2008
Биднийг нэгтгэгч холбоосууд
2008 оны нэгдүгээр сар


Биднийг нэгтгэгч холбоосууд

“Мөн миний хүмүүст нэрийн төдий бус, харин үйлсээрээ бишоп байг хэмээн Их Эзэн хэлж байна.” (С&Г 117:11)

“Өө … энэ чинь одоо яачих ваа!” хэмээн Райн толинд өөрийгөө харан ийнхүү хэлэв. Тэр зангианыхаа үзүүр рүү харж байв. Хагас цаг тэрээр үүний учрыг олж чадсангүй. Ямар хэцүү юм бэ?

Ээж нь угаалгын өрөөний хаалгыг тогшин, зөөлнөөр “Райн?” гэж дуудав.

“Ор ор” гэж тэр гонгинов.

Ээж нь хаалга онгойлгон түүн рүү инээмсэглэн харав. “Зангидаж болох нь уу?”

“Нэг л болж өгөхгүй байна,” гэж тэр хэлэв. “Би аавынхтай л адил харагдуулах гэсэн юм.

Ээжийх нь царай бага зэрэг эвгүйрхсэнээ зүгээр болов. Райн аавынхаа тухай ямар нэгэн юм ярихгүй байхыг хүссэн ч ам алдсан байлаа.

Ээж нь зангианых нь үзүүрийг эргүүлснээ “Скаутын номноосоо энэ талаарх зөвлөгөөг авч чадна гэж чи бодохгүй байна уу?” гэж асуугаад ном авчирахаар гарч явлаа.

Райн 12 нас хүртлээ зангиа зангидаж сураагүй явсан нь өөрт нь тэнэг санагдав. Аав нь түүний зангиаг зангидаж өгдөг байсан ч аав ээж хоёр нь салсан учир аав нь өөр хотод амьдрах болсон юм.

Ээж нь ном барин орж ирснээ “Би оролдоод үзэх үү?” гэж асуулаа.

“За тэг” гэж Райн аятайхан байхыг хичээн хэлэв. Ээж нь ухаалаг байсан ч, өмнө нь тэрээр зангиа зангидах туршлагагүй байлаа.

Ээж нь цаасан урлал хийж байгаа мэт харагдаж байв. Тэгснээ дуусгалгүй дахин дахин эхлээд л байв. Дахин нэг оролдож үзсэнээ хүчтэй санаа алдав.

Гэнэт Райны эгч угаалгын өрөө рүү гүйн орж ирснээ, “Райн, зангиа чинь яачихаад байгаа юм бэ? Ямар хачин хэлбэртэй болчихоо вэ” гэв.

Ээж нь “Яагаа ч үгүй” гээд зангидах гэж дахин оролдож үзлээ.

“Би хоцрох нь ээ,” гэж Райн уурлахгүйг хичээн хэллээ. Гэвч түүний уур нь хүрч байв. Энэ нь түүний диконы зэрэгт томилогдсоны дараа ариун ёслол түгээх анхны өдөр байсан ба зангиа нь аймшигтай харагдаж байлаа.

“Чи иймэрхүү байдалтай харагдаж байж ариун ёслол түгээж болохгүй ш дээ” гэж Кэйти хэлэв.

Ээж нь Кэйтиг угаалгын өрөөнөөс хөтлөн гаргаад буцан орж ирээд “Надад нэг санаа байна,” гэж хэллээ.

Рэйн эргэлзэнгүйгээр түүн рүү харав.

“Чи сүм дээр эртхэн шиг гүйж очоод бишопоос үүнийг хийж өгөхийг гуйвал яах вэ?”

Бишопоос уу? Ямар ичмээр юм бэ! Райнд ариун ёслолын танхим дундуур явж хүмүүсийн өмнө гаран бишоп руу зангиагаа барин очиж зангидаж өгөхийг гуйснаас гэртээ үлдсэн нь дээр санагдав.

“Тэр Петрт зангиаг нь зангидахад үргэлж тусладаг гэдэгтэй би мөрийцөхөд бэлэн байна” гэж ээж нь хэллээ.

Петр бол бишопын хүү юм. “Би тэгж бодохгүй байна,” гэж Райн хэлэв. Тэр толь руу харан хөмсгөө зангидснаа зангиагаа суга татан авав.

Райн ариун ёслолын танхим руу орж ирмэгц, түүний нүүр халуу оргих шиг боллоо. Бишопоос гуйж байхыг харвал бусад хөвгүүд юу гэх болоо? Ээж нь яагаад зангидаж өгөөгүй юм бол гэж бодно доо гээд буцаад алхлаа. Гэнэт ямар нэгэн намуухан гэхдээ хүчтэй мэдрэмж танхим руу ор, бүх юм сайхан болох болно гэж хэлэх шиг санагдав.

Тэр гүнзгий амьсгаа аван хаалгыг нээн орлоо. Эрт ирсэн учраас танхим бараг хоосон зөвхөн хөгжимчин, мөн урд эгнээнд хэдхэн хүн л байгаа харагдав. Бишоп Андерсон толгойгоо бөхийлгөн чимээгүйхнээр судар уншин сууж байлаа. Бишоп Андерсон гэнэт түүн рүү харав. Тэр судраа доош тавиад доош бууж ирээд түүнтэй гар барив.

“Тавтай морилно уу Райн, чи ариун ёслол түгээх гээд сэтгэл чинь догдлож байна уу?” гэж асуулаа.

“Тиймээ, гэхдээ над нэг асуудал байна” гэж Райн хэлэв.

“Санаа зоволтгүй. Хүн бүр л анх удаагаа сандарч байдаг юм. Би чиний насан дээр байхдаа нэг хатагтайн хөл дээр гишгэчихсэн. Гэлээ ч бүх юм дажгүй сайн болсон шүү.”

“Үгүй ээ,” гэснээ Райн, зангиагаа барив.

“Өө, нааш ир” гэж бишоп хэллээ.

Тэр хоёр үүдний танхим руу оров. Бишоп Райнд зангиаг гогцоо гарган хэрхэн зангидахыг зааж өгсөн бөгөөд, түүнд сурах цаг байсан тул түүний зангиа одоо яг зөв харагдаж байв. Бишоп Андерсон түүнд үүнийг аль хэдийн сурчих ёстой байсан юм гэх мэт зүйл хэлсэнгүй, одоо хүртэл сураагүй байсанд нь харамсаж, шоолсон байдал гаргасангүй.

Харин “чи надаас ийм тусламж хүссэнд их баярлалаа,” гэж хэлсэн ба тэр хоёр хамтдаа Ариун ёслолын танхим руу орж ирэв.

Райн толгой дохилоо. Тэрээр одоо хүртэл ичингүйрсээр л байсан боловч, зангиа нь зохих ёсоор харагдаж байгаа учир арай тайвширсан байлаа.

Бишоп Райны мөрөн дээр гараа тавин “Энэ хэсэг бол нэгэн том гэр бүл юм. Гэр бүлийн маань гишүүд хайр халамжийг мэдэрч л байвал надад их тааламжтай байдаг юм” гэснээ Ариун ёслолын танхимын урд хэсэг рүү алхав.

Райн Ариун ёслолын танхимаар явж өнгөрөх үед инээмсэглэсэн танил царайнуудыг харлаа. Тэгээд бишопын хэлснийг санав. Түүний энэ хэсэг үнэхээр нэгэн том гэр бүл юм гэдгийг тэр мэдсэн билээ.