2008
Удирдагчдын хамгийн өчүүхэн нь?
2008 оны нэгдүгээр сар


Удирдагчдын хамгийн өчүүхэн нь?

Аврагч “Учир нь та нарын дундаас хамгийн өчүүхэн нь хамгийн агуу нь юм” (Лүк 9:48) хэмээн хэлсэн нь юу гэсэн үг болохыг бишоп нь байсан надад шинэ дикон заасан юм.

Манай хэсэгт диконуудын чуулгын шинэ ерөнхийлөгч хэрэгтэй байлаа. Манай бишопын зөвлөлийн хурал дээр бид үргэлж ингэдэгчлэн, би зөвлөхүүдийнхээ хамт өвдөг сөгдөн, энэ болон бусад дуудлагуудын талаар Их Эзэний зөвшөөрлийг эрэв.

Сүнсний баталгааг мэдэрсний дагуу, саяхан 12 нас хүрсэн бөгөөд диконы чуулгын нарийн бичгийн даргаар үйлчилж байсан, залуу эрэгтэй Виктор Леонардо Жимнез Гонзалестай би ярилцлага хийлээ.

Ярилцлагын үед би Виктораас одоогийнх нь дуудлагын тухай, түүнд энэ нь хэрхэн санагддаг байсныг асуув.

“Бишоп оо, би санаа зовж байна. Би үнэхээр санаа зовдог” гэж тэр хариулжээ.

“Чи юунд санаа чинь зовдог вэ?”

“За тийм ээ, бүх диконуудыг Сүм дээр байгаасай гэж би хүсдэг. Өнөөдөр наашаа ирэх замдаа би Николас, Антони хоёрын гэрээр орж, тэднийг сэрээгээд дараа нь Жимми, Люис хоёрыг авчрахаар тэднийд очлоо. Би үнэхээр санаа зовдог шүү, Бишоп оо” гэж Виктор хэлжээ.

Түүний хэлсэн зүйлд, тэрчлэн диконы чуулгын 12 настай нарийн бичгийн дарга чуулгынхаа бусад гишүүдийн талаар ийнхүү санаа нь зовж явдагт би гайхлаа.

“Би энд үйлчлэх гэж байгаа шүү дээ, иймээс би зөвийг хийхийг хүсдэг, гэвч би хамгийн өчүүхэн удирдагчдын нэг л дээ” хэмээн тэрээр цааш үргэлжлүүлэв.

“‘Хамгийн өчүүхэн удирдагчдын нэг’ гэсэн чинь юу гэсэн үг вэ?” гэж би асуув.

“Учир нь гэвэл би нарийн бичгийн дарга шүү дээ. Би ерөнхийлөгч юм уу зөвлөх биш. Би нарийн бичгийн дарга, энэ нь намайг хамгийн өчүүхэн удирдагчдын нэг болгож байгаа юм. Гэвч диконууд энд байх ёстой, гэтэл тэд байхгүй байна, тэгэхлээр энэ бол тэдний байх ёстой газар учраас би тэднийг энд ирүүлэх ёстой. Тэд яагаад ирдэггүйг би мэдэхгүй юм. Гэвч би тэднийг ирүүлэх ёстой шүү дээ, Бишоп оо!”

Би цаашид нулимсаа барьж чадахаа больж, нулимс нүднээс минь аяндаа урсаж эхэллээ. Миний сэтгэл ихэд хөдөлж, “Би яагаад бишопоор дуудагдсаныг чи надад санууллаа. Бишопоор дуудагдсан нь бусдын төлөө санаа тавьж, Хаан Бенжамины нэгэн адил тэдэнтэй очиж уулзан, тэдэнд үйлчилнэ гэсэн хэрэг юм. Бид бусдын үйлчлэлд байх хэрэгтэй, тэгвэл бид Бурханы үйлчлэлд байгаа нь тэр. Чи бол хамгийн өчүүхэн үйлчлэгч биш. Үйлчилдэг хүн бүр бидний Тэнгэрлэг Эцэг болоод Түүний Сүмд чухал үүрэг гүйцэтгэдэг” гэж би хэллээ.

Үүнд хариу болгож тэр хэлэхдээ, “Энэ бол ааваасаа миний сурсан зүйл. Одоо би таны уйлж байгааг хараад, аав маань нэг удаа надтай ярихдаа—тэр бас уйлж, ‘Ажил үүрэг чамд байгаа үед чи үүнийг зөвөөр гүйцэтгэх ёстой’ гэж надад хэлснийг санаж байна” гэв.

Нулимс санаа сэтгэлийг минь сэргээсэн бол, энэ залуу хүүгийн үгс ой дурдатгалыг минь сэргээж билээ. Энэ залуу хүү чуулгынхаа гишүүн бүрийн үнэ цэнийг эрхэмлэдэгийг би хараад, бидний Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдийн агуу үнэ цэнийг санаж билээ.

Диконы чуулгын ерөнхийлөгчийн дуудлагыг би Викторт өглөө. Үүний хариуд тэрээр, “Одоо би үнэхээр шаргуу ажиллах болно. Би таны урмыг хугалахгүй ээ, Бишоп оо” хэмээн хэлж билээ.

Бүр одоо, нилээд хугацааны дараа, энэхүү мартагдашгүй ярилцлагыг санахад нүднээс минь нулимс гардаг. Энэ залуу хүний бурханлиг чадавхийг би мэднэ. Тэр ирээдүйг бат бөхөөр харж байна, тэрээр юуны тухай зөгнөдөг нь тов тодорхой юм.