Бардам зангаа хаяж, гэрлэлтээ авч үлдсэн минь
Гэр бүлийн бусад хосын нэгэн адил, гэрлэлтийнхээ үед миний нөхөр бид хоёрт санал зөрөлдөөнүүд байсан. Гэвч нэг болсон явдал миний санаанаас огт гардаггүй. Бидний санал зөрөлдөөний шалтгааныг би санадаггүй, гэвч үүний дараа бид хоёр бие биентэйгээ ярихаа больсон юм, энэ бол бүхэлдээ миний нөхрийн буруу байсан гэж боддог байснаа би санадаг. Би уучлал гуйх хэрэгтэй байсан тэр зүйлийнхээ төлөө үнэхээр юу ч хийгээгүй гэж би боддог байлаа.
Тэгээд тэр өдөр дуусах үеэр нөхөр маань уучлал гуйх байх гэж би хүлээж байлаа. Яах аргагүй түүний буруу байсныг тэрээр ойлгох нь лавтай байлаа. Тэр миний сэтгэл санаанд хичнээн их сэв суулгасан нь тодорхой байлаа. Би өөрийнхөө төлөө хатуу зогсох ёстой гэж бодож байлаа, энэ бол асуудлын гол нь байв.
Өдөр дуусах үед би дэмий хүлээснээ ойлгож эхлэв, иймээс би Их Эзэнд хандан залбирахаар явлаа. Миний нөхөр юу хийснээ, мөн энэ нь бидний гэрлэлтэд хэрхэн сэв суулгасныг ухаарч ойлгоосой хэмээн би залбирлаа. Бид санал зөрөлдөөнөө төгсгөл болгохын тулд тэрээр сүнслэгээр нөлөөлөгдөөсэй хэмээн би залбирлаа.
Намайг залбирч байхад, би нөхөр рүүгээ очиж уучлал гуйх ёстой гэсэн хүчтэй сэтгэгдэл надад төрлөө. Энэ сэтгэгдэл намайг бага зэрэг сандаргасан ч, би залбиралдаа ямар ч буруу юм хийгээгүйгээ илэрхийлсэн, иймээс намайг уучлаарай гэж би хэлэх ёсгүй байв. “Чи өөрийн зөв гэж зүтгэсээр байх уу, эсвэл гэрлэлтээ хамгаалан авч үлдэх үү?” гэсэн бодол оюун ухаанд минь хүчтэйгээр орж ирлээ.
Би энэ асуудлыг анхааралтай авч үзээд, би бардам байж, түүнийг уучлал гуйх хүртэл бууж өгөхгүй юм шүү гэж бодов, гэвч энэ нь хэр зэрэг удах бол? Хэд хонох бол? Бид хоёр бие биентэйгээ ярихгүй байсан үед би гэдэг хүн өрөвдөлтэй амьтан байв. Энэ явдал бидний гэрлэлтэд цэг тавихгүй болохыг, хэрэв би ерөөсөө бууж өгөхгүй бол, энэ нь олон жилийн туршид ноцтой хохиролд хүргэж мэднэ гэдгийг би ойлгож байв. Хожим нь утга учиргүй зүйл болж мэдэх ямар нэг юмны төлөө бардам зантайгаа зууралдахаас илүүгээр аз жаргалтай, хайрын гэрлэлт маань надад чухал гэж би шийдлээ.
Би нөхөр рүүгээ очиж, түүнийг санаагаар унагасаны төлөө уучлал гуйлаа. Тэр бас уучлал гуйж, ингээд аз жаргалтай болж, хайр дурлалаар дахин нэгдэв.
Тэр цагаас хойш: “Чи өөрийн зөв гэж зүтгэсээр байх уу, эсвэл гэрлэлтээ хамгаалан авч үлдэх үү?” гэсэн нөгөөх асуултыг өөрөөсөө дахин асуух шаардлагатай тохиолдлууд гарч байлаа.Энэ асуулттай анх удаа би тулгараад мэдэж авсан тэрхүү агуу сургамжийн төлөө би хичнээн их талархалтай байдаг билээ. Энэ нь миний үзэл бодлыг эргэлт буцалтгүй болгож, нөхөр болон гэрлэлтээ хувийн бардам зангийнхаа дээр тавихад надад ямагт тусалсаар ирсэн билээ.