Нийгмийн Халамжийн Бүлгийн хичээл манай гэр бүлийг өөрчилсөн юм
Тал бүрээс довтолж байгаа хилэнцэт нөлөөнөөс өөрийн гэр бүлийг хамгаалах энгийн, гайхамшигтай арга зам байгаасай хэмээн та хүсч байсан уу?
Ахлах доод шатны сургуулийн анхны жилдээ манай хүү Жакобын (нэрүүдийг өөрчлөв) зан харьцаанд алгуур өөрчлөлт гарч байгааг би ажиглав. Тэр сайн залуу байсан боловч заримдаа бүдүүлэг авирлаж, эсэргүүцэл гаргадаг байв. Телевиз, видео тоглоом, Интернэтэд тэр хамаг цагаа зориулдаг байлаа. Тэр гэрийн даалгавраа хийх, өрөөгөө цэвэрхэн байлгах, гэрийн ажилд туслах талаар бидэнтэй байнга арцалддаг байв. Үүнтэй адил ийм байдлыг би том хүүхдүүд дээрээ бас ажигласан ч гэсэн, энэ удаад энэ нь бүр илүү ноцтой байлаа. Зарим хүүхдүүд өсөх үедээ Сүмээс хэрхэн дайжин хөндийрдгийг би хувийн гашуун туршлагаас мэдсэн юм. Отгон хүүгээ бас бүхэл гэр бүлээ дэлхийн муу нөлөөнөөс хэрхэн хамгаалахыг мэдэхийн төлөө би цөхрөлтгүй залбирдаг байлаа.
Нийгмийн Халамжийн Бүлгийн хичээлд би ар талд сууж байсан арваннэгдүгээр сарын тэр нэгэн ням гарагт гайхамшиг болохыг би мэдээжийн хэрэг хүлээж байсангүй. Нийгмийн Халамжийн Бүлгийн ерөнхийлөгчийн зөвлөлийн зөвлөх Рандалл эгч, хичээлийн сэдэв нь судар судлах гэж зарлахад, ямар нэг гэм буруугийн мэдрэмж намайг цочоох шиг болж, би гэр бүлийнхээ тухай бодов. “Судар судлах тухайд өөр хичээл байхгүй. Би чадахынхаа хэрээр л хичээж байгаа шүү дээ” хэмээн би бодлоо.
Миний нөхөр бол гэр бүлээ үргэлж ялдамхнаар хайрладаг сайн нөхөр байсан ч гэсэн, гэр бүлээрээ судар судлахад санаа тавьдаггүй байв. Бид хүүхдүүдтэйгээ хамт залбиран, гэр бүлийн үдшийг тогтмол явуулахыг хичээдэг байв. Гэвч гэр бүлээрээ судар судлахыг намайг санал болгоход, тэр үүнийг авч үзэхээс татгалздаг байлаа. Гэр бүлээрээ судар судлах нь маш чухал гэж би боддог учраас, хүүхдүүдээ унтахаас нь өмнө би хүүхэд нэг бүртэйгээ хамт судрууд уншдаг байлаа. Би үүнээс илүү юу хийж чадахаа мэдэхгүй байлаа.
Гэвч хожим нь би судруудыг Жакобтай хамт уншихаар олон удаа биш ч гэсэн орж ирэхэд, тэрээр: “Ээ, одоо больё. Би бүр ядарчихаад байна шүү дээ. Би өөрөө уншчихна аа” [эсвэл завгүй байна ч гэх юм уу, ер нь л түмэн олон шалтаг тоочно] гэдэг байв. Бид судруудыг хамтдаа уншаагүй үед би маргааш өглөө нь энэ тухай асуухад, тэр яагаад ч юм, судар уншихаа “мартчихаж” гэж үргэлж хэлдэг байв. Аав нь өөр өрөөнд телевиз үзэж байгааг тэр сонсож байгаа үед түүнийг судар уншуулах гэж шавдуулах нь утгагүйг би ойлгодог байв.
Рандалл эгчийг хичээлээ эхлэхэд, нэгэн “төгс гэр бүл” судруудыг хэрхэн амтархан судалдаг тухай бас нэг түүхийг л сонсох болов уу гэж би бодож суув. Үүний оронд Рандалл эгч: “Тооллого 21-д, израилчуудыг амлагдсан нутгийн зүг аялж байх үед харвагч хорт могойнууд тэднийг дайрсан тухай өгүүлдэг. Олон хүмүүс хорт могойнуудад хатгуулж үхсэн юм.Израилчууд энэхүү аймшигт устгалыг хараад, хорт могойнуудыг тэднээс зайлуулж, тэднийг эдгээхийн төлөө Их Эзэнд хандан залбирахыг Мосегоос хүсчээ” хэмээн Хуучин Гэрээний нэгэн түүхийг ярьснаар эхэлжээ.
Амьдрал дундуур аялж яваа манай гэр бүл манай хожмын үеийн хорт могойнууд: гэмт хэрэг, мансууруулах бодис, порнографи, ёс суртахуунгүй бусармаг явдлуудын гэнэтийн дайралтад өртсөнийг би оюуны мэлмийгээрээ харж билээ. Израилчуудын нэгэн адил хүчин мөхөсдсөнөө би ойлгов.
Гуулин могой (Христийн бэлэгдэл) хийж, үүнийг саваан дээр өргөхийг Их Эзэн Мосед хэрхэн хэлснийг Рандалл эгч тайлбарлав. Хорт могойнд хатгуулсан хэн ч гэсэн, гагцхүү гуулин могойг харах юм бол, амьдрах болно хэмээн Мосе амлажээ. Энэ амлалтын энгийнийг эс харгалзан, “хатуурхсанаас харахыг хүсээгүй нь олон байв, тиймийн тул тэд мөхсөн юм. Эдүгээ тэдний хараагүйн шалтгаан нь, энэ нь тэднийг эдгээнэ гэдэгт тэд итгээгүйнх юм” (Алма 33:20) хэмээн Алма бидэнд хандан өгүүлдэг.
Манай өнөө үед харвагч хорт могойнууд өөр өөр хэлбэртэй байдаг ч гэсэн, бид мөн л Христ өөд харж, аврагдаж чадна хэмээн Рандалл эгч бидэнд ярив. Судруудыг өдөр бүр хувиараа болон гэр бүлээрээ уншиж, хувиараа болон гэр бүлээрээ залбирлууд хийж, цуглаанууддаа оролцож, аравны нэгээ төлж, наманчилж байхыг, ариун сүмд орохуйц зохистой байхыг, түүнчлэн гэр бүлийн үдэш хийж байхыг манай өнөө үед бошиглогчид бидэнд хандан захидаг. Энэ нь Христ рүү харж, эдгээгдэх бидний арга зам мөн.
Энэхүү үзэл баримтлалын энгийн байдал нь эхлээд харахад амьдралд өдөр бүр тохиолддог уруу таталтуудаас биднийг хамгаалахад хэтэрхий энгийн хялбар юм шиг санагдаж байв. Гэвч Рандалл эгчийг ярихад, миний сэтгэл ихэд хөдөлж, улмаар түүгээр дамжуулан Их Эзэн надад хандаж ярилаа гэж би бодсон. Энэ ердөө л итгэлийн асуудал гэдгийг би ойлгов. Би өнөө үеийн бошиглогчид, төлөөлөгчдийн үгст итгэдэг байсан уу, эсвэл олон израилчууд гуулин могойг харахаас татгалзсан шиг, би бултан зайлж байв уу?
Гэр бүлийн залбирал, судар уншихаар дамжуулан хүчирхэгжихэд нь гэр бүлдээ туслахаар сэтгэл шулуудан би Сүмээс гэр рүүгээ явлаа. Нөхөр маань зүрх сэтгэлээ зөөлрүүлээсэй хэмээн би хэдэн долоо хоногийн турш залбирав. Би мацаг барилаа. Би гэр бүлийн тусгай үдэш хийж, идэвх султай гэрлэсэн хүүгээ гэр бүлийнх нь хамт бидэнтэй нэгдэхийг урилаа. Мосе болоод харвагч хорт могойнуудын тухай бид мэддэг боллоо. Эцэст нь, бид шинэ оныг гэр бүлээрээ судар судлахаар эхэлж болох уу гэж би нэг орой нөхрөөсөө асуулаа. Тэгээд Шинэ жилийн өдөр тэрээр өдөр бүр судар судлахад биднийг удирдаж эхэлж билээ.
Манай гэр бүл ганцхан хоногийн дотор төгс болоогүй л дээ, гэвч манай гэр орон дахь уур амьсгал хичнээн их сайжирсанд би гайхдаг байлаа. Бидний зөрчил багасаж, гэр оронд маань илүү аятай сайхан сүнс бий боллоо. Би биеэ барьж чаддаг, эсвэл барагтай л бол сэтгэл санаагаар урууддаггүй байлаа. Би нөхөртөө болон намайг үнэнхүү бишрүүлэхэд хүргэсэн Их Эзэнд нэн ойр дотно болсноо мэдэрч байлаа. Гэвч хамгийн ихээр өөрчлөгдсөн зүйл нь Жакобын харьцаа хандлага байв. Бид гэр бүлээрээ судар судлах ёстой гэдгийг тэрээр бид бүгдэд сануулж эхлэн, судар унших өөрийн ээлжийг дуртайяа хүлээн авдаг боллоо.
Бошиглогчдыг дагах болон тэдний амлалтуудад найдвар тавих мэргэн ухааныг би шинээр ухааран ойлгосон юм. Тэргүүн Зөвлөлийн Хоёрдугаар зөвлөх, Ерөнхийлөгч Жеймс И.Фаустын дараах үгсийн үнэний талаар надад гэрчлэл байдаг: “Зав чөлөө муутай гэр бүлийн эцэг эхчүүд хүн бүрийг орноос нь босгож, гэр бүлээрээ хамтдаа залбирал хийж, судар судлахад хүний хэрээс хэтэрсэн хүч чармайлт гаргах нь олонтаа байдаг. Та нар эцэстээ хамтран цугласан үед залбирч байна гэж үргэлж санагдахгүй байж болно, гэвч хэрэв та нар цөхрөлтгүй байх юм бол, энэ нь агуу үр дүнгээ өгөх болно.”1