2008
Тууштай хийгээд гуйвшгүй
2008 оны нэгдүгээр сар


2008 ОНЫ МЮЧЕЛИЙН СЭДЭВ

Тууштай хийгээд гуйвшгүй

“Хичээнгүй хийгээд гуйвшгүй байж, сайн үйлсээр үргэлж бялхагтун” (Мозая 5:15).

Хичээнгүй хийгээд гуйвшгүй байх гэдэг нь юу гэсэн утгатай вэ? Хичээнгүй байх гэдэг нь бат бөх тогтсон, өөрчлөгдөөд байдаггүй, итгэл хийгээд шийдэмгий байдлын хувьд бат бөх байх гэсэн үг юм. Үүнчлэн гуйвшгүй байх гэдэг нь гуйвж, дайваад, өөр болоод байдаггүй гэсэн үг. Есүс Христийн сайн мэдээнд хичээнгүй, гуйвшгүй байх нь Түүнийг дагах шийдвэр төгс байдал юм, үүгээр сайн үйлс үргэлж бялхаж байдаг.

Хичээнгүй, гуйвшгүй хүмүүсийн үлгэр жишээ

Есүс Христ бол бид дээр нь барих ёстой хад бөгөөд бат бөх суурь юм. Тэр бол бидний хувьд хичээнгүй бөгөөд гуйвшгүй зогсдог, сайн үйлсээр үргэлж бялхагч хүний төгс үлгэр жишээ мөн.

Бат бөх зогсдог амьд бошиглогчид, төлөөлөгчид бас бидэнд байдаг. Зарим хүмүүс энэ дэлхийд улам өсөн нэмэгдэж буй харанхуйг хийгээд тодорхойгүй байдлыг хардаг бол, харин бидний бошиглогч Гордон Б.Хинкли одоо энэ үе бол амьд байхад сайн цаг үе хэмээн үзэж байна. Тэрбээр хичээнгүй хийгээд гуйвшгүй нэгний хүчирхэг үлгэр жишээ болсоор байна.

Өөрсдийнхөө итгэсэн зүйлээр амьдрахад хичээнгүй, гуйвшгүй зогсож байсан гайхамшигтай эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд бүх судруудад бас байдаг. Ахмад Моронай “хүчтэй мөн чадалтай хүн байв; тэр бол төгс ойлголттой хүн байв; … төрөлх орныхоо чөлөөт байдал, эрх чөлөөнд бодгаль нь баясдаг хүн байв … ; Бурхандаа талархах талархлаар зүрх сэтгэл нь тэлдэг хүн байв … ; өөрийн хүмүүсийн сайн сайхан хийгээд аюулгүй байдлын төлөө үлэмж ихээр хөдөлмөрлөдөг хүн байв… . Христэд итгэх итгэлээрээ тэрбээр гуйвшгүй хүн байсныг” (Алма 48:11–13) бид Мормоны Номноос мэддэг билээ.

Хэрэв бид бүгдээрээ түүнтэй адилхан байсан бол дэлхий ямар байх бол? “Хэрэв бүх хүмүүн Моронайн адил байсан, мөн байгаа, мөн байх аваас, болгоогтун, тамын чухамхүү тэр хүч үүрд мөнхөд сэгсрэгдэн суларсан байх сан; тийм ээ, хүмүүний үрсийн сэтгэл зүрхийг давах хүч чөтгөрт хэзээ ч байхгүй байх сан” (Алма 48:17) хэмээн судрууд бидэнд өгүүлдэг билээ.

“Хүмүүст өөрөөс нь дутуугүй үйлчилдэг байсан” (Алма 48:19) Хиламан болоод бусад ах нарын хамт Моронай үйлчилдэг байжээ. Өнөө үеийн эрэлхэг зоригт залуусын нэгэн адил тэд “итгэж даалгасан ямар ч зүйлд цаг ямагт үнэнч эрс байв … , учир нь тэд Бурханы зарлигуудыг дагахыг мөн түүний өмнө зөв шударга алхахыг заалгасан” (Алма 53:20–21) 2,000 залуу дайчны армийн тэргүүн магнайд Хиламан зогсож байлаа. Эдгээр залуу эрчүүд үнэнч шударга, шийдвэр төгс байлаа.

Естер бол туйлбартай, гуйвшгүй хүний өөр нэг жишээ юм. Тэрээр өөрийн хүмүүсийг аврахын тулд нэгэн газар, нэгэн нөхцөл байдал уруу бурханлигаар хөдөлгөгдсөнөө мэдэж байжээ. “Чи үүн шиг ийм цагийн төлөө л хааны эрх дарханд хүрсэн ч юм билүү хэн мэдэх вэ?” (Eстер 4:14) хэмээн Мордехай түүнд хэлсэн байдаг. Тэр бол итгэл, шийдэмгий байдлын агуу үлгэр жишээ мөн.

Хичээнгүй, гуйвшгүй, сайн үйлсээр бялхам байдаг хүмүүсийн агуу үлгэр жишээ бидний эргэн тойронд байдаг. Биднээс олон нь ариун сүмийн гэрээнүүдийг нарийн нягтаар сахьдаг эцэг эхчүүдээ хардаг. Үйлчлэлдээ чанд дуулгавартай, итгэлтэй номлогчдыг бид дэлхий даяар хардаг. Удирдагчид, зөвлөхүүд, ах нар, эгч нар болон найз нөхөд ч бас эдгээр чанаруудаар үлгэр жишээ үзүүлж чадна.

Та нар тэдний үлгэр жишээг хэрхэн дагаж, хичээнгүй, гуйвшгүй байж чадах вэ? Бидний хүн нэг бүр өөрсдийн дуулгавартай байдал, зохистой байдлын талаар шийдвэр төгс, гуйвшгүй бат бөх байж чадна. Бид залбиралд, судрууд судлахад, аравны нэгээ төлөхөд, Мэргэн Ухааны Үгээр амьдрахад, цуглаанууддаа оролцоход, бодол санаа, үйл ажиллагаараа цэвэр ариун байхад, санваарыг хүндэтгэхэд, гэр бүл найз нөхөддөө эелдэг найрсаг байхад төгс итгэлтэй байхын төлөө хичээн чармайх ёстой.

Хичээнгүй, гуйвшгүй байснаас ирдэг адислалууд

2008 оны Мючелийн сэдвийн судар Хаан Бенжамины сүүлчийн номлолын төгсгөлд байгаа (Мозая 2–5-ыг үз). Тэдний зүрх сэтгэлд хүчтэй өөрчлөлт гарсны улмаас түүний үгэнд хүмүүс ихэд сэтгэл хөдөлсөн байлаа: тэд цаашид хилэнц үйлдэх хүсэлгүй болж, сайныг үргэлж үйлдэх болжээ (Мозая 5:2-ыг үз). Энэ өөрчлөлтийн улмаас [тэднийг] тэнгэрт авчирч болохын тулд [мөн] үүрдийн авралыг авчирч болохын тулд (Мозая 5:15) Их Эзэн “[тэднийг] өөрийнх байлгахаар лацдаж болохыг” Хаан Бенжамин хүмүүст ярьжээ.

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ахлагч Давид А.Беднар, лацдан холбох гэдэг үг “Ариун Сүнсний батлагч хүч гэсэн утгатай юм… . Энэхүү ‘баталгааны тамгыг’ Ариун Сүнснээс хүлээн авах нь итгэлтэй байдал, ариун журам, сайн мэдээний ёслолуудыг эрхэмлэн дээдлэх тууштай байдлын үр дүн мөн”1 хэмээн тайлбарлажээ.

Бид Аврагч Есүс Христийн бат бөх суурин дээр барьсан үед ийм агуу адислалыг хүлээн авагч нь байж чадна. Зүрх сэтгэлийн хүчирхэг өөрчлөлт бидэнд гарч, Ариун Сүнсний батлагч хүчээр дамжуулан мөнх амьдралд бид лацдан холбогдож чадна, мөн эцэст нь Аврагчид байдаг бүхнийг бид хүлээн авч чадна.

Тэмдэглэл

  1. “Ye Must Be Born Again,” Лиахона, 2007 оны 5-р сар, 22.