2008
Миний хүсэн хүлээж байгаагүй зүйл
2008 оны нэгдүгээр сар


Миний хүсэн хүлээж байгаагүй зүйл

Би ахлах сургуульд байхдаа манай гэрийнхэн таашаадаггүй байсан нэгэн залуу эртэй холбогдсон юм. Эцэстээ, тэдний эсэргүүцлийн улмаас би ах, эгч дүү нартаа дайсагнадаг, эцэг эхдээ дургүй болж билээ. Харамсалтай нь, миний хувьд юу сайн болохыг тэд мэдэхгүй; зөвхөн би л мэддэг гэдэгт би ягштал үнэмшсэн байлаа. Тэд юунд нь миний эрэгтэй найзыг тэгтлээ үзэж чаддаггүй байсан хэрэг вэ? Тийм ээ, тэр заримдаа аймшигтай зүйлүүдийг надад ярьдаг байсан л даа. Гэвч тэр надад хайртай учраас намайг гомдоодог байсан гэдэгт би итгэдэг байлаа. Миний талаар өөр хэн ч анхаарал халамж тавьдаггүй байсан гэж би боддог байлаа.

Надтай зүй бусаар харьцдаг байсан нь миний санаа сэтгэл, үзэл бодлыг өөрчилсөн юм. Нэг үе би хүн бүрд уурлаж, дараа нь өөртөө сэтгэл гутардаг байлаа. Би Сүмээс хол хөндий байж, намайг үнэхээр хайрладаг байсан хүн болгоноос зайлсхийдэг, бас аливаа сүнслэг зүйл, ялангуяа сайхан хөгжмөөс зайлсхийдэг байлаа. Би гомдсон байлаа, гэвч үүнийгээ ил гаргахыг хүсдэггүй байв.

Би амьдралтайгаа бас эргэн тойрныхоо хүн бүртэй арцалдан тэмцэлдэж байсан үед миний хийлийн багш надаас туслалцаа гуйх нь тэр. Тэр өөрийнхөө хэсэгт Хүүхдийн Хэсгийн хөгжмийн удирдагч байсан бөгөөд Хүүхдийн Хэсгээр дуунуудыг ариун ёслолын цуглаан дээр дуулуулахаар бэлтгэж байжээ. Хэдэн дууг хийлээр даган хөгжимдөж өгөөч гэж багш маань надаас хүсэв. Би дагаж хөгжимдөхийг хүсээгүй ч гэсэн, за гэв. Багшийг надад дуунуудыг өгөхөд, би нэрсийг нь гүйлгэн харлаа. Сүүлчийн дуу нь “Би Бурханы хүүхэд” (Hymns, дугаар 301) байв.

Хөгжмийн сүнслэг хүчирхэг нөлөөг би мэддэг учир нэг их баярласангүй. Дуунуудыг давтаж эхэлсэн боловч, Сүнсийг мэдрэхгүйн тулд янз бүрийн юм хийж эхэллээ-гэр бүлээ ямар их үзэн яддаг талаар бодох ч юмуу, дадлага хийгээгүй үедээ дуунуудын талаар санахгүй байхыг хичээх зэрэг.

Тэгсээр уг хөтөлбөрийг тоглож үзүүлэх ням гараг болоход бушуухан дуусгачхаад явах юмсан л гэж бодож байлаа. Хөтөлбөрийн үед Сүнсийг хайхрахгүй байхыг хичээсэн хэдий ч, хаалтын дууны үе болоход миний хийлийн багш миний хүсэн хүлээж байгаагүй нэг зүйлийг хийх нь тэр. Тэрээр ар тийшээ эргэж, цугларагсдыг цуг дуулахыг урив. урив.

Би хөгжмийн нумаа хийлийн чавхдас дээр байрлуулж, эхний ноотыг тоглолоо. Сүнсний хүчийг маш хүчтэй мэдэрч, хоёр дахь бадгийг дуусахаас өмнө хацрыг минь даган нулимс урсаж эхлэв. Уянгын шүлгийг сонсохыг, бас би бол Бурханы хүүхэд гэдгийг, Түүний хувьд би үргэлж онцгой эрхэм байх болно гэдгийг, мөн зүй бус үг хэллэг, зүй бус харьцаа хандлагатай эрэгтэй найз хэрэггүй гэдгийг санахыг Сүнс надад хэллээ. Надад Тэр хэрэгтэй байлаа.

Дууллыг дуулж байсан хөгшин, залуу хүн бүхний дуу хоолой, дууллын энгийн үгс Түүний үгсийг, миний гэр бүлийн үгсийг бас Сүмийн удирдагчдын үгсийг анхааран сонсож, ойлгоход надад тусалсан юм. Сүнсний нөлөөллөөс өөрийгөө салган, миний өөрийн босгосон өнгөрсөн үеийн хаалт саадыг эвдэх арга зам нь хөгжим байсан ажээ. Хөгжим бол миний зүрх сэтгэлд хүрэх арга зам байсныг Тэнгэрлэг Эцэг мэдэж байжээ. Миний гэр бүл биш, харин би өөрөө л өөрчлөгдөх шаардлагатай байжээ.

Их Эзэн хөгжмийн сүнслэг нөлөөний хүчийг мэддэг, бас ойлгодог (С ба Г 25:12-ыг үз). Хөгжим биднийг өргөж, зүрх сэтгэл, оюун ухааныг маань Сүнсэнд нээж өгч чадна. Хөгжмийн төлөө мөн өнөөдөр миний амьдралд хөгжмийн авчирсаар байгаа тэрхүү сүнсний төлөө би үргэлж баяртай байх болно.