Бошиглогчийн дуу хоолойг сонсохоор ирэгтүн
Шинэ Өдрийн Гэрэл
Ерөнхий сайд байсан нэг хүнтэй уулзсанаа би үргэлж санадаг юм. Тэр хүн амьдралынхаа туршид их зөрчил, зовлон дунд байсан болов уу. Тэрээр нэг иудей багш хоёр найзтайгаа хүүрнэлдсэн тухай маш сонирхолтой түүхийг ярьсан юм. Нөгөө багш тэдний нэгнээс нь, “Шөнө хэзээ дуусч, шинэ өдөр хэзээ эхэлдгийг та яаж мэддэг вэ?” гэж асууж гэнэ.
“Хэрэв та дорно зүгрүү хараад хонийг ямаанаас ялгаж чадвал шөнө дуусч, өдөр эхэлснийг мэдэх болно” гэж түүний найз хариулжээ.
Хоёр дахь найзаас нь мөн л энэ асуултыг асууж гэнэ. “Хэрэв та холын зайнаас чидун модыг удган модноос ялгаж чадаж байвал өглөө болсныг мэднэ” гэж тэр хариулжээ.
Тэгээд тэд, хэзээ шөнө дуусч, өдөр эхэлдгийг хэлж өгнө үү хэмээн нөгөө багшаас асууж гэнэ. Тэр хэсэгхэн зуур бодсоноо, “Та дорно зүгт байгаа эмэгтэй хүнрүү харж ‘Тэр бол миний эгч байна’ гэж хэлж чадвал бас дорно зүгт байгаа эрэгтэй хүнрүү харж ‘Тэр бол миний ах байна’ гэж хэлж чадвал, шинэ өдрийн гэрэл ирснийг мэдэх болно” гэж хэлжээ.
Энэ тухай хэдэн хором бодоорой, эрхэм хүндэт найз нар минь. Энэ нь жинхэнэ ах дүүсийн ёсны утга учрыг өгүүлж байна шүү дээ.
Есүс Христийн сайн мэдээ бол хүмүүсийн дунд байдаг үзэн ядалтыг устган үгүй болгох цорын ганц зүйл юм. Хэрэв хүмүүс энэ сайн мэдээг амьдралдаа авчрах юм бол, дэлхий дэх энх тайвны хэмжүүр асар их байх болно. Хүмүүс бие биенээ ах дүүсийн адилаар, Тэнгэр дэх бидний Эцэгийн хүүхдүүд гэж үздэг байхын тулд, Их Эзэн Есүс Христийн сайн мэдээг тэдэнд зааж, тэдний зүрх сэтгэлд нөлөөлөхийн тулд л та нар бас би энд байгаа юм шүү дээ.
2006 оны 10-р сарын 31-нд Бригам Янгийн Их Сургууль дээр хэлсэн үгнээс, түүнчлэн “Амьд Бошиглогчийн Үгс,” Лиахона, 1996 оны 12-р сар, 8.
БОДОХ ЁСТОЙ ЗҮЙЛҮҮД
-
Энэ түүхэнд багш нь хайрыг нь шинэ өглөөний нартай зүйрлэжээ. Сайн мэдээний гэрэл яагаад хайрыг бидний зүрх сэтгэлд авчирдаг вэ?
-
Та нар сайн мэдээг бусадтай хэрхэн хуваалцаж, тэдэнд амар амгаланг авчрахад хэрхэн тусалж болох вэ?
-
Сайн мэдээний амар амгаланг та нар амьдралдаа хэрхэн мэдэрч чадах вэ?