2008
Аль ч хэсгийг ‘өөрийн гэр’ болгох нь
2008 оны нэгдүгээр сар


Аль ч хэсгийг “өөрийн гэр” болгох нь

Шинэ хэсэг буюу салбарт гаднаас ирэх нь сүрдэн бишүүрхмээр байж болно. Гаднаас ирсэн хүмүүсийг найз нөхдөө болгох таван зөвлөгөөг энд өгч байна.

Хэдэн жилийн өмнө би хэсэг хугацаанд идэвхгүй байсны дараа Сүмдээ байнга явахаар эргэж ирэхэд, намайг гэмшил, наманчлалыг эрж хайж байгааг хэсэг дэх хүн бүр мэдэж байсан нь надад тодорхой байлаа. Тэдний гэрэлтэх инээмсэглэл, амтлаг сайхан гэрчлэлүүдэд нь тэдний нинжин сэтгэл илэрч, миний нүглүүд тэдэнтэй харьцуулахад намайг дүнсгэр, хөөрхийлөлтэй болгосон юм шиг санагддаг байв. Өнгөрснөө эргэж хараад, шинэ хүмүүс янз бүрийн нөхцөлд сэтгэл тавгүйрхэх буюу эмзэг мэдрэмтгий болдгийг би мэдсэн. Шинэ цуглааны байранд орж, танихгүй хүмүүсийн дэргэд суух, дууллын номноос ганцаараа дуулах нь танд ганцаардлын мэдрэмж төрөөд байгаа үед дарамт зовлонтой зүйл байж болно.

Хүүхэдгүй ганц бие эмэгтэй хүний хувьд шинэ хэсэгт бүхнийг шинээр эхлэх нь нэг л эвгүй байдгийг мэдсэн билээ. Танихгүй хүмүүсээр дүүрэн шүтээний байранд сэтгэл тавгүйрхэн орох нь ажил мэргэжлээ даган олон дахин шилждэг миний хувьд дахин дахин тохиолддог зүйл юм. Хэсгийнхээ талаарх шинэ нөхцөл байдалд би олон жилийн турш дасч зохицон, танихгүй хүмүүсийг эцэстээ найз нөхөд, сайн танилуудаа болгож сурсан билээ. Дараах арга техникүүд нь бид хаана шилжин очсоноос үл хамааран ямар ч хэсэг буюу салбарт гэртээ байгаа юм шиг байхад бид бүгдэд тусалж чадна.

Яагаад бид Сүмд ирснийг сана. Шүтээний байр бол Тэнгэрлэг Эцэгийг шүтэн бишрэхийн төлөө Түүний хүүхдүүдийн цуглардаг ариун хийгээд аюулгүй газар юм. Энд бид залбирал, дуу, түүнчлэн зорилгоороо нэгдэж чадна. Бусад хүмүүс та нарыг шүүдэг гэж бодон бусдыг шүүхээс зайлсхий. Сүмд ирэхээр хүч чармайлт гаргадаг хүн бүр, миний нэгэн адил, Аврагчийн Цагаатгалаас хүртэж, Түүний зарлигуудыг сахихыг хичээдэг гэдгийг санах нь надад тусалдаг.

Өөрийгөө танилцуул. Юуны түрүүнд би бишопын зөвлөлийг эрж олон өөрийгөө танилцуулж сурсан, ингэснээр би энд шинэ хүн гэдгийг тэд мэддэг. Үүний дараа би дээд санваартнуудын бүлгийн удирдагч ямар хүн байдгийг мэдэхийг зорилгоо болгодог, учир нь тэрээр дээд санваартнуудыг миний гэрийн багшаар томилох болно. Түүнээс гадна би эгчийн хувьд, Нийгмийн Халамжийн Бүлгийн ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүд ямар хүмүүс байдгийг мэдэх хэрэгтэй. Миний хаяг, утасны дугаар хэсгийн бичиг хэргийн ажилтанд бас хэрэгтэй, мөн тэрээр миний бүртгэлүүдийг миний өмнөх хэсгээс хүсч болно. Эдгээр хүмүүс намайг хэсгийн бусад гишүүдэд танилцуулж, хэсгийн болон гадасны үйл ажиллагаануудад оролцох арга замыг олоход, мөн намайг дуудлага хүлээн авахад надад тусалдаг.

Би хамгийн арын вандан сандал дээр, хаалганд ойрхон суудаг байлаа, тэгээд хаалтын залбирлын дараа, хэн нэгэн нь надтай ярилцаж, намайг хэн бэ гэдгийг асуухаас өмнө, тэр даруйд гарч явдаг байлаа. Харин цуглаануудад хүрч ирээд, тэндээс гарч явахын түүс болж—гарах хаалганаас нүд салгахгүй ширтэн суух нь шинэ хэсэгт дасан зохицоход танд бага тус нэмэр болно.

Сэтгэл санааны тавгүй байдлаа умартаж, өмнөө байгаа хүнд ойртон дотнос. Таны оролцдог ангиудад хичээл заадаг хүмүүс эсвэл ариун ёслолын цуглаан дээр үг хэлсэн хүмүүстэй гар барь (та тэдэнтэй хүлээлгийн танхимд дараа нь танилцаж болно). Хэрэв та суухаасаа өмнө агшин зуур тасалгааг анхааралтай тойруулан харах юм бол, та цуглаанд оролцох бүрдээ өөр өөр хувь хүмүүс, гэр бүлтэй танилцаж болно. Хэсгийн буюу салбарын үйл ажиллагаанд хүргэж өгөхийг хэн нэгнээс хүсэхээс бүү эмээ. Ганцаараа биш харин хэн нэгэнтэй хамт дотогш орох нь илүү амар хялбар байх нь олонтаа тохиолддог. Хэсгийн буюу салбарын лавлахыг хүс; нэрсийг тогтооход энэ нь танд тусална. Удалгүй хүмүүсийн нэрсийг нүүр царайгаар нь мэддэг болж, тэд танихгүй хүмүүс байхаа болино. Та ч гэсэн бас тэдэнд тийм болно.

Үйлчил. Хөршүүддээ, тэрчлэн хэсэг буюу салбарын гишүүдэд та тусалж болох арга замуудыг, тэр ч байтугай, тэднийг орж ирэхэд хаалга нээж өгөн, мэндлэх гэхчлэн энгийн арга хэлбэрийг ол. (Энэ нь таныг хэн билээ гэдгийг санахад нь бусдад тусална.) Сайн дурынхны хуудсан дээр гарын үсэг зур. Хэн өвчтэй байгаа буюу эмнэлэгт хэвтсэнийг мэдэж, тэднийг эргэ. Дуудлага хүлээн ав. Дуудлагаасаа гадна та ямар ур чадвартай болохоо бишоп буюу салбарын ерөнхийлөгчид тохиромжтой байдлаар мэдэгдэж, хэрэгцээ гарсан үед тэрээр танд найдаж болно гэдгийг түүнд хэл.

Оролцоход бэлтгэлтэй бай. Ням гарагийн сургууль, санваартны болон Нийгмийн Халамжийн Бүлгийн цуглаануудын дараа хуваарьт хичээлүүд явагддаг. Хичээлийн гарын авлагуудыг олж ав, хичээлүүдийг урьдчилан уншсан бай, мөн өөрийнхөө амьдралын туршлагуудыг хуваалцах замаар судрууд унших буюу заагдсан зарчмуудын талаар жишээ гаргахад бэлтгэлтэй бай. Олон хүмүүсийн өмнө үг хэлэх нь аймшигтай байдаг ч, өөрийгөө тайвшруулж сайн мэдээ үнэний тухай гэрчлэлээ хуваалцахад бэлтгэлтэй бай.

Шинэ хүмүүсийг эрж хай. Бусад хүмүүс таны найз нөхөд чинь болохыг хүсэх тийм арга замаар тэдэнтэй хэлхээ холбоо тогтоо. Хэсэг хугацааны дараа та нар өөрсдийгөө “цаашид харь хүмүүс болон гадны хүмүүс биш, харин ариун хүмүүсийн адил нутгийн иргэд бөгөөд Бурханы гэр бүлийнх” (Ефес 2:19) гэдгээ мэдэх болно. Та Сүмийн шинэ гэр бүлд гэртээ байгаа юм шиг байна.

Хэсгийн буюу салбарын гэр бүлүүд нээлттэй, бусдыг хүлээн авахад бэлэн байдаг, иймээс нэг ч хүн гадна үлдэх ёсгүй. Хэрэв бид сайн мэдээг хайрладаг хайраа хуваалцдаггүй бол, хэрэв бидний гэрчлэлүүд цэвэр ариун биш бол, хэрэв бид бусдын ачаа дарамтыг хуваалцах хүсэлгүй байвал, хэрэв бид бие биендээ үйлчлэхээр дамжуулан Их Эзэнд үйлчлэх хүслээ хөгжүүлж, хэрэгжүүлэхгүй бол, бид нэг бүл байж, гишүүн бүртэй нөхөрлөх нь ерөөсөө боломжгүй юм. Би энэ дэлхийд хаана ч очлоо гэсэн, салбар буюу хэсэг бүр Тэнгэрлэг Эцэгийн бусад хүүхдүүдээс бүрдсэн байдагт би баяр талархалтай байдаг. Одоогийн миний явдаг хэсэг бол миний хувьд энд байхад хамгийн баяртай байдаг газар мөн гэдгийг би үнэнээр гэрчилж чадна.