2008
Би хэрхэн Сүмд ирсэн гээч?
2008 оны нэгдүгээр сар


Би хэрхэн Сүмд ирсэн гээч?

1997 онд би Венесуэлын Ла Викторияд 10 хоногийн хугацаатай ажлын томилолтоор очлоо. Итали дахь гэртээ буцаж очихгүй болсноо удалгүй би мэдээд, ням гарагт Сүмд явж байхын тулд Хожмын Үеийн Гэгээнтний шүтээний байрыг хайж эхлэв.

Нэг өдөр үдийн завсарлагаанаар нэгэн залуу итали инженертэй найз нөхөд болов, тэрээр Маракейд шүтээний байр хаана байдгийг мэддэг байлаа. Тэр надад газрын зураг хийж өглөө. Миний эзэмшилд нэг машин байсан боловч, харамсалтай нь, машин барихад шаардлагатай түр хугацааны эрүүл мэндийн шалгалтыг би өгч амжаагүй байв.

Энэ газарт би шинээр ирсэн болохоор, миний испани хэлний мэдлэг тун тааруухан байв, иймээс намайг нийтийн тээврийн хэрэгслээр ганцаараа явахгүй байхыг нилээд хэдэн хүмүүс надад зөвлөв. Би хүнд асуудалтай тулгарлаа. Улаан Өндөгний Баярын ням гараг дөхөж ирэхэд, ариун ёслолоос хүртэж, гэрээнүүдээ шинэчлэхийг би үнэхээр хүсч байлаа. Хэрэв би машинаар явахгүй юм бол, Маракей дахь Сүмд яаж очих юм бэ? Хэрэв би машинаар явах юм бол, зөвшөөрөлгүйгээр машин жолоодсоны төлөө намайг замд зогсоох эрсдэл хүлээж байлаа.

Би ямар сонголт хийхээ бодож байтал: “Хуулийг дуулгавартай даган, эрхэмлэн дээдэлж … , сахихад бид итгэдэг” гэсэн Итгэлийн 12 дахь тунхаг санаанд минь орж ирлээ. Машинаар явах тухайд гэвэл, Сүмд очиж чадахгүй байлаа ч гэсэн, улс орны хуулийг дуулгавартай дагах ёстойг би мэдэж байлаа (С ба Г 58:21-ийг үз).

Хэд хоногийн дараа би хамтран ажиллагсдынхаа нилээд хэд нь буусан зочид буудалд шилжин очлоо. Бямба гарагийн өглөө би жаахан явган зугаалсны дараа буудалд эргэж ирээд, маргааш нь яаж Сүмд очих тухайгаа бодож эхэллээ. Хүлээн авагчийн ширээний дэргэдүүр өнгөртөл, испани хэл дээр Лиахона сэтгүүл тэнд байхыг хараад би гайхав.

“Энд ямар хүн Сүмийн гишүүн бэ?” гэж би асуулаа. Уг сэтгүүл зочид буудлын ажилчдын нэгнийх нь болохыг нэг хүн хариулав. Буудлын хүлээн авагч өрөө рүүгээ явж, түүнийг надтай уулзахыг хүсчээ. Бид хоёр Сүмийн тухай ярилцах үед, яг энд Ла Викторияд нэг хэсэг байдаг, мөн зочид буудлаас явган яваад хүрэх газарт ойрхон шүтээний байр байдаг гэж нөгөөх сайн ах надад хэлэв. Маргааш өглөө нь тэр надтай уулзаж, намайг Сүм уруу дагуулж очвол тэр баяртай байх болно гэж тэр надад хэллээ. Хичнээн их баяртай байсан гээч!

Үүнээс хойш хоёр сарын дараа би Ла Викторияд байхаа болив. Тэр хугацаанд би цуглаан, үйл ажиллагаануудад баяртай оролцдог байсан болохоор олон найз нөхөдтэй болсон. Улаан Өндөгний Баярын дараа удалгүй би машин жолоодох хууль ёсны зөвшөөрөл авсан нь Маракейд болсон гадасны чуулганд оролцох боломжийг надад олгосон юм.

Намайг Венесуэлд байх үед улс орны хуулийг дуулгавартай дагах нь чухал болох тухай миний гэрчлэл—бүр тааламжгүй байдалд ч гэсэн—бэхэжсэн билээ. Мөн түүнчлэн Сүмийн хэвлэлүүд бол Их Эзэний адислалуудыг хуваалцах үр ашигтай арга зам болох тухай гэрчлэлийг би олж авсан билээ.