2008
Онцгой Байдалд Сүм Түргэн, Уян Хатан Хариулав
2008 оны нэгдүгээр сар


Онцгой Байдалд Сүм Түргэн, Уян Хатан Хариулав

Хоорондоо хэдхэн хоногийн зайтай болсон Перу дахь газар хөдлөлт, Мексик дахь далайн хар салхи зэрэг онцгой байдал нь Сүм хэрхэн түргэн, уян хатан арга хэмжээ авч чаддагийг харууллаа.

“Сүмийн орон нутгийн удирдагчид хэрэгтэй материалуудыг орон нутгаас худалдан авч, нөөцлөх эх үүсвэр, чадвартайг байгалийн энэхүү хоёр гамшиг харууллаа” гэж Солт Лейк Хот дахь Сүмийн Удирдах Төвийн Хангамж Үйлчлэлийн Газрын гүйцэтгэх захирал Деннис Либерт хэлэв.

2007 оны наймдугаар сард Перүд 8 баллын – сүүлийн 35 жилд болж байгаагүй хүчтэй, сүйрүүлэгч – газар хөдлөлт болоход Сүмийн удирдагчид, Хожмын үеийн Гэгээнтнүүд төдийгүй хамгийн их хохирол амссан Пиаско хотын бүх Перучуудын наад захын хэрэгцээг тогтоож эхэлсэн байна.

Нэн тэргүүний хэрэгцээт эм, мэс заслын багаж хэрэгсэл, гэр бүлд зориулсан хүнстэй хайрцгууд, ариун цэврийн багц материал, брезентийг Боинг 747 ачааны онгоцоор Перу уруу Солт Лейк хотоос ирж байх хооронд Ерөнхйилөгч Гонзалез Сүмийг төлөөлөн хүнсний зүйлүүдийг орон нутгаас худалдан авч, цуглааны дөрвөн байрыг толгой хоргодох газар болгон нээсэн юм.

Газар хөдлөлтөөс хоёр хоногийн дараа хандивын 8 000 гаруй хөнжлийг Перугийн тэргүүн хадагтай Пилар Норес Гарсиад газар хөдлөлтөд нэрвэгдсэн перучуудад хүргүүлэхээр болжээ.

Энэ газар хөдлөлтийн дараа Мексикт шинэ аюул заналхийлэв. Дийн хар салхи Канкунд ойртож ирсэн учир Сүмийн орон нутгийн удирдагчид, хар салхины гол цохилт ирэх газрын ойролцоо барилга байгууламжид хүнс, ус, тоног төхөөрөмж хэрэгсэл нөөцөлж эхэлсэн ажээ. Хар салхи чиглэлээ өөрчилж, Юкатены хойгт заналхийлж эхэлсэн үед Четумал дахь өөр нэг барилга байгууламж уруу материал хэрэгслүүдийг шилжүүлжээ. Хар салхины эргэх зам энэ орныг дайрах нь тодорхой болсон үед гурав дахь барилга байгууламжид хүнс, материал нөөцөлсөн ажээ.

Онцгой байдлын бэлтгэлд технологи чухал үүрэг гүйцэтгэлээ хэмээн Сүмийн Удирдах Төвийн Хангамж Үйлчлэлийн Газрын үйлчлэл зохион байгуулах захирал Рик Фостер тайлбарлав. Одоо өмнө нь хэзээ ч байгаагүйгээр байгалийн гамшгийг урьдчилан мэддэг, тэр ч байтугай заримдаа гамшиг болох газрыг яг нарийн тогтоодог болжээ.

“Ийм мэдээлэлтэй байх нь, хангамжийн зүйлүүдийг худалдан авч, хүмүүсийг хоргодох байруудад шилжүүлэн байрлуулах боломжийг аюул занал тулгарч байгаа бүсүүдэд амьдардаг Сүмийн удирдагч, ажилтан болон сайн дурынханд олгодог” гэж Фостер ах өгүүлэв.