2008
Хариултууд бүхий ном
2008 оны нэгдүгээр сар


Хариултууд бүхий ном

Амазоны ширэнгэ ойн тухай баримтат кино үзээд, янз бүрийн шашны номлогчид Есүс Христийн тухай Америкийн уугуул оршин суугчдад заадагийг би мэдсэн юм. Есүсийн тухай, сайн мэдээ буюу баптисм мэтийн аврагч ёслолуудын тухай огт сонсоогүй, тэдний сая сая өвөг дээдсийн авралын тухай би гайхширан боддог байв. Хэрэв Аврагч бүх хүн төрөлхтний авралын төлөө ирсэн юм бол, түүхийн туршид өдий олон хүмүүс яагаад Түүний алдар суут захиасаас гадуур байсан юм бэ?

Энэ асуултын хариултыг би Библиэс эрсэн боловч, Америк тив дэх соёл иргэншлийн тухай Хуучин Дэлхий мэддэг байсныг харуулсан ямар нэг зүйлийг би тэндээс олж чадсангүй. Пастор, санваартан, эсвэл Библийг судлагч оюутан миний асуултуудад хариулж чадахгүй байв.

Нэг өдөр би өөрийн сонссон нэг дуулалд сэтгэл их догдлов. Уг дуулал миний төрөлх португаль хэлээр байсныг мэдээд, би үүнийг англи хэлэнд орчуулах гэж оролдож байх үеэрээ, Хожмын Үеийн Гэгээнтэн манай хөрш Жесюина Америк номлогчдыг гэртээ олонтаа хүлээн авдаг байсныг саналаа. Энэ дууллыг номлогчид надад орчуулж өгч болох болов уу гэж би түүнээс асуув. Маргааш нь тэд орчуулгыг, “Танд туслах боломж олдсон нь их сайхан байлаа. Нэгэн өдөр бид тантай уулзахыг хүсч байна” гэсэн товчхон зурвасын хамт орхисон байлаа.

Долоо хоногийн дараа намайг номлогчидтой уулзахад, тэд намайг Сүмдээ очихыг урилаа. Гэвч би Мормончуудад дургүй байлаа. Манай гэр бүлийн гишүүд, миний сонирхдог байсан бусад Сүмийн удирдагчид тэднийг шашны аюултай бүлэглэл гэж үзэн, шүүмжилдэг байв. Тэдний олон янзын хийсвэр шүүмжлэлд би итгэдэг байлаа. Гэвч түүнээс хойш удалгүй нэгэн бороотой ням гарагт—тэдний найрсаг урилгад хариулахаас гадна сониуч зан хөдөлж—би тэдний Сүмд очмоор санагдаад ер болдоггүй. Анхны цуглааны үед хүмүүс индэр уруу очиж, Сүм болон Мормоны Ном үнэнийг, тэрчлэн Иосеф Смит бол Бурханы бошиглогч байсныг мэднэ хэмээн гэрчилж байв. Ямар нэг байдлаар миний сэтгэл санаа үймж, цуглааныг орхиж гараад Ням гарагийн сургууль уруу очлоо.

Библийн судрууд буюу түүхүүдийг багш дурдахад би оролцмоор санагдаад явчихав. Гэвч Мормоны Номны тухай түүнийг ярихад би чимээгүй болж, бодлогошров. Бидэнд Библи аль хэзээнээс байгаа атал яагаад өөр ном байдаг билээ? Би явахаасаа өмнө хичээлд оролцсоныхоо төлөө багшид талархал илэрхийлэхэд тэрээр надад нэг Мормоны Ном өгсөнд гайхав.

Би гэртээ эргэж ирээд, өрөөндөө орж, шалан дээр өвдөг сөгдөн сууж Тэнгэрлэг Эцэгтэй чин сэтгэлээсээ ярилцаж эхлэв. Мормоны Сүмийн талаар ямар нэгэн онцгой мэдрэмж надад төрснийг би Түүнд ярьсан хэдий ч, бас Сатан намайг мэхлэхийг би хүссэнгүй. Миний төөрөгдлийг нэг тийш болгон шийдвэрлэхэд надад тусалж, аль Сүм үнэнийг надад харуулахыг би Түүнээс гуйн залбирлаа.

Тэгтэл Мормоны Номыг унших их хүсэл надад төрлөө. Хүч чадал хийгээд чиглүүллийн төлөө би дахин залбирав. Залбирлын үед хүчтэй, сайхан мэдрэмж—дотоод сэтгэлийн бүлээн дулаан мэдрэмж надад төрж байв. Тэр агшинд би ганцаар биш байсныг мэдэж байлаа. “Энэ номыг унш!” гэсэн бодол толгойд минь байнга орж ирж байлаа.

Би номыг нээж, уншиж эхлэв. Оршлыг дуусгахын өмнөхөн, Америк тивийн уугуул оршин суугчдын нууцлаг түүхийг Их Эзэн надад илчлэх үеэр хацрыг минь даган нулимс доош урсаж эхлэв. Мормоны Ном миний санааг зовоосон асуудлуудад хариулахад тусгайлан зориулагдсан юм шиг санагдаж билээ. Миний асуултууд хариулагдсанд би ихэд баяртай байлаа. Эрт дээр үеийн америкчууд өөрсдийнхөө амьдралын тухай булшнаас өгүүлж, тэд ч бас Есүсийг мэддэг байснаа, Тэрээр бас тэдний төлөө зовон шаналсныг гэрчилжээ.

Би өөрийнхөө нээлтэд гайхан, номлогчдыг эрж олон, тэдний хичээлүүдийг сонслоо. 1991 оны гуравдугаар сарын 31-ний Улаан Өндөгний Баярын ням гарагт би баптисмын усанд доош умбан орсон нь—амьдралдаа миний хийсэн хамгийн зөв шийдвэр байлаа.

Түүний ач ивээл, агуу мэргэн ухааны төлөө би Тэнгэрлэг Эцэгтээ үлэмж баяр талархалтай явдаг билээ. Бурхан шударга гэдгийг, Тэрээр Өөрийнхөө хүүхдүүдээс хэнийг нь ч мартдаггүйг, мөн Тэрээр Өөрийн төлөвлөгөөг бүх хүн төрөлхтөнд илчлэх агуу их хүсэлтэй байдгийг би мэднэ. Мормоны Ном бол ариун ном гэдгийг би мэднэ. Энэ ном үнэн.