцдаг хийгээд дайснуудтайгаа хэрхэн нүүр тулан тэмцдэг байсан тухай бид унших болно. Удирдагчийн хувьд түүний олсон амжилт, мөрдлөг хавчлагын уй гашуугийн тухай бид унших болно. Түүний хувийн туршлагуудын тухай уншиж, тунгаан бодох үед түүнийг хайрлах бидний хайр, хүндлэл өсөн нэмэгдэх болно. Сэргээлтийн Бошиглогч Иосеф Смитийн тухай бидний мэдлэг, бидний гэрчлэлүүд бэхжих болно. Энэ шинэ номны агуулдаг сүнслэгээр нөлөөлөгдсөн сургаалуудаас ердөө цөөхөн хэдхэнийг нь авч үзэцгээе.

Анхны Үзэгдэл

Энэхүү гайхамшигтай шинэ номны анхны бүлэгт Анхны Үзэгдлээр Сэргээлт эхэлсэн тухай өгүүлдэг. 1820 онд 14 настай хөвгүүн Иосеф Смитийн даруухан залбирал, олон зууны туршид газар дэлхийг хааж байсан, нам гүм байдлын хөшгийг ярсан юм. Энэ бол Тэнгэрлэг Эцэг, Түүний Хүү Есүс Христ хоёр идэр залуу Иосеф дээр хүрч ирсэн онцгой үйл явдал мөн. “Би Бурханаас асуух болно, учир нь та бүгд Түүнийг мэдэж, Түүнтэй танил байгаасай гэж би хүсдэг… . Тэгвэл та нар намайг Түүний үйлчлэгч гэдгийг мэдэх болно”3 гэж Бошиглогч амьдралынхаа төгсгөлд сургажээ. Бүлэг 1-ийн агуулга нь түүний гайхамшигт үзэгдлийн тухай Бошиглогчийн хувийн шастирыг судалж, тунгаан бодох боломжийг бидэнд олгодог.

Мормоны Ном

Зургаан бүлэгтэй энэ шинэ ном нь, Мормоны Ном гэрэлд гарч ирэн, орчуулагдсан хийгээд хэвлэгдсэнтэй холбоотой үйл явдлуудыг өгүүлэх замаар энэ номны ач холбогдлыг онцгойлон харуулдаг. Бошиглолын бичээсүүдийг орчуулсан туршлагынхаа тухай Бошиглогч хожим нь, “Бурханы хүчээр би Мормоны Номыг, мэдлэг нь дэлхийгээс гээгдсэн дүрс бичгээс орчуулсан билээ, сургуулиар яваагүй залуу хүн би энэхүү гайхамшигт үйл явдлын дунд ганцаар зогсож, дэлхийн мэргэн ухаан, арван есдүгээр зуунд газар авсан харанхуй бүдүүлэг явдалтай шинэ илчлэлтээр тэмцэлдэж явлаа”4 хэмээн мэдэгджээ. Энэ шинэ номонд буй Мормоны Ном гарч ирсэн тухай түүхийн шастируудыг судрууд, наманчлал, залбирал, хувийн илчлэлт хийгээд мөн Сүмийн зохион байгуулалт зэрэг сэдвүүдийг багтаасан Бошиглогчийн сургаалууд дагалддаг.

“Ах нарт миний хэлсэнчлэн, Мормоны Ном бол энэ дэлхий дээрх бусад бүх номноос хамгийн зөв нь, манай шашны тулгуурын суурь чулуу, мөн бусад ямар ч номноос илүүгээр үүний заавруудыг мөрдсөнөөр хүмүүн Бурханд илүү ойртох болой”5 гэсэн, Бошиглогчийн олонтаа иш татдаг амлалт энэ шинэ номонд оржээ. Мормоны Номыг олонтаа уншиж, үүний сургаалуудыг хэрэглэдэг хүмүүс амьдралын бартаат замд тэнгэрийн сүнслэг нөлөөг мэдэрч байх болно гэдгийг туршлага бидэнд заадаг.

Бид Мормоны Номыг уншихдаа, энэ тухай Иосеф Смитийн сургасан зүйлийг тунгаан бодож, залбирснаар, Мормоны Ном бол арван есдүгээр зууны хөдөөгийн хөвгүүний, эсвэл тэр үеийн аль нэг өөр хүний бүтээл биш гэдгийг бид мэдэж чадна. Мормоны Номыг бид шинээр унших бүрдээ энэ бол эрт дээр үеийн шавь нараар бичигдэж, эмхтгэгдэн, зуун зууны туршид хадгалагдсаар ирж, хүчирхэг үзмэрч Иосеф Смитээр орчуулагдсан Бурханы бэлэг гэдгийг ухааран ойлгох болно. Энэ бол Иосеф Смит нь, Сэргээлтийн Бошиглогч гэсэн дуудлагын биет бодит гэрчлэл мөн.

Аароны болон Мелкизедек санвааруудыг сэргээсэн нь

Шинэ ном Аароны болон Мелкизедек санвааруудын Сэргээлт, тэдгээрийн түлхүүрүүдийн тухай товч өгүүлдэг. Иохан Баптистаас Аароны санваарын эрх мэдэл, түлхүүрүүдийг хүлээн авсан тухайгаа Бошиглогч гэрчилжээ. “Өөрийнхөө талаарх Түүний тааллыг залбирлаар Их Эзэнээс асуухаар би ойд очиж, улмаар нэгэн тэнгэр элчийг [Иохан Баптист] харсан, мөн тэр миний толгой дээр гараа тавин, Аароны жаягийн дагуу намайг энэ санваарын түлхүүрүүдийг эзэмшдэг Санваартнаар томилсныг хэлэхэд хангалттай”6 хэмээн тэрээр мэдэгджээ. Хэдхэн долоо хоногийн дараа Төлөөлөгч Петр, Иаков, Иохан нар хүрч ирэн, Иосеф Смит Оливер Каудери хоёрт Мелкизедек санваар болон үүний түлхүүрүүдийг олгожээ. Эдгээр гайхамшигтай ирэлтүүдээс хойш арван жилийн дараа, “Хэрэв хүн Бурханаас илчлэлтээр эрх олгогдоогүй бол, эсвэл Бурханы илчлэлтээр илгээгдсэн хэн нэгнээр томилогдоогүй бол, тэрээр сайн мэдээгээр дамжуулан хүмүүний бодгалиудад авралыг гүйцэтгэж чадахгүй гэдэгт бид итгэдэг”7 хэмээн Бошиглогч гэрчилжээ.

Бурханлигаар итгэмжлэгдэн томилогдсон тохинуулагчдаар дамжуулан, Бурхан Иосеф Смитэд эрх мэдэл олгосон гэдгийг, улмаар Бошиглогч бусад хүмүүст санваар болон үүний түлхүүрүүдийг олгох замаар энэ эрх мэдлийг өнөө үед тэдэнд өгдгийг бид даруухнаар тунхаглаж байна. Тэр үеэс хойш өнөөдрийг хүртэл энэхүү эрх мэдэл олголт хийгээд томилолтуудын тасралтгүй гинжин хэлхээ бий болсныг бид талархалтайгаар мэдэгдэж байна.

Ариун сүмийн ёслолууд

“1836 оны хавар, Көртландын Гэгээнтнүүд гурван жилийн ажил, золиослолын дараа, энэ эрин үеийн анхны ариун сүм, өөрсдийнхөө үзэсгэлэнт ариун сүм дууссаныг сая нэг харлаa”8 хэмээн бид бүлэг 26-д уншдаг. Онцгойлон адислалтад хэдэн зуун хүн цуглажээ. Энэ онцгойлон адислалт дээр тохиосон онцгой сүнслэг туршлагуудын тухай мөн тэрчлэн гэр бүлүүдийг үүрд мөнхөд хамтад нь лацдан холбох хүчний тухай Иосеф Смит юу гэж заасныг бид уншиж болно. “Уг зорилгын төлөө заагдаж, практикт хэрэглэгдэх шаардлагатай зарим нэг ёслолууд болон зарчмууд нэг газарт буюу нэг өргөөнд гүйцэтгэгдэх ёстой”9 хэмээн Бошиглогч 1843 оны зургадугаар сард заахдаа тэрээр ариун сүмүүдийн ач холбогдлыг өөр үгээр давтан илэрхийлжээ.

1836 оноос хойш 120 гаруй ариун сүм баригдаж, Их Эзэнээр онцгойлон адислагдаад байна. Ариун сүмийн ёслолуудаар дамжуулан хувь хүмүүс ариун сүмийн хишиг хүртэж, гэр бүлүүд лацдан холбуулж, нас барсан өвөг дээдсийн өмнөөс авралын ёслолууд гүйцэтгэгдэж, гэрээнүүд хийгдэн, амьдрал адислагддаг билээ. Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан хийгдсэн Их Эзэний ажлын улмаас энэ бүхэн боломжтой болсон юм.

Үргэлжилж буй илчлэлт

Илчлэлт, амьд бошиглогчид, түүнчлэн амьд бошиглогчдыг эсэргүүцэхийн үр дагаварын тухай Иосеф Смитийн хамгийн чухал зарим сургаалууд бүлэг 16-д байдаг. “Бурханы үнэн Сүм нэгэн цагт оршиж байсантай адил, Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм нь Судруудын дагуу, шууд илчлэлт дээр үндэслэгдэн байгуулагдсан юм”10 гэж Бошиглогч нэгэнтээ тунхагласан билээ.

Иосеф Смитийн үеэс хойш, Их Эзэний Сүмийг удирдах бошиглогчид хэмээн нэрлэгддэг хүмүүсээр дамжин илчлэлт ирсээр байна. Их Эзэн Өөрийн үйлчлэгчдийг, Өөрийн Сүмийг, эсвээс Өөрийн хүмүүсийг ганцааранг орхидоггүй билээ. Тэрбээр Өөрийн хаант улсыг удирдуулахаар дуудсан хүмүүсийг бурханлиг удирдамжаар хангадаг гэдгийг бид нотолж байна.

Гэр бүл

Гэр бүлийн ач холбогдол, мөнхийн мөн чанарын талаарх Бошиглогчийн зөвлөгөө, мэргэн ухааныг бүлэг 42-т онцгойлон авч үзсэн байдаг. “Эцэг эх хоёр, эхнэр нөхөр хоёр, ах эгч хоёр, хүү охин хоёрын энхрий харилцааг хэрхэн үнэлэхийг надад заасан хүн бол Иосеф Смит байлаа”11 хэмээн Парли П.Пратт нэг удаа тэмдэглэн хэлсэн байдаг. Бошиглогчийн хувийн тэмдэглэлд хүнд өвчтэй түүний эцгийн тухай нэгэн сэтгэл догдлом тэмдэглэл байдаг: “Хүнд өвчтэй аавыгаа дахин хүлээлээ. Өглөө чимээгүй хийсэн залбиралд, ‘Үйлчлэгч минь, аав чинь амьдрах болно’ гэж Их Эзэн хэллээ. Тэрээр түүний эрүүл мэндийг сэргээгээсэй хэмээн, би түүнтэй хамт байж, түүний зөвлөгөөгөөр адислагдаасай хэмээн, Есүс Христийн нэрээр Бурханд өргөсөн сэтгэл зүрхээрээ би өнөөдөр өдөржингөө түүнийг хүлээлээ, энэхүү адислалыг эцэг эхээсээ адислагдаж болох дэлхийн хамгийн агуу адислалуудын нэг хэмээн эрхэмлэн дээдэлж билээ. Эцэг эхийн маань хал үзэж хатуужсан жилүүд, туршлага нь тэднийг хамгийн сайн зөвлөгөө өгөх чадвартай болгожээ.”12

Бүгдэд хүртээмжтэй эх сурвалж

Сүмийн энэ шинэ хэвлэл номлолын ажил, дуулгавартай байдал, үхэл, бэрхшээл, эв нэгдэл, удирдлага, урвалт, уучлал, түүнчлэн сайн мэдээний өөр олон сэдвийн талаарх Бошиглогчийн сүнсээр нөлөөлөгдсөн сайн мэдээний сургаалуудыг төлөөлдөг. Иосеф Смитийн сургаалууд урьд өмнө байгаагүй арга замаар энэ номоор дамжин эдүгээ дэлхий даяарх Сүмийн гишүүдэд хүртээмжтэй боллоо. Урьд өмнө хэзээ ч Бурханы ийм олон хүүхэд түүний бошиглогчийн үгст нэвтрэх боломжтой байгаагүй билээ.

1820 оны хавар аглаг зэлүүд газарт ганц бодгалиар эхэлсэн тэр зүйл Есүс Христийг дагахыг эрэлхийлсэн сая сая хүмүүсийн гэр бүл болоод байна. Их Эзэн түүнийг ер бусын бошиглогч хийгээд багш болгон хэвэнд цутгасан, даруухан болоод эгэл жирийн мэт санагдах тэр нэгэн хөвгүүний тухай гэрчлэлийг итгэл бишрэлтэй гишүүн бүрийн зүрх, санаа сэтгэлд Ариун Сүнс авчирдаг билээ. Эдүгээ энэ ер бусын шинэ номонд нийтлэгдсэн Бошиглогч Иосеф Смитийн сургаалуудыг судалж, үүгээр амьдарснаар бид тэрхүү гал лугаа адил бадрах гэрчлэлийг хадгалж чадна.

Тэмдэглэл

  1. “Иосеф Смит Бага—Бурханы бошиглогч, хүчирхэг үйлчлэгч,” Лиахона, 2005 оны арванхоёрдугаар сар, 4.

  2. Teachings of Presidents of the Church: Joseph Smith (2007), 558.

  3. Teachings: Joseph Smith, 38.

  4. Teachings: Joseph Smith, 60.

  5. Teachings: Joseph Smith, 64.

  6. Teachings: Joseph Smith, 85.

  7. Teachings: Joseph Smith, 110.

  8. Teachings: Joseph Smith, 307.

  9. Teachings: Joseph Smith, 416.

  10. Teachings: Joseph Smith, 195.

  11. Teachings: Joseph Smith, 481.

  12. Teachings: Joseph Smith, 483.