2008
Зураач Гишүүд Сүмийн Ном Хэвлэлүүдийг Илүү Олон Улсын Шинжтэй Болгож Байна
2008 оны нэгдүгээр сар


Зураач Гишүүд Сүмийн Ном Хэвлэлүүдийг Илүү Олон Улсын Шинжтэй Болгож Байна

Дэлхий даяар уран зураач, гэрэл зурагчин гишүүдийн тоо өссөөр байгаа нь Сүмийн сэтгүүлүүд болон Сүмийн албан ёсны бусад ном хэвлэлүүдийг илүү олон улсын шинжтэй болгож байна.

Сүмийн Сургалтын Газар анх 2005 оны аравдугаар сарын Лиахонад мэргэжлийн зураачид, гэрэл зурагчдад хандан уриалга гаргасан юм. Тэр үеэс хойш олон орны, Сүмийн авьяаслаг гишүүдийн тоо тогтвортой өссөөр байгаа бөгөөд эдгээр хувь нэмэр оруулагчдын мэдээллийн санг байгуулаад байна. Шашны үйл явдлуудыг, ялангуяа Шинэ Гэрээний түүхүүдийг дүрслэн харуулах тухай олон улсын зураачдад хандсан уриалга энэхүү мэдээллийн санг улам баяжуулсан юм.

“Уг мэдээллийн сангийн [бий болгож, ашиглах] зорилго нь урлагийн бүтээл соёлын талаасаа үнэн зөв байх явдлыг нэмэгдүүлж, Сүмийн ном хэвлэлүүд дэх олон улсын Сүмийн дүр төрхийг зөв тусган харуулах явдал мөн. Бид бас дэлхий даяарх Сүмийн гишүүдийн урлагийн авъяасыг тодруулахыг хичээж байна” хэмээн уг төслийн талаар Сургалтын Газрын График зургийн Хэлтсийг удирдсан тэргүүлэх дизайнер Тадд Петерсон хэлжээ.

Шинэ Гэрээний төслийн хэсэг болгон Лиахонагийн ажилтнууд 2007 онд Шинэ Гэрээний төслийг дэмжихэд Сүмийн ном хэвлэлүүдэд ашиглаж болох уран зургууд болон чимэглэлүүдийг бүтээж ирүүлэхийг хувь нэмэр оруулагчдад хандан уриалсан билээ. Аргентин, Бразил, Колумб, Финлянд, Герман, Перу, Өмнөд Африкийн зураачдын бүтээлүүдийг ашигласан байна.

Одоогоор мэдээллийн санд 31 орны 200 гаруй гэрэл зурагчид, уран зураачид, дизайнеруудын мэдээлэл ороод байна.

Хувь нэмэр оруулагчид Сүмийн сэтгүүлийн нилээд олон тооны өгүүлэл, түүнчлэн дэлхий даяар номлогчдын ашигладаг Миний Сайн Мэдээг Номло гарын авлагыг дагалддаг орон нутгийн шинжтэй, номлолын хэвлэл нийтлэлүүдийг гэрэл зургаар хангаад байна.

Олон улсын урлагийн бүтээлийг ашиглах нь дэлхий дахины гишүүдийн дунд эв нэгдлийн мэдрэмжийг бий болгоход тусалдаг гэж Петeрсон ах өгүүлэв. Урлагийн бүтээл нь соёл зан өөр өөрийн гэсэн арга барилтай байдаг ч, сайн мэдээний сургаалуудыг хүндлэн хайрлах хийгээд ариун зүйлүүдэд хүндэтгэлтэйгээр хандах нийтлэг зүйл байдаг юм.

“Дэлхий дахинаа сүмийг төлөөлж буй урлагийн эдгээр бүтээлүүд нь сүмийн гишүүдэд асар их үнэ цэнэтэй юм” гэж Петерсон ах хэлэв.

Мэдээллийн санд орох хүсэлтээ ирүүлэх хамгийн найдвартай арга бол холбоо барих хаяг болон урлагийн бүтээлийн дээж буюу гэрэл зургийг cur-artist-photographer@ ldschurch.org гэсэн электрон шуудангийн хаягаар ирүүлэх явдал мөн. Бас Урлагийн бүтээл буюу гэрэл зургийн хувиудыг (эх хувийг бүү явуул), холбоо барих хаяг, урлагийн бүтээлийн товч тодорхойлолтын хамт дараах хаягаар ирүүлнэ үү:

Artists and Photographers Database

50 E. North Temple St., Rm. 2474

Salt Lake City, UT 84150-3220, USA

Гэрээгээр гүйцэтгэх ажлыг зураачдын буюу гэрэл зурагчдын оршин суугаа газар, туршлага, ажлын арга барил, түүнчлэн тэдний нөөц боломжууд дээр тулгуурлан олгодог.